Боксчид медалийн хур буулгав

2012-12-25 12:59:35 Нийтлэгдсэн: Спорт
 Боксчид медалийн хур буулгав

Буриадын Улан-Үдэ хотноо энэ сарын 21-24-нд болсон боксын олон улсын хэмжээний мастер, академич Александр Стрелниковын нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд медалийн хур буулгалаа. Тус тэмцээнд оролцсон Монголын боксчид таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдийн ангилалд Ж.Эркин /52 кг/, Б.Жавхлан /60 кг/, З.Энхзориг /64 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар алтан медаль, харин залуучуудын ангилалд Д.Давааням /69 кг/ алт, н.Эрдэнэбаяр /64 кг/ мөнгөн медалийн эзэн болжээ. Хойд хөршийн тэмцээнд амжилттай оролцсон Монголын ширэн бээлийтнүүд өчигдөр эх орондоо ирсэн байна. Мөн энэ үеэр болсон Буриадын өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Монголын өсвөрийн тамирчид найман алтан медаль зүүжээ. Тодруулбал, 44 кг-д Ө.Идэрмөнх, н.Ганбаяр /47 кг/, н.Дашням /48 кг/, Б.Мишээлт /50 кг/, н.Хасанбандан, н.Баасанхүү /52 кг/, н.Эрхэмбаяр /54 кг/, н.Энхцогт /70 кг/ нар жингийнхээ ангилалд аваргалжээ. С.ЦЭЛМЭГ

Х.Цагаанбаатар Токиогийн татамигаас хүрэл медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга тэмцээн Японы нийслэл Токиод хоёр дахь өдрөө болж, өндөрлөлөө. Өчигдөр Монголын гурван жүдоч хүч үзсэн бөгөөд 81 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн нар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлөсөн. Тэгвэл жүдо бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн хүрэл медальт, Афины олимпийн хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалиар энгэрээ мялаав. Цагаанаа эхний даваанд БНСУ-ын Чун Чул Минийг юүкогоор, хоёрдугаар тойрогт эзэн орны Юсүхиро Аваног 4:08 минутад цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Харин медальтай үлдэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн чансааны долоод эрэмбэтэй Бельгийн Дирк ван Тишелттэй хүч үзэж, 2:30 минутад цэвэр ялсан юм. Харин 1:41 минутад ялагдсан байна. Энэ жинд манай бөхийг ялсан Оно Лондоны олимпийн мөнгөн медальт, нутгийнхаа Рики Накайг цэвэр ялж, жиндээ торойлоо. Түүнчлэн эзэн орны өсөх ирээдүйтэй жүдоч Юки Нишияма манай бөхтэй шагналын тавцанд зэрэгцэн зогссон байна.

 Монголчууд оюуны олипийн аваргатай боллоо

Энэ сарын 23-26-ны хооронд Турк улсын Анталя хотод оюуны спортын хамгийн том тэмцээн болох WORLD MENTAL OLYMPICS MEMORIAD-2012 буюу дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпт Монголын Оюун Ухааны академийн тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын шилдэг тамирчид Нэр, зүс царай, Хөзөр, Тооны марафон, Хоёртын тоолол, Харааны ой тогтоолт зэрэг ой тогтоолтын тав, Олон оронтой тооны нийлбэр, Олон оронтой тооны үржвэр, Олон оронтой тооны язгуур, Хүн хуанли, Flash Anzan буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр өрсөлдсөн. Үүнд Монгол Улсаас ой тогтоолтын олон улсын мастер, дасгалжуулагч Х.Хатанбаатар, ой тогтоолтын олон улсын мастер С.Цогбадрах, ой тогтоолтын олон улсын мастер С.Акжол, цээж бодолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн, Ой тогтоолтын Үндэсний гутгаар аварга Б.Анар, оюуны спортын тамирчин Б.Ганбаяр нар бэлтгэсэн төрлүүддээ амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж нийлбэр дүнгээр Монголын баг III байрт орлоо. Нийт 10 төрөлд эхний гурван байрт орсон оюуны спортын тамирчид болон Монголын тамирчдын дүнг танилцуулбал: ТӨРӨЛ I ХӨЗРИЙН ДАРААЛАЛ (SPEED CARDS) Дүрэм: 5 минутаас бага хугацаанд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг цээжлэн дарааллаар нь санах. Оноог дүгнэхдээ буцаж санахдаа нэг л хөзөр алдвал алдаанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Энэ төрөлд Английн Ben Pridmore 0:33:61 секундээр түрүүлж, монголчууд дараахь байруудыг эзэллээ. Үүнд 2.С.Акжол 1 багц хөзөр /0:51,59 секунд/ 5.Б.Ганбаяр 1 багц хөзөр /0:53,89 секунд/ 7.Т.Мягмарсүрэн 1 багц хөзөр /1:46,49 секунд/ 10.Х.Хатанбаатар 1 багц хөзөр /1:46,42 секунд/ 19.С.Цогбадрах 1 багц хөзөр /3:09,22 секунд/ 25. Б.Анар 37 хөзөр /1:04,03 / ТӨРӨЛ II. Тооны марафон (Numbers marathon) Дүрэм: Нэг цагт 0-9 хоооронд өгөгдсөн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах. 1.Simon Reinhard (Герман) 2.Сhristian Schafer (Герман) -2440 оноо 3.Johannes Mallow (Герман) -2343 оноо 4.С.Акжол 1620 оноо 10. С.Цогбадрах 840 оноо 13.Б.Анар 760 оноо 14.Х.Хатанбаатар 740 оноо 15.Т.Мягмарсүрэн 732 оноо 18.Б.Ганбаяр 480 оноо ТӨРӨЛ III. Хоёртын тоолол (30 minutes binary digits) Дүрэм: 30 минутад зөвхөн 0 болон 1 гэсэн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах. Оноог дүгнэхдээ нэг эгнээнд 30 цифр байх бөгөөд бүгдийг нь зөв санасан нөхцөлд 30 оноо авна. 1.Johannes Mallow (Герман) 4095 оноо 2.Ben Pridmore (Англи) 3860 оноо 3.Christian Schafer (Герман) 3675 оноо 4.С.Акжол 3030 оноо 7. Б.Ганбаяр 1620 оноо 11. Б.Анар 1140 оноо ТӨРӨЛ IV. Нэр, зүс царай (Names and faces) Дүрэм: 15 минутад аль болох олон хүний овог, нэрийг царайтай нь холбож цээжлэн санах. Оноог дүгнэхдээ нэг нэр зөв бичсэн нөхцөлд нэг оноо авна. Буцаж санахдаа нэр дээр нэг л үсэг алдсан нөхцөлд тухайн нэрнээс оноо авахгүй. Энэ удаагийн тэмцээнд програмд монгол нэр байгаагүй учир манай тамирчид Англи, Герман нэр цээжилж өрсөлдлөө. Бусад орны тамирчдын хувьд өөр өөрсдийн нэр дээр цээжилсэн байна. 1.Simon Reinhard (Герман) 151 оноо 2.Jonas Von Essen (Швед) 127 оноо 3.Boris Konrad (Герман) -112 оноо 8.Х.Хатанбаатар 87 оноо 16. С.Цогбадрах 61 оноо ТӨРӨЛ V. Харааны ой тогтоолтын төрөл Flash numbers Дүрэм: Нэг секунд тутамд анивчиж гарч ирсэн нэг цифр буюу нийт 300 секундэд гарч ирсэн 300 цифрийг цээжлэн дарааллаар нь санах. Оноог дүгнэхдээ буцаж санах үед нэг л цифр буруу бичсэн нөхцөлд арын цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Энэ удаа их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. 1.С.Цогбадрах (Монгол) 300 оноо дэлхийн рекорд 2.Jonas Von Essen (Швед) 259 оноо 3.Johannes Mallow (Герман) 246 оноо 5.Б.Ганбаяр 88 оноо 14. С.Акжол 34 оноо 16. Т.Мягмарсүрэн 16 оноо ТӨРӨЛ VI. Үржвэр /Mental multiplication/ Дүрэм: Найман оронтой хоёр тооны үржвэрийг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах. 1.Freddis Reves Hernandes (Куба) 04:34 /10 бодлого/ -Дэлхийн рекорд 2.Akshita Shailesh Shah (Энэтхэг) 05:58 /10 бодлого/ 3.Granth Rakesh Thakkar (Энэтхэг) 06:36 /10 бодлого/ ТӨРӨЛ VII. Нийлбэр (Mental additions) Дүрэм. 10 оронтой тооны 10 тооны нийлбэрийг олох. Нийт 10 бодлогыг 10 минутад цээжээр бодож хариуг гаргах. 1.Naofumi Ogasawara (Япон) 02:51 (10 бодлого) Дэлхийн рекорд 2.Drashti Kapadia (Энэтхэг) 03:55 (10 бодлого) 3.Akshita Shailesh Shah (Энэтхэг) 03:56 (10 бодлого) 14.Т.Мягмарсүрэн (Монгол) -08:08 (10 бодлого) ТӨРӨЛ VIII Язгуур (Mental square root) Дүрэм: Зургаан оронтой язгуур гаргах таслалаас хойш тав хүртэлх оронг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах. 1.Mayank Mukesh Jain (Энэтхэг) -03:52 (10 бодлого) 2.Nodas Boukovalas (Грек) 14:30 (10 бодлого) 3.Robert Fountain (Англи) 07:59 (9 бодлого) ТӨРӨЛ IX Түргэн бодолт (Flash anzan) Дэлгэцэн дээр анивчиж гарч ирсэн нэг, хоёр, гурав, дөрвөн оронтой олон тоонуудын нийлбэрийг олох. Нийт 84 бодлогыг алдаагүй бодох. Нэг цифр алдсан нөхцөлд тухайн бодлогыг алдаагүй бодох. 1.Naofumi Ogasawara (Япон) 36996.00 дэлхийн рекорд 2.Granth Rakesh Thakkar (Энэтхэг) 12213.16 3.Woon Chieng Won (Малайз) 11638.20 ТӨРӨЛ X. Хүн хуанли (Mental calendar dates) Дүрэм: 1 минутад аль болох олон 1600-2099 оны хооронд өгөгдсөн дурын он, сар, өдрийн долоо хоногийн хэд дэх өдөр болохыг цээжээр олох. Жишээ нь: 1657.08.14 долоо хоногийн ямар гараг болохыг олно. Энэ бодлогын хариу Мягмар гараг. Үүнийг бодохын тулд 10 гаран арифметик үйлдэл маш хурдтай бодох хэрэгтэй. 1.Т.Мягмарсүрэн (Монгол) 85 оноо 2.Akshita Shailesh Shah (Энэтхэг) 81 оноо 3.Granth Rakesh (Энэтхэг) 75 оноо 13.Х.Хатанбаатар 46 оноо 14.С.Акжол 34 оноо 20.Б.Ганбаяр 26 оноогоор тус тус эзэллээ. Ийнхүү манай ой тогтоолтын шилдэг тамирчид оюун ухааны олимпоос хоёр аварга, дэд аваргатай боллоо. Мөн их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Тэд өчигдөр эх орондоо ирээд байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд багаа удирдаж оролцсон Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатартай ярилцлаа. Тэрээр -Турк улсад хуулийн сургуулийн оюутан байхдаа энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байлаа. Сургуулиа төгсөөд 2009 онд Монголдоо ирэхдээ энэ төрлийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг бэлтгэх чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Мэргэжлээрэ нэг хэсэг ажиллаж байгаад 2009 оны сүүлээр академиа үүсгэн байгуулаад өдгөө гурван жилийн хугацаанд олон арван хүүхдийг ийм чадварт сургаж чадсандаа баяртай байдаг. Мэдээж ийм чадварт суралцсан хүн бүр оюуны спортын тамирчин болох албагүй, энэ мэдлэг чадвараа ажил, амьдрал, хичээл номондоо ашиглаж байх хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ тал дээр нь илүү анхаарч байсан. Мэдээж төгсөгчид дунд маань спорт талаас нь хөгжүүлэх хүсэлтэй олон хүүхэд залуус байна. Тэдний төлөөлөл болох сая тэмцээнд оролцсон шавь нар маань маш сайн үр дүнг гаргаж чадлаа. -Таван тамирчин оролцоод гурван медаль, тэр тусмаа аварга болно гэдэг чамгүй амжилт байна шүү? -Тийм ээ. Энэ тэмцээнд бид арван төрлөөс нэг нэг төрлийг сонгож аваад илүү түлхүү бэлтгэсэн. Т.Мягмарсүрэн маань өнгөрсөн 10 сард Германд болсон Цээж бодолтын дэлхийн аварга-ын тэмцээнд Хүн хуанли төрөлдөө түрүүлж байсан. Энэ удаад Оюуны олимпдоо ч аварга болж чадлаа. Өнгөрсөн жил Хятадад болсон Ой тогтоолтын дэлхийн аварга-ын тэмцээнд их мастер болсон С.Акжол маань энэ төрөлдөө мөнгөн медаль хүртэж булган сүүлтэй байлаа. Их мастер С.Цогбадрах харааны ой тогтоолтын төрөлдөө түрүүлж мөн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Б.Ганбаяр болон Б.Анар маань анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож чадлаа. Б.Ганбаярын хувьд 60-хан долиор медалиа алдсан нь харамсалтай байлаа. Гэхдээ энэ хоёрыг цаашид маш олон тэмцээн хүлээж байгаа. Монголчууд бид гуравхан жилийн дотор оюуны спортын дэлхийн болон олимпийн аваргатай болж чадлаа. Ямартай ч шавь нартайгаа сүүлийн гурван сарын дотор таван улсаас нийт 18 медаль хүртэж чадлаа. Монгол хүний оюуны потенцалийг дэлхийд харуулж чадсан шавь нараараа бахархаж байна. Өнөөдөр энэ спортоор хичээллэж буй улс улсын олон мянган тамирчид Монгол гэхэд бүгд мэддэг болсонд нь баярлаж байна. Миний хувьд цаашид тэмцээнд оролцохгүй. Илүү түлхүү энэ спортыг хүн бүрт хүргэх талаас нь мөн шавь нараа бэлтгэж дасгалжуулж ажиллах болно. Төр засаг маань ч энэ спортыг дэмжиж ажлаасай гэж хүсэх байна. Ингэхэд та бүхэн гадаадын тэмцээнд оролцоход зардлаа хаанаас гаргадаг юм бэ? -Тэмцээн уралдаанд оролцох, улсан аваргын тэмцээн уралдаануудаа зохиоход санхүүгийн асуудал хүнд байдаг. Зардлын ихэнх хувийг академийн үйл ажиллагааны хүрээнд олсон хуримтлалаасаа зарцуулж байна. Гэхдээ бидэнд тусалж дэмжиж оюунлаг нийгмийг хөхүүлэн дэмжиж байсан найз нөхөд, тамирчдынхаа ар гэрийнхэн, сүмогийн их аварга Д.Дагвадорж тэргүүтэй сайхан сэтгэлтэй хүмүүсийг мартаж болохгүй. Та нартаа их баярлалаа гэж хэлмээр байна хэмээв. Ч.БОЛОР

Б.Дөлгөөн усан спортод рекорд тогтоолоо

Арабын Эмиратын Дубай хотноо болж буй Азийн аварга шалгаруулах IX наадамд манай усан спортын шилдэг тамирчид оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай спортын мастер Б.Дөлгөөн амжилттай оролцож 100 метрийн далайн гахай сэлэлтэд 1:01:30 гэсэн амжилтаар Монголын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Өмнөх дээд амжилт 1:01:50 байсан ажээ. Б.Бүжүүлэй

Аймгийн арслан Н.Батсуурь түрүүллээ

Аймгийн арслан Н.Батсуурь түрүүллээ Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөө-нд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх, аймгийн арслан Н.Батсуурь түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэнүүд дэвжээний бөх, улсын заан Д.Баасандорж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, UFC группийн бөх, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Хилчин спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин П.Ганхүү нар шалгаран үлдэв. WORD.MN Б.Бүжүүлэй

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.