ТОКИО 2020: О.Гүндэгмаа 26-д, Ц.Анударь 35-д орж, тэмцээнээ өндөрлүүллээ

Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа. Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр ухрав. Энэ төрөлд өрсөлдсөн гавьяаттамирчин О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авснаар нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар Олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа 97, 100, 98 оноог авав. Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан финалын шатанд шалгарлаа. Наймдугаар байрын тамирчин 584 оноотой байв. Эх сурвалж:МҮОХ

Л.Отгонбаатар Эстонийн бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Л.Отгонбаатар эхний шатанд Эстонийн Григори Минаскиныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчиктай барилдана. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай. Тун удахгүй эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно.

Саейд Моллайд Засгийн газраас сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно

Жүдо бөхийн -81 кг жинд зодоглосон Монгол Улсын иргэн Саейд Моллай олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу түүнд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно. Тус зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан бөгөөд Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн; Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн; Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн; Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн; Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн; Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн. Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.

Чөлөөт бөхийн баг тамирчид Токиог зорилоо

Олимпод оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Токио хотыг зорилоо. Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчраад буй. Энэ удаагийн олимпод манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана. Токиогийн олимпод оролцох бөхчүүд: Эрэгтэйчүүдийн57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт) 65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга) 125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт) Эмэгтэйчүүдийн50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт) 53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт) 57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга) 62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт) 68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт) 76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)

Бокс, ширээний теннисний тамирчид нутаг буцлаа

Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ. Харин тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиог зорьж байна. Энэ олимпод чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн бүх жинд Монголын тамирчид эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөнө. Мөн хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөнө. Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод газардаж чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхэлнэ. Эх сурвалж: МҮОХ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.