Хөгжлийн банкны даргаар Ж.Ганбат томилогдов

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал албан тушаалаа сонгуулийн өмнөхөн хүлээгэж өгсөн юм. Тиймээс Сангийн яамнаас дээрх албан тушаалд тус яамны Орлогын хэлтсийн дарга ТУЗ-ийн гишүүн Ж.Ганбатыг томилсон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Баяр наадмын өмнө Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргын асуудлыг хэлэлцсэн. Сангийн яам нь дотроо сонгон шалгаруулалтаа явуулж өөрсдөө шийдэх боломтой гэж үзсэн учраас бид сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй хэмээн Үндэсний шуудан сонинд мэдээлсэн байна. Ж.Ганбат нь Сангийн яаманд олон жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өмнө нь түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар томилогдох тухай яриа гарч байсан юм.

100 мянган айлыг төр дангаараа орон сууцжуулах уу

Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зарлагдаад багагүй хугацааг үдэж буй. Энэ хүрээнд зээл олголтыг Төрийн болон Капитал банк хариуцахаар болсон. Гэвч Сангийн яамтай гэрээгээ тохиролцож чадаагүй нэрээр өдгөө Төрийн банк олгож байгаа нь нэлээн дугаарлалт үүсгээд зогсохгүй иргэдийг ч бухимдуулж байна. Ачаа үүрэлцэнэ хэмээсэн Капитал банк яагаад өнөөг хүртэл зээл олгохгүй байгааг Зээлийн газрын дарга А.Гэрэлмаагаас тодруулахад Манай талаас наадмын өмнө Сангийн яаманд гэрээнд тусгах саналаа өгсөн. Одоо хүртэл сураг алга. Сонсох нь ээ, Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг зээл олгох арилжааны банкыг сонгоно гэсэн юм билээ. Тэгээд тэр шийдвэрийг нь хүлээгээд байна гэв. Ямартай ч тус банкинд эл хөтөлбөрийн хүрээнд байр авна гэсэн 400 гаруй иргэний хүсэлтийг Төрийн банк руу шилжүүлсэн гэлээ. Тэгэхээр төв төвхнөхсний 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийн зээлийг төр дангаараа юу эсвэл арилжааны банкуудтай үүрэлцэх гэдэг нь тодорхой болох нь.

Нефтийн үнэ буурч, шатахуунаар ”тоглох” уу

Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ Light нь 88.43, brent нь 103.55 ам.доллар байна. Харин Монголд литр шатахууны үнэ 1570 төгрөг. Хэрвээ баррель нефтийн үнэ 50 руу ороод ирвэл литр шатахуун 800 орчим төгрөг болох болов уу. Хар ухаанаар бодвол болох ёстой. Сэрэхгүй бол сайхан зүүд байна аа хэмээн та ч гэсэн бодож буй биз. Үнэхээр сайхан зүүд шүү. Гэхдээ энэ бол биелэх магадлал өндөртэй зүүд болоод байна л даа. Дэлхийн нефть олборлолтын зах зээлд чимээгүй хувьсгал өрнөж, нефтийн дутагдлыг үндсэнд нь шийдчихсэн гэж эрдэмтэд бичих болж. Гэхдээ яаж хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдаж буй нь лавтай. Peak Oil компани оны эхэнд хийсэн судалгаагаа олон нийтэд дэлгэхэд газар доорх ашигт малтмалын нөөц дуусч, нефтийн олборлолт өдөр ирэх тутам багасна. Харин эрэлт өсч, үүний хэрээр үнэ нь нэмэгдэнэ гэж байлаа. Энэ нь хэр бодитой судалгаа вэ гэдгийг одоогоор хэн ч баталгаажуулаагүй. Гэвч сүүлийн хэдэн сар дэлхийн зах зээл, нефтийн олборлолт, эрэлт, хэрэглээнд хийсэн судалгаа ажиглалтын дүнд дээрх дүгнэлт харин ч эсрэгээрээ байж мэдэх дүр зураг харагдах боллоо хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. Харвардын их сургуулийн эрдэмтэд Италийн нефтийн салбарын тэргүүлэх бизнесмэн асан Эни Леонардо Маужерийн удирдлага дор хийсэн Oil: The Next Revolution судалгаагаа нийтэд танилцуулж, 2020 он гэхэд дэлхийн нефтийн бүтээгдэхүүн одоо байгаагаасаа 20 хувиар өсч, АНУ, Канад, Ирак, Бразиль тэргүүлэх гэнэ. Харин Иран, Мексик, Их Британи, Норвегийн хувьд олборлолт нь буурах бол Оросынх өсөх нь. 1990-ээд онд нефтийн үнэ буурсан нь энэ салбарт орж ажиллах, геологийн хайгуул хийхэд хамгийн эрсдэлтэй гэж үзэхэд хүргэсэн учраас шинэ орд төдийлэн нээгдээгүй аж. Энэ нь 2000 онд хомсдол үүсэх үүдийг нээсэн ч зарим улсын үсрэнгүй хөгжил, нефтийн эрэлт нь үнийг дээш сумлав. Ийнхүү энэ салбарт хошуурагчид ч эрэлтээ дагаад өсч, цаашид нефтийн үнэ унахгүй гэдэгт бат итгэгсэд олширч, хялбар аргаар их хэмжээгээр олборлох боломжийг хайн шинэ технологиуд ч бий болсон юм.

БНСУ-д байгаа монгол иргэдэд хувьцааны данс нээнэ

Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хувьцаагаа авах хүсэлтэй иргэдийн дансыг тус улсын Ансан хотод долдугаар сарын 22-нд нээхээр болсон байна. Үүнээс гадна хувьцааны талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж, Хувьцааны цагаан толгой номыг тараах гэнэ. Хувьцааны данс нээх энэхүү ажлыг Стандарт инвестмент компаниас зохион байгуулах ажээ. Ийнхүү хувьцааны дансаа нээлгэхийн тулд Ансан хот дахь Гадаад иргэдийг дэмжих, орчуулга, зөвлөгөө өгөх төвд долдугаар сарын 22-ны 14.00-18.00 цагийн хооронд очих хэрэгтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ дахь 010-2349-9923 дугаарын утаснаас лавлах боломжтой гэнэ.

Иргэдэд олгох сая төгрөгний санхүүгийн эх үүсвэр бүрдэж эхэллээ

Долоон сарын нэгнийг хүртэл сар гаруйн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй үндэсний аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авсан. Дээрх хугацаанд хувьцаа авах хүсэлтэй үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа нэг бүрийн 933 төгрөгөөр тооцож, хувьцаа авах төлбөрөө үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байрлуулсан байх ёстой. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар нийт 1000 гаруй аж ахуй нэгж мөнгөө шилжүүлсэн бөгөөд тус төвийн дансанд 21.2 тэрбум төгрөг суугаад байгаа аж. Тиймээс эдгээр компаниуд өнөөдрөөс эхлэн хувьцаагаа авах боломжтой болж байгаа юм. Үндэсний аж ахуйн нэгжүүд Эрдэнэс- Таван толгой компанийн хувьцаанаас 36240 ширхэг хувьцаа авах эрхтэй. Үүнээс дээш хувьцаа эзэмших боломжгүй гэнэ. Дээрх татан төвлөрүүлсэн хөрөнгө нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэг сач төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан хүмүүст олгох санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа юм байна. Л.Тамир Olloo.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.