Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Хуралд Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу Төв банк(Монголбанк)-ны тухай хуулийн Хяналтын зөвлөлтэй холбогдсон хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сүүлийн жилүүдэд Төв банк(Монголбанк)-ны тухай хуульд орсон өөрчлөлтүүд, олон улсын тэргүүн туршлага, нийгмийн хэрэгцээ шаардлага хүлээлтийг харгалзан Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Хуульд орох өөрчлөлтийн төслийг Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж-ийн хамт Монголбанкны Хууль, эрх зүйн газарт хүргүүлж, тэдний саналыг эхний ээлжинд авахаар шийдвэрлэв. Мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дондог энэ талаар баримтлах удирдамжийн төслийг танилцуулсны дээр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр тайлбар хийв. Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хэрэгслүүд арга механизм нь олон улсын жишигтэй адил буюу ойролцоо байгааг хуралд оролцогчид тэмдэглэн ярьж, дэлгэрэнгүй судалгаа дараа онд хийхээр шийдвэрлэв. Мөн Монгол Улсын валютын зах зээлийн бүтэц түүнд Монголбанкны гүйцэтгэх үүргийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Б. Мөнхзул, Зээлийн хүүний динамик, зээлийн хүүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдээллийг сонсов. Төгрөгийн ханш, инфляцийг тогтвортой бөгөөд ончтой түвшинд байлгахад үнэ, ханш, валютын зах зээлийг зах зээлийн зарчим, зохих хууль тогтоомжийн хүрээнд явуулахад анхаарч байхыг Монголбанк, түүний холбогдох ажилтнуудад зөвлөв. Мөн улирлын нөлөө ихтэй мах, нефть бүтээгдэхүүний нөөц, хангамжийн мэдээллийг өвөл болохоос 2 долоо хоног тутам авч, дүгнэлт хийж бүтээгдэхүүний аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийг ямагт анхаарч байх, Засгийн газарт тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байх, төгрөгийн ханшийг хиймлээр дээш, доош болгох замаар мөнгө угаах ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг чангатгах, тагнуулын тандалт, мөрдөлтийг тогтмол хийж байвал зохилтой гэж дүгнэсэн. Хяналтын зөвлөлийн гишүүн М.Энх-Амгалан Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад аялал жуулчлалын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийн талаар-х судалгааны ажлаа танилцуулж, цаашид энэ асуудал дээр төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна

2019 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт 912 мянган өрхийн 4.6 хувь буюу 42 мянган өрх 300 мянган төгрөг хүртэлх орлоготой байна. Нийт өрхийн 13 хувь буюу 118 мянган өрх 300-500 мянган төгрөг, 12.1 хувь буюу 110 мянган өрх 500-700, 117 мянган өрх 700-900, 99 мянган өрх 900-1.1 сая, 193 мянган өрх 1.1-1.6 сая, 114 мянган өрх 1.6-2.1 сая төгрөгийн мөнгөн орлоготой байна. Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна. Энэ нь нийт өрхийн 12.8 хувийг бүрдүүлж байгаа юм. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8хувь) мянган төгрөгөөр өслөө. Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9хувь) мянган төгрөгөөр, харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1хувь) мянган төгрөгөөр тус тус өссөн байна. Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурсан байна. Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 3 дугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурчээ гэжҮндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

МОНГОЛБАНК 14.4 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА ​

Монголбанк 2019 оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 11 дүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авсан ньөмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 11 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байлаа. График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн) График 3. 2019 оны 11 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 59.5 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 10 дугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 222.2 (25.5хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.4 (10.3хувь) тэрбум төгрөгөөр өсжээ гэжҮндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа

Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, Даатгалын салбарын 85 жилийн ойг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос, зохицуулалтын байгууллагын болон Хорооны шилдэг ажилтнуудыг Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Жуух бичиг-ээр шагнав. Идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдын шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар болохыг онцолж, өндөр мэдлэг, ур чадвар, шуурхай, нягт гүйцэтгэл, чамбай ажиллагаа шаарддаг энэ салбарт ажиллагсад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахадчухал үүрэг гүйцэтгэдгийг бахархан тэмдэглэвгэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.