Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжив

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог.2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм. 2015 онд тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоогдсон ч 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хий дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэсээр байдаг аж. Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгаж, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэгжилгүй өнөөг хүрсэн байна.Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, батлав. Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 10 га газрыг хамарсан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах юм. ТҮЦ эрхлэх асуудлыг судлах Ажлын хэсэг гаргалаа Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тэд шаардлагадаа Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байна. Тиймээс холбогдох дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү гэсэн байна. Өнөөдрийг хүртэл ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль огт байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй аж. Тиймээс журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ. Цаашид дээрх хоёр журмыг шинээр баталсан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Тиймээс өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж дэмжлээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд 30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн сая гаруй хүн ам үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид 5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв. Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д нь танхимаар, 2/3-д нь зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулашгүй гэдгийг Ж.Гантулга онцлоод, энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотгон өгүүлсэн юм. БШУЯ-наас сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан, нийт 22.556 багшийг сургалтад хамруулсан байна. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтадбүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй. Тус багийнхныг холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Нийслэлд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, дотуур байрны нэг барилга гэхчлэн нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Энэ хичээлийн жилд 20 сургууль, цэцэрлэгт засвар хийсэн нь 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас засварын тендерт компаниуд оролцохгүй байгаагийн дээр барилгын материалын татан авалт удаашралтай, үнэ ханш гэнэт өссөн зэрэг хүндрэл байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тодотгосон. Төслөөр 712 айлын ногоон орон сууц барина Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын дөрвөн га газарт хэрэгжүүлэхбөгөөд тус газарт 712 айлын орон сууц барина. Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих юм. Эдгээр барилга, байгууламжууд нь төвлөрсөн хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байна. Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ. Нийслэлийн авто замын шинэчлэлтийн төслийг дэмжлээ Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авсан. Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна. Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна. Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй Энхтайваны өргөн чөлөөний замын даац л гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ. Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож, босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжлээ. Уг асуудлыг ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгав. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар хазайсан шон 500, таггүй шон 47, өнгө үзэмж нь зэвэрч муудсан гэрэлтүүлгийн шон 1345 ширхэг, асахгүй гэрэл 209, эвдэрч хэмхэрсэн гэрэлтүүлгийн толгой 25 ширхэг байсныг илрүүлэн Улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн шалгалтаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан удирдлагын самбар, ил задгай унжилт ихтэй сип утас ашиглаж байсан зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна. Автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв Өнгөрсөн нэг сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 14.614 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад шалгалт хийжээ. Улмаар 1082 зөрчил илрүүлж, 60 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг есдүгээр сарын 15-наас хийх талаар санал, хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 112 автобус, троллейбусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Түүнчлэн дөрвөн удаагийн давтамжтайгаар зургаан автомашин 36 удаагийн рейсээр урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Мөн автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв. Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна Ковид-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь гэнэ. Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх эрсдэл, халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгаа олон улсын судалгааг онцолсон юм. 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжжээ Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Ковид-19-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ. Гурван чиглэлийн автобусыг уртасгасан цагаар зорчуулж байна 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан гэв. 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын явц ямар байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулав. Энэ хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх, техникийн аюулгүй байдлыг сайтар хангах, маршрут, чиглэл, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллахыг даалгав. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо. Түүнчлэн иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг даалгасан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн ICT EXPO нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ Digital Nation -2021 болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн Women in ICT FORUM болон дотоодын эмэгтэйчүүдийн Women in Digital Nation хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн форум Women in ICT FORUM 09-р сарын 17-ны 15.00-16.00 цагийн хооронд болох болдотоодын эмэгтэйчүүдийн форум нь Women in Digital Nation хэлэлцүүлэг 09 -р сарын 17-ны 16.00-17.00 цагийн хооронд болох ажээ. Тус хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой хүмүүс доорх линкээр бүртгүүлээрэй Бүртгэлийн линк:Women in Digital Nation хэлэлцүүлэг (google.com) Холбоо барих утас: 99855356, 99096069 Дашрамд мэдээлэхэд, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ Digital Nation 2021 -ний хүрээнд Цахим Үндэстэн хэлэлцүүлэг Салбарын сайд нарын уулзалт Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг Олон улсын цахим спортын тэмцээнд Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн Хөгжмийн фестиваль Cosplay Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Та дижитал амьдралын хэв маягаар аялахыг хүсвэл 2021 оны 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.