"EMART FOOD BANK” ХӨЛ ХОРИОГ ДАВАН ТУУЛАХ ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН АЯНД БҮХ НИЙТЭЭРЭЭ НЭГДЭЖ БАЙНА

Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх EMART FOOD BANK аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн билээ. Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгээ батлан харуулж байна. Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байна. Дараагийн 2 дахь ээлжний хүнсний хангамжийг Хүчирхийллээс хамгаалах Түр хамгаалах байр-нд хөл хорионд байгаа иргэддээ хуваарилан өгөхөөр төлөвлөж байна. Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Бэлэн хоол/ Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн Талх,гурил,будаа,гоймон болон элсэн чихэр Амттан /Жигнэмэг, чихэр/ EMART FOOD BANK хандивын цэгүүд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад ажиллаж байна. АЯНД НЭГДЭЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ХАМТ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА. ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛНО.

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  хамтран  “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байна

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран COVID-19-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс Shuurkhai 119 мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Тус програмыг CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлж нэвтрүүлсэн. Эрүүл Мэндийн Яам CallPro #StayHome Shuurkhai 119 APP Гар утсандаа татаж авах холбоос: http://onelink.to/49gcuj

БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

Энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тус иргэд Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн учир ийнхүү албадан гаргаж буй билээ. Тухайлбал, тэдний дунд визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байсан бөгөөд тухайн иргэдийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Албадан гаргасан иргэдийн тодруулбал: Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 5 Визийн хугацаа хэтрүүлсэн 3 Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 7 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн 6 Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 12 хүн байна.

Сэлэнгийн 74 настай иргэн Ц-гийн бэрээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрлээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн 74 настай Ц-гээс хоёр удаагийн шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн гэж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн. Ц-гийн ойрын хавьтагч болох нэг гэрт амьдардаг бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоножээ. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.

Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ. Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ.Мөн Улаанбаатар хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд 19 аж ахуйн нэгжийн 829 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үйлчилгээнд гарсан нийтийн тээврээр зорчигчдын дүүргэлт дунджаар 20-30 хувьтай байсныг Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэлэв. Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжих Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ-аас нийт 2500 гаруй алба хаагч шийдвэрийн биелэлтийг сахиулж, эргүүлээр ажилласан байна. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдэд шаардлагатай дүрэм, журмыг сайтар таниулж, мэдээллээр хангаж ажиллаарай. Мөн автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг илүү чангатгах шаардлагатай байна. Ялангуяа дүүргийн удирдлагууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэр дээрх хяналтаа сайжруулж, хөл хориог чангатгахыг үүрэг болгож байна гэв. Мөн тэрбээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийж, халдвар хамгааллын дэглэм хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.Түүнчлэн нөхцөл байдлыг далимдуулж хүнсний бүтээгдэхүүний зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.