Өмнөговь аймгийн амиа бодсон Засаг дарга Р.Сэддорж

Өмнөговь аймаг Монгол улсын эдийн засгийн тулгуур бүс тийм ч учраас УОК-оос анхаарч Улсын Ерөнхий сайд тусгайлан холбогдож үүрэг чиглэл өгч ажилласан. АОК-оос Ногоон бүс болгон зарласан хэдий ч ямар ч урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч ажилаагүй хэмээн Өмнөговийн иргэд бухимдалтай байна. Учир нь тухайн аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг Оюутолгой ХК-ны сайтад халдварын голомт илэрч ПСР шинжилгээгээр батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдолтой ойрын хавьталын иргэд ээлж солигдон амарсан нь аюул дагуулж байгаа юм. Маш чухал энэ цаг үед Аймгийн засаг дарга, Аймгийн Онцгой Комиссын дарга Р.Сэддорж нь үүрэгт ажлаа хийлгүй Улаанбаатар хотод Монголын Үндэсний бөхийн холбооны бөхчүүдтэй уулзалт хийгээд зогсохгүй, хотод БНХАУ-д үйлдвэрлэсэн Синовик вакцин хийлгэсэн байна. Гэтэл Өмнөговийн иргэд хэзээ, хаана, хэрхэн вакцинжуулалтандаа хамрагдах нь одоогоор тодорхойгүй байна. newslive.mn

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Соёлын сайдтай уулзлаа

Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандаад байгаа. Үүнд Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, сурталчлах -Соёлын экспортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тусгай хөтөлбөрүүд санаачлах хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ талаараа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, дэд Ерөнхийлөгч Ж.Нямаа нар Соёлын сайд Ч.Номинтой уулзаж ярилцлаа. Соёлын сайд хатагтай Ч.Номин залуучуудаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлаар санал солилцлоо

Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан билээ. Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо. Тухайлбал, Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулах хороог Нийслэлийн Засаг дарга удирдах бөгөөд бэлтгэл ажил болон нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа шуурхайлан орох талаар ярилцлаа. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид хотын эдийн засгийг дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.1-т Онцгой комисс нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд комиссын гишүүд нь тухайн газар оронд биечлэн ажиллаж шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хяналт, тандалт судалгаа хийх зэргээр эрсдэлтэй нөхцөлд гамшгийн голомтод ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 15.2-т Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна. Нийслэлийн Онцгой комиссын ажиллах журмын 3.1.3-д Онцгой комиссын гишүүд нь Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах хувцас хэрэгслээр хангагдана гэж заасан. Онцгой комиссын бүрэлдэхүүнд цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг хууль тогтоомжийн хүрээнд захиалсан болохыг хариуцлагатай мэдэгдье. Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шилэн дансанд байршуулсан ил тод мэдээллийг хэвлэлээр гаргаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарыг дуустал хязгаарлалаа

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын хэд хэдэн голомт хяналтгүй болсонтой холбогдуулан Завхан аймгийн нутаг дэвсгэрт халдвар зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байна гэж Завхан аймгийн удирдлагаас үзжээ. Иймд аймгийн Шуурхай штабын энэ өдрийн /2021-03-15/ хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу 2021 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлана. Завхан аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Мөн дараах шийдвэрийг Завхан аймгийн удирдлагаас гаргажээ. Үүнд: УЛААНБААТАР ХОТ БОЛОН ГОЛОМТ БҮХИЙ БУСАД АЙМАГ РУУ ЗОРЧИХ ТОХИОЛДОЛД: 1.Зөвхөн 5 тонноос дээш хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажлаар нэвтрүүлнэ. 2.Хүнс тээврийн жолооч нар туслах жолоочтойгоо зорчих бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэг цэгээс түгээлт хийнэ. 3.Онош тодруулах болон яаралтай түргэн тусламжаар нэвтрэх тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрөлтэй байна. 4.Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тохиолдолд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвшөөрөлтэй байна. 5.Улаанбаатар хот болон бусад аймаг руу харьяаллынх нь дагуу нэвтрүүлэх бөгөөд Завхан аймгаас гарч буй иргэд улсын хэмжээнд бүрэн хүн тун вакцин хийж дуустал буцаж ирэхгүй байхаар өөрийн хүсэлтээ гаргасан байх 6.Буяны ажлаар ирж буй нэг тээврийн хэрэгсэл 5-аас ихгүй зорчигчтой байна. 7.Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн 23:00-09:00 цагийн хооронд Улаанбаатар хотруу нэвтрүүлэхгүй тул ард иргэдийг цаг хугацаагаа тохируулж зорчихыг анхааруулж байна. 8.Улсын Онцгой комиссоос 2021 оны 3-р сарын 28-ны өдөр хүртэл хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. УЛААНБААТАР ХОТ БОЛОН ГОЛОМТ БҮХИЙ БУСАД АЙМГААС ИРЭХ ТОХИОЛДОЛД: 1.Улаанбаатар хот болон голомт бүхий бусад аймгаас зөвхөн Завхан аймагт ажиллаж, амьдардаг байнгын оршин суугч иргэдээ иргэний үнэмлэх болон багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүлээн авна. 2.Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд шууд гэрийн тусгаарлалтад шилжиж журмаа чанд мөрдөнө. Улсын онцгой комиссын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн тогтоолын дагуу тухайн сумын Шуурхай штабаас иргэн бүрт баталгаажуулалтын хуудас, холбогдох мэдээллийг өгч хатуу хяналт тавьж ажиллана. 3.Хүнс тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж нэг цэгээс түгээлт хийсний дараа гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөнө. 4.Их-Уул, Нөмрөг, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдад хяналтын цэг ажиллана. 5.PCR шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн дотор Их-Уул сумын пост дээр ирээгүй, бусад зөрчилтэй тохиолдолд түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгнө. 6.Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн, гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөөгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцно. Зөрчил гаргаж буй иргэдийн талаарх мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7046-2110, аймгийн Цагдаагийн газрын 7046-102 дугаарын утсаар хүлээн авна. ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.