Тайванийн Тайпэй хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуус өнөөдөр 16.00 цагт эх орондоо ирнэ. Тус тэмцээнд оролцож, Монголын багийн спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай О.Сэргэлэн /Төмөр замын коллеж/, А.Энхтүвшин /ШУТИС/, Б.Батжавхлан /МУИС/, А.Бямбадорж /МУБИС/, Э.Цэрэнбаатар /ОТИС/, Т.Санчир /МУИС/, Б.Билгүүн /ОТИС/, Г.Цэнгүүнбаяр /МУИС/, Т.Билгүүн /МУБИС/, Ц.Азбаяр /МУИС/, Д.Дэлгэрням /ШУТИС/, О.Очирбат /МАБТДС/ нарын тамирчид багтсан юм. ОУХМ Ш.Сэдбазарын хувьд 2001 оноос монголын шигшээ багт тоглож байгаа чадварлагч тоглогч төдийгүй өсч яваа залуу дасгалжуулагч юм. Энэ удаагийн тэмцээнд монголчууд чамлахааргүй амжилт үзүүлсэн явдал нь Ш.Сэдбазар дасгалжуулагчийн ур чадвартай зайлшгүй холбоотой. Магадгүй түүний сүүлийн жилүүдэд гадны туршлагатай дасгалжуулагчидтай хамтран ажилласан явдал нь эерэгээр нөлөөлсөн байх талтай. Тэрбээр сагсан бөмбөгийг бодож тоглох нь чухал гэж үздэг бөгөөд америкчүүдийн нэгийн эсрэг нэг тоглолтын тактикийг бус багийн тоглолтыг чухалд үздэг нэгэн. Тамирчдаа нэг гар мэт зангидахын тулд тэрбээр ахуй амьдрал дээр ч гэсэн нэг амьтай байх зарчмаар ажилладаг. Тэмцээнд БНХАУ, Тайван, Өмнөд Солонгос, Филиппин, Хонгконг, Монгол гэсэн зургаан орны тамирчид оролцож, багууд тойргийн системээр тоглосон. Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж, гараагаа тун сайн эхлүүлснээр нийтдээ зургаан тоглолт хийж дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүрэл медалийн эзэд болсон юм. МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮН: Монгол 73:67 ХонгКонг БНХАУ 67:70 Монгол Монгол 90:70 Филиппин Солонгос 85:52 Монгол Монгол 59:97 Тайван Монгол 86:78 Филиппин /хүрэл медалийн төлөө/ WORD.MN Б.Бүжүүлэй
Үндэсний хоккейн лигийн шинэ улирал эхлэх эсэх нь арваннэгдүгээр сарын 1-нд шийдэгдэхээр боллоо. Бүтэн хоёр сарын турш маргалдсан талууд 50:50 хувиар ашгаа хувааж авах эцсийн шийдэлд хүрсэн аж. Гэхдээ гэрээнд гарын үсэг зурснаар лигийн тэмцээн эхлэнэ. Харин гарын үсэг зурах хугацаа хойшлогдвол улирлын тоглолтууд бүтэн явагдах боломжгүй бөгөөд дахин хагас улирал локаут үргэлжлэх юм. Бүтэн улиралд багууд 82 тоглолт хийдэг бөгөөд ирэх сарын 1-нд гарын үсэг зурах ажиллагаанд лигийн болон тоглогчдын төлөөлөл Нью-Йорк хотноо цуглах аж.
Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн улсын начин Гандолгорын Батсүхийн нэрэмжит үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах барилдаан болж өндөрлөлөө. Дархан-Уул аймгийн Дархан суманд болсон энэхүү барилдаанд нийслэл, орон нутгаас 19-20 насны 117 залуу хурд, хүчээ сорьжээ. Тэд эхний шатанд зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрийн эхний гурван бөх дараагийн шатанд үлдсэн байна. Дээрх 18 бөх хоёрдугаар шатанд тойргоор барилдахад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Э.Оюунболд ганц ч өвдөг шороодолгүй түрүүлжээ. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн харцага Д.Хүдэрбулга 15 даваа, хоёр унаатайгаар мөнгө, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд 14 даваа, гурван унаатайгаар хүрэл медаль хүртсэн байна.
Уул уурхайн яам, Монголын шатрын холбоо, Энержи Ресурс компанитай хамтран 15.5 сая төгрөгийн шагналын сантай, шатрын түргэвчилсэн тоглолтын тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Уул уурхайн салбарын 90 жилийн ой, Уурхайчдын өдөр-т зориулан зохион байгуулсан уг тэмцээнд зургаан их мастераас гадна Монголын шилдэг 100 шатарчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Гурван өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун түрүүлж, Б.Гүндаваа удаалсан бол мастер У.Насанжаргал гуравдугаар байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул найман оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Баярмаа удаалсан байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү тэмцээний үеэр оролцсон тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн байна. У.БОЛОР
Энэ оны гуравдугаар сард Дэлхийн таван удаагийн аварга Т.Рейна тэргүүтэй Францын эрэгтэй жүдочид манай оронд ирж хамтарсан бэлтгэл хийсэн билээ. Тэгвэл тус улсын эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт манай улсад иржээ. Монголын жүдо бөхийн холбооны урилгаар ирсэн Францын тамирчид хагас сарын бэлтгэл хийгээд нутаг буцах аж. Франц улс нь жүдо бөхийн спортыг өндөр түвшинд хөгжүүлсэн улс бөгөөд хамгийн сүүлийн зуны Олимпод хоёр алт, таван хүрэл медаль хүртэж тус спортын төрөлд ОХУ-ын дараа хоёрдугаарт орж байсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй