Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадамд ес даван түрүүлж аймгийн арслангаас улсын арслан хэмээх нэр хүндтэй цолонд хүрсэн Увс аймгийн Давст сумын харъяат Пүрэвийн Бүрэнтөгсийн цолны найр нижгэр боллоо. Тус найранд дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага А.Бямбажав, Ө.Бат-Орших, Э.Батбаатар, улсын начин Д.Насандэлгэр тэргүүтнүүд хүрэлцэн ирсэн байв. Харин улс төрчдөөс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Лу.Гантөмөр, Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар уригдан иржээ. Арслан цолныхоо найрыг Чингисийн өргөө цогцолборт хийсэн юм. Зочдын хамгийн түрүүнд найрын эзэн, цэнхэр өнгийн дээлээр гоёсоор аав Ц.Пүрэв, ээж Д.Мөрөн, эхнэр хүүхдийн хамт ирсэн бол дараахан нь Х.Баянмөнх аварга Увс нуур дэвжээнийхээ бөхчүүдтэй ирсэн юм. Баянаа аваргыг арав гаруй хар жип хөлөглөсөн бөхчүүд дагаж иржээ. ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАМТ ОЛОН ШИНЭ АРСЛАНД 2 ӨРӨӨ БАЙР, ГАН ТУЛГА БЭЛЭГЛЭЛЭЭ П.Бүрэнтөгс хамгийн ойр дотны хүмүүсээ цуглуулаад 610 хүргэжээ. Гэвч олон хүн байнга хүлээж авдаг тус рестораны хамт олон юмыг яаж мэдэх вэ гээд 50 хүний ширээ нэмж зассан аж. Гэтэл өнөөх нэмэгдэл ширээ нь ч зочдоор дүүрч дахин 40 хүний ширээ захиалсан. Тэглээ ч төрийн наадамд түрүүлсэн бөхийн хишгийг хүртэх гэсэн зочид цуварсаар суух газар хаана ч олдсонгүй. Шинэ арслан П.Бүрэнтөгс ДЦС-4 ТӨХК-ийн нэр дээр барилддаг. Тиймээс ДЦС-4 ТӨХК-ынхан Арсланд бэлэг гардуулах зочдын салхийг хагаллаа. Тэд ганболд төмрийг хайлуулж хийсэн тулга бэлэглэж, хоёр өрөө байрны эрх гардуулж өгсөн юм. Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням аваргууд уг тулганд анхны галыг нь бадраалаа. Энэ гантулгыг хийсэн ган хоолой тийм ч амар хайлдаггүй, 3000 гаруй хэмд хайлдаг учраас тусгай захиалгаар хийлгэжээ. ЕВРОПЫН ОРНООР 14 ХОНОГ АЯЛАХ ЭРХЭЭР ШАГНАВ Увс аймгийнхан шинэхэн арслангаа мялаахын тулд чамлалтгүй хөрөнгө мөнгө, сэтгэл гаргасан гэдэг нь илт. П.Бүрэнтөгсөд Европын орнуудаар 14 хоног гэр бүлийн хамт аялах эрхийн бичгээрээ хүртэл мялааж байсан юм. ХОЁР ӨРӨӨ БАЙР, ИЖ БҮРЭН ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ Хархираа архиар олны танил болсон Увс хүнс компанийнхан ч бас шинэ арсланд өгөх бэлгэндээ гар татсангүй. Увс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд тун идэвхитэй оролцдог энэ компанийнхан шинэ арсланд хоёр өрөө байр бэлэглэв. Зайсанд байрлах энэ хоёр өрөө байрны тавилга, цахилгаан хэрэгслийг ДЦС-4 ТӨХК-ны ажилчид бэлэглэсэн юм. Үйлдвэрээс мөнгө гаргаж байр бэлэглэж байгаа учраас тус станцийн хамт олон мөнгөө нийлүүлж, хоёр өрөө байрны тавилга бэлэглэсэн аж. УЛС ТӨРЧДИЙН ДАЛЛАГАТАЙ АРСЛАНГИЙН НАЙР П.Бүрэнтөгс арслангийн нйаранд Увс нутгаас гаралтай улс төрчид бараг бүгдээрээ цугласан байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн хүндтэй суудалд суусан байлаа. УИХ-ын дарга байхдаа П.Бүрэнтөгсийг Увсаас дагуулж ирж байсан учраас олон хүн түүнд талархаж байгаагаа нуухгүй байсан юм. Тэрбээр Би УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очсон юм. Тэр үед аймгаасаа ганц сайхан бөх төрүүлчих юмсан гэж битүүхэн хорхойсч явсан үе. Бөх болчихоор ганц сайн хүү аваад ир гэж аймгийн удирдлагуудад хэлтэл энэ П.Бүрэнтөгсийг дагуулж ирж байлаа. Бүрэнтөгсийг анх хот руу дагуулж ирсэн хүн нь би юм шүү. Тэгээд тэр намар нь хот оруулж ирж зургаан сар болгосон. Сүүлд нь сумогийн Батбаяр зодог тайлаад монголд ирж байсан ш дээ. Тэр үед арга хэмжээ зохион байгуулахад нь Япон руу явуулчих санаатай Батбаяр, түүний багш нартай танилцуулж байсан. Тэр үед Бүрэнтөгс, Цэвэгням хоёрыг зэрэгцүүлээд зогсооход Бүрэнтөгс хоёр хуруу хиртэй өндөр байсан. Тухайн үед дөнгөж 10-р ангийн хүүхэд байсан юм. Тэгээд тэр жил 10 төгсөөд орж ирэхэд нь А.Сүхбат аваргад өгч дөрвөн жил сургасан. Дараа нь Балжаа аварга дээр ирээд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. Тэгээд манай Увсаас гаралтай наадмын түрүү бөхчүүд чинь Хан-Хөхий уулсаа дагасан бөхчүүд л дээ. Баянаа аварга, Балжаа аварга, Мөөеө аварга, Ганбат арслангууд чинь Бал даргын нутгийн хүүхдүүд юм шүү дээ хэмээн ярьж байсан юм. Энэ найранд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас бусад бүхий л улс төрчид саатжээ. БҮТЭН ГУРВАН ЦАГ ЗОГСОЖ БЭЛЭГ АВЛАА Улсын арслан П.Бүрэнтөгсийн найранд 600 гаруй хүн ирсэн. Гэвч найрын эзэн маань бүтэн гурван цаг гаруй тайзан дээр зогсож, ерөөл, магтаалын үг сонсож, бэлэг авлаа. Бэлгэнд ирсэн мөнгөн аяганы тоо тоогоо алдаж, хоёр цаасан хайрцаг дүүрэв. Бүтэн оройжин тайзан дээр зогсож бэлэг гардсан Улсын арслан маань зочидтойгоо ч олигтой хууч хөөрч амжсангүй, бэлэг сэлтний хөлд дарагдаж багагүй чилээрэхсэн нь илт байсан юм. Найрын эзнээс гадна ая дуугаа өргөх учиртай дуучид маань ч багагүй чилээрхэж байлаа. Бэлгээ гардуулах гэж яарсан зочид дуучидыг зарлах боломж олгосонгүй. Аргаа барсан дуучид сиймхий гарвал өөрсдөө тайзан дээр гарч, өөрөө өөрийгөө зарлан ая дууны мэндчилгээ дэвшүүлж байлаа.
Олимпийн медальтнууд өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд 11.00 цагт мэдээлэл хийх гэж байна. Тэд энэ удаад Олимпийн медальт ахмад тамирчдаа хүндэтгэх арга хэмжээний талаар мэдэгдэх юм. Тодруулбал Монгол улс анхны олимпийн медалиа аравдугаар сарын 20-нд хүртэж байсан түүхтэй бөгөөд Монголын олимпийн хороо энэхүү өдрийг эргэн дурсаж, арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ.
Азийн Оюутны аварга шалгаруулах Таэквондогийн 3 дугаар тэмцээн 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Малайз улсын Саба мужийн Кота Кинабалу хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг 9 улсын баг тамирчид өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчаар ахлуулсан баг Монгол улсыг төлөөлөн оролцож 4 медаль хүртжээ. Эрэгтэй тамирчдаас 58кг-ийн жинд МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр хүрэл медаль, 54кг-ийн жинд ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр мөнгөн медалийн эзэд болжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 49кг-ийн жинд МУБИС-ийн оюутан Н.Долгормаа мөнгөн медаль, 53кг-ийн жинд Г.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Багийн нэгдсэн дүнгээр 7 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Тайланд улс тэргүүн байранд шалгарсан юм. Харин дэд байранд 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар Казакстан улс, гуравдугаар байранд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн Вьетнам улсын баг тамирчид шалгарчээ.
25 настай америк залуу Ник Клекнер АНУ-ын зүүн эргээс баруун эрэг хүртэлх нутгийг явганаар туулж дууслаа. Бадарчин Ник хочтой болсон тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд Флоридагаас аян замдаа гарч 180 хоногийн дараа Калифорнийн эрэгт хүрчээ. Дөрвөн мянган км замыг туулж таван хос гутал элээсэн Ник танихгүй хүмүүсийн өгөөмөр сэтгэлд найдан ямар ч мөнгөгүй, усгүй, хоолгүй замдаа гарсан юм. Түүнд зөвхөн интернэтийн төлбөрийг нь жилээр урьдчилан төлсөн iPod Touch байсан бөгөөд үүгээрээ хаана яваагаа ар гэрийнхэндээ хэлж, блогоо хөтөлдөг байжээ. Би сайн гэр бүлд төрж өссөн. Би сайхан ажил хийж, мөнгөөр хэзээ ч дутагддаггүй байлаа. Гэвч амьдрал минь нэгэн хэвийн болсон тул энэ аялалд гарахаар шийдсэн юм. Миний ч зөв байж. Бадарчин болсноор би жинхэнээр амьдарч, хүний тусламж, сайхан сэтгэлийн үнэ цэнийг үнэлж, мэдэрч сурлаа хэмээн залуу аялагч өгүүлэв.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн залуучууд голдуу тамирчид өнгөрөгч бямба гаригт Туркийн Стамбул хотноо болсон Дэлхийн цом-ын тэмцээнд оролцож, хос хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом-ын тэмцээнд 17 орны 96 тамирчин зодоглосон бөгөөд Монгол Улсын хувьд дөрвөн жинд есөн тамирчнаа сойсон байна. Ингээд 52 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 63 кг-д ОУХМ Ц.Цэнд-Аюуш нар хүрэл медаль хүртжээ. Жүдочдын дараагийн тэмцээн энэ сарын 11-13-нд Абу Дабид болох гран при тэмцээн байх юм. Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Эрэгтэй: 60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин 66 кг: Ё.Алтансүх, Б.Хишигбаяр 73 кг: Г.Одбаяр 90 кг: Б.Амбасэлмаа Эмэгтэй: 48 кг: Г.Саранзаяа, Б.Алтанцэцэг 52 кг: Б.Бат-Эрдэнэ 57 кг: Д.Сумъяа 63 кг: Б.Мөнгөнчимэг нар багтжээ. Тамирчид шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлага дор тэмцээнд оролцох аж. Түүнчлэн Олон улсын шүүгч Д.Баттулга шүүх бүрэлдэхүүнд ажиллах юм байна. М.Хүслэн
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй