“Чингис хаан” одонг энэ жил олгохгүйгээр шийджээ

​​ ​ Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохионо. Монгол бахархлын өдөр Төрийн тэргүүн дээд шагнал Чингис хаан одонг жилд нэг хүнд олгодог бөгөөд одонг энэ жил хэнд олгохоо зарлаагүй бөгөөд өнжихээр шийдсэн бололтой. Монгол бахархлын өдөр болох Төрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрт Чингис хаан одон олгох тухай тусгаагүй байна. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хаан одонг олгохгүй өнжиж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ.Монгол бахархлын өдөр-ийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр: 09.00 цагт Төрийн далбаа мандуулах 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй. Чингис хаан одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд: Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис хаан одон хүртэгсэд: 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа Чингис хаан одон хүртэж байв.

ЗГ: Эрчим хүчний үнийг ирэх оны зургаадугаар сарын 1-н хүртэл нэмэхгүй

​ ​ Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн талаар Засгийн газраас мэдээллээ. Цар тахлын үед нийгэм эдийн засгийг дэмжих зорилгоор айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, эрчим хүч, уурын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн төр хариуцах болсон.

Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов

​ Сүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж, нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын Талын Шонхор ХХК, Билгүүн Монгол Констракшн ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ. Билгүүн Монгол Констракшн ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол Талын Шонхор ХХК нь барилгын суурийн нүхийг хашаатай тулган ухсан байна. Эдгээр компани барилгын түр хашааг эзэмшил газраасаа хэтрүүлэн барьсны сацуу явган хүний зам эвдэх зэргээр нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргажээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас аравдугаар сарын 27-нд Билгүүн Монгол Констракшн ХХК-д 24 цагийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Харин өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин шаардах хуудас өглөө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.Шүхэрт Төрийн захиргааны байгууллагаас газрын гэрээнд заасан шаардах хуудас хүргүүлснийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Эдгээр компани явган зорчигчийн чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж, зам хаасан зөрчилтэй байна гэв. Хэрвээ шаардлагад заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд санууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү

Улаанбаатар төмөр зам хэмээх вант улс Монгол Улсын ачааны хүндийг үүрэлцэж яваа айл хэдий ч тус байгууллагад хэрээс хэтэрч даварсан нөхөд цөөнгүй бий. Цалин хангамжаас эхлээд ажлын хариуцлага, зохион байгуулалт гээд бүхий л зүйлээрээ өндөр шаардлагатай тус байгууллагын хурган дарга нар архидан согтуурч дарамт үүсгэх болсон тухай эх сурвалж дуулгалаа. Тэгвэл энэ удаад Улаанбаатар төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баяраа гэх нөхөр ажлын байран дээрээ архидан согтуурч, ажилчдаа дарамталсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тэрбээр ажилтан залууг улаан цайм дарамтлан, Чи муу миний эрх хэмжээнд хүрнэ гэж байхгүй. Надтай зодолд, чи муу хэн юм. Чи бол хэн ч биш гэх зэргээр доромжлон дарамталж байгааг уншигч та бичлэг дээрээс харж байгаа байх. Энэ мэт согтуу нөхөд төмөр замын нэр хүндийг унагаж, ажил хийх чин хүсэлтэй залуусын зүрх сэтгэлийг мохоодог гэдгийг ч салбарынхан ярих болов. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын даргыг томилоогүй байгаа нь энэ мэт хурган дарга нарын даврах, самрах гол шалтгаан ч байж болох юм. Тэгэхээр тус байгууллагын даргыг хурдан томилж цэгцлэх шаардлага зайлшгүй тулгарчээ. Б.Баяраагийн энэ үйлдэл нь ёстой л Бурхангүй газрын бумба галзуурна гэгч болж байгааг уншигч та анзаарсан байх. Б.Баяраа гэх энэ нөхрийн хувьд зөвхөн энэ үйлдэлдээ хариуцлага тооцуулах ёстой ч өдгөө зүгээр ажлаа хийгээд явж байгаа нь харамсалтай. Өөрийнх нь салбарт ийм бусармаг зүйл байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Улаанбаатар төмөр замын удирдлагын баг анзаарч хардаггүй бололтой. Хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгт энэ мэт төлөөлөл байх нь цаашид ажилд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй стратегийн чухал салбарт буруу жишиг тогтооно гэдгийг хаа хаанаа анзаарч харна биз ээ. Хамгийн гол нь толгойгүй байгууллагын хурган дарга нар салбарыг чинь самраад дуусна шүү. Түмэн.мн

С.Аригуун: Аккумляторыг олон улсын стандартад нийцүүлэн дахин боловсруулдаг болно

​ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар өгүүлснийг хүргэе. -Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй. Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумлятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан. Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм. Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг Элемент медикал ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг Элемент ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа. -Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандарт, норм хэр хангагдаж байгаа вэ? -Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа. Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.