Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ

​​ Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 25 шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,993 хэрэгт хяналт тавьж,305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 173, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг29, Хүрээлэн байгаль орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эх сурвалж:УЕПГ

Бусдад банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө гаргаж өгөхөөс зайлсхийхийг анхаарууллаа

​ Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна. Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу. Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу гэжКибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.

Авлигачид албан тушаалаа ахиулж “шийтгүүлдэг” болжээ

Ердөө жил гаруйхны өмнө авлига, албан тушаалын гэмт хэргээр аавын хаалга татаж байсан зарим хурган дарга нар Ковид-ын ачаар ялаас мултарч, олны нүд чихнээс холуур ашиг орлогоо ахиулж сууна. Тухайлбал, ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан хурган дарга хорих ангид ял эдэлж буй хүмүүсээс авлига авч, хуурамч бичиг баримт үйлдэн, албан тушаалаа хууль бус зүйлд урвуулан ашиглаж байсныг нь албаны шалгалт болон АТГ-ын гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон байдаг. Үүнээс улбаалан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж, чамгүй олон гэмт үйлдэл нь ил болсон ч цар тахлыг далимдуулан гэмт үйлдлээ аргалж, ажлаас халагдах байтугай албан тушаал дэвшээд авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон хүнийг төрийн албанд ажиллуулах ёсгүй атал мөнөөх эрхэм нь ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан дэд даргаар өнөөг хэр нь ажиллаж яваа. Ядарсан аавын хөвгүүдээс үмх талхны мөнгийг нь дээрэмдэж хөрөнгөжсөн ямбатай даргын холбоотой эрүүгийн хэрэг дарагдлаа гэхэд Авлигатай тэмцэх газраас хийсэн гүйцэтгэх ажиллагаа хуурамч болж таарав уу. Аль эсвэл томоохон улстөрчийн халаасны хүн гэгддэг эл даргын өмнө АТГ хүчгүйдэж, төрийн албаны хууль нь гууль болтлоо хөсөр хаягдав уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Төрийн гүйцэтгэх ажиллагааг үнэгүйдүүлж, эгэл түмнээ элэг барьж суугаа энэ мэт дарга нарт хэн хариуцлага тооцох вэ.

"Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгож байна"

​​ Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гаргах бөгөөд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм байна. Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны хоёрдугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхэлсэн бөгөөд долоон жил болж байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 94,893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эдгээр өргөдөл, нэхэмжлэлийн 63,635 буюу 68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна. Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94,893 өргөдөл нэхэмжлэлийн 71,500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23,521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээриргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгосноос гадна, шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулсан ач холбогдолтой. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Энэхүү хууль нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгосон. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим, арга, хэлбэр, онцлог шинжид тулгуурласан хэм хэмжээг агуулсан хэдий ч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгдээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай талтай. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар,Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна. Эх сурвалж:Шүүхийн ерөнхий зөвлөл

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн Г гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Холбогдогч Г нь өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан. Мөн мөрийтэй тоглож байсан иргэдээс залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна. Иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.