Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг
2021-03-25 10:41:31 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЗамын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камерийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагааг 24 цагаар явуулдаг байгууллага. Өдөртөө дунджаар 450 мянга орчим тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг Тээврийн цагдаагийн албаны Хөдөлгөөн зохион байгуулах хэлтсийнхэнтэй хамтран өдөр тутамдаа үйл ажиллагаа явуулдаг. 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээр байгаа цагдаа станцаар төв рүү холбогдон, хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг. -Дэлхийн олон хотын толгойны өвчин болсон асуудал түгжрэл байдаг. Улаанбаатар хот ч мөн ялгаагүй. Энэ чиглэлд хэрхэн ажиллах шаардлагатай гэж үзэж байна вэ? -Зогсоол, түгжрэлийн асуудлыг бүрэн шийдсэн хот байхгүй болов уу. Энэ аргыг хэрэглээд л түгжрэлгүй болгоно гэсэн арга мэдээж байхгүй. Хот болгон өөр өөрийн онцлогтой, жаргал, зовлонтой. Улаанбаатар хотын хувьд ч хөдөлгөөний хэт ачааллыг нэг өдрийн, эсвэл нэг удаагийн үйлдэл, шийдвэрээр шийдчих боломжгүй. Гэхдээ бид бусдын алдааг давталгүй, зөв, оновчтойг нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Жилдээ 85000-95000 тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа. Замын өсөлт, хэрэгжүүлэх бодлого, шийдвэр нь энэ механик өсөлтөө яагаад ч гүйцэхгүй байна. Замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, тээврийн хэрэгслийн тоо, автомашины насжилт, хотын төлөвлөлт, эдийн засаг, хөдөлгөөнд оролцогчдын соёл гэх мэт маш олон аргументыг авч үзэх хэрэгтэй. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад инженерчлэл, хууль эрх зүйн орчинг сайжруулах, соён гэгээрүүлэх гэсэн гурван чиглэлээр томьёолж ажиллах шаардлагатай. Ажлын цагийн уян хатан зохицуулалт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашинаас татгалзах бусад нөхцөлийг сайжруулах гэх мэт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлууд байна. Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулын дунд хашигдсан, төв цэг буюу бидний хэлж заншсанаар Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон 86 байгууллага нэг доор оршиж байгаа нь төв рүүгээ чиглэсэн хэт ачааллыг үүсгэх нөхцөлийг бий болгодог. Цаашид энэ төвлөрлийг сааруулах, төрийн ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, олон төвт үйлчилгээг дэмжих зэрэг томоохон бодлогын ажлууд хэрэгжинэ. -Гэрлэн дохионы асах хугацааг хаанаас, хэрхэн тохируулдаг вэ? -Бүх уулзварын гэрлэн дохионы асах хугацаа, горимыг зохицуулахдаа нэвтрэн өнгөрч буй явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тоог цаг цагаар гарган, тухайн өгөгдлийг мэргэжлийн программ хангамжаар тооцоолж хуваарилдаг. Баяр ёслолын болон сурагчдын амралт эхэлсэн үед өглөө, оройн цагийг бодолцон өөр өөрөөр тохируулдаг. Мөн эмнэлгийн түргэн тусламж, галын дуудлага, өндөржүүлсэн хамгаалалттай гаднын зочин төлөөлөгч ирсэн үед, зам тээврийн осол, саатал гарвал цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулан 24 цагаар ажилладаг. -Иргэд замын цагдаа зогсохоор л түгжрэл бий болоод байна гэдэг шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ? -Замын цагдаа байхгүй болчихвол бид дүрмээ баримтлаад зорчоод байж чадах уу гэдгээ өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх гол үүрэг юу вэ. Товчхондоо бол хууль сахиулах, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих. Өөрөөр хэлбэл, жолооч нарын үүсгээд байгаа зохиомол түгжрэлийг зохицуулах үүрэггүй. Гэсэн ч жолооч нарын зөрчлийг бууруулах, чагтлаад зогсчихдог уулзварыг зохицуулах гэж үндсэн хяналт шалгалт хийх, хууль сахиулах үүргээ орхиод арга буюу уулзварт орж дохидог. Хотын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг. Зогсох ёсгүй газар машинаа орхиод явдаг. Гэрлэн дохио зөрчих, эгнээ байр солих гээд зөрчлүүд нь хөдөлгөөний аюулгүй байдал болоод ачаалалд сөргөөр нөлөөлдөг. Өөрөө чихэж орж уулзварыг чагталж гацаачихаад л цагдаа нь яачихав гээд байдаг. Уулзварыг чагтлуулахгүй байх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх гэж шар зураасан тэмдэглэгээ хийж, анхааруулах самбар байршуулж, камер суурилуулж, хариуцлага тооцдог. -Тээврийн хэрэгслийн насжилт хөдөлгөөний ачаалал үүсэхэд нөлөөлдөг үү? -2020 оны аравдугаар сарын байдлаарх судалгааг авч үзвэл, нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10 жилээс дээш жилийн насжилттай, 0-6 жилийн насжилттай машин есхөн хувийг эзэлж байна. Автомашины насжилт агаарын бохирдолд нөлөө үзүүлэх, хорт утаа гаргахаас гадна техникийн бүрэн бус байдал бий болгох, зам дээр эвдэрч гэмтэх, унтрах гэх мэтээ түгжрэл үүсгэдэг. Үүнийг дагаад жолооч, зорчигчийн амь настай холбоотой аюулгүй байдлын асуудал яригдаж эхэлнэ. Өвөл насжилт хэтэрсэн халзан дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа нь шууд бус утгаараа заналхийлж байгаагаас ялгаагүй. Ядаж л гүүрэн дээр хий эргээд зогсдог, энэ нь зохиомол түгжрэлийг бий болгодог. -Түгжрэлийг бууруулахад жолооч нар хэрхэн хувь нэмрээ оруулах вэ? -Манай жолооч нарын түгээмэл гаргадаг алдаанууд нь эргээд зохиомол түгжрэлийг бий болгодог. Эгнээ, байр буруу эзлэх, давхар эргэх, орох боломжгүйг харсаар байж тулж ороод уулзвар чагтлах, урсгал сөрөх, нэгдүгээр эгнээнд машинаа орхих, гэрлэн дохиогоор зохицуулалт хийгээд байхад гэрэл улаанаар орчих жишээний. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн тоо хангалттай буурахгүй байна. Осол гэмтлийн 90 хувьд нь суудлын хамгаалах бүс зүүгээгүй байдаг. Түүнчлэн хүүхдийн зориулалтын суудал яагаад зайлшгүй хэрэглэх ёстойг ойлгуулахын тулд олон байгууллага ажилласаар л байна. Хэн ч өнөөдөр аваар осол хийе гэж гэрээсээ гардаггүй. Болзошгүй аюулаас бусдыг болон өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Автомашин бол сэлбэгтэй, хүний бие эрхтэн бол сэлбэггүй заяагдсан шүү дээ. Машинд суусан бол бүсээ зүү, хажууд суусан хүнээ бүсээ зүүхийг шаардах эрхтэй, бас үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо Миний хийж байгаа үйлдэл зөв билүү, би бусдад саад учруулаагүй байгаа?, Хотын хөдөлгөөнд оруулж байгаа миний хувь нэмэр юу байна вэ? гэдгийг бүгд дор бүрнээ бодвол сайн сан. ТА-БИ-ТА зарчмаар бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахад анхаараасай. -Торгууль хэт өндөр байна, торгуулийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэсэн гомдлууд гардаг шүү дээ. Үүнд хариулт өгөхгүй юү? -Хөдөлгөөн зохицуулах болон зөрчил илрүүлэх камерууд болон түүнийг удирддаг манай хамт олны зорилго жолоочийг торгохын төлөө биш, жолооч, зорчигчдод хүссэн газраа аюулгүй, саадгүй хүрэхэд нь туслах юм. Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж, замын хөдөлгөөний холбогдох дүрэм, заалтыг зөрчсөн л бол хэн ч бай хариуцлагаа хүлээх л ёстой. Торгууль бол татвар биш, харин захиргааны зөрчил гаргасныхаа төлөө хүлээж буй хариуцлага, шийтгэвэр юм. Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ баримталж оролцвол нэг ч төгрөг торгуульд төлөхгүй шүү дээ. Дүрэм зөрчсөн нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй. 1.5 сая иргэнтэй зэрэгцэн оршин байгаагаа ухаарч, бусдадаа саад учруулалгүй үйл хөдлөл, үг хэлээрээ энэ хот хэмээх их айлын нэг эд эс гэдгээ алхам тутамдаа ухаарах ёстой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудад цас орж, шуурна
2021-03-19 09:34:37 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨнөөдөр төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудад нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. Хур тунадас:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи:Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Энэсарын 24-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд нутгийн зүүн өмнөд, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ
2021-03-18 15:03:41 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг Цагдаагийн ажил-эрх зүй, Шинжээч мөрдөгч, Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Эдийн засгийн мөрдөгч бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадагбилээ. Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ. Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхантай ярилцлаа. -ТандОрчин үеийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол цэргийн өдрийн мэндийгхүргэе. Дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалаврын хоёр жилийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл хэзээ эхлэх вэ? -Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Дотоод хэргийн их сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын 14 хөтөлбөрөөр элсэлт зохион байгуулах тухай Их сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/69 дугаар тушаал баталсан. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг хоёр жилийн хөтөлбөрт хамруулж Цагдаагийн ажил эрх зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Эдийн засгийн мөрдөгч, Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил, Шинжээч мөрдөгч гэсэн дөрвөн чиглэлээр мэргэшүүлэн сургахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд тухайн хөтөлбөрийг сонирхож буй иргэд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mnцахим хуудсанд нэвтэрч, элсэлтийн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна. -Тухайн хөтөлбөртямар мэргэжилтэй иргэд хамрагдах боломжтой вэ.Хөтөлбөрийн гол шалгуур нь юу бол? -Дээрх хөтөлбөрт хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн хувьд өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүнг харгалзана. Тухайлбал, өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын дипломын голч дүн төрийн өмчийн сургууль төгссөн бол 2.5, төрийн бус хувийн өмчийн сургууль төгсөгчийн хувьд 3.0-аас доошгүй байна. Энэхүү хөтөлбөрт эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй мал эмнэлзүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг бакалаврын аль нэг чиглэлээр боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлнэ. Эдгээрээс өөр мэргэжлээр төгсөгчийг бүртгэхгүй. (Тухайлбал, эрх зүйн боловсролтой иргэн тухайн чиглэлээр цагдаагийн байгууллагад ажил эрхлэх боломжгүй учраас дахин суралцах шаардлагагүй.) Мөн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сорви, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрх зөв хөгжилтэй байх нь үндсэн шалгууруудын нэг гэж болно. Хөтөлбөрийн тусгай шаардлагад эрэгтэй, 17-25 хүртэл насны, 170 см буюу түүнээс өндөр, ял шийтгүүлж байгаагүй, иргэдийг элсүүлдэг талаар сануулах нь зүйтэй болов уу. -Дээрх таны дурдсан мэргэжлийг эзэмшсэн иргэд бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсэн суралцах хугацаанд ямар чадварыг эзэмших вэ? -Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Хүний хөгжил гэсэн бүлэгт Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн ангиллыг элсэлтийн бодлого, ажиллах хүчний тогтолцоотой уялдуулан шинэчлэн үндсэн болон хавсарга мэргэжлээр зэрэг суралцах хөтөлбөрийн системийг бий болгох , түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагуудыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ. хэмээн дурдсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль нь Цагдаагийн ажил-эрх зүй /D103201/ бакалаврын хөтөлбөрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 03 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна. Дээр дурьдсан бодлогын баримт бичиг болон мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн мэргэшсэн төрийн тусгай алба хаагчийг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэхэд манай сургуулиас хэрэгжүүлж буй хоёр жилийн бакалаврын хөтөлбөр чухал ач холбогдолтой. Өнөөдөр практикт үндэстэн дамнасан зохион байгуулалттай экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэх мөрдөгчид нийгэмд эрэлттэй байна. Иймд мэргэшсэн мөрдөгчдийг бэлтгэх зорилгоор өмнөх эзэмшсэн боловсролд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд богино хугацаанд мэргэшүүлэхээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй иргэдэд зориулан энэхүү хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зохион байгуулж байна. -Тус хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй, дээд боловсролтой иргэдийг хэзээнээс мөрдөгчөөр бэлтгэж эхэлсэн бэ? -Дотоод хэргийн их сургууль нь Цагдаагийн ажил-эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан Цагдаагийн ажил-эрх зүй мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлсэн бөгөөд анхны төгсөлтөө 2019 онд хийсэн. Өдгөө төгсөгчид маань цагдаагийн байгууллагуудад үүргээ нэр, төртэй биелүүлж байгаад баяртай байна. Мэргэшүүлэх бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт хамрагдсан суралцагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, криминалистик болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн тухайн хөтөлбөр нь криминалистикийн мэдлэгтэй тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэх юм. -Шалгуурт тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, бусад нэмэлт шалгалт өгөх талаар журамд тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу? -Элсэлтийн журамд зааснаар эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн таван чанараар эрэмбэлнэ. Тус шалгаруулалтаар 100 онооны 50 хувь буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид дараагийн нэмэлт шалгалтад хамрагдана. Дараагийн сэтгэлзүйн сорил, ярилцлага хийх шалгалтаар сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг шалгадаг. Ингэхдээ мэргэжлийн сонголт, сэтгэлзүйн хандлагын түвшингээр тус тус тодорхойлдог. -Төгсөгчидцагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажилланагэж байсан. Тэгэхээр ажлын байр нь бэлэн гэж ойлгож болох уу? -Цагдаагийн ажил-эрх зүй хөтөлбөрт мэргэшүүлэх хоёр жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нь цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана. Тэд суралцах хугацаандаа цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг. Цагдаагийн ерөнхий газраас онц төгсөгчдийг цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнадаг. Ингэснээр цагдаагийн дэслэгч цолноос цагдаагийн ахлах дэслэгч цол хүртэлх гурван жилийн хугацааг хэмнэх гэх мэт давуу тал үүснэ. Мөн өмнө нь дээд сургууль төгссөн иргэн суралцах арга барилын хувьд тогтсон байдаг тул давуу тал олонтой гэж болно. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй дээд боловсролтой иргэд аливаа аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг мэргэшүүлэх чиглэлээр богино хугацаанд цагдаа, мөрдөх албаны эрдэмд шамдана суралцана гэдэгт итгэлтэй байна.
Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас нийт 168 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийн 17 нь өндөр настан, 2 нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 бага насны хүүхэдтэй гэр бүл, 94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй