Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 100 гаруй тэмцээнд оролцож, Эзэнхааны цомыг таван удаа хүртэн, байгуулсан ялалтынхаа тоогоор дээд амжилт (макүүчид 879, нийтдээ 1047 даваатай) тогтоосон, Японы төдийгүй Монголын үзэгчдийн хайр талархлыг хамгийн хүлээсэн бөх бол озэки Кайо билээ. Өнгөрсөн оны долдугаар сард зодог тайлсан тэрбээр дасгалжуулагчийн албанд шилжиж Асакаяма ояката нэрийг авсаар нэлээд хэдэн сарын нүүр үзэж байна. Ингээд түүний нэгэн ярилцлагыг толилуулъя. -Шинэ ажилдаа дасаж байна уу? -Дасгалжуулагч болсны дараахан хүмүүс Асакаяма ояката хэмээн дуудахад эхэндээ өөрийгөө хэлж байна гэдгийг мартчихаад байдаг байлаа. Харин зарим нь зүгээр л Кайо гэнэ. Одооноос л шинэ албандаа, шинэ орчиндоо дасаж байна даа. -Озэки Кайо, Асакаяма ояката хочр нэг хүн үү. Эсвэл та амьдралаа цоо шинээр эхэлж байна уу? -Олон зүйл өөрчлөгдсөн. Маваши өмсөж, барилдахаа болиод ирэхээр өөрийгөө огт өөрөөр мэдрэх юм. Би 23 жилийн турш үүр цүүрээр босч, мавашигаа өмсөөд бэлтгэлдээ гардаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Дохё дээрх барилдааныг үзэгчдийн суудлаас харна гэдэг өөр юм билээ. -Дохё дээр өнгөрүүлсэн он жилүүдээ бодохоор зарим нэг юманд харамсдаг уу? -Бөх хүний үүргээ биелүүлсэн гэж боддог учраас юунд ч харамсдаггүй. Өнгөрснөө бус ирээдүйгээ харж амьдрах чухал. Одоо миний зорилго бол сайн дасгалжуулагч болж, шилдэг бөхчүүдийг бэлтгэн гаргах. -Анх сүмоч болж байхдаа бүтэн 23 жилийн турш барилдана гэдгээ төсөөлж байв уу? -Багадаа сүмог үзэн яддаг байсан гэвэл та итгэх үү. Үнэндээ эцэг эхийнхээ шахалтаар би барилдаж эхэлсэн. Тэд намайг 1988 онд Томозүна дэвжээнд аваачиж өгөхөд хүртэл нэлээд дургүйцэж байж очсон юмдаг. Миний сонирхол бол жүдо байлаа. Дэвжээний хатуу хөтүү амьдрал, хүнд хэцүү бэлтгэлд нухлагдсан эхний үеүдэд Би чухам хэний, юуны төлөө ингэж өөрийгөө зовоож байгаа юм бэ гэж өөрөөсөө асуудаг байлаа. Сүмог орхихоор шийдэж, хоёр залуу бөхтэй хамтран оргосон удаа ч бий. Гэвч тэр оройдоо л баригдсан. Ояката, гэр бүлийнхэн, сургуулийн биеийн тамирын багш оролцсон багахан хэмжээний хурал болсны эцэст дэвжээ рүүгээ буцсан даа. -Тэгвэл хэзээнээс сүмод сонирхолтой болсон юм бэ? -2-3 жилийн дараа бие чангарч, овоо амжилт ч үзүүлэх болсон. Яваандаа сүмо надад таалагдах болсон. Ингээд гэр лүүгээ утасдаж зовлон тоочихоо бүрмөсөн больсон. -Гурван жил ийн дараа сүмог сонирхох болсон юм байж. Тэгвэл хэзээ нь сүмод бүр дурласан хэрэг вэ? -Жюүрёо зиндаанд орсон үеэс. Өөрөөр хэлбэл сэкитори болж, сүмогийн хамгийн шилдэг 70 бөхийн тоонд орсон гэсэн үг. Өөрөөсөө хавьгүй хүчтэй, арга техниктэй бөхчүүдтэй бэлтгэл хийх нь надад маш их таалагддаг байлаа. -Андуураагүй бол ирээдүйн аварга, арслан Таканохана, Ваканохана, Акэбоно нар тантай хамт сүмод хөл тавьж байсан байх аа? -Тийм ээ, 1988 оны гуравдугаар сард шинэ бөхийн шалгалт өгсөн 90 залуугийн дунд тэд байсан. Тэд намайг бодвол сүмод дуртай, амьдралынхаа гол зорилго болгсон учраас амжилтад хурдан хүрсэн. 1993 оны тавдугаар сард намайг макүүчи зиндаанд дэвших болзлоо хангахад Акэбоно хэдийнэ ёкозүна болсон, Таканохана озэки, түүний ах Ваканохана сэкивакэ цолтой байсан. -Хэр баргийн хүний үзүүлж байгаагүй амжилт болох таван түрүүтэй мөртлөө ёкозүна цолыг авч чадаагүйдээ гомдолтой байдаг уу? -Мэдээж сүмоч болсных их аварга болохыг маш их хүсдэг байлаа. Ёкозүна цолтон тэмцээн болгонд өндөр амжилт үзүүлэх ёстой. Би тийм байж чадаагүй болохоор өөртөө, холбоонд гомдох шалтгаан үгүй. Харин сүмогийн түүхэн дэх хэд хэдэн рекордыг тогтоосноороо бахархдаг. -Та их аварга Чиёнофүжигийн амжилтыг эвдээд зодог тайлсан. Тэгэхээр гол зорилго чинь сүмод авсан даваагаараа №1-д бичигдэхийг хүсч байсан гэсэн үг үү? -Нэг талаар тийм. Гэхдээ Чиёнофүжи ёкозүна болж, олон тэмцээд түрүүлсэн. Харин би ердөө л олон жил барилдаж байж 1047 даваа авсан болохоор түүнтэй өөрийгөө зүйрлэж хэзээ ч зүрхлэхгүй. -Та 2004 оны есдүгээр сард дээд зиндаанд тав дахь удаагаа түрүүлчихээд дараагийн тэмцээнд нь ёкозүна цолны болзол сонсон барилдсан. Хэдийгээр Кюүшюү башёд түрүүлж чадаагүй ч гэсэн 12 давж, тэд дундаа их аварга Асашёорюүг дийлсэн байдаг. Гэтэл холбоо цол олгоогүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Тэр тэмцээнд гурав дахь ялагдлаа хүлээсний дараа ёкозүна болж чадахгүй ойлгосон. Сүүлчийн өдөр их аварга Асашёорюүг ялсны дараа ч гэсэн байдал, нааштайгаар эргэхгүйг мэдэрсэн. -Дохёд өнгөрүүлсэн хамгийн дурсгалтай мөчөө нэрлээч? -2000 оны нэгдүгээр сарын тэмцээн сүүлчийн өдөр Мүсояматай хийсэн барилдаан санаанаас минь гардаггүй Мүсояма ялсан тохиолдолд түрүүлж, харин би давбал тавин хувиа хийх нөхцөл үүсээд байсан хэрэг. Гэвч дэвжээн дээр түүний эсрэг юу ч хийж чадалгүй байсаар ялагдаж сэкивакэ цолоо алдсан юм. Энэ ялагдлыг санан санан байж бэлтгэлээ хийсний ач, дөрвөн сарын Эзэн хааны цомыг анх удаа хүртэж билээ. -2010 оны арваннэгдүгээр сард төрсөн нудаг Фүкүока дахь сүүлчийн тэмцээндээ оролцсон. Бөхчүүд дэвжээнд гарах ёслолоо хийгээд дуусчихсан байхад та хоцорч таксигаар ирсэн нь тухайн үедээ нэлээд шүүмжлэлд өртсөн... -Тэгэхэд гарны бэртэл сэдрээд боолтоо шинэчлүүлэхээр эмнэлэг яваад хоцорсон юм. -Гэр бүлийн хүн тань мөн мэргэжлийн тулаанч. Энэ таны сонголтод нөлөөлсөн үү? -Түүнийг спортоо орхисны дараа бид танилцсан. Би эхнэрийнхээ тулааныг ганц нэг тулааныг хожим интернэтээр л үзэж байсан. Гэхдээ хань маань спортын хүн юм болохоороо намайг онцгой ойлгож мэдэрдэг. Ихэнх гэмтлийг эхнэр маань боож янзалж, эмчилдэг байсан. Тэмцээний үеэр тэр хүч нэмэгдүүлэх зорилгоор надад ма хан хоол голдуу хийж өгч, луувангийн үндсээр найруулсан шүүс бэлтгэж өгдөг байсан. -Таныг залуудаа сакэ нэлээд хүртдэг байсан гэлцэх юм билээ? -Тийм ээ. Харин гэрлэсний дараа амсахаа ч больсон. -Байнга гэмтдэг байсан ч өөртэйгээ тэмцэж, үргэжлүүлэн барилдсаар байсны учир? -Энэ бүхэн цэвэр цэнгэг агаар, ууланд өссөний ач тус. Би 15 настайдаа л 185 см өндөртэй байсан. Гар барилдаанаар хэзээ ч хэнд ч ялагдаж үзээгүй шүү. Бэлтгэл жигдэрсэн үед зөвхөн гарынхаа хүчээр 100 гаруй кг-ийг өргөдөг байсан. -Хамгийн хатуу сортын алимны шүүсийг нь гартал базсан гэж сонссон юм байна? -Тийм ээ, сэтгүүлчид сонирхоод байхаар нь алимны шүүс шахаж үзүүлсэн юм. Баруун, зүүн аль ч гараараа чадна шүү. -Зодог тайлах шийдвэрийг гаргах хэцүү байсан уу? -Олон зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт хөлний бэртэл маань ямар ч эмчилгээ авахаа больсон. Хоёрдугаарт Чиёнофүжигийн рекордыг нэгэнт эвдчихээд байлаа. Тэгээд Нагоя башёгийн үеэр багшдаа энэ тухай дуулгаж Өнөөдөр барилдах Котоошюуг ялахгүй бол зодог тайлъя гэсэн. Дэвжээн дээр Болгарын бөхөд яаж ч чадалгүй дийлдсэнийхээ дараа Миний явах цаг болжээ гэдгийг ойлгоод шуудхан шийдвэрээ гаргасан даа. Зодог тайлах хэвлэлийн хурал өндөрлөсний дараа мөрөн дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг болж, сэтгэл уужраад явчихсан. -Таныг озэки Мүсояма, Чиётайкай нартай дотно нөхөрлөдөг гэлцдэг. Нэгэн үеийн өрсөлдөгчид үнэхээр дотны андууд болж чаддаг гэж үү? -Би дохё дээр хэн хэндээ бууж өгч байгаагүй. Харин бусад үед нь энгийн сайхан нөхөрлөж, хамт хоолонд орж, наргаж цэнгэдэг байсан. -Өдгөө Мүсояма Фүжишима' дэвжээг толгойлж байгаа. Харин та Томозүна оякатагийн туслахаар ажилладаг. Хэзээ нэгэн цагт багшаасаа дэвжээг нь өвлөж авах уу? -Энэ тухай ярихад эрт байна. Надад сурах юм их байна, бас авьяаслаг залуусыг нээж илрүүлж, жинхэнэ гарын шавиа бэлдмээр байна. -Та сүмод олон ёкозүнагийн хаанчлалыг үзсэн. Тэдгээрээс аль үе нь хамгийн их өрсөлдөөнтэй байв? -Мэдээж 1990-ээд оны үе. Тэр үед сүмод том, жижиг, техниктэй олон бөхчүүд байсан. Харин одоо бол барилдаан нэгэн хэвийн болж. Р.МАНЛАЙ Эх сурвалж:Таван Цагариг
Х.Мөнхбаатар арслан “Б” сорьцынхоо шинжилгээг БНСУ руу илгээжээ
2012-09-14 19:55:53 Нийтлэгдсэн: СпортАрдын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарч, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын шинэхэн начин Б.Сугаржаргал нар допинг илэрсэн нь тодорхой болсон талаар манай цахим хэвлэл өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ жилийн наадмаар шөвгийн дөрөвт үлдсэн Х.Мөнхбаатар арслан шинжилгээний дүнг эсэргүүцэж буй учраас Б сорьцыг БНСУ руу илгээсэн байна. Хэрэв А сорьцын хариуг тухайн бөх үл зөвшөөрсөн тохиолдолд Б сорьцын шинжилгээг хувийн зардлаараа хийлгэдэг журмын дагуу Х.Мөнхбаатар арслан өөрөө зардлаа даагаад дахин шинжилгээнд хамрагдаж, өдгөө хариугаа хүлээж байгаа аж. Харин Б.Сугаржаргалын тухайд хариуг хүлээн зөвшөөрсөн үү, эсвэл дахин зарга үүсгэхээс залхсандаа ч юм уу, ямартай ч Б сорьцын шинжилгээг өгөөгүй байна. Эргэн сануулахад Х.Мөнхбаатар арслан Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг даваад, наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон бол Б.Сугаржаргал дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад, тавын даваанд Б.Соронзонболдоор Монгол Улсын начны болзол хангасан юм.
Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ
2012-09-14 10:48:05 Нийтлэгдсэн: СпортЭмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ энэ оны есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын Millenium Palace спортын ордонд 3 дэвжээн дээр болно. Тус ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүний нэрс гарчээ. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-нд алтан медаль нэг, мөнгөн медаль гурав, хүрэл медаль тав бүгд есөн медаль хүртээд байна. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-нд 11 дэх удаагаа оролцож байна. Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүн 48 кг: Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна. /Хангарьд клуб/ 51 кг: Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна. /Мега-Старс клуб/ 55 кг: Олон улсын хэмжээний мастер Батбаатарын Номин-Эрдэнэ, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна. /Хангарьд клуб/ 59 кг: Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна. /Хангарьд клуб/ 63 кг: Олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа, ДАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаагаа оролцож байна. /Хүч спорт хороо/ 67 кг: Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна. /Мега-Старс клуб/ 72 кг: Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 6 удаагаа оролцож байна. /Алдар спорт хороо/ Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч, шүүгч МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр, ДАШТ-нд анх удаа шүүгчээр оролцож байна Дасгалжуулагчид Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна. Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна. Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна. Чүлтэмсүрэнгийн Раднаабазар Хангарьд клубын дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна. ДАШТ-ний хуваарь Есдүгээр сарын 27. Пүрэв гариг 13.00-17.00 51, 59, 67 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 18.30-19.00 Нээлтийн ёслол 19.00-21.00 51, 59, 67 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол Есдүгээр сарын 28. Баасан гариг 13.00-17.00 55, 72 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 19.00-21.00 55, 72 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол Есдүгээр сарын 29. Бямба гариг 11.00-15.00 48, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 17.00-19.00 48, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Ахмад үеийнхний алдрыг сурталчилах, залуу үеийнхэнд тэдний арвин туршлагаас өвлүүлэхэд чиглэгдсэн ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-30-нд Дорнод аймгийн Биеийн тамирын ордонд зохион явуулахаар болжээ. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Дорнод аймгийн биеийн тамир спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах юм. Тус тэмцээнд оролцох тамирчдыг эрэгтэй 40-44 нас, 45-50, 50-54 нас 55 дээш, эмэгтэй 35-40 нас, 41-45 нас 46-аас дээш насны ангилалд аваргуудыг нь тодруулах юм байна.
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрсэн талаар хэвлэлээр ид шуугиж байна. Гэвч сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг одоохондоо зарлах болоогүй хэмээж байсан ч манай Mongolcomments.mn цахим хэвлэл допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү дуулианы эздээр Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын начин Б.Сугаржаргал нар тодроод байна. Х.Мөнхбаатар арслан Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан бол наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон билээ. Харин Б.Сугаржаргалын хувьд дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад, тавын даваанд Б.Соронзонболдоор Монгол Улсын начны болзол хангасан боловч ийнхүү сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэгээр тодорлоо. Тэгэхээр МҮБХ болон Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссынхон сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд ямар нэгэн хариуцлага тооцох биз ээ. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж, баталсан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд бөхчүүдээс сэргээш илэрсэн нь тогтоогдсон ч цолыг нь хураасан тохиолдол байгаагүй. Энэ утгаараа Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын цол, чимгийг хураах асуудал ингэсхийгээд дарагдаад өнгөрч магадгүй. Мэдээж сэргээш хэрэглэсэн бөхчүүд өөрсдийгөө буруугүй хэмээн үзвэл хувийн зардлаараа Б сорьцыг БНСУ-д дахин шинжлүүлж, заргалдах боломжтой билээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй