Төрийн ордны Г танхимд маргааш 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүүхдийн мөнгөний асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Засгийн газрын өнгөрөгч сарын хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан юм. Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс тооцон, хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, энэ ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан. Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан билээ. Хуралдаанаар Иргэдэд хүүхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрсөн юм. Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар зохицуулалт хийгдсэн байна.
“ХААН” банк үйлчлүүлэгчдээ хуурамч мөнгөн дэвсгэрт өгчээ
2012-09-20 09:41:20 Нийтлэгдсэн: Эдийн засагХААН банкны Ард салбараар үйлчлүүлсэн хүний мөнгөнд 10 мянгатын хуурамч мөнгөн дэвсгэрт хавчуулж өгчээ. Үйлчлүүлэгч эл мөнгийг банкнаас гараад хажуугийн валют солих цэгээс мөнгө сольж авах үедээ мэдсэн байна. Хуурамч мөнгө авсан даруйдаа банк руу буцан орж Хуурамч мөнгөн дэвсгэрт өгсөн байна гэхэд, Бид ийм мөнгө өгөөгүй. Та өөрөө хуурамч мөнгө авчирч өгөх гэлээ гэжээ. Тэр мөнгийг нь банкнаас авсан мөнгөтэй хамт мөнгө тоолдог машинд уншуулахад зүгээр уншиж байсан аж. Энэ хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлжээ. Хэргийн талаар бид эргэн мэдээллэх болно. Г.Даваа
Эрдэнэс Таван толгой компанийн захирал Б.Энэбишээс дараахь асуултад хариу авлаа. -Эрдэнэс Таван Толгой компани хэдэн төгрөгийн өртэй вэ? -50 тэрбум төгрөг. Гэхдээ үүнийг барагдуулах боломж нь бүрэн бий. -Хувьцааг 933 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн биржид арилжаа хийх боломжгүй болгож байна гэлээ. Тэгвэл та бүхэн баримжаагаар үнэлгээ хэлж болох уу? -Бид өмнө нь гурван мөнгө гэж үнэлгээгээ оруулсан боловч дэмжигдээгүй. -Өнөөдөр Чалко-д нүүрсээ хэдээр зарж байна вэ? -66 ам.доллараар. -Сая Эрдэнэс Таван толгой компаниас орж ирэх 937 тэрбум төгрөг орж ирээгүй учраас төсвийн тодотгол хийсэн. Энэ мөнгө яагаад тооцоолсны дагуу орж ирээгүй, яаж олно гэж төлөвлөж байсан юм бэ? -УИХ, Засгийн газар манай компанид мөнгө олох үүрэг өгөхдөө боломжтой эсэхийг биднээс хэзээ ч асуудаггүй. Гэнэт л ол гээд шийдчихдэг. Энэ мөнгийг олох боломжийг хэзээ ч харгалзан үздэггүй. Тэгээд ч Төсвийн тухай хуульд 937 тэрбум төгрөгийг Эрдэнэс Таван толгой-гоос оруулж ирнэ гэж нэг ч өгүүлбэр оруулаагүй. Энэ мөнгийг Төрийн өмчийн хороо олох ёстой байсан. Тэд объект хувьчлаад олсон ч болох л байсан. Бас Чалко-той яагаад гэрээ байгуулсан юм бэ гэж асуудаг. Засгийн газар Хүний хөгжил сан-гийн мөнгийг тараах гээд байна. Яаралтай их мөнгө ол гэсэн. Олон компанид хандсан боловч Чалко шиг урьдчилгаа мөнгө их хэмжээгээр өгөх компани олдоогүй юм. -Энержи Ресурс танай компани хоёр хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ. Энержи Ресурс танай компаниас илүү хурдан хугацаанд дэд бүтцээ хөгжүүлчихсэн. Хэрвээ танайх үнэхээр дэд бүтцээ хөгжүүлж дийлэхгүй байсан юм бол Энержи Ресурс-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж болдоггүй юм уу? -Энержи Ресурс компани бүх талаараа манайхаас илүү хөгжилтэй. Бид тэднээс суралцдаг. Шаардлагатай үед тэдний мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулдаг. Хамтрах эсэх нь бидний мэдлээс хэтэрчихсэн зүйл. Энэ шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргах ёстой. Б.Заяа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох тухай асуудлыг дэмжих тухай санал хураалт явуулахад нийт 55 гишүүн оролцсоноос 44 нь дэмжсэн байна.
Сангийн сайд Ч.Улаан Засгийн газраас санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцээд, дэмжихээр шийдсэн байна. Хуулийн төсөлд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хувь хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хувийн хатуулагтай гэж ангилж байсныг 25 хувь хүртэл, 25-40 хувь хүртэл, 40 ба түүнээс дээш хувийн хатуулагтай хэмээн гурав ангилах болгож, 25-аас дээш хувийн хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуйн нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллага бүрдүүлдэг юм байна. Энэ төсөл батлагдаж 2012 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй