Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Газпром компанийн тэргүүн А.Б.Миллертэй 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзжээ. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж эхлэхээр тохиролцов. Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг А.Б.Миллер илэрхийлсэн гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын үед төрд учруулсан 123 тэрбум төгрөгийн алдагдлыг төлүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлсэн байна. Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг Монголиан коппер корпорейшн ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан Өрийн бичиг шилжүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Кью Эс Си ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм. Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан Өрийн бичиг шилжүүлэх гэрээ-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна. Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж Кью Эс Си ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө гэжАвлигатай тэмцэх газраас мэдээлээ.

4,000 орчим хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна

2021 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 3,944 хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах талаар судалж байна. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм. Засгийн газар 150 мянган айл-Орон сууц үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.

Цахим хөгжлийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө /05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзсан юм. Тэрээр Засгийн газарт дахин хоёр яам байгуулах гэж буй талаараа дурдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Яамтай байна гэдэг нь өөрөө бодлоготой байна гэсэн үг. Цахим хөгжлийн яамыг 2021 оны 11-р сард, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус байгуулна. Эдгээр нь та бүхэнд дэмжлэг болох байх хэмээн найдаж байгаа. Энэ нь зөвхөн Сангийн яамны төсөв мөнгөний бодлого биш, Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ер нь төрийн бүтэц цаг үетэйгээ уялдсан, уян хатан, бизнесийн байгууллага шиг бүтэцтэй байх ёстой гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хөшүүн биш, амьдралаас хол биш, хариу үйлдлийг шуурхай үзүүлдэг байх хэрэгтэй юм гэлээ. Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

Вакцинд хамрагдсан 1.7 сая иргэнд урамшууллын 50 мянган төгрөг олгоод байна

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд Засгийн газраас 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа билээ. Урамшуулал олгох шийдвэр тавдугаар сарын 6-ны өдөр гарсан. Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийтдээ 1,701,118 иргэнд тус бүр 50 мянган төгрөгийн урамшууллыг олгоод байна. Нийтдээ 2,109,007 иргэнд тус бүр 50 мянган төгрөгийн урамшуулал олгох ёстой шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар 80.6 хувьтай байна хэмээнСангийн яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.