Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр: Олимпийн медаль л бол олимпийн медаль шүү дээ

Лондон-2012 зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өчигдөр МҮОНРТ-ийн Лондон-2012 студид зочилж, шууд ярилцлагад орсныг Mongolcomments.mn цахим хэвлэлийн уншигчдадаа хөрвүүлэн хүргэсэн байна. -Нэн түрүүнд Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг таван тивдээ дуурсгасанд баяр хүргэе. Олимпийн хос медальтан аваргын маань сэтгэл өндөр байгаа байх? -За маш их баярлалаа. Лондонгоос алт биш ч мөнгөн медаль хүртээд ирсэндээ сэтгэл өндөр байна. Ард түмэн маань их сайхан хүлээж авсан. Ард түмэн, эх орныхоо итгэлийг алдахгүйн төлөө улам хичээж барилдана гэж бодож байна даа. -Хөл тань бэртээгүй бол алт авахад ойрхон байлаа. Гэхдээ алтын дайтай мөнгөн медаль хүртлээ гэж эх, орон, элэг нэгтнүүд нь хүлээж авсан шүү дээ? -Тийм ээ. 2006 оны хавар би шилбэнийхээ нарийн ясыг барилдаж байгаад хугалчихсан юм. Түүнийгээ мэдэхгүй явж байгаад зун нь зураг авахуулахад том бороолчихсон байсан. Тэгж байтал эдгэчихэж байгаа юм л даа. Намар нь зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гээд бэлтгэл хийж байхдаа давхар ачих гээд тулгуур хөл дээрээ хүнээр даруулахад сунаад нэг эвгүй болчихсон юм. Ингээд тэмцээн өнгөрөөд, өвдгөвчтэй яваад, гайгүй л байгаад байлаа. Дараа нь 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байтал бас тэр хөлөө гэмтээгээд, сэдрээчихсэн. Улсын аваргыг боолттой, бараг нугарахгүй шахам хөлтэй өнгөрөөж, төдийлөн амжилт гаргаж чадалгүй, хүрэл медаль аваад дуусгаж байлаа. -Тэгвэл бэртэлтэй их удаан явжээ? -Бэртлээ тоохгүй, улсын аваргаар хүрэл медаль авсандаа жаахан сэтгэлээр унасан байдалтай байсан. Ер нь 2007 оны хавраас эхлээд бага зэрэг эмчилгээ хийлгээд явж байсан ч хөл маань гацдаг болчихсон байсан гэх үү дээ. Тэгээд яваад байхаар сүүлдээ нөгөө өвчтэй хөлөө хөндөхгүй, эвтэйхэн аргалаад сурчихдаг юм билээ. -2008 оны Бээжингийн олимпод өвчтэй хөлтэй барилдсан хэрэг үү? -Тийм. 2008 оны олимпоор тэрчигээрээ орсон. Өмнөхөн нь Тайвань руу явж жаахан эмжичлгээ хийлгэсэн. Тэр нь амжилт үзүүлэхэд нөлөөлсөн байх. Эмчилгээ хийлгэхдээ оношийг нь тодруулахад холбоос нь тасарчихсан байсан. Түүнээсээ болоод зөөлөн эд нь гэмтсэн байсан. Өвдөгний холбоос нь тасарчихаар хойшоо, урагшаа хөдөлдөг нь гацдаг болчихдог юм билээ. Олимпийн дараа эмчилгээ сайн хийлгээд баруун хөл уг нь их гайгүй болсон юм. -Сүүлд бичлэгийг харахад хөл тань эвгүй болж байгаа нь харагдаж байсан. Хөлөө эвгүй болоход сандарч тэвдсэн л биз. Одоо яах билээ гэдэг ч юм уу? -Барилдаан эхлээд бараг минут гаруйн л хугацаа өнгөрсөн байх. Хөлөө хаяад өрсөлдөгчөө үүрч суусан чинь яг тэр хөл дээрээ эвгүй дарчихсан юм билээ. Тэгээд л хамаг бие сулраад явчихсан. Хөл бэртэлтэй болчихсон учраас доошоо дарж хамгаалж болдоггүй, дээшээ л харж барилдаж байлаа. -Хоёр хөлөө гэмтээсэн ч эмчилгээгээ сайн хийлгээд, удахгүй барилдана биз дээ? -Нэн түрүүнд эрүүл мэндээ бодож байна. Бие эрүүл байж амжилт гаргах учраас хөлөө эмчлүүлэх хэрэгтэй байгаа. -Ингэхэд мөнгөн медаль хүртчихээд доголоод гарч ирэхэд тань манай хэвлэлийнхэн ярилцлага авъя гэхэд нь уйлаад, дараа ярилцлага өгье гэж байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөл ард түмэнд олон зүйлийг бодогдуулсан шүү? -Тэр үед шоконд орчихсон байсан. Зооны аваргын төлөөх барилдаанд ороод, бэртсэний дараах барилдаан учраас юу болоод өнгөрснийг бараг мэдээгүй л дээ. -Хөлний тань гэмтэл сэтгэл зүйд нөлөөлсөн байсан байх л даа. Гэхдээ алт авч чадаагүйдээ уйлаад байгаа ч юм шиг, эсвэл мөнгө хүртсэндээ баярлаад байна уу ч гэмээр сэтгэгдэл төрүүлж байсан шүү? -Өвчтэй ч гэсэн гүрийгээд барилдах хэрэгтэй байсан юм. Тухайн үед хамаг юм өнгөрлөө л гэж бодогдож байсан шүү дээ. Мөнгөн медалийн төлөө барилдаж чадахгүй бол хүрэл медалийн төлөө ийм хөлтэй барилдахаасаа өнгөрнө дөө гэж бодогдоод сэтгэл санаа их хүнд байсан. Нөгөөтэйгүүр мөнгөн медалийн төлөө барилдаад ялсан баярлах сэтгэл байсан ч алт авч чадаагүй гэсэн харуусал давхар орж ирээд байсан. Ингээд ямар сэтгэгдэлтэй байгаагаа хэлж мэдэхгүй, давхар давхар юм болсон л доо. /Инээв. сурв/. -Хван Хи-тэй барилдсан тухайгаа яриач. Барилдахын өмнө яг юу бодогдож байв? -Узбекийг ялсны дараа финал хүртэл завсарлага авсан юм. Гурав барилдаад ялчихсан учраас сэтгэл санаа, зүрх ачааллаа дийлэхгүй жаахан тэвдсэн. Манай хэд намайг аль болох тайван байлгах гээд хоол унд зөөж гүйгээд л байсан. Тулга захирал хүртэл орж ирчихсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хөлөнд массаж хийж байсан. Бараг надаас илүү тэвдээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Найз Энхбат болоод багш нар, ер нь бүгд л сэтгэл санааг маань дэмжиж байсан. Намайг барилдахаас илүү тэр хүмүүс л нервитэж байсан шиг санагдсан шүү. -Хван Хи-тэй зэрэгцээд дэвжээн дээр гарч байхад юу бодогдож байв. Өөрийгөө зоригжуулах нь тамирчин хүний зан байх? -Тухайн үедээ ялна л гэсэн бодолтой байсан. Өрсөлдөгчийг зөөлнөөр бодож болохгүй. Ямар нэгэн дайралт ирвэл хамаг хүчээ дайчлан барилдана гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ учиргүй би түүнийг ялчихна, амархан савчихна гэсэн бодол орж ирээгүй л дээ. -Тэгвэл С.Ням-Очирыг хүрэл медаль авч байхад ард нь байсан уу. Их баярласан биз? -С.Ням-Очирыгоо хүрэлийн төлөө барилдахад нь их баярласан. Олимпийн медаль л бол олимпийн медаль шүү дээ. Бид багаараа сайхан баярласан. Өмнөх хоёр өдөр нь манайхан тааруухан барилдаад багш нартаа жаахан загнуулчихсан байсныг ч хэлэх үү, С.Ням-Очирыгоо медаль авахад сэтгэл дүүрэн байлаа. Маргааш өглөө нь бэлтгэл хийхэд ч сэтгэл өег байсан шүү. - Харин өөрийг тань мөнгөн медаль хүртээд орж ирэхэд танай багийнхан хэрхэн хүлээж авав. Өмнө нь Бээжингийн олимпийн шигшээд барилдчихаад орж ирэхэд манайхан баярлаад өөдөөс гүйж ирэх байх гэж бодож байтал чимээгүй хараад суугаад байхаар нь их гайхаж байлаа гэж ярьж байсныг тань санаж байна? -Бээжингийн олимпийн аварга болох үедээ тамирчин хүний зовлон гэдгийг нэг их үзээгүй байсан шиг байгаа юм. 2008 оноос хойш бэртэл гэмтэл, жиндээ орох асуудал, олон удаа ялагдсан гээд нэлээн юм үзсэн болохоор сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болчихдог юм билээ. Манайхны хувьд их баяртайгаар хүлээж авсан. -Мөнгөн медаль хүртэхэд тань Монгол Улс даяараа баяр хөөрөөр бялхаж байлаа. Жинхэнэ олимпийн аварга гэж Н.Түвшинбаярыг л хэлнэ, би бурханыг биш Н.Түвшинбаярыг шүтнэ гэх яриа ч гарсан байсан. Харин дэлхийн хүнийг төрүүлсэн аав, ээж бүр ч агуа байх? -Хүүхэд наснаас минь тэвчээртэй, зөв хүмүүжил олгосон аав, ээждээ баярлалгүй яах вэ. Аав, ээжийн хүмүүжлээс үргэлжлүүлээд жүдо гэдэг спорт намайг хүн болгосон. Жүдо бусад спортоос ялгарах зүйл нь ёс жаягийг маш сайн баримталдаг юм. Амьдралд хэрэгтэй асар их зүйлийг надад өгсөн гэж боддог доо. -Олимпийн аварга болсоны дараа бүх хүн баяр хүргээд агаарт яваа юм шиг л байлаа. Тэгж байтал аав минь загнаад буулгачихсан гэж 2008 онд ярьж байсныг тань бас санаж байна. Нэг ёсондоо од болчихсон хүмүүс өөрийгөө барих их хэцүү байх. Дараа дараагийн олимпийн медальтнууддаа энэ талаар сургамж хэлээч? -2008 оны олимпийн дараа хүн болгон хүндлээд л агаарт хөөрөөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр үед аавдаа загнуулсан нь том ухаарал өгсөн. Хүний алдаа, дутагдлыг аав, ээж л хэлж өгнө шүү дээ. Залуучууддаа хэлэхэд эцэг, эхийнхээ үгийг сайн сонсоорой. Бас сэтгэл зүрхээрээ зүтгэвэл заавал юманд хүрдэг юм шүү гэж хэлмээр байна. Манай Тулга захирал ч гэсэн 2008 оноос хойш олон тэмцээн уралдаанд ялагдсаны дараа Одоо чиний сэтгэл хөөрөл бууж, юм хэлэхэд ойлгохоор болж байна уу гэж байсан. Баттулга захирал бол миний хувьд багш шиг минь байдаг хүн. Өглөө болгон надтай гүйж бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэлийг Тулга захирал л бараг хийлгэдэг учраас багш гэж хэлж болно доо. Баттулга, Энхболд гээд ах нартайгаа бэлтгэл хамт хийж явсаар өнөөдрийн амжилтад хүрлээ шүү дээ. -Бэлтгэл гэснээс бэлтгэл хангагч багийнхаа андуудын талаар ярих зүйл их бий байх? -Хүчний бэлтгэл хийдэг ах нараас авахуулаад дасгалжуулагч Насантогтох багш, Балжинням багш, Болдбаатар багш, Нармандах багш, Нямлхагва багш нарын маань оролцоо их бий. Мөн миний харьяалагдаж явдаг Женко клубийнхэндээ их баярладаг. Энэ клубт анх авч байсан Энхбаяр багшийн маань үүрэг ч их. Хамт бэлтгэл хийдэг найзууддаа бас талархаж явдаг даа. -Анх жүдод хөтөлсөн хүмүүсийн гавьяаг дурьдахгүй өнгөрч болохгүй байх? -Тийм ээ . Анх жүдод хөтөлсөн хүмүүс бол миний ах нар. Ингэж барилддаг юм гээд л мэх заадаг байлаа. Манай Эрдэнэ-очир багш бол ихээхэн гавьяатай хүн дээ. Булган аймагт долоодугаар ангиа төгсөөд наймдугаар ангид орохдоо бөхийн секц хайж яваад бэлтгэлийн заалаар шагайчихсан юм. Тэр үед л Эрдэнэ-Очир багш маань Чи ороод ир гэж хашгирсан. Яваад ороход минь маргаашаас ирээрэй гэж хэлж билээ. Тэгээд л би жүдод хөл тавьж байлаа. Дараа нь овоо жүдогийн дөртэй болсон хойноо буюу аравдугаар ангиа төгсөөд анх хотод орж ирэхэд Авзага трейд компанийн захирал Мэндбаяр ах маань намайг Аварга дээд сургуульд оруулж, Б.Бат-Эрдэнэ аваргын шавь болгож байлаа. Тэр үеэс жүдогийн дэг, жаягийг жинхэнэ утгаар нь заасан хүмүүс бол Маралгэрэл, Ууганбаатар гэх багш нар маань юм. Үргэлжлүүлээд Аварга сургуульд сурч байхдаа жаахан назгайрч байхад Ганбаяр начин Энхбат, Мөнхбаатар, Бүрэнбаатар биднийг бэлтгэх болсон. Үнэн сэтгэлээсээ мэх заахын зэрэгцээ сэтгэл зүйг маань маш сайн бэлтгэж өгдөг байсанд талархдаг юм. Багш маань тэр үед сайн бод, бод л гээд байдаг байлаа. Мэх хийхэд юуг нь боддог юм гэж харин би бодно. Гэтэл одоо би өөрөө хүүхдүүдэд мэх заахдаа сайн бод гэж хэлдэг юм. Мэх хийхэд асар их ухаан, мэдрэмж шаардагддаг юм л даа. Ер нь биднийг ийм амжилт гаргаж байгаагийн ач гавьяа нь манай ахмад үе шүү дээ. Одхүү начин, Олон улсын хэмжээний мастер Очирбат гээд л дурдвал олон хүн бий. -Тэгэхээр Монголын шигшээгийхэн Лондонгийн олимпийг зорьсноос та бүхэн медалийн буухиаг эх орондоо түрүүлж авч ирлээ. Үлдсэн төрлүүдээс дахин медальтан төрнө гэж бодож байна уу? -Одоо боксийнхон тоглож байна. Үргэлжлүүлээд чөлөөтийнхөн барилдана. Тэдэндээ их найдлага тавьж байгаа. Хүрэл медалиасаа мөнгө болж өгслөө. Одоо ганц медаль үлдсэнийг авах байх гэж бодож байна. Манай жүдогийнхон булган сүүлтэй учраас медаль авч ирнэ гэж найдаж, дэмжиж байгаа шүү. -Сүүлийн асуултаа тавья. Онгоцноос дөнгөж буухад тань хоёр хүү нь гүйж ирээд л хөлнөөс нь тэврээд авч байгаа харагдсан. Тэмцээн, бэлтгэлээр олон хоног гэрээсээ явахдаа тэднийгээ их л санадаг байх даа? -Сүүлийн хоёр жил би бараг гэртээ байгаагүй. Хааяа ирж, очоод явдаг байлаа. Том хүү маань намайг мэддэг байх. Бага хүү маань намайг бараг таньдаггүй болов уу гэж эхнэр бид хоёр ярьдаг юм. Мэдээж хүний үр л болсон хойно цаанаа өөр байдаг юм л даа. Бэлтгэлд гарсан хойно хүүхдүүд маань намайг санана, би хүүхдүүдээ бас их санана. Гэр бүлийн хүн маань ч бас санана даа /инээв. Сурв/.

С.Батцэцэг арын хаалганы тамирчин биш гэдгээ  батална

О.Насанбурмаа сарын тэмдэг ирэх төдийхнөөр олимпийн эрхээ хасуулжээ Монголчуудын олимпийн түүхэнд арвин намтартай чөлөөтийнхөн Лондон-2012 наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд тамирчдаа сойх эрх авсан билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/ нар, харин эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай зодоглосноор Лондонг зорих эрхээ аваад байлаа. Гэвч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпод явуулахаар гэнэт шийдвэрлэсэн нь чөлөөтийнхний дунд эвгүй яриаг газар авахад хүргэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл олимпийн үеэр О.Насанбурмаагийн сарын тэмдэг ирнэ гэх шалтгаанаар эрхийг нь түдгэлзүүлсэн нь С.Батцэцэг арын хаалганы тамирчин гэдэг ойлголтыг төрүүлжээ. О.Насанбурмаагийн сарын тэмдэг ирэх мөчлөгөөр далимдуулж тэмцээнд явуулахгүй байх шалтаг хайж, С.Батцэцэгийг арын хаалгаар явуулчихлаа гэдэг яриа өвсөнд тавьсан түймэр мэт чөлөөтийнхний дунд ассан аж. Тиймээс С.Батцэцэг маргааш болох эхний барилдаанаасаа авахуулаад л арын хаалганы тамирчин биш гэдгээ батлах хэрэгтэй болжээ. Харин Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагын тухайд Эмэгтэй тамирчдын сарын тэмдгийн мөчлөг гэж чухал асуудал байдаг. Мөчлөг нь таарвал бие организм болоод сэтгэл зүйн хувьд үзүүлэлт бүтэн 50 хувиар буурдаг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл бий тул хувь хүнээс шалтгаалахгүй нөхцөл болдог хэмээн тайлбарлаж байв. Мэдээж спортын том наадамд оролцох нь тоглоом биш, тусдаа судалгаа шинжилгээ, хөдөлмөрийн үр дүнд амжилт үзүүлдэг болохоор иймэрхүү асуудлуудыг МЧБХ тооцоолсон байх учиртай л биз. Тэгэхдээ үнэхээр болгоё гэвэл энэ нь асуудал биш төдийгүй О.Насанбурмааг явуулахгүй байх зүгээр л инээдтэй, хөгийн шалтгаан байсан гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Тэгээд ч О.Насанбурмааг зөвхөн олимпод оролцож, амжилт үзүүлэхийн төлөө бүхнээ золиосолж, сургуулиа хүртэл хаяж, дэлхийн аваргаас хоёр ч удаа хүрэл медаль хүртэж байж гавьяат тамирчин болж байсан гэж чөлөөтийнхөн өмгөөлж байгаа юм. Ямартай ч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах энэхүү хариуцлагатай тэмцээнд МЧБХ арын хаалганы тамирчинг шургуулах мэтээр хариуцлагагүй хандаагүй гэж найдахаас өөр арга үлдсэнгүй. Зүгээр л олимпийн наадмыг зарим тамирчинд үзүүлэхийн төлөө МЧБХ ийм алхам хийгээгүй гэдгийг С.Батцэцэг харуулна гэдэгт монголчууд бид ч итгэхийн хүсч байна. С.Батцэцэгтээ амжилт ерөөе.

Хятадууд Е Швенийг үр хөврөлийн аргаар бүтээсэн үү

Е Швень гэх 16 настай хятад охин Лондон 2012 олимпийн наадмын хамгийн том сенсаци болоод байгаа билээ. Усанд сэлэлтийн төрлөөр дэлхийн хоёр рекордыг эвдэж чадсан өсвөр насны тамирчны амжилтанд ОУОХ итгэхгүй байгаагаа мэдэгдэж сэргээшийн шинжилгээнд оруулсан юм. Гэсэнч сэргээшийн хариу сөрөг гарсан нь олны гайхшралыг төрүүлээд байгаа гэнэ. Энэ талаар албаны хүмүүс олон янзын таамаглал дэвшүүлж байгаа бөгөөд магадгүй Хятад улс олон жилийн өмнөөс олимпод зориулан үр хөврөлийн аргаар охиныг бий болгосон эсвэл ретропропен гэх бодисыг хэрэглэсэн байж болох юм гэжээ. Ретропропен нь олон жилийн өмнө хүний биед орсон бол мутацид орж сэргээшийн шинжилгээгээр илрэх боломжгүй байдаг байна. Харин энэ тухай Е Швень болон хятадын зүгээс эрс няцааж байгаа юм. Охины аав хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Тэд миний охиныг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэхэд миний уур дээд цэгтээ тултал хүрсэн, шинжилгээний хариу гарсаар байхад ингэж байгаад эцэг хүний хувьд гомдож байна гэжээ. Хэдийгээр хятадын зүгээс ийм мэдэгдлүүдийг удаа дараалан хийж байгаа ч ОУОХ техник биш л бол усан дотор ингэж хурдлах боломжгүй гэж үзсээр байгаа юм.

Э.Бадар-Ууган: Хамба лам өрөлт авчихсан сууж байсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Уугантай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар олимпийн наадмын нээлтийн ажиллагаа, зарим спортын тэмцээн уралдааныг хамт үзээд өчигдөр эх оронлоо ирсэн юм. -Олимпийн наадамд тамирчны биш үзэгчийн хувиар оролцох ямар байна вэ? -Сайхан зүйл үзээд ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Лондон руу хоёр зочинтой явсны нэг нь би, нөгөө нь Гандантэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай. Нээлтийн ажиллагаа өвөрмөц, олон сайхан сюрпризтэй болсон. Гадны тамирчдыг харахад өөрийгөө энэ дунд явж болох байсан гэж бодогдсон шүү. Өөрийн эрхгүй уйлах гэж байсан. Баярлахын хажуугаар гунигласан (инээв). -Ямар спортын тэмцээн үзэв? -Нээлтэд оролцсоны нөгөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзалт хийсэн болохоор Х.Цагаанбаатарынхаа барилдааныг үзэж чадаагүй. Гэтэл ялагдсан. Ерөнхийлөгч дараагийн өдрүүдийн ажлаа зохицуулаад Б.Түвшинбатын тоглолт, С.Ням-Очирын барилдааныг үзсэн. Ерөнхийлөгчийг үзэх бүрт манай тамирчид ялалт байгуулж байсан шүү. Монгол Улсын Шадар сайд, Лондон-2012 зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар бүгд Ерөнхийлөгчид Та энд байгаад байвал манай тамирчид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулж болдоггүй юм уу гэж хошигнож байсан (инээв). Маргааш нь Н.Төгсцогтыг ялуулаад ирсэн дээ. Ерөнхийлөгч Х.Цагаанбаатарыг ялагдсаны дараа олимпийн тосгонд очиж тамирчидтайгаа чөлөөтэй уулзалт хийж, сэргээсэн нь их нөлөөлсөн. -Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу? -Тамирчдын тосгонд очихдоо уулзсан. Толгойгоо сэгсэрч байна билээ. Бүр өөртөө итгэхгүй байсан. Ялагдсан хүн хэцүү. Би Монголдоо ирээд барилдааных нь бичлэгийг үзсэн. Цагаанаа үнэхээр илүү байсан. Нөгөөх нь амиа аргацааж байхад улайрч байгаад ялагдсан. Олимп дөрвөн жилд нэг болдог болохоор хатуу юм. Дараагийн олимпийг хүлээхээр нас нь явчихна. Сая Миний жинд нусан буу (Гүржийн 20 настай Лаша Шавдатуашвили) түрүүллээ гэж байна билээ. -С.Ням-Очирын хүрэл медаль хүртэхийг хараад юу бодогдов? -Үнэхээр сайхан байсан. Өөрөө авсан юм шиг баярласан. Жүдог сайн мэдэхгүй болохоор юу гэж орилохоо мэдэхгүй байлаа (инээв). -Тэгвэл боксын тэмцээний үеэр сайн орилсон биз? -Н.Төгсцогтын Азербайжаны Элвин Мамишжадетэй хийсэн тоглолтыг Ерөнхийлөгч, Шадар сайд, Хамба гуай нарын хамт хүндэт зочдын суудлаас үзсэн. Төгсөө эхний үед нэг оноогоор ялагдахад Ерөнхийлөгч сандарч байсан. Олон улсын төрийн тэргүүн суусан хүндэт суудлаас орилж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Би тэсэхээ байгаад Ерөнхийлөгчид Ориллоо шүү гэхэд Орил орил гэсэн. Ингээд орилж өгсөн дөө. Бокс мэддэг хүн хажуугаас орилоход рингэн дээр байгаа тамирчинд сонсогддог юм. Дасгалжуулагч хамаагүй хэлж болохгүй, тэгвэл торгуулдаг. Төгсөө миний хэлснээр тоглоод ялсан. Дөрөв цохь л доо гэхэд яг дөрөв цохиж, үеийн сүүлчийн 10 секунд явж байхад Нэг оноо гэхэд авч байсан. Хамба намайг бүр биширчихсэн Энэ хүүхэд яг мэдэж байна гэж байсан шүү. Нэг мэдсэн чинь Ерөнхийлөгч Сүүлчийн 30 секунд гээд орилж байсан. -Н.Төгсцогт тоглолтын дараа юу гэж байна? -Таны яриа их гоё сонсогдсон. Та Монгол руу явахгүй үлдэж болдоггүй юм уу гэсэн (инээв). Төгсөө маань тэр тамирчинд өнгөрсөн жил Бакуд болсон ДАШТ-д олимпийн эрхийн төлөө тоглоод ялагдсан болохоор би эмээж л байлаа. Би дүүгээ ДАШТ-ээс ирснийх нь дараа Чи наадахаа хамаагүй илүү ялна аа. Өнгөрсөн жил нутаг дээр нь тоглосон болохоор л ялагдсан. Та хоёр олимпийн наадамд таарна гэж хэлж байсан нь ёсоор болсон. -Н.Төгсцогт таны адил 79 дүгээр сургуульд суралцаж байсан. Та түүнийг хүүхэд байхад нь таньдаг байв уу? -Надаас олон дүү болохоор яаж анзаарах вэ. Харин Төгсөө намайг анддаггүй байсан юм билээ. Та ёстой аймар атаман байсан. Бид нар Энэ чинь нөгөө Бадар-Ууган шүү дээ гэж ярьдаг байсан гэж байсан. Миний УАШТ-ий медальтайгаа авахуулсан зураг сургуулийн хүндэт самбар дээр их гардаг. Хааяа өөрийгөө харчихаад явдаг байлаа (инээв). Ер нь манай Шархад чинь боксчидын өлгий нутаг шүү дээ. -Та нутгийн дүү-дээ юу гэж захьдаг вэ? -Ах нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа олимпийн аварга болсон. Тиймээс чамд олимпийн аварга болох дутуу байна. Үүнийг сайн бодож бэлтгэлээ хийх хэрэгтэй гэж хэлдэг. Жаахан хүүхэд болохоор урмын үг байнга хайрладаг. -Сая гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзэж амжаагүй юм уу? -Биднийг Монгол руу ирж байхад Чехийн Зденек Хладектэй эхний тоглолтоо хийж таарсан болохоор үзэж чадаагүй. Манай Мөөгий гурав дахь олимпдоо оролцож буй мундаг тамирчин шүү. Намайг улсын аварга болоогүй байхад олон улсын тэмцээнд түрүүлж байсан. -Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох БНХАУ-ын Жоү Шиминьтэйгээ нэг зоонд орсон. Энэ тухай юм ярьж байна уу? -Гайгүй биз дээ гэхэд Гайгүй ээ гэж байна билээ. Сугалааны тухай нэг их ярих дэмий байдаг юм. Бокс Англид үндэснийх нь спорт шиг болчихсон. Үзэгчид нь сайн мэддэг юм билээ. Хятадад үзэгчид жаахан сонирхолгүй үздэг. Харин Англид тэс өөр. Улсынх нь тамирчин тоглохгүй байсан ч гэсэн ордон битүү дүүрч, хөлбөмбөг үзэж байгаа юм шиг дэмжиж байсан нь гоё санагдсан. Хоёр тамирчин жаахан зодолдоод ирэхээр алга ташиж, улам улайруулдаг. Их гоё уур амьсгалтай байсан. -Манайхан жиндээ хэр орсон байна вэ? -Бүгд эрт орсон байсан. Би Төгсөөд жаахан санаа зовж байсан ч гайгүй шүү. Ёстой л уяа сойлго нь таарсан байна билээ. -Та өөрийн тоглодог 56 кг-ын жингийн тамирчдаа харж амжив уу. Танд дөрвөн жилийн өмнө юм болохгүй ялагдаж байсан Ирландын Жон Жо Невин их туршлагатай болсон байна билээ? -Тийм байна билээ. Би Кубын Лазаро Альварес, Бразилын Робенилсон Виейра хоёроос бусадтай нь тоглож байсан. Хуучны танил ОХУ-ын Сергей Водопьянов маань өчигдөр тэр бразилд ялагдлаа. 2008 онд надад ялагдсан Мексикийн Оскар Вальдес, Ирландын Жон Жо Невин хоёр хүрэл медалийн төлөө таараад байна. -Хэрвээ та олимпод оролцсон бол яах байсан бол? -Хуучныхаа амжилтыг төвөггүйхэн шиг гаргачихна. Гэхдээ одоо Тэгэх байсан гэж яриад яах вэ. Өнгөрсөн юм бол өнгөрсөн юм. -ДАШТ, Азийн наадмыг эс тооцвол та бүх тэмцээнд түрүүлсэн. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг хүсдэг биз дээ? -Тэгэлгүй яах вэ. Гэхдээ олимпийн хошой аварга болчихвол бүр гоё. Би бүх тэмцээнээс медаль хүртсэн. Бүгд алт биш л болохоос биш. Бие гайгүй болбол зүтгэнэ. -2008 оны олимпод шигшээ багийг Д.Банди, Д.Батсүрэн багш нар удирдаж байлаа. Харин одоо Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар ажиллаж байна. Энэ тухай юу хэлэх вэ? -Аливаа юм ээлж дараалалтай, үе үеэрээ байдаг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч гэдэг хүнд ажил. Д.Ганзориг багш маань энэ ажлыг хийж, багаа сайн удирдаж байгаа. Би багшдаа үргэлж баярлаж явдаг. Бээжин-2008-ын амжилтыг энэ удаа гаргах байх. -Олон жил тоглоод ирэхээр бүх зүйл гарт орно биз? -Тэгнэ. Өмнө нь яаж тоглоод ялдаг байсан юм бэ, бүү мэд. 2006 оны Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэхдээ туршлагагүй байсан байгаа юм. Би оны өмнө Казахстаны тэмцээнд дээд жиндээ түрүүлсэн. Өөрийнхөө бодсоноор тоглоод л түрүүлсэн. Гэвч хүсвэл хясна гэдэг нь болчихоод байна. -Та бэлтгэлдээ хэзээ орох вэ? -Эмчилгээгээ дуусгана. Нэлээн удах байх. Хамгийн гол нь хөдөлгөөн хоригдоод байгаа. Тэнцвэрийн эрхтэн үрэвссэн болохоор гүйж ч болохгүй. -Жин нэлээн нэмэгджээ? -Харин тийм. Хамаагүй хөдөлж болохгүй болохоор хааяа саунд сууж байна. -Одоо хэд хүрч байна вэ? -Бараг 70 кг болсон. -56 кг-ын жиндээ тоглоход асуудал үүсэх нь дээ? -Ер нь 60 кг-ын жинд л тоглоно доо. -Тэгвэл дэлхий нийт Монголын Энхбатын Бадар-Ууган, Украины Василий Ломаченко нарын супер тулааныг үзэх нь ээ? -Тийм юм байна. -Та түүнийг хэр мэдэх вэ? -Мэдэлгүй яах вэ. 2007 оны Чикагогийн ДАШТ-д би 54, тэр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртээд уйлаад гарч байлаа (инээв). Гэхдээ дараа жил нь Бээжингийн олимпод хоёулаа түрүүлсэн. -Олимпийн шилдэг боксчины шагналын төлөө та хоёр ширүүн өрсөлдсөн шүү? -Тийм. -Дөрвөн жил харвасан сум шиг өнгөрсөн байна шүү? -Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Би саяхан л олимпийн тосгонд байрлаж, тоглолтдоо бэлтгэж байсан санагдана. Хүн цаг хугацаатай уралдаж амьдрах хэрэгтэй. Урсгалаараа явж болохгүй юм. Бээжингийн олимпод түрүүлээд үнэхээр сайхан байсан. Би аварга болчихоод тугаа нөмрөөд залбирсан. Тэгэхэд олимпийн хошой аварга болохыг хүсч байлаа. Хүний шунал дийлддэггүй юм билээ. Гэвч сайн залбирч чадаагүй юм шиг байна. -Хамба лам сая яваад ирэхдээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн байх? -Олимпийн нээлтийн өмнөх өдөр бүх тамирчинтайгаа уулзсан. Хамба Би спорт мэдэхгүй. Гэхдээ манай тамирчид жаахан бэргээтэй байна гээд хийморийн сан тавьсан. Хамба гуай спорт сонирхдоггүй байсан юм билээ. Олимпийн наадмын нээлт үзээд сэтгэл нь их хөдөлсөн шүү. Энд нэг сонирхолтой юм ярьчих уу. -Тэг л дээ? -Би Хамба гуайтай нэг өрөөнд орсон юм. Нэг удаа би орон дээрээ тэрийж хэвтээд мессеж бичиж байсан. Хаалга тогшиход Хамба гуай тайлсан юм. Ерөнхийлөгчийн шадар туслах орж ирснээ Энэ Бадар-Ууган чинь ямар заваан амьтан бэ. Хамбаар хаалгаа онгойлгуулаад байхдаа яах вэ гэсэн (инээв). Би цаана нь алцайгаад хэвтчихсэн, утсаараа тоглож таарахгүй юу. Тэгсэн Бадар-Ууган Хамбыг дарамтлаад, зараад сууж байна гэсэн яриа гарсан байна билээ. -Та Хамбыг жаал зарж яваад иржээ? -Манай хэд бас ингэж ярьсан. Төгсөөгийн тоглолтын үеэр Хамба өрөлт аваад сууж байсан гэж (инээв). Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярласан талархсанаа илэрхийлье. Манай Ерөнхийлөгч спортод их элэгтэй. Ерөнхий сайд байхдаа олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгуулдаг болгосон. Би нэг сюрприз задлая. Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар бид гурвыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдгийг уншигчид мэдэх байх. Дээр үеэс яригдсан нэг зүйл биеллээ олоход ойрхон ирээд байна. Олимп, ДАШТ-ээс ирсэн тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох болсон. Ерөнхийлөгч удахгүй зарлиг гаргана. Нэг ёсондоо амьдралын баталгаатай болж байна. Гадны өндөр хөгжилтэй орнуудад ийм жишиг бий. -Нэг удаа шагнаад өнгөрөх биш? -Яг тийм. Энэ бол спортыг дэмжих хамгийн том хүчин зүйл. Спортод хөрөнгө мөнгө чухал. Гэхдээ бодлого бүр илүү чухал. Ерөнхийлөгч энэ тухай яриагүй байгаа ч би задалчихлаа. Манай спортынхон Ерөнхийлөгчдөө Баярлалаа гэж 1000 хэлэх ч багадана.

 Жүдо бөхийн холбооны тэргүүн Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарт 300-500 сая төгрөгний шагнал олгоно

Лондон-2012 зуны XXX дахь удаагийн наадамд оролцон амжилт үзүүлсэн жүдо бөхийн тамхирчдад Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга мөнгөн шагнал өгнө хэмээн амалсан билээ. Олимпийн наадамд түрүүлсэн тамирчиндаа нэг тэрбум, дэд байрт шалгарсан тохиолдолд 500 сая төгрөг харин хүрэл медаль хүртвэл 300 сая төгрөг өгнө гэж амалсан байна. Тэгвэл тэрээр амалсандаа хүрч Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарт мөнгөн шагналаа олгохоо илэрхийлсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.