“Роснефть Аэро” компани авиа компаниудтай уулзаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас Монгол улсад агаарын хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн ТС-1, РТ түлшийг хэрэглэх нь сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ИНЕГ, МИАТ, Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудал, Аеромонголиа ХХК, Хүннү эйр ХХК, Магнай трейд ХХК, Сод Монгол ХХК, А-Жет ХХК, MPI ХХК, Мэргэ ван ХХК болон манай улсад онгоцны түлш нийлүүлдэг ОХУ ын Роснефть-Аэро компанийн төлөөлөл оролцож байна. Роснефть компани нь ОХУ-ын агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгчдийн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд 2008 оноос Роснефть Аэро нэртэй охин компанийг байгуулжээ. Энэ компанийн хувьд өөрийн эзэмшлийн 17 шатахуун цэнэглэх комплекстэй, нийт 35 байгууламжаар Орос, Украйн, Монгол, Евразийн ихэнх улсуудад ажил үйлчилгээг явуулж байгаа юм байна. Роснефть Аэро компанийн зүгээс манай улсад агаарын хөлгийн шатахууныг тасралтгүйгээр нийлүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд хамтрах, дэлхийн тооцооллын итгэлцүүрээр бодогдсон шударга үнийн бүрдүүлэлт зэргийг санал болгосон байна. ОХУ-ын Роснефть Аэро компанийнхан ТС-1, Жэт-А маркийн түлшнүүдийн шинж чанарыг харьцуулах, Олон улсын Чингис хаан шинэ нисэх буудлын шатахуун цэнэглэх, техник технологийн үйл ажиллагаа болон өөрийн ханган нийлүүлэх бодлого боломж зэрэг асуудлаар энэхүү уулзалтыг Газрын тосны газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Б.Наранхүү Манай улс жилд 25-30 мянган тонн онгоцны шатахуун хэрэглэж байгаа. Хэд хэдэн компани онгоцны шатахууун оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд Роснефть компани манайд найдвартай тогтвортой үнээр онгоцны шатахуун нийлүүлж байгаа нэг нь. Бидний зорилго бол дотоодын иргэний нисэхийн компаниудад найдвартай эх сурвалжаас, тогтвортой нийлүүлэх, шатахуунаар хангах зорилготой. Үүний хүрээнд Роснефть компани сүүлийн үед хигдэж байгаа шинэчлэл, цаашид мөрдөгдөх шинэ стандарт, гарч байгаа техникийн дэвшил зэрэг өөрчлөлтүүдийг манай улсын иргэний нисэхийн компаниуд, ханган нийлүүлэгч нарт ирж танилцуулга хийж байна. Роснефть-Аэро компанийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал И.Г.Колов Роснефть-Аэро компанийн үйлдвэрлэсэн агаарын түлшийг борлуулдаг компани нь монголд байна. Монголын агаарын хөлгийн шатахууны хэрэглээ бидний анхаарлыг татдаг. Цаашид өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна. Учир нь 2017 онд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Тэр үед энэ агаарын хөлгийн шатахууны хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцож байгаа. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ. Энэнтэй холбоотойгоор зах зээлд хямд чанартай, өрсөлдөх чадвартай, шатахуун нийлүүлэхийн төлөө бүх боломжоо шавхан ажиллана.

Эрдэнэтээс Овоотын уурхай хүртэлх төмөр замыг концессоор барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл-ийн гэрээг Нортерн Рэйлвэйс ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож батлахыг холбогдох сайд нарт даалгах шийдвэрийг гаргасан байна. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг Улаанбаатар төмөр замтай холбох ажлыг зохион байгуулж, концесс эзэмшигч болон Улаанбаатар төмөр зам ХНН хооронд төмөр замын шугамын холболтын гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн сайдад, шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчийг үе шаттайгаар бэлтгэн, мэргэшүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай уялдуулан авч үзэж нэн даруй төлөвлөх, 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл-д Могойн гол-Эрдэнэт 500 км төмөр замын ажлыг төсвийн бус эх үүсвэр, концессоор хэрэгжүүлэх, 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр-т Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2015 оны 2 дугаар хагаст эхлүүлэхээр тус тус заажээ. Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл-ийн концессын гэрээний төслийг Засгийн газрын 2015 оны 111 дүгээр тогтоолын дагуу боловсруулжээ. Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар гарсан ба нийт 547 км төмөр замын ажлыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр 5 жилийн дотор барьж байгуулна. Гэрээний хугацаа 30 жил байхаар төсөлд тусгасан бөгөөд энэ хугацаанд концесс эзэмшигч нь концессын зүйлийг 100 хувь эзэмшиж ашиглах бөгөөд ашиглалтын тодорхой хугацааны дараа, гэрээний хугацаа дуусгавар болсноор төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх юм. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Овоотын коксжих нүүрсний ордын боломжит нөөц нь 255 сая тн, нөөцөөрөө Монгол улсад хоёрт бичигдэж байгаа бөгөөд цаашид хайгуулаар нөөц нь нэмэгдэх бүрэн боломжтой орд юм.

 “Шинэ төмөр зам” төсөл компаниудыг дампууруулах нь

Улс төрчид төдийгүй мэргэжлийнхэний дунд Шинэ төмөр зам төсөл нэрээр долоон жил шахам яригдсан ч нэг метр ч төмөр зам баригдаагүй нэг төсөл өнөөдөр хуввийн хэвшлийн 13 компанийн дампуурлаа зарлах хэмжээнд хүргээд байгаа аж. Энэ талаар өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбоо, МТЗ-ын барилгачдын холбооноос хамтран хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэд энэ үеэр хэлэхдээ, Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлд 267 километр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар Энержи ресурс компанид олгож, 19 жилийн дараа баригдсан байгууламжийн 51 хувийг төр эзэмшилдээ авах гэрээг хийж байжээ. Долоон жилийн өмнө хийсэн уг гэрээг 2012 онд гарч ирсэн Шинэчлэлийн Засгийн газар цуцлаж, Монголын төмөр зам ТӨХК-д Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг даалгаж, 211.1 сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлэгч талаар сонгосон юм. Монголын төмөр зам ТӨХК ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын Самсунг СТ, SCTECM компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон. Энэ гэрээг байгуулсны дараа Samsung CT компанийн зүгээс монголын 13 компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулж, хамтран ажиллахаар болсон. Газар шорооны ажлыг гардан гүйцэтгэсэн эдгээр 13 компани 1200 гаруй ажилтантай. Өнгөрөгч оны арваннэгдүгээрсард ажил зогссон бөгөөд нийт газар шорооны ажлын 86 хувь хийгдсэн гэсэн мэдээ байгаа. Эдгээр компаниуд нийтдээ 73 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлаа гүйцэтгэж дуусгасан хэдий ч Samsung CT компаниас 60 орчим сая ам.долларыг өнгөрөгч оны сүүлч гэхэд шилжүүлээд байсан. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон. Туслан гүйцэтгэгч компаниуд Самсунг СХийсэн ажлынхаа хөлсийг гүйцэд аваагүй компаниуд удалгүй ажил эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан ч энэ оны хоёрдугаар сард санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар Samsung CT компани төмөр зам барих ажлаа зогсоожээ. Бид Ерөнхий гүйцэтгэгч Samsung CT компанитай интернэтээр холбогдоход МТЗ ТӨХК-иас орж ирэх санхүүжилт зогссон учраас туслан гүйцэтгэгчдийн ажлыг зогсоож байна гэсэн тайлбарыг өгсөн. Одоогоор төмөр зам барих төслийн газар шорооны ажил 60 гаруй хувьтай байтал Монголын төмөр зам ТӨХК-ийн албан ёсны сайтад 86 хувийн гүйцэтгэлтэй явна гэсэн мэдээллийг байршуулсан байна. Үнэндээ нийт төмөр зам барих ажлын явц 40 хувьтай байгаа. Өнөөдөр бидний хийж эхлүүлсэн төмөр замын далан барих ажил цаг агаарын нөхцлөөр эхнээсээ алга болсон байна лээ. Бид өнөөдөр үндэсний компаниудаа төлөөлөн мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байна. Эрхэм түшээд та бүхэн уг төслийг цааш нь явуулах уу, эсвэл зогсоох уу? гэдгээ шуурхай шийдэх хэрэгтэй байна.Төмөр зам тавих гээд байгаа юм уу, үгүй юм уу? гэдгээ шийдээд өг. Хэрвээ төслийг цаашид үргэжлүүлэх бол мэргэжлийн хүнээр удирдуул. Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй дарга нар хэрэггүй гэлээ. Төрийн гурван өндөрлөгт илгээж буй мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Амгалан” станцын барилгын гүйцэтгэл 95 хувьтай байна

Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан танилцлаа. Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийхээр төлөвлөжээ. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийж, хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна. Иймд станцын үйл ажиллагааны туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон аж. Уг туршилтын галлагаанд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкаар дамжуулан дахин 3,9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн аж. Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын СМЕС CO.,LTD шалгарч, 2013.04.12 өөс ажлаа эхлүүлжээ. 2015.10.15 өдөр гэрээний дагуу ашиглалтад өгөх гэнэ. 348 МВ-ын хүчин чадалтай тус дулааны цахилгаан станцын нийт өртөг нь75.9 сая ам.доллар. Тус станц ашиглалтад орж, 348 МВт дулаан гаргаснаар Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 хорооллын дулааны хангамж сайжирна. Тодруулбал, 20 мянган айл өрх, 250 орон сууцны нөхцөл 100 Гкал/цаг-аар нөхцөл нь сайжирна. Мөн шинээр ашиглалтад орж байгаа 40 мянган айл өрхийн буюу 500 орон сууц 200 Гкал/цаг-ийн дулаан хангамж хүлээн авах хүчин чадал нь нэмэгдэх юм байна.

 Засгийн Газар ноолуурын үйлдвэрүүдийг дэмжинэ

2012 онд улсын хэмжээнд бэлтгэгдсэн 5500 тн ноолуурын 40 хүрэхгүй хувийг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ноолуур боловсруулах манай үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө багатайгаас бид ихээхэн нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх тогтоол гаргалаа. Малчид, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосноор түүхий эд боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зээлд зориулж хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий үйл ажиллагаа, малчид болон ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа. WORD.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.