Татвар төлөгчдийн өдөрт зориулж нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Мэндчилгээ дэвшүүллээ

Эрхзүйт төрийн алтан тоонотын тулгуур багана болсон эрхэм хүндэт татвар төлөгч Та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Төр оршин буй дор татвар буй гэж үгтэй. Монгол орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулах эдийн засгийн гол хөшүүрэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргийнхээ дагуу эрхэм таны төлж буй татвар билээ. Монгол Улс, Нийслэл хотын маань хөгжил цэцэглэлт, түүхийн ул мөр, шат гишгүүр бүхнээс салгаж үл болох тулгуур нь Татвар гэдэгтэй маргахын аргагүй. Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд Нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй эрхлэгч иргэн, компани, групп, корпорацуудын дийлэнх олонх нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг билээ. Энэ онд Монгол Улсын Засгийн газар Татварын багц хуулийг шинэчлэн батлуулж, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг хууль тогтоомжид тусгаснаар татварын хувь хэмжээ буурах, татварын алба ил тод, нээлттэй ажиллах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэх боломжтой болсон. Монгол Улс, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт нэр төртэйгөөр биелүүлдэг татвар төлөгч Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан

Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс /2019.05.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоолтой байхаас гадна гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барихаар тогтов. Уг бүтээн байгуулалтын ажлыг 26 аж ахуйн нэгж нэгдэн хэрэгжүүлэхээр тогтсоноо хотын Захирагчид танилцуулав. Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга Та бүхэн төр бүхнийг шийднэ хэмээн хүлээхгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан амралтын бүс байгуулахаар санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана хэмээн хэллээ. Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа. Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх Уран ган компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын ЗАА-нд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй Уран ган компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

рын 08 Дундговь аймагт энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр гамшгаалах хамгаалахменежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, мал, амьтны гоц халдварт өвчин, монгол орны газар хөдлөлтийн байдал зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтад Дундговь аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдлаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нүүрсэнд 25 кг чихэр өвс, 570 кг адууны өлөн гэдэс нуусан байжээ

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н Тэнгри транс ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон, улсын хил нэвтрэхээр завджээ. Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд 7 шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэв гэж ГЕГ-аас мэдээлэв.

Москвад онгоц осолдож, 41 хүний амь үрэгдлээ

ОХУ-ын Москва-Мурманск чиглэлд нисч байсан зорчигч тээврийн SSJ-100 онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийж байхад нь гал гарсны улмаас 41 хүн амиа алджээ. Онгоцонд нисэх багийн гишүүдийг оролцуулаад нийт 78 хүн байсан байна. Урьдчилсан дүгнэлтээр, гал гарсан шалтгааныг цахилгаан хэрэгслүүдтэй холбон тайлбарлаж байна. Өчигдөр буюу Ням гарагийн орой /2019.05.06/ орон нутгийн цагаар 18.02 цагт Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрч, 18.30 цагт ослын буулт хийснээс хойш хоёр минутын дараа гал гарчээ. Осолдсон Sukhoi Superjet 100-95В онгоц тус өдрийн өглөө Саратов хот руу нислэг үйлдсэн байна. ОХУ-ын онцгой байдлын яамнаас мэдээлснээр, галыг унтраахад 170 орчим хүн, 50 гаруй техник хэрэгслийг дайчилсан бөгөөд зорчигчдыг 55 секундын дотор онгоцноос гаргаж авсан байна. Мурманск хотын эрх баригчид гурван хоногийн гашуудал зарлаж, амиа алдсан иргэдийн гэр бүлд тус бүр нэг сая рублийн тусламж, хохирсон зорчигчдод тус бүр 500 мянган рублийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.