Коксжих нүүрсний шууд худалдааны үнэ буурсаар байна Эх сурвалж: Platts Report Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний худалдан авалт буурахын хэрээр дэлхийн коксжих нүүрсний зах зээл суларсаар байна. Үүний зэрэгцээ коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байгаа нь байдлыг улам дордуулж буй. Ирэх сард нүүрс нийлүүлэлтийн хөлөг онгоцуудын ачилт дүүрэн байх төлөвтэй байгаа ажээ. Бүхий л компаниудад ачааны усан онгоцонд ачуулах нөөцийн нүүрс байна гэж Австралийн худалдааны нэгэн компани мэдэгджээ. Коксжих нүүрсний хувьд Австралийн боомт дээрх FOB нөхцөлтэй (нийлүүлэгч талын боомт дээр ачих хүртэлх үнэ) үнэ 1.5-2 доллараар буурч, 142-156 ам.доллар/тонн хүрчээ. Энэ оны хоёрдугаар улирал буюу 4-6 дугаар сард коксжих нүүрсний CFR нөхцөлтэй (худалдан авагч талын боомт дээр хүргэж өгөх үйлчилгээ багтсан үнэ) үнийг 172 ам.доллар/тонноор тогтоосон нөхцөлд ч нүүрс худалдан авах гангийн үйлдвэр Хятадад алга байна гэж Хонконгийн нэгэн худалдааны компани мэдэгджээ. Нүүрсийг 170 ам.доллар/тонн CFR үнээс дээгүүр үнэлсэн нөхцөлд Хятадад борлуулахад тун хүнд байгаа гэжээ. Хятадын гангийн үйлдвэрүүд зөвхөн 165 ам.доллар CFR үнээр сайн чанарын коксжих нүүрс худалдаж авах сонирхолтой байгаа ажээ. Гангийн нийлүүлэлтийн илүүдэл нь Хятадын үйлдвэрүүдийг коксжих нүүрс авахгүй байхад нөлөөлж буй ажээ. Зөвхөн арматурын төмөр гэхэд 8 сая тоннын нөөц байгаа аж. Дөрөвдүгээр сарын эхээр ачигдах Австралийн коксжих нүүрсний CFR үнэ 170 ам.доллар/тонноос ч буурах нь бараг тодорхой болоод байна. Гол асуудал нь нүүрсийг худалдан авах санал ирэх нь улам бүр багасч буй явдал юм. Харин Оросын Мечел, дөрөвдүгээр сард Хятадад нийлүүлэх нүүрсээ 158 ам.доллар/тонн CFR үнэлгээтэйгээр санал болгожээ. Коксжих нүүрсний зах зээл муудаж байна Эх сурвалж: Baiinfo report Коксжих нүүрсний зах зээл бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, борлуулалт буурахын хэрээр улам бүр муудсаар байна. Ихэнх борлуулагчид нүүрсний зах зээлийн ирээдүйн талаар гутранги үзэлтэй байна. Хятадын Шандонгт борлуулалт суларч, агуулах дахь нөөцийн хэмжээ дүүрэн байгаа тул коксжих нүүрсний зах зээл суларсаар байна. Иймээс зарим нүүрсний орд нөөц арвин байгаагаас үүдэн олборлолтоо бууруулж байна. Худалдан авагчид илүү хямд үнэтэй дотоодын нүүрс авах буюу боомтоос шууд худалдаа хийхийг илүүд үзэж байна. Японы ган, төмрийн үйлдвэрлэл буурчээ Эх сурвалж: http://www.coalguru.com Хятадаас гадна Японы гангийн үйлдвэрлэл буурч эхэлжээ. Японы ган, төмрийн холбоо (JISF) ган, төмрийн зах зээлийн ээлжит 19 дүгээр тоймыг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан байна. Энэхүү тойм судалгаагаар өнгөрсөн хоёрдугаар сард гулдмай ширэмний үйлдвэрлэл 6.35 сая тонн байжээ. Энэ нь өмнөх сарынхаас нь 666 мянган тонн буюу 9.5 хувь, харин өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Төмрийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь анхны тохиолдол болж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хугацаанд уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 74.8 сая тоннд хүрсэн нь өмнөх санхүүгийн жилийн үзүүлэлтээс 2.1 хувиар өссөн дүн юм. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлийн байдлаар өмнөх сарынхтай адилаар ган хайлуулах 33 зуухны 27 нь сул зогсолт хийсэн байдалтай байв. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар тус улсын гангийн үйлдвэрлэл 8.3 сая тонн байсан нь өмнөх сарынхаасаа 546 мянган тонноор багасч 6.2 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурсан дүн ажээ. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаан дахь анхны үйлдвэрлэлийн бууралт болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 297 мянган тонн/өдөр байсан нь өмнөх сарын 285.9 мянган тонн/өдөр үзүүлэлтээс 3.9 хувиар их үзүүлэлт ажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 97.8 сая тоннд хүрсэн нь өмнөх санхүүгийн жилийн үзүүлэлтээс 0.7 хувиар дээшилсэн дүн ажээ. Рио Тинто, Экстрата ажилчдаа дахин цомхтгож магадгүй байна www.coalguru.com Барилга, Ойн аж ахуй, Уул уурхай, Эрчим хүчний холбооны төлөөлөл уул уурхайн салбарт ажиллаж буй өөрийн гишүүддээ санаа зовних болсноо мэдэгдсэн байна. Учир нь Экстрата компани 100 ажилтнаа цомхтголд оруулах тухай зарласан билээ. Тус компани Брисбэн дэх төвөө хааж, New South Wales рүү нүүсэн байна. Холбооны хэвлэлийн төлөөлөгч Стив Смиф, Экстрата ажилчдаа халж байна, мөн Рио Тинто ч Куэнсландын төв хэсэг болон New South Wales муж дахь нүүрсний уурхайнуудынхаа ажилчдыг халж байна. Бид Рио Тинто-гийн уурхайд ажиллаж буй гишүүддээ санаа зовниж байна гэж мэдэгджээ. Тэрбээр Рио Тинто, Экстрата-гийн санхүүгийн нөхцөл байдал муугүй байгааг сануулжээ. Эдгээр компани ажилчдынхаа цалинг хасч, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулж болзошгүй. Ийм алхам нь манай гишүүдийн аж амьдралд шууд нөлөөлөх болно гэж мэдэгдсэн юм. Мөн Рио Тинто, Экстрата хоёрыг ажиллах хүчнийхээ тоог дахин цөөлж мэднэ хэмээн ярьсан байна. UBS: Ирэх жилүүдэд Хятадын нүүрсний импорт буурахаар байна www.platts.com Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс өнгөрсөн жил 289 сая тонн нүүрс импортолсон нь хамгийн оргилд тооцогдохуйц хэмжээ болж мэдэх тухай Швейцарийн хөрөнгө оруулалтын банк UBS өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ. Учир нь тус улсын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж буй тул далайн тээвэрлэлт бүхий нүүрсний импорт ирэх жилүүдэд буурахаар байна. Базельд төвтэй тус банк Хятадын нүүрсний импорт энэ онд өмнөх онтойгоо харьцуулахад 6.3 хувиар буурч 271 сая тоннд хүрнэ гэж тооцож байна. Улмаар 2014 онд үргэлжлэн буурч 257 сая тонн, 2015 онд 229 сая тонн болох юм байна. UBS мөн Хятадын дотоодын эрчим хүчний нүүрс болон импортын уг төрлийн нүүрсний хоорондох үнийн зөрүү арилж эхэлж буйг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц нь тус улс руу нүүрс экспортолдог Австрали, Индонез, Өмнөд Африк зэрэг улсад томоохон цохилт болохоор байна. Саяхан Хятад Австралийн эрчим хүчний нүүрсийг дотоодын нүүрснээсээ ч хямдаар авсан боловч нарийн шалтгаанаа тайлбарлаагүй. Тухайлбал 5500 ккал/кг илчлэгтэй Хятадын нүүрс 520 юань/тонн буюу 82 ам.доллар/тоннын FOB үнэтэйгээр Чинхуандаод худалдаалагдаж байхад тус боомт руу ачигдаж ирсэн 5500 ккал кг илчлэгтэй Австралийн нүүрс 83.5 ам.доллар/тонн CFR үнэтэйгээр худалдаалагдаж байна. UBS Өмнөд Африк, Америк зэрэг орон ажиллах хүчин болоод олборлолтын зардал зэрэг хүчин зүйлийн улмаас цаашдаа Хятадад тогтвортой нийлүүлэгч байх боломжгүй болсныг онцолжээ. Хятадын Гаалийн мэдээгээр Хятад улс өнгөрсөн онд 289 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн онтойгоо харьцуулахад 57.9 хувиар өссөн дүн ажээ. Энэ дунд эрчим хүчний нүүрс 35.14 хувийг эзэлж байна. Хятадын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез 33.05 хувь, Австрали 38.18 хувь, Өмнөд Африк 12.4 хувийг тус тус хангажээ. Олон улсын нүүрс борлуулалтын компанийн нэгэн мэргэжилтэн ирэх жилүүдэд Хятадын импортын хэмжээ багасна гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ тэрбээр бусад хүчин зүйл болох, импортын болон дотоодын нүүрсний үнийн ялгаа, Хятадын мөнгөний бодлого, валютын ханш зэрэг нь Хятадын гол нүүрс хэрэглэгч гэсэн байр суурьд ихээхэн нөлөөтэйг онцолсон юм. Хятад нүүрс импортлохоос татгалзаж байна www.platts.com Ган, кокс, төмрийн хүдрийн үнэ буурч буй тул Хятадын компаниуд коксжих нүүрс импортлох нь эрс багасчээ. Энэ даруйд Азийн зах зээлд гаргадаг ихэнх ангиллын коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэхүйц буурчээ. Зах зээл тун таагүй байна гэж нүүрс худалдаалагч компаниудын төлөөлөл ярьсан байна. Тэдгээрийн нэгэн төлөөллийн үзэж буйгаар Хятадын худалдан авагчид дотоодын нүүрс болон боомтын нөөцөөс нүүрс татах сонирхолтой байгаа ажээ. Зах зээл уналтад орох хандлага ажиглагдаж буй нь кокс, ган болон төмрийн хүдрийн үнэ огцом доошлох хандлага ажиглагдсантай холбоотой байж болох юм. Таншаний нарийн төмөр бэлдэц (billet) ердөө тавхан өдрийн дотор 90 юань/тонн буюу 17.90 ам.доллар/тонноор буурч 3190 юань тонн болжээ. Хуйлсан гөлмөн төмөр (hot rolled coil) энэ хооронд Гуандунд 6 хувиар үнэ нь буурч 4035 юань/тонн болжээ. Таншаньд кокс өмнөх сартайгаа харьцуулахад 10 хувиар буурч 1665 юань/тонн болжээ. Харин импортын төмрийн хүдрийн үнэ ердөө хоёрхон өдрийн дотор 8 хувиар буурчээ. Бээжингийн худалдааны нэгэн компанийн мэдэгдсэнээр коксжих нүүрсний үнэ цаашдаа унана, гэхдээ их уналт ажиглагдахгүй ажээ. Хятадын олборлолт энэ гуравдугаар сард эргээд сэргэх төлөвтэй байгаа ажээ. Гэвч Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн агуулах 15 өдрийн хангалттай нөөцтэй байгаа тул үнийн таатай нөхцөл бүрдэх хүртэл хэсэг хугацаанд хүлээх хэрэг гарах ажээ. Сайн чанарын коксжих нүүрс өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Хятадын боомтууд дээр 3-4.50 ам.доллараар буурчээ. Тодруулбал Австралийн нүүрсний үнэ 3 доллараар буурч CFR үнэ нь 176 доллар/тонн, харин FOB үнэ нь 161 ам.доллар/тонн болсон байна. Импортын нүүрсийг 71 хувийн CSR, 21.5 хувийн дэгдэмхий, 9.3 хувийн үнслэг, 0.5 хувийн хүхэрлэг зэрэг үзүүлэлтийн дагуу үнэлдэг. Эдгээр үзүүлэлтийн дагуу Экстрата-гийн Oaky Creek, Wollombi Oaky North, BHP Billiton Mitsubishi Alliance-ийн Peak Downs, Saraji, Illawara Goonyella, Peabody-гийн North Goonyella, Teck-ийн Elkview Standard, Anglo American-ы German Creek болон Moranbah North, мөн Рио Тинто-гийн Hail Creek зэрэг ордын нүүрсийг тооцдог байна. Нүүрсний худалдаачид Австралийн топ брэндүүдийн нүүрсээ Хятадад 170-175 ам.доллар CFR үнээс дээгүүр үнэлгээтэйгээр худалдаалахыг эрмэлзэж буй ажээ. Гэвч тэдний зарим нь энэ хэмжээнд хүргэж зарж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг мэдэгджээ. Б.Төгс www.mongolianminingjournal.com www.journalism.mn
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран нэн ядуу өрхийн гишүүдэд Хүнсний талон олгодог болсон. Энэ жилийн хувьд 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг хүнсний талонд хамруулна. Хүнсний талонд олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдээс гадна орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс ч багтдаг ажээ. Тэгвэл, дээрх иргэдэд олгох хүнсний талоныг өнөөдрөөс эхлэн тараахаар болсон байна. Талон авах иргэд нийгмийн халамжийн дэвтэр болон иргэний цахим үнэмлэхийн хамт харьяа дүүргийн нийгмийн ажилтнаас очиж авах юм байна. Нэн ядуу өрхийн насанд хүрэгсдэд 10 мянган төгрөг, хүүхдэд 5000 төгрөгийн талон олгох төслийг анх 2011 оноос нийслэлийн гурван дүүрэг, хоёр аймгийн нэн ядуу өрхийг хамруулж туршжээ. Харин 2012 оны есдүгээр сараас эхлэн 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлэх болсон байна. WORD.MN
Израйл улс Газрын дундад тэнгисийн зүүн урд эрэгт орших 20 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 7,9 сая хүн амтай, 1948 онд тусгаар тогтносон жижиг улс. Харин энэ жижиг улс эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний 20 орон дотор ордог том улс. Одоо Израйл улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 240 орчим тэрбум америк доллар болж байгаа бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 32 орчим мянган америк доллар болоод байна. Байгалийн баялаг багатай, жижигхэн, үржил шим багатай газар нутагтай Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлж улс орноо ийм үсрэнгүй хөгжилд хүргэсэн байна. Энэ өгүүллийг Израйл улсын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд, профессор Даниел Хершковищийн (Daniel Hershkowitz) Research Media Ltd-д 2011 оны 8-р сард өгсөн ярилцлагыг голлон ашиглаж Израйл улсын Шинжлэх ухааны талаар гарсан бусад тоо баримт нэмж оруулан бичив. Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Израйл улс эх орондоо шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үүрэгтэй Шинжлэх ухаан, технологийн яамтай. Энэ яам нь улс орныхоо шинжлэх ухаан, технологийн бодлого, урт хугацааны төлөвлөлт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, онолын болон хэрэглээний судалгааг дэмжих зэрэг асуудлуудыг хариуцдаг юм байна. Бас Шинжлэх ухаан, технологийн яам нь Израйл улсын хамгийн үнэт баялаг болох хүндээ болон барилга байгууламж, багаж, тоног төхөөрөмж авах ажилд ч хөрөнгө оруулалт хийдэг ажлыг эрхэлдэг байна. Мөн түүнчлэн шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг. Түүнээс гадна улс орон дотроо иргэний зориулалттай сансарын технологи хөгжүүлэх үүрэгтэй Израйлын сансарын агентлаг, засгийн газарт шинжлэх ухаан, технологийн бодлого болон төсвийн талаар зөвлөдөг Шинжлэх ухаан, хөгжлийн үндэсний зөвлөл, мөн Ерөнхий эрдэмтэдийн чуулганыг мөн энэ яам хариуцдаг юм байна. Шинжлэх ухааны асуудал ингэж биеэ даасан яаманд төвлөрч зангидагддаг юм байна. Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Израйл улс эх орондоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авчрах, тэдгээрийг баталгаажуулах ганц найдвартай арга хэрэгсэл бол шинжлэх ухааныг хөгжүүлэх явдал юм гэж үздэг бөгөөд түүнийгээ ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэн хөгжүүлж, үр шимийг нь хүртэж байна. Өнөөдөр дэлхий дээр шинжлэх ухаандаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4,6 хувийг (11 тэрбум америк доллар) зарцуулж байгаа цорын ганц орон бол Израйл улс болно. Мөн Израйл улсын нийт хүн амын 0,5 хувь нь буюу 39500 эрдэмтэн судлаачид энэ улсад ажиллаж байна. Ингэж шинжлэх ухаандаа хөрөнгө мөнгө хаяж. олон эрдэмтэн судлаач ажиллуулсаны үр дүнд Израйл улс олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн нэг хүнд оногдох эрдэм шинжилгээний өгүүлэгийн тоо, тэдгээрийг ишлэсэн байдлаараа дэлхийд 3-р байранд орж байгаа бөгөөд судалгааны 20 голлох салбарын 6 салбарт нь тэргүүлж байна. Дэлхийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний бүтээл туурвилын 1 хувийг, математикийн шинжлэх ухааны бүтээлийн 2 хувийг израйлын эрдэмтэн судлаачид хэвлэж нийтлүүлсэн байна. Энэ шинэ зуун гарсанаас хойш Израйл улсаас 2004 оноос эхлэн химийн болон эдийн засгийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагналыг хэд хэдэн эрдэмтэн хүртсэн байна. Израйл улс шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаанд онцгой анхаардаг. Шинжлэх ухаан, технологийн салбарт Израйл улс шинжлэх ухаан өндөр хөгжсөн АНУ, Герман, Франц, Япон, Хятад, Итали, Өмнөд Солонгос, Энэтхэг, Орос улсуудтай хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна. Мөн түүнчлэн Европын холбооны эрдэм шинжилгээний ажлын ерөнхий хөтөлбөр (European Union Framework Programme for RD), Европын молекуль биологийн лаборатори (EMBL), Европын молекуль биологийн бага хурал (EMBC), Иорданд байгуулж байгаа, ойрхи дорнодын олон орон оролцож байгаа Ойрхи дорнод дахь туршилтын шинжлэх ухааны хэрэглээнд зориулсан синхротоны гэрэл (SESAME) зэрэг олон улсын томоохон шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ер нь энэ глобалчиглагдаж байгаа ертөнцөд улс орон дангаараа тэр тусмаа жижиг орон гадаад хамтын ажиллагаагүйгээр шинжлэх ухааныг амжилттай хөгжүүлэх боломж бараг байхгүй. Тийм ч учраас Израйл улс хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн хоорондын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг ихээхэн хэмжээгээр дэмжин ажилладаг. Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэх бодлогоо тууштай баримталдаг. Израйл улсын Шинжлэх ухаан, технологийн яам нилээд хэдэн жилийн өмнө электро-оптикийн салбарыг хөгжүүлэх зорилт тавиад 40 гаруй стратегийн томоохон төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд өнөөдөр электро-оптикийн энэ салбарт Израйл улс том концернээс авахуулаад гарааны жижиг компани хүртэл 150 үйлдвэр компани олон мянган хүн ажиллуулж 5 тэрбум америк долларын ашиг олж байна. Саяхан болж өнгөрсөн дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал Израйл улсыг тойрч гараагүй дайрч өнгөрөхдөө олон арван хүнд асуудлууд бий болгосон ч Израйл улс шинжлэх ухаан л энэ асуудлуудыг гэтлэн давахад туслана гэж үзээд шинжлэх ухааны хөрөнгө оруулалтаа 50 хувиар нэмсэн болно. Ирээдүйд өөрийн оронд нь болон дэлхийд чухал салбар болон хөгжих иргэний сансар судлалын технологийн судалгааны ажлаараа Израйл улс дэлхийн эхний 10 орны тоонд ордог болсон бөгөөд энэ ололт амжилтаа улам бататгаж цаашид хөгжүүлэхийн тулд дэлхийн энэ салбарын өндөр хөгжилтэй орнуудтай улам бүр нягт ажиллахаар төлөвлөж байна. Монгол улс болон Израйл улс шинжлэх ухааны одоогийн байдлын харьцуулалт. Монгол улс, Израйл улс хоёрын шинжлэх ухааны өнөөгийн байдлыг цөөн хэдэн голлох тоо баримтаар харьцуулан доорхи хүснэгтэнд үзүүлэв. Израйл улс хоёр хүн амынхаа тоогоороо Монгол улсаас 3 хүрэхгүй дахин их мөртлөө шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардлаараа 579 дахин их байх юм. Энэ нь Израйл улсаас дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, ишлэгдсэн байдлаараа манай судлаачдын туурвин бүтээсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, ишлэгдсэн тооноос мөн л 455 болон 596 дахин их байна. Энэ тоо баримтууд, үр дүн нь ч энэ хоёр улсын шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардалтайгаа дүйж байгааг гэрчилж байна № Улс Шинжлэх ухааны зардал Хүн амын тоо Эрдэм шинжилгээний өгүүлэл Ишлэгдсэн байдал Сая ам. доллар ДНБ-д эзлэх хувь 1 Монгол улс 19 0,3 2 868 490 243 2 394 2 Израйл улс 11 000 4,6 7 933 200 110 558 1 426 421 Израйл : Монгол 579 15 2.77 455 596 Харин нэг эрдэм шинжилгээний өгүүллийн ишлэгдсэн дундаж тоо Израйл улсынх 12,9 байхад манай улсынх 9,9 байгаа нь манай орны шинжлэх ухааны хувьд тун гайгүй сайн үзүүлэлт бөгөөд үүнээс дүгнэлт хийж үзэхэд манай улсын эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа нь зарцуулж байгаа зардалтай хөрөнгө мөнгөтөйгөө харьцуулахад гайгүй сайн байна гэж хэлж болохоор байна. Бид шинжлэх ухааныхаа одоогийн гайгүй сайн байгаа энэ байдал, бааз сууриа улам бататган сайжруулж, салбарын талаар боловсруулсан бодлого, гаргасан хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэр, баримт бичгүүдээ тууштай мөрдөж, санхүүжилт, эрдэм шинжилгээний ажилтаны тоо, хэмжээгээ ихээхэн нэмэгдүүлж ажиллах нь юу юунаас ч чухал байна. Мөн түүнчлэн шинжлэх ухааны салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид мөн эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанаа цэцэглүүлэн хөгжүүлж үр шимийг нь хүртэж байгаа Израйл мэтийн улсуудын туршлагаас суралцах нь зүйтэй юм гэж санагдана. Т. Ган-Эрдэнэ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан билээ. Үүнийг Японы тал санхүүжүүлнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дархан-Газрын тос үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай асуудлаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээ хийх, Засгийн газрын Зээлийн баталгаа гаргах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосон байна. Харин төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлэх, Японы талтай зөвшилцөх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасан байна.
Монгол улсад бичил болон жижиг, дунд бизнесэрхлэгчдийг дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх,ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах зорилгоор НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөсМонголд Үйлдвэрлэл Хөгжүүлье төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл 2005- 2008, 2008-2013 онуудад хоёр үе шаттайгаар амжилтай хэрэгжиж дуусч байгаа юм. Төслийн хүрээнд Хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулах, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломжийг тодорхойлох зорилгоор ЖДҮ-ИЙН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн Яам болон нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, СЭЗДС-ын эрдэмтэн багш нар, ОУБ болон ТББ-ын төлөөлөл, Инкубатор төвүүд, ЖДҮ эрхлэгчид оролцож, зах зээлд ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх менежментийн талаар хэлэлцэх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй