МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй

Энэ сарын 10, 11-нд Дорнод, Хөвсгөл аймгуудад зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй гэж Монголын үндэсний бөхийн холбооноос санамж гаргалаа. Санамж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комисс, бусад олон байгууллагад хандаж ажиллалаа. Монгол Улсын Засгийн Газар, УОК, НОКомиссоос МҮБХ-ны удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, боломжит бүх нөхцөлөөр дэмжин, зохих шийдвэр журмыг гарган өгч, барилдаан зохиогдож байгаа боловч 2021 оны 08-р сарын 10-ны өдөр Дорнод аймагт, 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанууд дээрх байгууллагуудаас ирүүлсэн шийдвэр, заавар, МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчих мөн даваа наймаалцах, бууж өгөх асуудлуудыг илтэд гаргаж, Монгол бөхийг сонирхогч олон иргэдийнхээ урмыг хугалсан таагүй үйл явдал боллоо. Олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний бөхийг хагарал талцалгүй болгоход МҮБХ хичээн ажиллаж зохих үр дүнд хүрч байгаа энэ цаг үед бөхчүүд өөрсдөө допинг, найраа гэх зүйлээр нэр хүндийг нь асар ихээр унагаж байгаад шударга барилдаж байсан ахмад, дунд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд болон нийт бөх сонирхогчдоос уучлал хүсэн дээрх хоёр аймагт зохиогдсон барилдааны амжилтыг МҮБХ-ноос гарган баталдаг Аймаг цэргийн цолтны эрэмбэ-нд оруулахгүйг мэдэгдэж байна. Иймд Аймгуудын үндэсний бөхийн салбар холбоод үзэгчгүй болох бөхийн барилдааныг цар тахлын үед гаргасан дүрэм журмын дагуу зохион байгуулж, барилдаж байгаа нийт бөхчүүд Монгол бөхийнхөө олон зуунаас дамжин ирсэн ёс жудгийг сайтар сахин, үнэнч шударга барилдаж олон түмний сонирхол, итгэл, хүндлэлийг олох цаг үе гэдгийг сайтар тунгаан бодох шаардлагатай байна. Дээрх дүрэм журам, ёс жудгийг сахиагүй бөхөд Аймгийн бөхийн холбоод хариуцлага тооцох бүрэн эрхтэй бөгөөд үүнийг МҮБХ өөрийн дүрэмд заасны дагуу албажуулан, тодорхой хугацаагаар бүх төрлийн барилдаанд оролцуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэн ажиллана. Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо. Эх сурвалж: МҮБХ

Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам-2021 цогцолбор тэмцээний хүрээнд Аравт-2021 олон улсын морин цэргийн болон Цэргийн ралли цэргийн авто машины уралдаан болно. Эдгээрт оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсыг зорив. Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон Олон улсын цэргийн наадам 2019 онд арван орны нутаг дэвсгэрт болжээ. 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагч оролцон, 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу Танкийн биатлон, Хээрийн гал тогоо, Инженерийн томьёолол, Мэргэн буудагчийн зааг тэмцээнд үндсэн оролцогчоор, Цэлмэг тэнгэр, Артиллерийн галын мастер, Аюулгүй орчин тэмцээнд ажиглагчаар оролцож байлаа. Мөн 2019 онд манай орон анх удаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, Аравт олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулснаар зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч байлаа. Тэрхүү уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцжээ. Аравт олон улсын морин цэргийн уралдааныг Монголд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлууд хийж, бэлтгэлээ сайтар хангасан ч дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын улмаас ОХУ-ын Тува улсын нийслэл Кызылд зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо морджээ. Энэ удаад Аравт-2021 олон улсын морин цэргийн болон Цэргийн ралли цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно. Танкийн биатлон олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахална гэж ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэв.

Зүүн бүсийн хурдад Алдарт уяач П.Батсайханы хүрэн халзан соёолон түрүүллээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, зүүн бүсийн хурдан морины уралдаан болж байна. Наадам өнгөрсөн баасан гарагт эрлийз насны морины уралдаанаар эхэлсэн бол амралтын өдрүүдэд зургаан насны монгол адууны уралдаан үргэлжилж буй юм. Хурдан морины уралдаанд: Азарга 150 Их нас- 330 гаруй Соёолон- 189 Хязаалан- 120 гаруй Даага- 160-170 гаруй хурдан ажнай тоосоо өргөлөө. Азарганы уралдаанд: 1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Хүннү халтар азарга 2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Баяндэмидийн Нарт хонгор азарга 3. Ажнай цавьдар азарга 4. Л.Ганбаярын хар азарга 5. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат ганбаатарын Батбаатарын бор азарга Соёолон насны уралдаанд: 1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Алдарт уяач Пүрэвийн Батсайханы хүрэн халзан 2. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Батсайханы Саянсанаагийн хул 3. Төв аймгийн Аргалант сумын харьяат Ширчингийн Доржготовын хонгор 4. Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Доржжанцангийн хонгор 5. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Ганбаатарын хул тус тус хурдалжээ. Дааганы уралдаанд: 1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халзан, 2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн хонгор, 3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хул, 4. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Бүдын Отгонсэлэнгийн халзан (Монгол Улсын Тод манлай уяач Т.Ихбаяр уясан), 5. Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Сэлэнгэсайханы Галтын хүрэн даага тус тус хурдалжээ.

САЕЙД МОЛЛАЙ ДЭЭР ИЛҮҮ НАРИЙН СУДАЛГАА ШААРДСАН

Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв Токио-2020 олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд хоол зүйн багийг шинээр байгуулжээ. Олимпын баг тамирчидтай ажилласан хоолзүйч С.Хулангаа, С.Мөнхтуул, Г.Золбоо, Д.Сайнцэцэг, Г.Цацрал нартай ярилцлаа. Энэ олимпод Монголын баг тамирчдын үзүүлж буй амжилт бол тамирчин, дасгалжуулагч, сэтгэл зүйчдийн төдийгүй хоол зүйн багийнханы нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг энд онцолъё. Олимпыг дэмжих хоол зүйн багийн ахлах, хоол зүй тэжээхүй ухааны мэргэжилтэн, спортын анагаах ухааны магистрант С.Хулангаа: Манай ихэнх тамирчин уураг чухал гэдэг ойлголттой байсан -Тамирчдын хооллолт дээр анхаарч ажилласан зүйл нь юу байв? Халз тулааны спортын төрөлд жин их хасдаг, циклийн болон хөнгөний гэсэн үндсэн төрөл бий. Хоол зүйн багийн зүгээс хамгийн эхэнд хийсэн зүйл нь тамирчдын шингэний менежментийг өөрчилсөн явдал. Илчлэгийн болон шингэний менежмент нь хоол зүйд чухал ач холбогдолтой. Монголчуудын баримталдаг жин хасах арга нь сарын өмнөөс усыг нь огцом багасгах нэг бол маш бага илчлэгтэй хоолоор бэлтгэл сургуулилтын ачааллыг нэмэгдүүлдэг байсан. Энэ нь тамирчдын бэлтгэл сургуулилтын гүйцэтгэлд нөлөөлөхөөс гадна ажиллах чадварыг бууруулдаг. Манай хоол зүйн баг аажмаар биеийн жинг бууруулах арга буюу тамирчны ус, хоолыг хасахгүйгээр хоногт хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээг үндсэн бодисын солилцоон дээр тулгуурлан тамирчин тус бүрийн онцлогийг харгалзан хоол, шим тэжээлийн төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Мөн тухайн тамирчны биеийн жин, бэлтгэлийн ачаалал, хөлс ялгаралтыг тооцож шингэний менежментийг тамирчин тус бүр дээр төлөвлөсөн. Энэ нь монгол тамирчдын хувьд шинэлэг ойлголт. Тамирчин шингэний дутагдалд орсноор ажиллах чадвар нь 30 хувиар буурдаг. Өмнөх олон улсын тэмцээнүүдээс харахад манай тамирчид усыг их хэмжээгээр хасаж байгаад дэвжээн дээр гардаг нь тамирчдын физиологид сөрөг нөлөө үзүүлдэг байжээ. Бидний хувьд энэ чухал менежментийг багш, дасгалжуулагч, тамирчдад ойлгуулахыг зорьсон. Тамирчид энгийн ус уудаггүй, спортын ундаа уудаг. Спортын ундаа нь тамирчдын биед хурдан сэргэлт өгөхөөс гадна хоёр хувийн натри, зургаан хувийн глюкозын найрлага бүхий шингэн байдаг. -Хөнгөн атлетикчдын хоол бусад тамирчдынхаас юугаараа ялгаатай вэ? -Марафон гүйлтэд эхний 32 километрт нөөц нь шавхагддаг. Үлдсэн зайг өөрийн тэсвэр, туулах чадвараараа гүйж гарч ирдэг. Бусад орны тамирчид тэмцээнээс хэд хоногийн өмнөөс нүүрс усаа нөөцөлж эхэлдэг. Гэтэл нүүрс ус хүний биед 1-2 цаг л хадгалагддаг. Бид тэр хугацааг уртасгахын тулд булчинд үүсгэж байгаа гльюкогенийг л нөөцөлж авах гээд байна гэсэн үг. Тэгэхээр бүх спортод ачаалал даах чадвар, булчингийн ажиллагааг сайжруулах нь гол зорилго. Манай ихэнх тамирчин уураг чухал гэдэг ойлголттой байсан. Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч Г.Золбоо: Урт хугацаанд хоолны дэглэм барьж амжилтад хүрдэг -Хүмүүс хоол зүйг биеийн жинтэй холбож ойлгодог. Тамирчид хоол, шим тэжээлийн төлөвлөгөөг дагаснаар булчингийн масс нэмэгдэхээс гадна ажиллах чадвар сайжирдаг. Байнгын эрүүл зөв хооллолттой байх нь дундаж тамирчинг элит түвшинд аваачихгүй ч элит тамирчинг дундаж түвшин хүртэл бууруулна. Тэгэхээр спортын хоол, шим тэжээл нь урт хугаацааны туршид мөрдөгдөж байж тухайн тамирчинг амжилт гаргахад нөлөө үзүүлдэг. Тамирчин өндөр амжилт үзүүлэх үндсэн шалтгаан нь хоол, шим тэжээлийн зөв зохицуулалт. Өндөр зэрэглэлийн тамирчны гол асуудал амжилтаа яаж хоёр олимпын хооронд тогтвортой барих вэ гэдэг нь хоол, тэжээлээс хамаардаг. Тухайн тамирчны булчингийн массыг ихэсгэж дотор өөхийг нэмэгдүүлэхгүйгээр барих нь спортын хоол зүйн гол зорилго. Дэлхийн том баг тамирчдын ард хоол зүйн баг урт хугацааны туршид ажиллаж байж нийтээрээ амжилтад хүрч чаддаг. Тэр ч байтугай АНУ-ийн багийнхан хоолоо өрөөндөө нууцаар иддэг тухай манай тамирчид гайхан ярилцдаг. Учир нь спортын хоол зүй нь шинжлэх ухаан учраас бусад орны тамирчид амжилтад хүрэх гол түлхүүрээ нуух нь зүйн хэрэг. Мөн тамирчин зөвхөн тэмцээнээс 2-3 хоногийн өмнө зөв хооллосноор эерэг нөлөө үзүүлнэ гэж байдаггүй. Эсрэгээрээ урт хугацаанд хоолны дэглэм барьж байж амжилтад хүрдэг. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй учраас спортын төрөл, тамирчин тус бүрт хооллолтын зарчим нь өөр байдаг. Жишээлбэл, жүдогийн тамирчинд барьж байгаа хоолны дэглэм ширээний теннисийн тамирчинд тохирохгүй. Учир нь спортын хоол зүйд тамирчны жин, нас, хувь хүний онцлог, спортын төрлийг судлах нь чухал ач холбогдолтой. -Саейд Моллайн хувьд өссөн орчин, иддэг хоол нь манайхнаас эрс ялгаатай. Түүнд ямар хоолны дэглэм баримталж байсан бэ? -Тамирчдын адил эхлээд булчингийн хэмжээг нь судлаад дараа нь ярилцлага хийсэн. Моллайн хувьд гадаад хүн, дээр нь Монголын нөхцөлд бэлтгэл хийж байгаа учраас илүү нарийн судалгаа шаардсан. Дасгалжуулагч нь эхний хоёр өдөр туршилт хийж тухайн хоолыг манай тамирчинд өгөх нь тохиромжтой юу гэдгийг шалгасан. Саейд Моллайн дасгалжуулагч хоол зүйн анхан шатны мэдлэгтэй байсан нь түүнтэй ажиллахад дөхөм байлаа. Ерөнхийдөө монголчуудаас хол зөрүүтэй хоол идээгүй. Өмнө нь манайхантай бэлтгэл хийхэд өдрийн гурван хоол идэж байсан. Одоо сонголттой жимс ногоо их байгаа нь таалагдаж байна. Яг одоо жинхэнэ тамирчдын хоол болсон байна гэж хэлсэн. Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч, Нийгмийн эрүүл мэндийн анагаах ухааны магистрант С.Мөнхтуул: Жин хасах, нэмэхээс үл шалтгаалж бүх тамирчинд 7-9 удаа хоол өгч байсан -Манай тамирчдын иддэг хоол хүнс нь бусад орны тамирчдаас юугаараа өөр вэ? -Ихэнх хүн монголчууд бусдаас өөр гэж төсөөлдөг. Гэтэл физилогийн хувьд бид бусад орны хүмүүсээс ялгаагүй. Бид оршин суугаа газар, байгаль, цаг уур, хүрээлэн байгаа орчин нь бусдаас онцлог. Монгол жилийн дөрвөн улиралтай, гол хоол хүнс нь сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн байдаг. Манай баг тамирчидтай ажиллахын өмнө асуумж судалгаа бэлдэж, хаана өссөн, тэндээ хэдэн нас хүртлээ амьдарсан, үндсэн хооллолт нь юу байсан, хэрхэн өөрчлөгдсөн, ээж нь юу иддэг байсныг хүртэл судалсан. Дараа нь тухайн тамирчинд тохирсон хоолны төлөвлөгөө боловсруулж байлаа. Хүний дасал болсон хоол хүнсийг гэнэт өөрчлөх нь биед хямрал үүсгэдэг учраас физилогийн нарийн судалгаа шаарддаг. Ямар ч мэргэжлийн хоолзүйч хүний хоол хүнсийг сууриар нь өөрчилдөггүй. Суурь мэдээлэл дээр нь тулгуурлан аажмаар дасгаж амьдралынх нь хэвшлийг өөрчилдөг. Бид гурван шатлалттай ажилласан. Олимпын эрхийн тэмцээний өмнө, эрх авах цаашлаад амжилт гаргах магадлалтай тамирчдын нэрсийг холбоодоос авч тэдэнд хувьчилсан зөвлөгөөнүүд өгч, дараа нь гал тогоонд тэр тамирчдын хоолыг тусад нь хийлгэсэн. Сарын өмнөөс бид тамирчидтай хамт байрлаж өөрсдөө орцыг нь граммлаж бэлдэж өгч байлаа. -Нэг тамирчинд өдөрт хэдэн төрлийн хоол хийдэг вэ? -Жин хасах, нэмэхээс үл шалтгаалж бүх тамирчинд 7-9 удаа хоол өгч байсан. Мөн тухайн өдрийн бэлтгэлийн төлөвлөгөөнөөс хооллолт их хамаардаг. Ямар бэлтгэл хийхээс шалтгаалж хоолыг хэзээ ямар хэмжээгээр өгөхөө шийддэг. Багш, дасгалжуулагчид Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв-ийн эмч, ажилчидтай хуралдаж тухайн тамирчны онцлог, тэсрэлт, ямар хугацааны дараа сэргэлт авдаг, ямар зарчмаар энерги хүчээ үүсгэдгийг судалж түүнээс хамаарч тамирчдын бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж байлаа. Ингэж судалсны дараа эхлээд эрдэм шинжилгээний баг дотроо батлуулж дараа нь багш, дасгалжуулагч нарт нь танилцуулаад тогооч нарт очдог. Иймээс тогтоосон цагтаа амжиж зохистой хэмжээгээр хоол өгөх нь судалгааны ажлын үр дүн нь Хоол идэх цаг маш чухал гэдэг. -Тамирчид ямар хоол, хүнс түлхүү хэрэглэдэг вэ? -Тухайн тамирчны биеийн бүтэц, спортын төрлөөс хамаарна. Булчингийн массыг нэмэх гэж байгаа бол аль хэсгийн булчинг нэмэх вэ гэдгээс шалтгаалдаг. Түүнээсээ хамаарч өглөө босоод уух уснаас эхлээд тэр ус нь ширгээсэн ус байх уу эсвэл ногоотой, жимстэй, хужиртай ус байх уу гэсэн сонголтыг хийнэ. Талх, боорцог өгсөн өдөр ч байгаа. Зарим тохиолдолд идэж дассан хоол учраас хорхог, хуушуур, цуйвангаа өгсөн ч хамгийн чухал нь хэмжээ юм. Сонирхуулахад тамирчдын биед энергийг нөөцлөх арга байдаг. Үүнийг олон улсад ихэвчлэн овьёос, гурвалжин будааны гурилаар хийдэг бол монгол хүний биед хамгийн тохирох арвайн гурилаар хийж байлаа. Хоол зүйн шинжлэх ухаан дэлхий нийтээр нэг л хэлээр бэлтгэлийн өмнө биеийн жингийн килограмм тутамд нэг грамм нүүрс ус өгнө гэсэн өгүүлбэр байгаа. Тэр нүүрс усыг Монголд юу байлгаж болох вэ гэдэг хоол зүйч нарын ажил. -Бусад орны тамирчид дээр ажилласан хоол зүйн судалгаа хэр явагдаж байна? -Бидэнд мэдэгдэж буйгаар Солонгосын хоол зүйн багт 16 хүн багтаж байрлаж буй буудлаасаа тамирчиддаа хоол зөөхөд 28 хүн ажилласан. Тавуулаа найман төрөлд ажиллаж үзлээ. Энэ удаа манай багш дасгалжуулагчид спортын хоол зүй гэдэг ямар чухал болохыг тодорхой хэмжээнд ойлгосон болов уу гэж найдаж байна. -Японы цаг уур манай орноос ялгаатай. Үүнийг дагаад хоол, хүнс нь өөрчлөгдөх үү? -Монголд анх удаа олимпод зориулж Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв-өөс цаг уур, орчны нөхцөлийн судалгааг хийсэн. Бидэнд тамирчид болон хүмүүсээс Монголд идсэн хоолыг Японд идэхэд өөр нөлөө үзүүлэх үү гэсэн сониуч асуултыг тавьж байна. Энэ судалгааг бид сарын өмнөөс хийсэн. Олимпын өдрүүд дэх халуун уур амьсгалд махны шингэцийг тооцож хоолоо сонгодог. Бидний тооцооллын дагуу нэг удаагийн хоол, усыг ч цагтаа хэрэглэж чадахгүй бол бидний хөдөлмөр талаар болно. Тиймээс онгоцонд хүртэл хоолыг нь бэлтгэж явуулсан. Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч Г.Цацрал: Спортын найман төрөлд гарын авлага гаргахыг зорьж байна -Энэ олимпын онцлог нь квот бага учраас хоолзүйчид яваагүй. Гэхдээ бид явсанаас ялгаагүй өдөр бүр тамирчидтайгаа цахимаар ярилцаж байгаа. Тэмцээний үеийн хоол харьцангуй энгийн хоол байдаг. Бид эндээс явахад нь ямар хоол хэр их хэмжээгээр авахыг нь зааж өгсөн. Очсон хойно нь цахимаар харилцаж хэдий үед юу хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн аваргын үед цагийн зөрүүгээс болж шөнийн 03:00 цагт босож тамирчиддаа зөвлөгөө өгсөн тохиолдол ч бий. Үүн дээр бид тамирчдад зориулсан гарын авлага гаргах гэж байгаа. Бид спортын найман төрөл дээр гарын авлага гаргахаар зорьж байгаа. Тулааны, хөнгөний, циклийн гэж гурав ангилсан. Халз тулааны спорт нь жингийн өөрчлөлт хийдэг учраас жингийн менежмент, шингэний менежмент бэлтгэлийн болон тэмцээний үеийн хооллолтод юу хэрэгтэйг багтаасан спортын төрөл бүрээр гарын авлага хийж байна. Үүний дараа ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Номны хувьд монгол тамирчдын онцлогийг тусгасан гэхээсээ илүү мэргэжлийнхэнд зориулна. Өмнө нь монгол хэл дээр хоол зүйн талаар ямар ч ном, гарын авлага байгаагүй. Б.Жаргал

Б.Болортуяа илт давуу ялж шөвгийн дөрөвт шалгарлаа

Б.Болортуяа шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендресийг 5-15 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэрээр шөвгийн дөрөвт 2018 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Маю Мукайдатай 18:05 цагаас барилдана.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.