МОНГОЛБАНКНЫ НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН 2020 ОНЫ ШИЛДЭГ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ШАЛГАРУУЛЛАА
2020-05-16 09:35:48 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкны уламжлалт Эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь шатны шалгаруулалт өнөөдөр болж, дүнгээ гаргалаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд, болон оюутнууд судалгааны бүтээлээр оролцдог бөгөөд тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жил судлаачдын ангилалд 17, оюутны ангилалд 31 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 10 бүтээл шалгарч, оновчтой санаа, шинэлэг судалгаа бүхий бүтээлийг ангилал тус бүрийн эхний гурван байрт тодрууллаа. Судлаачийн ангилалд Тэргүүн байр:М.Лхагвадорж, Ч.Алтан-Өлзий -Твиттер өгөгдөл ашиглан богино хугацааны валютын ханшийн таамаглал хийх Удаах байр:Ц.Оюунзул, Б.Нямбаатар -Монгол Улсын баялгийн сангуудын эдийн засаг дахь нөлөө Гутгаар байр:О.Боролдой -Examining the Inter-temporal Relationship in Loan Portfolio, Cost Efficiency and Capitalization: A Managerial Behaviour Model for Mongolian Banks Оюутны ангилал Тэргүүн байр:Б.Хүслэн -Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, түүний зээлийн нийлүүлэлт болон эдийн засагт үзүүлэх нөлөө Удаах байр:Э.Хосбаяр, Г.Төгсбилэг, Э.Тамир -Эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд оролцох хүчин зүйлүүдийн шинжилгээнд албан бус секторыг авч үзэх нь Удаах байр:Д.Гантогтох, Б.Төгөлдөр -Эдийн засгийн өсөлтийг хангах салбарын оновчтой бүтцийг тодорхойлох нь
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2020-05-15 10:45:53 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр /2020.05.14/ Европын холбооноос Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа дуулгаж, энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаа талаар дурьдав. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Ноён Траян Христеа энэ үеэр Европын холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан хар, саарал жагсаалт гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцолсон. Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, энэ нь Европын парламентаар хэлэлцэгдэх бөгөөд хэрэв батлагдах тохиолдолд ирэх 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах талаар мэдээлэл солилцов. Цаашид Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт цаашид хэвийн үргэлжлэх талаар ярилцлаа. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ илэрхийлэв.
ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН МОНГОЛ ИРГЭДИЙН ЗАРДЛЫН ТҮҮВЭР СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2020-05-15 10:41:40 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа-г зохион байгуулж байна. Иргэн та 2018-2020 оны хооронд гадаад улсад зорчин эмчилгээ, оношилгоо хийлгэсэн бол судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Энддарж судалгаанд хамрагдана уу. Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу хадгална. Судалгаанд оролцогчдоос 30 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр урамшуулах болно.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн II улирлын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Макро эдийн засгийн төлөв байдлын тухай Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор банк, санхүүгийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД
2020-05-12 10:27:02 Нийтлэгдсэн: Эдийн засаг- Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Гэвч энэ шийдвэр өнөөг хүртэл банкуудад хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөг хүртэл яагаад хангалтгүй байна вэ? -2020 оны 3-р сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулдаг байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан (https://www.mongolbank.mn/news.aspx?id=2472tid=1). Харин Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4-р сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байна. Энэ шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжээд явна. Өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарын хүрээнд байгаа зээлүүдийн хувьд зээлийн гэрээний нөхцөлөө өөрчлөөд явж байгаа. - Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу? - Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй. -Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? - Иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно. - Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ? - Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүссэн. Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд хэвийн зээлийн ангиллыг өөрчлөхгүй байх 90 хоногийн хугацаанд (7-р сарын 31-нийг хүртэл) багтаан банкууд зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ. -Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ? - Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж банкуудад хүргүүлсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх банкууд дээр хэрэгжээд явна. -Хэрэглээний зээл авсан бүх зээлдэгчид зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах уу? - Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас (i) зээлийн эргэн төлөлт доголдсон, (ii) орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй. -Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болж, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу? - Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай. - Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүүнүүд багтдаг вэ? - Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг. -Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу? - Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно. -Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу? - Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно. -Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу? o Болно. Ялангуяа өмнө нь өндөр Өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч Өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. -Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу? o Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой.Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм. o Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой. -Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү? o Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй