МЭДЭГДЭЛ

2020-05-08 10:32:14 Нийтлэгдсэн: Эдийн засаг
МЭДЭГДЭЛ

Европын Холбооны Комиссоос 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байна. Энэ хүрээнд тус холбооноос стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна. Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно. Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс 5 дугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны 10 дугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ. ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно. МОНГОЛБАНК

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Дөлгөөнийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. (Дэлгэрэнгүй танилцуулгыгэндээсүзнэ үү.) Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн томилов. (Дэлгэрэнгүй танилцуулгыгэндээсүзнэ үү.)

УУРХАЙЧИД, ХАМТ ОЛОН, АХМАДУУДДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Эрдэнэт үйлдвэрийн тулах цэг, урагшлах хүч болсон уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Эргэх улирлын хувьд амьтай бүхэн сэргэж буй хавар цагийн эгэл жирийн өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч дэлхий даяар аюулт коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж, хорио цээрийн амаргүй өдрүүдийг эрсдэл багатай давахыг дор бүрнээ хичээж буй хүндхэн цаг хугацааг Та бид хамтдаа туулж байна. Миний хувьд, уурхайчид, хамт олонтойгоо нүүр тулж уулзах, илэн далангүй ярилцахыг чухалчилдаг. Энэ ч зорилгын үүднээс өнгөрсөн жилүүдэд цөөнгүй уулзалтыг ажлын байран дээр, Уурхайчин соёлын ордондоо зохион байгуулсан. Энэ ажлаа уламжлал болгон хэвшүүлсэн ч цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед нүүр нүүрээ харж, илэн далангүй уулзаж ярилцах боломж хязгаарлагдмал байна. Иймд та бүхэндээ хандан захидал бичих нь зүйтэй гэж үзлээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Уурхайчид, хамт олон маань 2019 ондоо үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа. Үйлдвэр маань үйл ажиллагаагаа эхлээд 42 дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрийн насжилттай уялдан Эрдэнэтийн-Овоо ордын маань нөөц баялаг багасаж байна. Он жилүүд өнгөрөх тутам уул-геологийн нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан, өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2019 онд 20.4 сая ам.долларын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэснээс 2019 онд 8.9 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 20 орчим жилээр нэмэгдэж, цаашид 60 гаруй жил ажиллах боломж бүрдлээ. Нөгөө талдаа олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж л үр дүнд хүрэх болоод байна. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологийг боловсронгуй болгоход 2017-2019 онд 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийлээ. Үүнээс 2019 онд 410 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, 251.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Үүний үр дүнд цех, нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Ингэснээр ажлын байрны тав тух сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, цалин хөлсний өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна. Энэ цаг үед бид үр ашгаа өсгөхийн тулд үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй менежментийн үр дүнд, оюун ухааны хүчээр нэмэлт орлого олж, зардлыг хэмнэн ажиллаж байна. Өнгөрсөн 2019 онд худалдан авалтын үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор явуулж, худалдан авалтыг цахим тендерээр зохион байгуулснаар бараа таваарын шахааг арилгаж 65.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадлаа. Мөн экспортын гэрээний нөхцөлийг сайжруулж, холбогдох зардлыг бууруулж чадсанаар 2017-2019 онд 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Үүнээс 2019 онд 14 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо. Сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-нд 224 дүгээр тогтоолыг гаргасан. Үйлдвэрийн газрын хамт олны өөрсдийн хүчээр шинэчлэн боловсруулсан, төрөлх Эрдэнэт үйлдвэрээ 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 262 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд бид санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Улс орны хэмжээнд төрийн мөнгөний бодлого байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн их айл, өнөр гэр бүлд мөнгөний бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэхүү санхүү, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн орлогоор анх удаа 2019 онд 19.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Эрдэнэт үйлдвэр Казакстаны Балхашмыс компаниас авах 20 сая ам.долларын өр олон жилийн туршид яригдаж байсныг Та бүхэн маань санаж буй биз ээ. Энэ авлагыг авах боломжгүй болж, 2009 онд тухайн үеийн Зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн тайлан балансаас хассан юм билээ. Энэ авлагатай холбоотой яриа, хөөрөөг дахин сэргээж, багагүй хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2019 онд бүрэн барагдуулсан. Ингэснээр 2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлтийг бид менежментийн ур чадвар, оюуны хүчээр бүтээж чадлаа. Төрийн өмчийн статустай болж, онцгой дэглэмтэй ажилласан 2019 онд, сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.Олон улсын Арбитрын шийдвэрийг үндэслэн Стандарт банкны нэхэмжилсэн 120 сая ам.долларын өр, төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр хэлэлцээ хийж, 40 сая ам.доллар болгон бууруулж шийдвэрлэсэн.Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү мөнгөнд нүүрлэсэн аюул, улс орны хэмжээнд үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлыг зайлуулж чадсан юм. 2020 он гарсаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Бид 2020 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг улсын төсөвт тусгагдсан үнээр буюу 5991 ам.доллар байхаар төлөвлөсөн хэдий ч 4600 ам.долларт хүрч унасан цаг үе тохиолоо. Зэсийн үнийн огцом уналтын үед өртөг, зардлыг бууруулах, үр ашгийн түвшинг хадгалахыг зорьж, арвилан хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд 2020 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ бүрэн биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 227 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Коронавирусын цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт бий болж, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага уурхайчид, хамт олонтойгоо хамтын хүчээр давахыг зорьж байна. 2019 оны үйл ажиллагааны үр дүн амжилттай байсан нь энэхүү, дэлхийг нөмөрсөн коронавирусын цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн нөхцөл байдалтай нүүр тулахад бэлэн байх бэлтгэл суурь болж чадлаа. Үүний үр дүнд Та бид энэ хүндрэлтэй цаг үед бэлэн мөнгөний эрсдэл гачигдалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахин ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахад Эрдэнэт хотдоо, улс орондоо тус дэм болж ажиллахын тулд үйлдвэрийн хэмжээнд шуурхай үйл ажиллагааг хангах Төв штаб, чиглэл бүрээр ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх чиг үүрэг бүхий штабуудыг байгуулан ажиллаж байна. Төв штабын үйл ажиллагааны хүрээнд хямралтай нөхцөл байдлыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөө, зэсийн үнийн уналтыг үнийн зургаан түвшинд тооцсон хувилбарт эдийн засгийн тооцоо, хөдөлмөр зохион байгуулалтын хуваарийг батлан гаргаж, мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна. Сүүлийн гурван жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор Манлайлагч мастерын нэмэгдэл цалин-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, мөн өндөр ур чадвар шаардсан ажлыг гүйцэтгэдэг, нарийн мэргэжлийн өндөр зэрэгтэй 21 ажилчинд Тэргүүлэх зэрэгтэй ажилчны нэмэгдэл 300 мянган төгрөгийг сар бүр олгож байна. Цаашид цалин хөлсний бодлогыг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулж боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх болно. Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна. Амаржаад хүүхдээ асарч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ахмадууддаа сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 01-нээс50 хүртэл хувиар ялгавартайгаар өсгөж, 124.8-210 мянган төгрөгт хүргэсэн. Ингэснээр, тэтгэврийн зөрүүг багасгах төр, засгийн бодлоготой нийцсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй ахмадуудынхаа өрхийн орлогод бодит хувь нэмэр үзүүлж байна. Мөн ахмадын баяр, цагаан сарыг тохиолдуулан олгодог тэтгэмжийг 2019 оны 9 дүгээр сараас100 мянган төгрөг болгож, 2 дахин нэмэгдүүлсэн. 2017-2019 онд ажилтан, ажилчдад нийт 11 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Ажилтан, ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2016-2019 онд нийт 153 ажилтныг фондын орон сууцаар ханган, 2019 онд 8 ажилтанд, 2020 он гарсаар 2 ажилтанд амины орон сууц олголоо. Эрдэнэт үйлдвэрт 2016 оноос Москва-300, ЭКО-400, Залуус-600 гэсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдаж байсан. Залуус-600 орон сууцны төслийг хэрэгжүүлэх газар, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, ЭКО-400 хорооллыг барихаар авсан газар нь дэд бүтцийг шийдэх боломжгүй, Москва-300 төслийн ажлын зураг батлагдаагүй зэрэг олон тулгамдсан асуудал байсан юм. Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, байршлын хувьд нэгтгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Уурхайчин-1, 2, 3 орон сууцны төсөл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Фондын орон сууцыг цаашид уурхайчид, хамт олондоо хувьчлах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед улсын төсвийн ачааны багагүй хэсгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Уурхайчид Та бидний хамтдаа бүтээсэн баялаг Монгол орны минь эдийн засгийн томоохон хөдөлгөх хүч болж байдагт Ерөнхий захирлын хувьд үргэлж өндрөөр үнэлж, бахархаж байдгаа цохон тэмдэглэе. Хоногт 1600 орчим тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 6.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөгийн төсвийн болон түүнтэй адилтгах орлогыг төвлөрүүлдэг, 24 цагийн тасралтгүй,байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалтыг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган, алсын хараа, эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө хүн бүр хичээж ажиллах нь юу юунаас чухал болж байна. Нөгөө талаар, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрөөс ангид байж, хамт олныг талцуулсан, улс төрийн өнгө аястай аливаа ухуулга, сурталчилгаанд автахгүй байх нь чухал юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс төрийн албан хаагчид, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн улс төрөөс ангид, ил тод нээлттэй байж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллах үүргийг бид шат шатандаа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Хамт олноо манлайлан үлгэрлэж, хамт олны эв нэгдлийг ханган, сахилга дэг журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулан, уурхайчин хүн бүрийн төлөө, хамт олныхоо төлөө, Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулж ажиллахыг бүх шатны удирдах ажилтнуудад ҮҮРЭГ болгож байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар онцгой дэглэмийн үед онц сайн ажилласан уурхайчид, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ямар ч цаг үед үйлдвэрийнхээ төлөө байж, уурхайчид, хамт олондоо урам, дэм өгч байдаг ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2020 он бол Та бидний хувьд маш хариуцлагатай жил байх болно. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл-д тусгагдсан төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэхийн төлөө 2020 онд Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2020 онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний 80 гаруй хувийг үйлдвэрлэлийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийхэд зориулах болно. Амар тайван цаг үед бид улс, эх орныхоо хөгжлийг түүчээлдэг хариуцлагатай хамт олон, баялаг бүтээгчид билээ. Коронавирусын цар тахал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн амаргүй энэ цаг үед уужуу тайван байж, улам хичээж, хүндрэл, бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулахыг нийт уурхайчид, хамт олон та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэж, УРИАЛЖ байна. ХҮНДЭТГЭСЭН, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН, ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D) Х.БАДАМСҮРЭН

М.НУРГУЛ: ЦАХИМААР ИРСЭН МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ НЯГТЛААГҮЙГЭЭС САНХҮҮГИЙН ЗАЛИЛАНД ӨРТДӨГ

Дижитал хэрэглээ эрчимжих тусам залилагчид хэрэглэгчийн хувийн мэдээлэлдээ мэдлэггүй, хайхрамжгүй, болгоомжгүй ханддаг байдлыг нь ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэх болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн Ятгах тусам нягтал аяны үргэлжлэл болгон санхүүгийн луйвраас сэргийлье НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ удаа Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй цахим халдлага, эх сурвалжийн аюулгүй байдлын ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ, Монголбанк болон Монголын банкны холбоо, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн Ятгах тусам нягтал аяны үргэлжлэл Нягтлах тусам аюулгүй аяныг эхлүүлээд байгаа. Аяны дараагийн үе шатыг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь юу бэ? Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоотой хамтран он гарснаас хойш залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлэн амжилттай дуусгасан. Уг аян нь иргэд олон нийтэд сайшаагдан, үр дүн сайтай ажил болсон учраас цаашид аяныг дэлгэрүүлэх, эрх зүйн нэмэлт мэдлэг, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж үзсэн юм. Дижитал хэрэглээ эрчимжих тусам санхүүгийн луйвар, залилах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь санхүүгийн хямрал, хүндрэл нэмэгдэхийн хэрээр луйварчид иргэдийн сул тал дээр дөрөөлж, залилан мэхлэх аргаар иргэдийн эд хөрөнгө, мөнгийг луйвардах хандлагатай байдаг. Нөгөө талаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил иргэд гурав нийлж тухайн улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг байх нь. Үүнд бидний аяны гол зорилго оршиж байна. Ер нь санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт ордог сэдвүүдийн нэг юм. Тиймээс Нягтлах тусам аюулгүй аяныг хоёр үе шаттайгаар эхлүүлээд явж байна. Энэ удаагийн аянг нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк хамтран, дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Санхүүгийн мэдлэгийг түгээх нь өөрөө санхүүгийн салбартаа маш том давуу талтай. Цаашид бусад арилжааны банкууд энэхүү аяныг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. -Онцгой нөхцөл байдалд буюу коронавирусийн халдвар тархсан эдгээр өдрүүдэд иргэдэд мэдээллийг хэрхэн хүргэж ажиллаж байна вэ? -Олон нийтийг цуглуулж болохгүй, сургалт зохион байгуулж болохгүй байгаа энэ үед аль болох цахим ертөнцийг ашиглаж мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Хамтран ажиллаж байгаа байгууллагууд маань олон салбар, нэгжүүдтэй нь аяны талаарх мэдээллийг орон даяар хүргэхэд нилээд том дэмжлэг болж байна. Төв банк гэхэд 17 салбартай. Дээр хэлсэнчлэн олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайт, байгууллагуудын цахим хуудсуудаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Иргэн та энэ төрлийн мэдээллийг авахыг хүсвэл хамтран ажиллаж байгаа байгууллагуудын албан ёсны мэдээллийн сайт, цахим хуудаснаас, мөн олон нийтийн мэдээллийн портал сайтуудаас мэдээлэл авч болохоос гадна, өөрт ойрхон цагдаагийн байгууллагаас хууль эрх зүйн тусламж, мэдээлэл авах боломжтой. Цахим орчинд хуурамч мэдээллийг сайн нягтлаагүйгээс мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орох тохиолдол их байна? Ер нь эх сурвалжийн аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ? -Тиймээ. Сэдвүүдийг нэг бүрчлэн ярих нь зөв байх. Эх сурвалжийн аюулгүй байдал гэж юу вэ? Ямар эх сурвалжаас мэдээлэл ирээд байгаа вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим хэрэглээ хурдтай хөгжиж байна. Манай улсад ч гэсэн энэ хэрэглээ өндөр байгаа. Гурван сая гаруй иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуун иргэн цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг. Цар тахлын үед иргэд гэрээсээ онлайнаар ажиллах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдаж авах зэрэг цахим орчны харилцаа нэмэгдсэн. Харин луйварчид энэ боломжийг хүлээж байдаг. Шинэ нөхцөл байдал үүсэх бүрт залилан хийх аргаа нарийн төлөвлөж ажилладаг. Хамгийн гол нь танд юу дутагдалтай болохыг таниас түрүүнд мэдэж ажиллах аргаа боловсруулдаг гэсэн үг. Хэдэн жилийн өмнө иргэдийн мэдлэг, мэдээлэл муутайг далимдуулан мэйлээр та азтан боллоо, та Green card хожлоо гэх санал их ирдэг байсан бол хүүтэй мөнгө зээлнэ, барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэх мэт залилангийн хэргүүд нэмэгдэх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл их авч байна. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг. Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон байна. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг. Сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэргүүд өссөн учраас иргэдэд хандаж хэлэхэд энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд болгоомтой байх, фэйсбүүк, мэйл хаягныхаа нууц үгийг тогтмол солих хэрэгтэй. Тэгж байж та цахим орчинд аюулгүй байх эхний алхам нь бүрдэж байна гэж хэлмээр байна. -Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн мэдэх вэ? Тодорхой шинж тэмдэг гэж байна уу? -Хамгийн эхлээд энэ надад яг хэрэгцээтэй байгаа зүйл мөн үү? Үнэн үү? гэдгийг судлахад цаг гаргаж судлаж хэвших хэрэгтэй. Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол зарим нь жинхэнэ санал, эсвэл наймаа мэт санагдах учраас олж танихад хэцүү байдаг. Хамгийн энгийн жишээ гэвэл танд мэйл ирлээ гэж бодоход тухайн мэйл ямар агуулгатай байна вэ гэдгийг шалгана. Мэдээж таны мэдэхгүй хаягнаас ирнэ. Мэдэхгүй фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй. Мөн хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалддаг. Доорх линк дээр дарснаар идэвхижнэ, бүртгэгдэнэ. Уг линкний өргөтгөлийг анзаарах хэрэгтэй. Жишээ нь бид ихэнхдээ www гэж хайдаг. Та анзаарсан бол урьд талд нь https:// гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин луйвар хийдэг хаяг өргөтгөлөөс S үсгийг авсан буюу http:// гэж бичигдсэн байдаг. Ганц үсэг дээр тоглолт хийнэ гэсэн үг. Иймэрхүү нарийн зүйлийг хүн тэр болгон анзаарахгүй. Эхний гурван үсгээ хараад тэгээд цаашаа шалгаад байдаггүй. Мөн таны харилцдаг банкнаас, эсвэл санхүүгийн байгууллагаас мэйл ирэхэд өргөтгөл нь баталгаатай эсэхийг харж хэвшээрэй. Мөн тухайн банкны нэр нь com, mn зэрэг улс орнуудаас шалтгаалж өөр өөрөөр бичигддэг. Солонгос бол kr, Оросынх ru гэх мэт. Тэгэхээр өргөтгөл хэсэг чухал гэдгийг давтаж хэлмээр байна. Шалгахаасаа төвөгшөөсөн нэг үйлдэл л таныг том эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол шалгах маш амархан. Тухайн байгууллага, банкны сайт руу орох, лавлах утасруу нь залгаад л болоо шүү дээ. -Танд дээрх маягаар санал ирсэн тохиолдол байна уу? -Би өөрт тохиолдсон бодит жишээг хэлж болно. Магадгүй танайх олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бол DHL илгээмж ирлээ гээд мессеж ирдэг. Манай найз явуулсан илгээмж үү, хэн явуулсан нь сайн мэдэгдэхгүй. Илгээмжээ авахын тулд хавсралтаа татаж авах шаардлага тавьсан. Би DHL руу утсаар лавлахад манай email биш гэсэн хариу өгсөн. Магадгүй тухайн хавсралтад таны компьютерт нэвтрэх вирус явж байгааг үгүйсгэхгүй. Та танихгүй хаягнаас ирсэн аливаа линк, татах материалыг нээснээр өөрөө хаалгаа нээгээд өгч байгаатай ялгаагүй. Тийм учраас хавсралттай, үл таних, мэдэхгүй хаягнаас ирсэн мэйлүүдийг нээхгүй устгаж хэвшинэ үү. -Бид фэйсбүүкт хаана, юу хийж байгаа бүхий л мэдээллээ нээлттэй тавчихдаг болсон. Үүнээс луйварчид санаа авах боломжийг бид өөрсдөө олгож байгаа юм шиг? -Тиймээ. Фэйсбүүкээс их олон мэдээллийг харах боломжтой болсон. Гэр бүлийн байдал, ажиллаж байгаа газар, найз нөхдийг нь мэдчихнэ. Муухан үзмэрчээс илүү мэдээлэл өгнө шүү дээ. Тиймээс мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа хязгаарлалт тавьж байгаарай. Ингэснээр та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна. Эцэст давтаж хэлэхэд санхүүгийн луйварчид таны үлдээсэн мөрөөс тань зовлонг олж мэдчихээд тан дээр ирдэг тул таныг луйвардах арга мэхээ аль хэдийн боловсруулсан байдаг шүү. Нөгөө талаас аливаа нэг бараа бүтээгдэхүүн, бизнес, хөрөнгө оруулалт хэзээ ч 100 хувийн өгөөж өгдөггүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Сүүлийн сугалаа нэрээр хүмүүсийг залилах тохиолдол их байна. Жишээ нь Приус 30-ын азтан тодруулна. Та 3000 мянгөн төгрөгөөр бүртгүүлээд гэнэтийн байдлаар азтан болоорой гэх мэт. Үүнд хүмүүс бага мөнгөөр их зүйлтэй болох хүсэлдээ хөтлөгдөж азаа үздэг. 3000 төгрөг надад юу ч биш, оролцоод азаа үзье гэж бодоод мөнгөө илгээдэг. Цаана нь та дансны мэдээллээ л алдаж байгаа шүү дээ. Тэрнээс биш 3000 мянган төгрөгөөр машины азтан болно гэж юу байх вэ дээ. Нөгөө талаас та зүгээр нэг луйварчинг тэжээгээд байна шүү дээ. Баталгаатай зүйл бол ядаж пэйж дээр нь холбоо барих утас, хаяг, оффис, байгууллагын нэр байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байхад л хүмүүс тэр сугалаанд нь оролцоод байдаг. Иргэд санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж авах боломжтой вэ? Танайхаас энэ тал дээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? -Монголбанк, СЯ, СЗХ, БСШУСЯ хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд санхүүгийн суурь мэдлэг олгох сэдвүүдийн бэлтгэн, сургалт соён гэрээгүүлэх ажлуудыг тогтмол хийж ирлээ. Мөн санхүүгийн суурь мэдлэгтэй холбоотой 10 сэдвийн сургалтыг www.sankhuugiinbolovsrol.mn сайтнаас авах бүрэн боломжтой. Суурь сэдэв болгоны талаар мэдээллүүд дэлгэрэнгүй орсон байгаа. Дээрээс нь Санхүүгийн боловсрол facebook пэйж хуудас ажиллаж байгаа. Иргэн та энэ төрлийн мэдээллийг хайлтын системээс хайхад хангалттай тооны мэдээлэл олох боломжтой. -Санхүүгийн луйвар нь ганц нэг банкны, ЦЕГ-ын асуудал биш болж. Олон талын оролцоо чухал юм байна шүү? -Яг тийм. Аяны эхний алхам буюу Ятгах тусам нягтал аянаар бүхий л боломжтой сувгуудаар иргэдэд мэдээлэл хүргэхийг хичээсэн. Харин энэ удаагийн Нягтлах тусам аюулгүй аяныг мөн л олон байгууллагууд дэмжин оролцож байна. Арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аяныг дэмжин ажиллаж байна. Санхүүгийн луйвар гэдэг чинь таны хэлдгээр ганц санхүүгийн байгууллагын асуудал биш болжээ. Системийн, салбарыг эрсдэлд оруулах хэмжээнд яригдах болсон. Банкны салбар өөрөө итгэл дээр оршдог маш эмзэг байгууллага. Нэг гадны жишээ дурдъя. Америкт нэг өдөр бороо оржээ. Хэсэгхэн зуур ширүүн бороо орох үед иргэд банкны үүдэнд бөөнөөр зогссон байна. Үүнийг харсан иргэд банк дампуурах гэж байна гэж ойлгоод сүүлд нөгөө банк дампуурсан тохиолдол гарчээ. Тиймээс итгэл гэдэг чинь өөрөө маш чухал. Бүх банк санхүүгийн тогтвортой байдлын төлөө хамтдаа алхаж байгаа учраас ХААН Банк энэ аяныг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Цаашид гэсэн дараа дараагийн арилжааны банкууд гарч ирээд энэ аяныг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнд ярих сэдэв их байна. Анхааруулах зүйл ч их байна. -Санхүүгийн луйвар залилан нь ганц хоёр сарын аянгаар дүгнэхээс илүүтэйгээр уг аяны хүрээнд иргэд олж авсан мэдээллээ цаашид мэдлэг болгох хэрэгтэй юм байна гэж миний хувьд дүгнэж байна л даа. -Таны хэлсэн зөв. Хүн нэг өглөө босоод санхүүгийн мэдлэгтэй болчихлоо гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл санхүүгийн мэдлэг гэдэг нь өөрөөр МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА гэсэн гурван зүйлд дээр яригддаг. МЭДЛЭГ: Та надаас эх сурвалжийн аюулгүй байдлын талаар мэдлэг авчихлаа. ЧАДВАР: Тэр мэдлэгээ хэрэгжүүлж эхлэх, эх сурвалжаа шалгаж эхлэхийг хэлж байна. ХАНДЛАГА: Эх сурвалжаа шалгах дадлыг өөртөө бий болгож байна. Санхүүгийн сахилга баттай болгож байна гэсэн үг. Бидний үүрэг нь иргэдийг алдахаас нь өмнө сэрэмжлүүлж, мэдлэг, мэдээллээр хангах юм. Эцэст нь иргэддээ зөвлөхөд Та өөрөө л өөрийгөө хамгаалж чадна. Таны асуудлыг хэн ч мэдэхгүй. Иймд та мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаж, нягталж байгаарай гэж давтан хэлмээр байна. -Ярилцсанд баярлалаа.

Эрдэнэт үйлдвэр хоёр сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллалаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс баялаг бүтээгч уурхайчдын ажлын гол үзүүлэлтийг дүгнэхэд, оны эхнээс 199 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-121 хувиар давуулан биелүүлснийг танилцуулсан. Мөн оны эхний 4 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа энэ үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлсэн уурхайчдадаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, урмын үгсээ илгээлээ. Тэрээр энэ онд нийгмийн чиглэлийн төслүүдийг дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэйг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгосон юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажилласан тухай ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Автотээврийн цех, Засвар механикийн заводын удирдлагууд ажлаа танилцуулсан. Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөр тутмын ариутгал цэвэрлэгээ хийж, Баяжуулах үйлдвэр өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Үйлдвэрийн хэмжээнд ирэх 7 дугаар сарын их зогсолтын бэлтгэл ажлыг хангахад анхаарч байна. Хаврын салхитай холбогдуулан цахилгааны агаарын шугамд богино тасралт үүсэж болзошгүй байгаа тул найдвартай ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг Эрчим хүчний хэлтсээс санууллаа. Ус хангамжийн цех, Цахилгаан цехийн хамтарсан Ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна. И.Чинтогтох

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.