Д.ДАЯНБИЛГҮҮН: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" БОНД АВЧ БУЙ ИРГЭН БҮР ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЮМ
2021-08-17 10:08:51 Нийтлэгдсэн: Эдийн засаг-Монгол Улс худалдан авагч компанидаа нүүрсээ урьдчилан худалдаж, борлуулалтын орлогоо зээлэн авч байсан. Энэ удаад иргэд маань өөрсдөө Эрдэнэс Тавантолгой ХК-д төслүүдээ санхүүжүүлэх зээлийг босгож өгч байна- Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын бонд гарган арилжаалж байгаа юм. Нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах Эрдэнэс Тавантолгой бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж буй БиДиСЕК ҮЦКХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа. -Эрдэнэс Тавантолгой компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор нийт 2 их наяд төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж дээр бонд арилжаалах замаар босгож байна. Тодруулбал, бондын арилжааны эхний үе шат амжилттай дуусаж, одоо хоёрдугаар шат эхэлж байна. Та бүхний урьдчилсан таамаглал ба бодит үр дүнгийн хооронд зөрүү байв уу. -Хоёр их наядтай тэнцэх хэмжээний санхүүжилт босгоно гэдэг том дүн. Дотоодын зах зээл жижиг ч хадгаламж эзэмшигч маш ихтэй. Арилжааны банкууд дээр нийт 20 их наядын хадгаламж байгаагаас зөвхөн ам.долларын хадгаламж нь дөрвөн их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа. Хадгаламж эзэмшигчид маань зөвхөн хадгаламж л хийдэг болохоос биш бондын зах зээл рүү орж үзээгүй. Ам.долларын бонд ч өмнө нь гарч байгаагүй. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн харилцах дансууд тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байгаа. Харилцах данс болон хугацаагүй хадгаламжинд банкууд хүү тооцохоо больсон учраас тэдгээр дансан дахь мөнгө банкинд хүүгүй байршиж байна. Эрдэнэс Тавантолгой бондын арилжаанд аж ахуйн нэгжүүд илүү идэвхтэй оролцох боломжтой. Угаас Монголын бизнесүүд улирлын шинж чанартай эрчимждэг. Хавар эхлэх болохоор бүгд зээл аваад эхэлдэг. Тэр хүртэл харилцах дансандаа мөнгөө хадгалдаг. Тийм учраас компаниуд бизнесийн мөчлөгтэйгээ уялдуулан мөнгөө үр ашигтай зөв байршуулах, илүү өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг энэ бонд бий болгож өгч байна гэсэн үг. Эрдэнэс Тавантолгой долларын бонд 5.8%, төгрөгийн бонд 10%-ийн хүүг амлаж байгаа нь хадгаламжийн хүүгээс илүү өндөр өгөөжтэй. Хэт жижиг бонд дээр том аж ахуйн нэгжүүд тэгж оролцоход бэрхшээлтэй байдаг. Харин том үнийн дүн бүхий бонд дээр хөрөнгөө чөлөөтэй удирдах боломжтой. МХБ дээр арилжиж буй нээлттэй бондын нэг гол давуу тал нь бондын хугацаа дуусахыг заавал хүлээж суух шаардлагагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Эрдэнэс Тавантолгой бондыг тодорхой хугацааны дараа хүүгийн ашгаа аваад буцаагаад зарж болно. Бондод байршуулсан хугацаагаараа хүүг тооцуулаад оруулсан мөнгөө буцаагаад авчихна. Хөрөнгийн зах зээлд exit market буюу хөрөнгийн зах зээлээс буцаад гарах боломж нь их чухал байдаг. Хоёр их наяд төгрөгийг бондоос босгох зах зээлийн багтаамж байгаа гэж үзсэн ч бид зөвхөн дотоод зах зээлээ гол тоглогч гэж харахгүй байгаа. Гол зорилго маань гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн хөрөнгийн зах зээл рүү оруулж ирэх явдал. Монголын Засгийн газрын бонд гадаад зах зээлд хэд дахин их эрэлттэй байдаг. Эрдэнэс Тавантолгой бонд маань Засгийн газрын бондоос баталгаа, өгөөжөөр илүү гарна уу гэхээс дутахгүй. Монголд гол валютын орлогын гол эх үүсвэр болж байгаа, томоохон экспортлогч компанийн нэг. Бондын борлуулалт хүлээлтэд нийцсэн. Нэгдүгээр трачийн бондоос ам.долларынх нь илүү их эрэлттэй байсан. Бондоо авчихсан хүмүүс зарах сонирхолгүй байгаа. -Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа ам.долларын бонд арилжаалагдаж байгаа явдал. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдад маш өндөр найдлага тавьж байгаа алхам. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үйл явдал гэж ойлгож байна. Та бүхэн үүнийг хэрхэн ажиглаж, дүгнэж байна вэ? -Монголбанк анх удаа зөвшөөрөл олгож, ам.долларын бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зөвшөөрсөн. Томоохон компани, аж ахуйн нэгжүүд дотооддоо бонд гаргах замаар томоохон хэмжээний эх үүсвэр татаж болох сайн жишгийг бид бий болгож байгаагаараа давхар ач холбогдолтой алхам. Нөгөө талаас нь харвал Монголын хөрөнгийн биржид энэ удаагийн бондыг гаргаж байгаа нь дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгож байгаа, түүнчлэн дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд түлхэц өгөх үйл явдал болж байна. Үүнийг дагаад андеррайтар, брокерууд хөгжиж байна. Хувьцаа эзэмшигч иргэд хувьцаа төдийгүй бонд худалдаж авдаг болж байна. Бондынхоо өгөөжийг давхар хүртэнэ гэсэн үг. Гадаад зах зээлд гаргаж байгаа тохиолдолд иргэд тэр болгон оролцож бонд авч чадахгүй. Тэгэхээр хөрөнгийн дотоод зах зээл хөгжөөд л байвал дотоодоос мөнгө босгодог болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн бирж рүү хөл тавьж эхэлнэ. Өмнө нь дотоодын зах зээлд гаргаж байсан бондын хэмжээ харьцангуй бага, нэгээс хоёр сая ам.доллар байсан. Тийм тохиолдолд институциональ хөрөнгө оруулагчид орж мрэх боломжгүй байсан. Монголд хоёр гурван сая ам.доллар хийчихээд хараад суух боломжгүй, тиймээс том дүнгээр л орж ирэх сонирхолтой байдаг байсан. Энэ удаад том үнийн дүнгээр гарч ирж байгаа учраас манай бирж рүү одоо л орж ирж байна. Мөн иргэд МХБ-д бүртгэлтэй нээлттэй бонд авснаар та хүүгийн орлогодоо 50%-аар бага татвар төлнө. Хадгаламжийн хүүгээс 10%-ийн татвар авдаг бол бондоос 5%-ийн татвар авдаг хуультай. -Гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн үед Монголоос нүүр буруулах болсон шүү дээ. Магадгүй, цар тахлын үед илүүтэй болгоомжлох хандлага байж болох юм. Эрдэнэс Тавантолгой бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаа Та бүхний хувьд тэдэнд ямар таатай нөхцөлийг санал болгож байгаа вэ? -Манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн цикль зэргээс болоод Монголыг сонирхогчид, хөрөнгө оруулагчид нэлээн буурсан. Үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогссон. Гэтэл одоо үүнийг дахиад эргэн хийхийн тулд үнэн зөв бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүссэн ойлголтоор нь мэдээлэл датаг цуглуулж, тодорхой хэмжээний анализ хийсэн мэдээллийг хүргэж байх ёстой. Монгол Улс фронтер маркет дундаа хамгийн сонирхолтой, тогтвортой байх боломжтой улс. Энэ нь төр засгийн бүхий л бодлого, шийдвэр тогтвортой байх эсэхийг хардаг ойлголт. Монголд цэргийн дэглэм, байгалийн гамшиг үүсээд байдаггүй. Хил залгаа хоёр хөрш гэхэд хангалттай том, тогтвортой худалдан авагч байна. Манайд гагцхүү улс төрийн тогтвортой байдал л болгоомжлол үүсгэдэг. Хамгийн гол нь валютын ханш тогтвортой байх л чухал байгаа юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж байгаа тохиолдолд илүү чухал. Валютын ханшийн өсөлт манайд их өндөр. Хөрөнгө оруулаад 5-10 хувийн ашиг хийгээд л байдаг. Долларын ханшийн өсөлт нь төгрөгийн уналтад шингэчихдэг. Харин ам.долларын бондод ийм эрсдэл байхгүй. Хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид хэдэн сарын биш дор хаяж 2-5 жилийг тооцоолон харж байж шийдвэр гаргаж байна. Жилийн хугацаанд төгрөгийн ханшийг тооцоолж болж байгаа юм. Түүнээс цааших хугацаанд бодитой тооцоолоход хэцүү. Гэхдээ ам.долларын ханш манайд сүүлийн 3-4 жил харьцангуй тогтвортой байгаа. Уг нь хөрөнгийн зах зээлд оролцох нь шууд хөрөнгө оруулалт хийхээс эрсдэл багатай. Тэр тусмаа бонд илүү найдвартай, тодорхой хугацаанд мөнгөө байршуулаад хүүгийн ашиг авна, буцаагаад мөнгөө татах болвол бондоо хоёрдогч зах зээлд зараад үндсэн мөнгөө гаргаад авч болно. -Монголын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор эзэлдэг. Бизнес эрхлэгчдэд санхүүжилт шаардлагатай болоход зөвхөн банк руу л явдаг, банкны зээлээр л санхүүждэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд бонд буюу үнэт цаасаар хөрөнгө босгожболдог. Банкны зээлээс чухам юугаараа зээлдэгчид ашигтай вэ? -Эрдэнэс Тавантолгой бондоор жишээлэхэд арилжааны банкууд уг бондыг их сонирхож байна. Энэ бонд дээр ХХБ, ХААН, ХАС, ГОЛОМТ, БОГД, КАПИТРОН, ТӨРИЙН БАНК гээд арилжааны долоон банк оролцож, Эрдэнэс Тавантолгой ХК-д бондхудалдан авсан, эсвэл бондын нөхцлөөр зээл олгосон байна. Уг нь нэг компанийн нэг зээлийн хүсэлт дээр нэг банк л оролцдог биз дээ? Гэтэл Эрдэнэс Тавантолгой бондыг 900 гаруй иргэн, аж ахуйн нэгж хэдхэн хоногийн дотор нийтдээ 677.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Энэ бол бондын эхний арилжааны дүн. Одоо хоёрдугаар ээлжийн арилжаа наймдугаар сарын 16-нд эхэлнэ, мөн л цөөхөн хоног үргэлжилнэ. Дотоодын зах зээлд анх удаа гарч байгаа хамгийн өндөр дүнтэй энэхүү бондын арилжаанд манай арилжааны банкууд оролцох, багц худалдан авах зөвшөөрлийг Монголбанк богино хугацаанд шийдвэрлэснийг мөн онцлох ёстой. -Эрдэнэс Тавантолгой компани бондоор баталгаажсан санхүүжилтээр чухам ямар ажлууд хийж байгаа вэ. Үүний дараа компанийн ашиг хэрхэн нэмэгдэх юм бэ? -Эрдэнэс Тавантолгой бондын тэргүүн ээлжийн зарцуулалтыг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл, холболтын төмөр зам, олборлолтын техник, тоног төхөөрөмж, нүүрс ачилтын байгууламж, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэгт зориулна. Энэ мөнгө төрийн өмчит компанид ороод алга болохгүй. Мөн усны хангамжийн төсөл, Цахилгаан станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. Энэ бүх төсөл, бүтээн байгуулалтын дараа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашигт ажиллагааны түвшинд 2-3 дахин нэмэгдэнэ. Энэ хэрээр хувьцааны ногдол ашиг нэмэгдэнэ. Бусад компаниуд ч дагаж хөгжих бололцоо харагдаж байгаа. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой бондыг худалдан авч байгаа иргэн, аж ахуйн нэгж болгон үндэснийхээ томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй хөрөнгө оруулагчид юм. Өмнөх гашуун туршлага бийг мартах учиргүй. Монгол Улс худалдан авагч компанидаа нүүрсээ урьдчилан худалдаж, борлуулалтын орлогоо зээлэн авч байсан. Энэ гэрээний дагуу асар их нүүрсээ урьдчилсан хямд үнээр нийлүүлж, маш урт хугацаанд ашиггүй ажилласан. Гэтэл түүхий эд, нүүрсний ханш тэр хугацаанд тогтмол өсч байсан гэж бодвол их зүйлийг алдсан. Энэ удаад иргэд маань өөрсдөө Эрдэнэс Тавантолгой ХК-д төслүүдээ санхүүжүүлэх зээлийг босгож өгч байна шүү дээ. -Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөв байдал өнөөдөр ямархуу байна вэ. Сүүлийн үед эрс идэвхжиж, хөдөлгөөнд орж байгаа нь мэдрэгдэж байгаа. Үүнд юу нөлөөлж байна вэ? -Нэг хэсэг бирж дээр бүтээгдэхүүн байхгүй үе байсан. Тэр үед Засгийн газрын үнэт цаас л жижиг, жижгээр борлогддог, хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн байсан гэхэд болно. Сүүлдээ Засгийн газрын үнэт цаасан дээр банкууд иргэдтэйгээ өрсөлдөж эхэлсэн. Энэ өрсөлдөөнд иргэд банкийг яагаад ч дийлэхгүй. Нэг иргэнд зөвхөн өөрийнх нь л мөнгө эргэлдэж байгаа бол банкинд хэдэн зуун мянган иргэний мөнгө эргэлдэж байгаа шүү дээ. Тэгээд нэг эргээд хартал Засгийн газар банкуудад өөрийн үнэт цаасандаа баахан хүү төлчихсөн байсан. Тэгэнгүүт Засгийн газар дотоодод үнэт цаас гаргахаа больчихсон. Арилжааны банкуудад иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл өгөхөөс илүү өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг аваад сууж байх нь ашигтай. Тэгэхээр бизнесийн зээл олголт багасч, эдийн засгийн бодит секторт цусны эргэлт багассан зэрэг сөрөг нөлөөг тооцоолсны улмаас Засгийн газар үнэт цаас гаргахаа зогсоосон. Энэ нь хөрөнгийн захад тийм ч таатай нөлөө авчраагүй. Уг нь хүмүүс өдөр тутам Засгийн газрын үнэт цаасны жижиглэн арилжаанд оролцдог данстай болоод түүгээрээ хувьцаа аваад л, зараад л байдаг болчихсон байсан. Гадны хөрөнгө оруулагчид бас Засгийн газрын бонд авахаар байнга орж ирж байсан. Нэг хэсэг ийм үр дагавар ажиглагдсан ч одоо бол Засгийн газрын бонд гарч ирэх нь чухал ач холбогдолтой биш болчихлоо л доо. Учир нь олон компаниуд хөрөнгийн биржид гарч ирлээ. Засгийн газрын үнэт цаасын хүү компаниудын бондоос давж гарахгүй л дээ. Мөн банкны харилцах дансны хүү, хугацаагүй хадгаламжийн хүүг зогсоосон нь хөрөнгийн зах зээлд идэвхжил үүсгэж байна. Дэлхий дахинд харилцах дансанд хүү тооцдоггүй. Яагаад гэхээр нь энэ нь бизнесийн эргэлтийг удаашруулдаг хүчин зүйл болчихдог. Мөнгөө эргэлдүүлэхээс илүүтай дансандаа царцаагаад хүү бодуулаад ашиг олж байх сонирхлыг төрүүлдэг. Компанийн нягтлан, захирал, банкны ажилтнууд сүүлдээ сонирхол нэгдээд үүн дээр хүүгийн ашиг хийгээд хувааж авдаг асуудал ч үүссэн. Ийм бизнес төрийнхөн ба банкуудын хооронд цэцэглэсэн нь ч нууц биш. Энэ бол АНУ гэхэд л аль эрт тар нь танигдаад бараг л 100 жилийн өмнөөс халсан, огт байхгүй болсон үзэгдэл. Харин харилцах дансанд хүү тооцохгүй болоод ирэхээр компани, байгууллагууд мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхон авч эхэлдэг. Мөнгөө бизнесийн эргэлтэд оруулах хооронд харилцах дансанд биш хөрөнгийн бирж дээр байршуулж байгаад буцаагаад авч болно. Хөрөнгийн зах зээл шударга зах зээл учраас тэнд байгаа мөнгө ил тод байдаг. Хүн мөнгөө заавал өсгөж байх хэрэгтэй. Гудсан дороо байлгаад байж болохгүй. Санхүүгийн бүтээгдэхүүнд оролцуулаад өсгөж л байх хэрэгтэй. Мөн Монголбанк бодлогын хүүгээ таван функтээр буулгачихаар банкууд хадгаламжийн хүүгээ бас таван хувиар буулгасан. Энэ маш том зөрүү. Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү нь манай бондын хүүгээс 1,5-2%-аар бага болсон байна. Тэгэхээр иргэд бондыг их сонирхож байна. Бондод хөрөнгө орууллаа, мөнгө хэрэг болвол буцаад хоёрдогч зах зээлд зарчихаад явж болно. -Хөрөнгийн зах зээлд хөл тавьж орохоос гадна хөрөнгийн зах зээлээс гарах exit market гэдэг үйл явц их чухал байдаг бололтой. Танай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд орооч гэж урихаас гадна тэндээс хөрөнгөө аваад гарах бололцоог нь бас санал болгодог уу? -Хөрөнгө оруулагчид ч мөнхийн хөрөнгө оруулагч биш. Зах зээлд орж ирж тодорхой ашиг хийгээд гараад явдаг. Монголоос гарч явахад нь хэн хувьцааг нь, хөрөнгө оруулалтыг нь худалдаж авдаг вэ гэхээр баялгийн, тэтгэврийн зэрэг хөрөнгө оруулалтын сангууд худалдаж аваад эрхийг нь цааш үргэлжлүүлээд томоохон компаниуддаа хувьцаа эзэмшигч болоод явдаг. Харин манайд сангууд хөгжихгүй байгаагаас болоод хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлээс гарах бололцоо нь хязгаарлагдмал. Хэрхэн гарахаа тооцоолохгүйгээр орохоо шийднэ гэдэг маш хүнд шүү дээ. Та 100 сая ам.доллараар Монголын нэг компанийн хувьцаа авчихлаа гэж бодьё. Мөнхийн хөрөнгө оруулагчаар үлдэнэ гэж үгүй. Илүү үр ашигтай зүйл рүү мөнгөө оруулахаар шийдээд өнөө хувьцаагаа зарахаар шийдлээ. Хэнд хаана зарах вэ гэдэг асуудалтай тулгарна. Тэгвэл манайд зарах зах зээл нь байхгүй. Хэрэв хөрөнгө оруулалтын сангууд байдаг бол тэнд өгөөд гардаг. Тэгтэл сангууд байхгүй учраас хэнд зарах юм бэ? Манайд баялгийн болон хөрөнгө оруулалтын сангууд байгаад тэдгээр нь алтны, нүүрсний, зэсийн компанийн хувьцаа авдаг бол хөрөнгө оруулагчдад санал тавихад айх юмгүй. Та хувьцаанд хөрөнгө орууллаа гэхэд гарахдаа манай сангуудад зарж болно гэж хэлээд сууж баймаар байна. Даанч бодлого тодорхойлогчид маань энэ тогтолцоог төдийлөн ойлгодоггүй. Бодлого, шийдвэр тогтвортой байхыг чухалчилдгийн учир нь энэ. Сангийн хууль гэхэд сангийн ашгаас татвар тооцохгүй гэж явж байснаа гэнэт 10 хувийн татвартай болчихсон. Манай улсын хуулиар татваргүй сантай гээд гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгоод явж байтал ингээд л гэнэт өөрчлөгдчихсөн. Уг нь сангийн хөрөнгөд татвар тооцдоггүй. Сангаас хөрөнгө оруулалт авсан бизнес ашгийн татвараа төлж байгаа, эцсийн хөрөнгө оруулагч нь мөн ханшийн өсөлтийн татвараа төлж байгаа тохиолдолд дундын сангаас давхар татвар авдаггүй. Хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгийн зах зээлд хөрөнгө татан байршуулах чухал арга хэрэгсэл байсан. Одоо бол хэцүү болсон. Зүй нь, Эрдэнэс Тавантолгой шиг тогтвортой том бонд гаргах нь сангуудад хэрэгтэй байдаг. -Томоохон үнийн дүнтэй, дотооддоо анх гаргаж байгаа ам.долларын бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаад Та бүхэнд баяр хүргэе. Энэ ажлаас бас суралцаж, илүү туршлагажиж байгаа болов уу. -Манай компанийн зорилго үндэсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт татаж өгөх, олон улсын хэмжээнд мэргэжлийн үйлчилгээ явуулах зорилготой. Хөрөнгө оруулалт татаж болж байна, мөнгө босгож болж байна. Хамгийн гол нь нэг удаа бүтээгдэхүүнээ зарчихаад орхих биш, хөрөнгө оруулагчдад байнга санаа тавьж байх хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулагчдыг татах, мэргэжлийн үйлчилгээ тасралтгүй хүргэхийн тулд компанийн хувьд хүний нөөцөө бэхжүүллээ. Тэр хүмүүст Таны мөнгө ийм байна. Ийм боломж, эерэг, сөрөг тал байна гэдгийг хэлэх ёстой. Үүнийгээ хөрөнгө оруулагчдын хүсдэг формат, өнцгөөс боловсруулан хүргэж байна гэсэн үг. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд манай компани шууд онлайнаар данс нээх, англи монгол дээр байх зэрэг технологийг илүү ашиглах, программ хангамж бий болгоход анхаарч байна. Түүгээр дамжаад мэдээлэл сайн хүрч байгаа. Биржийн ханшийг гэхэд монголд болон гадаадад зэрэг харж болох боломжтой болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын стандартад нийцэх үйлчилгээгээ тодорхой стандартад хүргэчих юм бол дараа дараагийн удаад дотоодын олон компани үнэт цаас гаргахад хангалттай сайн дэд бүтэц болно гэж бодож байна. З.Боргилмаа Эх сурвалж: Өдрийн сонин
Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрөгч 4 дүгээр сард томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Харин хоёр дахь шатны захиалга өнөөдөр эхэлж байна. 2 дахь шатны захиалга 08 дугаар сарын 25-ны өдөр хаагдах бөгөөд энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалах юм. Төгрөгийн бонд: нэгжийн үнэ 100.000₮, хүү 10%, хугацаа 36 сар Долларын бонд: нэгжийн үнэ 100$, хүү 5.8%, хугацаа 24 сар Энэхүү бонд нь ам.доллараар гарч байгаа тул ханшийн уналтын эрсдэлгүй бөгөөд ам.долларын бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай. Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна. ЭТТ Бондын арилжаанд оролцохын тулд та Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг брокерийн компанийг сонгон үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Үүний дараа тухайн үнэт цаасны компанийн брокерийн заавраар мөнгөн дүнгээ байршуулснаар захиалга баталгаажна. Хэрэв та 1072 хувьцааны ногдол ашиг авахаар аль нэг үнэт цаасны компанид данс нээлгэсэн бол тухайн дансаараа бонд худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 /1/ утаснаас лавлаарай. Тэргүүлэх андеррайтер: Дэлгэрэнгүй:https://bdsec.mn/trade/ETTBond/ Онлайнаар захиалга өгөх:https://dbx.bdsec.mn Үнэт цаасны данс нээх: https://dbx.bdsec.mn/mn/create/acc Мэдээлэл зөвлөгөө авах утас: 7555-1919 Ажлын өдрүүдэд 08:00 - 17:00
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томилов
2021-08-03 13:53:37 Нийтлэгдсэн: Эдийн засагХөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг түүний оронд томилсон байна. Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж. Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон Century зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй. Боловсролын байдал: 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/ 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/ Ажилласан байдал: 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга 2019-2020 Эрдэнэс Тавантолгой Майнинг ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж, хөргүүртэй машин зэргийг тусламжаар олгоно
2021-08-03 09:28:24 Нийтлэгдсэн: Эдийн засагСангийн сайд Б.Жавхлан, Япон Улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Нот бичиг Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх тухай юм. Ингэснээр Япон улс 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм. Япон Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2.35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож, 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж Сангийн яамнаас мэдээлэв.
МОНГОЛООС БНХАУ РУУ НИЙЛҮҮЛЭХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2021-07-28 10:34:10 Нийтлэгдсэн: Эдийн засагБНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдлээ. Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэж, Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл-ийг гаргалаа. Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон гарц-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ. Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцож, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй