Нийслэлд хийх томоохон бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо
2021-08-06 17:59:11 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ-аар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль тогтоомжид нийслэл, дүүргийн чиг үүрэгт орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, хөрөнгө оруулалтын ажлын явц, нийслэлийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөөлөл, ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч, зөвлөх нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд танилцууллаа. Тэрбээр нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө, стратегийг боловсруулж байгааг хэлсэн юм. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын орлогч нар 2022 онд хийх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцов. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлд 47 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийхээс 27-д нь хийсэн. 20 байршилд нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх шаардлагатай байна. Үүнд болон гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулган дахин барих төсөлд төсөв хэрэгтэй байгаа хэмээв. Мөн гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг онцолсон. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс Засгийн газраас үүнд онцгойлон анхаарч байгаа. Авто замын бодлого тэр чигтээ буруу явж байна. Шинэчлэл хэрэгтэй гэсэн бол Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний хэлтэс байгуулахаар болсныг хэллээ. Учир нь улсын хэмжээнд хөрс хариуцсан мэргэжилтэн БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд л байдаг, энэ талаарх бодлого орхигдож иржээ. Мөн тэрбээр хөрсний бохирдлын томоохон судалгаа хэрэгтэй гэдгийг онцлоод байгаль хамгаалагч нарын ажлын байр, цалин, хангамж, унаа зэрэгт мөнгө төсөвлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг хэрхэн бүртгэх талаар даваа гарагт мэдээлнэ
2021-08-06 11:42:52 Нийтлэгдсэн: Нийгэм Хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор боловсролын газрууд, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад удирдамж, заавар журмаа хүргэх цахим хурал, хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа учир хэвлэлийн хурлыг хойшлуулжээ. Зургаан настнууд болон 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн бүртгэх талаарх мэдээллийг БШУЯ-ны удирдлагууд даваа гарагт мэдээлнэ. Мөн өнөөдөр Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хүүхдүүдийн хичээлээс хоцрогдолтой холбоотой таван чиглэлийн өргөн хүрээний хэлэлцүүлэг болж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сургалтад 4000 багшийг хамруулж байгаа аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Орхон аймагт ажиллалаа
2021-08-06 10:54:33 Нийтлэгдсэн: НийгэмБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан томилолтоор Орхон аймагт ажиллах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нартай тухайн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэж, бүтээн байгуулалт нь зогссон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явцтай танилцав. Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийг судлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллахаар боллоо. Мөн Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч, аймгийн удирдлагуудад тооцоо судалгаа, төсөл боловсруулахыг үүрэг болголоо. Эрдэнэт хот 31000 гэр хорооллын айл өрхтэй. Сүүлийн жилүүдэд агаарын чанар муудаж, бохирдол ихэссэн. Хог хаягдлаа зэргэлдээ аймагтаа булшилж, түлээний модоо бэлтгэдэг зэрэг тулгамдсан асуудлыг мөн хөндлөө. Өнөөг хүртэл аюултай хог хаягдлын агуулахгүй байгааг харгалзан ирэх2022 оны төсөвт Орхон аймаг болон Эрдэнэт хотод аюултай хог хаягдлын агуулах барих санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сибирийн түймрийн утаа агаарын чанарт хэрхэн нөлөөлсөн тухай ЦУОШГ-аас мэдээлэв. Оросын холбооны улсад гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг энэ сарын 4-нд тогтсон. Мөн агаарын чанар муудах нөхцөл үүссэн байна. Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж энэ сарын 4-нд 15 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна. Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байв. Хайлааст, I хороолол, Таван буудал, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давсан үзүүлэлттэй байна.
Файзер вакцины найм дахь ээлжийн 155,610 тунг өнөөдөр хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер вакцины 705,510 тунг хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь хуваарийн дагуу ирнэ. НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй