Лондонгийн олимп эхлэхэд 12 хоног үлдээд байна. Олимпын эрх аваад буй холбоодын зүгээс одоогоор ямар нэгэн медалийн тал дээр ам гараагүй. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар 32 жил тасраад байгаа чөлөөт бөхийнхний олимпын медалийг Лондонгоос авчирна хэмээн том амлалт өглөө. Тодруулбал Лондонгийн олимпоос гурван медаль авчирна. Үүний нэг нь алт байх болно хэмээн ам гарлаа. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг наймдугаар сарын 1 гэхэд Болгарт очиж 6-нд Лондонд нь төвхнөх гэнэ. Чөлөөт бөхийн барилдаан наймдугаар сарын 8-нд эхлэнэ.
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн 25 насандаа улсын арслан цолны эзэн боллоо. Өнгөрсөн жилүүдэд аймгийн цолноос шууд улсын арслан цолыг авч эрэмгий барилдсан хүчтэнүүд бараг үгүй аж. Тиймээс бөхийн хорхойтнуудын хувьд улсын арслан цолны болзол хангасан П.Бүрэнтөгсийг олон жил Увсын нэрийг дуурсгасан хүчтэн төрлөө хэмээн бэлэгшээж буй юм. Улсын баяр наадамд Увс аймгийн бөхчүүд ийнхүү гурав дахиа түрүүллээ. Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх тэрбээр наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Мөнхбаярыг өвдөг шороодуулж гарьд цолны болзол хангасан бол есийн даваанд улсын заан Д.Рагчаагаар арслан цолонд хүрлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олны уухай хадан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн арслангаас улсын арслан цолонд шууд хүрлээ. Харин наймын даваа хүртэл босоо байсан улсын заан Д.Рагчаа нь гарьд цолны болзол хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо авлаа. Тэрбээр наймын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж, П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсоноор ийнхүү улсын их баяр наадамд үзүүрлэлээ. Өнөө жилийн улсын их баяр наадамд 500 гаруй хүчтэнүүд хүч бяр, уран мэхийг уралдуулан барилдаж, хэний ч тааварт орж ирээгүй шинэ цолтнууд төрлөө.
2012 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотод амжилттай болж дууслаа. Тус тэмцээнд манай улсаас 18 бөх оролцсоноос хөвгүүдийн төрөлд 1 хүрэл, охидын төрөлд 3 хүрэл нийт 4 медаль авчээ. Тэмцээний хөвгүүдийн төрөлд БНАСАУ, БНСУ, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 10 орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 78 оноогоор ираны баг, 76 оноогоор казахстаны баг, 71 оноогоор энэтхэгийн баг эхний гурван байр эзэлж манай баг сүүл мушгив. Тэмцээний охидын төрөлд БНАСАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тайвань, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 8 орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 81 оноогоор казахстаны баг, 77 оноогоор японы баг, 71 оноогоор энэтхэгийн баг эхний гурван байр эзэлж манай баг зургаадугаарт шалгарчээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа өчигдөр эхэлж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 9-17 насны 80 гаруй харваач хүүхэд 32 сум тавьж, цэц мэргээ сорьсон. Тэд хана харваанд 20, хасаа харваанд 12 сум тавьсан бөгөөд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Б.Тэнгисболд 30 сум харваж өсөх идэр мэргэн боллоо. Дэд байрт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цогцолбор сургуулийн сурагч Д.Мөнхчулуун 29, гутгаарт Завханы Дөрвөлжин сумын Б.Адъяасүрэн 25, дөтгөөр байранд Говь-Алтай аймгийн Баян сумын Б.Ганболд нар 25 оноогоор шалгарсан юм. Өнгөрсөн жилийн хүүхдийн харвааны тэргүүн байрын эзэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Б.Сосорням 24 оноогоор айрагдав. Эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жил түрүүлсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Э.Цэндцэсэн 30 оноогоор түрүүлж, амжилтаа бататгасан бол, дэд байрт Төв аймгийн Мандухай сэцэн компанийн тамирчин Н.Энэрэл 28, гутгаарт Дорноговь аймгийн I сургуулийн сурагч Э.Биндэръяа 25, дөтгөөрт Дорнод аймгийн I сургуулийн сурагч Х.Солонго 24, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Г.Бямбасүрэн 23 оноогоор шалгарчээ. Энэ жилийн хүүхдийн сур харваанд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй олон хүүхэд оролцжээ. Дашрамд дурдахад, энэ сарын 12-нд найм буюу түүнээс доош насныхан цэц мэргээ сорино. С.ЗАЯА
Монгол Улсын аварга С.Мөнхбат: Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна
2012-07-09 17:35:01 Нийтлэгдсэн: Спорт-Шунал гэх нь хаашаа юм, дээшээ өсч барилдах хүсэл эрмэлзэл их байдаг юм- Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам болоход тавхан хоног үлдсэн энэ үед Монгол Улсын залуу аварга С.Мөнхбатын ярилцлагыг Mongolcomments.mn цахим хэвлэлийн зочдодоо толилуулж байгаадаа баяртай байна. Залуу аварга маань Харзтайн амралтанд Увс нуур бөхийн галынхантайгаа бэлтгэлээ базаагаад, тун удахгүй олон сайхан барилдаанаараа наадамчин олноо баясгахаар зэхэж сууна. Жинхэнэ монгол эр хүн гэмээр нүдэнд дулаахан төрх, аажуу тайвуу яриа, ухаалаг гэмээр бодол нь С.Мөнхбат аваргыг улам чимдэг аж. Уншигч та түүнтэй уулзаж, үндэсний бөх, бөхийн замналынх нь талаар яриа өрнүүлж, наадмын тухай гэгэлзсэн бодлоор өөрийгөө цэнэглээрэй. -Монгол Улсынхаа залуу аваргын баяр наадмын өмнөх шинэхэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байгаадаа баяртай байна. Аварга бяр ихтэй байна уу? -За баярлалаа. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэхээр зэхэж буй монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бэлтгэл маш сайн байна. Энэ жил олон сайхан барилдаанаар аварга цолоо батална, ахиулна гэсэн бодолтой бэлтгэлээ базааж сууна даа. -2011 оны өндөр жилийн ойн баяр наадам наадамчин олныг одоо ч хөвсөлзүүлсэн хэвээр байна. Монгол Улсын аварга хэмээх сайхан цолыг хүртсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач? -Монгол түмнийхээ том наадамд түрүүлсэнд баярлаж явдаг юм. Тэр наадамд нутаг орныхоо бөхийг түрүүлүүлчих юмсан гэдэг хүсэл эрмэлзэлтэй хүмүүс олон байсан байх. Миний хувьд өнгөрсөн жил бэлтгэл сургуулилт сайн, урьд урьдын жилүүдийг бодвол өөрийгөө сориод үзчихсэн туршлагатай байлаа. Тийм ч болохоор би чадах юм байна гэсэн итгэл дүүрэн байсан. Цолоо ямар ч байсан ахиулж, дээшээ барилдана гэсэн бодолтой байлаа. Тэгээд зорилгодоо хүрч, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай явдаг юм. Ганц өөрийгөө биш нутаг усныхан, Монголынхоо ард түмнийг баярлуулсандаа сэтгэл өндөр явдаг даа. Энэ цолондоо эзэн байж, цолоо батлахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Аварга хүн ямар байдгийг бусад аваргуудынхаа адил үзүүлнэ гэж бодож байна. -Энэ сэдвийг жаахан задалж ярилцвал бөхийн хорхойтнуудад сонирхолтой болов уу. Тухайлбал зааны даваанд Рагчаа заантай барилдахад юу бодогдож байв? -Урьд жилийн долоогийн даваанд Рагчаа заанд унаж байсан юм. Өмнө нь унасан учраас унахгүйн төлөө сэтгэлээ барьж, хичээж, хяналттай барилдсан. Өмнөх жилийн наадмаар харцага цол хүртчихээд маш их сэтгэл хөөрөлд автаад яаж барилдсанаа ч мэдэхгүй унаж байсан болохоор өөрийгөө маш сайн хянаж, барьсан. Дараа нь даваа байгаа шүү, хөөрч, баярлаж болохгүй шүү гэсэн байдлаар барилдсан. -Рагчаа заан дээр бодож, төлөвлөснөө хангалттай хэрэгжүүлж чадсан уу? -Ер нь дутуу зүйл хийж биш, өөрөөс гарах бүх хүчээ шавхаж, дуустал нь барилдана гэж бодсон. -Дараагийн даваа Санжаадамба та хоёрын дунд өрнөж байлаа. Олныг уухайлуулсан сайхан барилдаан болсон шүү дээ? -Санжаадамба бид хоёр нэг үед үндэсний бөхөөр барилдаж буй залуучууд болохоор их хурц, сайхан барилдаан гарсан. Надтай барилдахын өмнө Содномдоржтой барилдаад, үзэгчдийг талцуулсан байдалтай байсан. Тиймээс тэр байдлаар барилдахгүй, унасан ч, хаясан ч хурдан шуурхай барилдъя гэсэн бодолтой гарч барилдсан. -Санжаадамбыг өвдөг шороодуулаад, найм давчихсан болохоор дараагийн даваанууд нүдэнд харагдаж байсан биз? -Урьд жилүүдийн наадамд цолонд хүрээд үзсэн учраас цаана нь даваа байгаа гэдгийг л маш сайн ухамсарлаж байсан. -Есийн даваа бас чухал барилдаануудын нэг болсон шүү дээ? -Тийм. Бидэнтэй нэг үед барилдаж ирсэн Бат-Эрдэнэ гарьдтай барилдсан. Өсөхөө аваргыг хаяад, бяр орчихсон, шийдэмгий барилдаж байсан болохоор өөрийнхөө бодсоноор зөв тактик зохиож барилдсан даа. -Бат-Эрдэнэтэй өмнө нь таарч барилдаж байв уу? -Бат-Эрдэнэтэй гурав, дөрөв таарч барилдаад өгөө, аваатай байсан. Наадмын өмнө нэг уначихсан байсан болохоор их хичээж барилдсан. Тэр унаа нэгийг бодогдуулсан байх гэж боддог юм. -Үзүүр түрүүний барилдаан үнэхээр сайхан болж өнгөрсөн. Урьд жил нь начин цолоо батлах даваанд таарч байсан Эрхэмбаяртай үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодогдож байх юм? -Мянга гаруй хүчтэнүүдээс ганцаараа нэг талын жигүүр манлайлаад гарч явахад сэтгэл маш их огшиж байлаа. Гэсэн ч даваа байгаа гэдэг л ганц бодол намайг хурцалж, чангалж байсан. Шийдэмгий, сайхан мэх хийгээд Эрхэмбаяр арсланг давж байлаа. Би Эрхэмбаяр арсланд баярлаж явдаг юм. Бөхчүүд уначихаад их дургүй янзтай, уурлаад босч ирдэг байхад Эрхэмбаяр арслан маш тайван, инээчихсэн босч ирсэн. Хүн хаяад, давчихсан учраас гэмших байдалтай явж очиход урдаас инээчихсэн ирсэнд нь сайхан сэтгэгдэл төрж билээ. -Эрхэмбаяр арсланд төлөвлөсөн мэх хийсэн үү, эсвэл тухайн үед л тийм барилдаан гарав уу? -Тухайн үед л тэгж барилдаж таарсан. Ер нь хүч шавхсан барилдаан гарах болов уу гэж тооцоолсон байсан. Их мундаг бяртай, сайн бөх шүү дээ. Гэхдээ урьд жилийн наадмаар хаячихсан учраас өөртөө итгэлтэй, өөрийгөө хурцлаад гарч байлаа. -Нээрээ ч наадмын дэвжээ рүү шийдэмгий гарч ирж харагдсан шүү? -Нэгэнт дээр даваанд гарч байж, бас хүчтэй хүнтэй барилдах гэж байж нервитээд яах вэ, би чадах ёстой гэж хурцалж, бяр өгч барилдсан маань түрүүлэхэд нөлөөлсөн байх. -Таны бага насны талаар яриагаа үргэлжлүүлье. Увс бол бөхийн өлгий нутаг шүү дээ. С.Мөнхбат аваргын бага нас хэрхэн өнгөрөв өө. Нутаг ус сайн бөх болоход нөлөөлнө биз? -Тэгэлгүй яах вэ. Уул ус нь жигдэрсэн сайхан газар хүчтэн олноороо төрдөг байх. Миний хувьд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Манай суманд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас авахуулаад аймаг, улсын цолтой бөхчүүд төрж өссөн. Тийм учраас сайн бөх төрөхөд уул ус, газар шорооноосоо шалтаалдаг юм болов уу гэж боддог. Миний бага нас жирийн монгол айлын хүүхдийн адил мал маллаж, газар тариалангийн ажил хийж өнгөрсөн дөө. -Олон эрэгтэй хүүхдүүдтэй айлд төрж өссөн юм болохоор багадаа барилддаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан тухай таны ярилцлагаас уншиж байсан юм байна. Аав тань ч барилддаг байсан байх аа? -Миний аав залуудаа сумандаа барилддаг, сумын заан цолтой хүн байдаг. Багаасаа тэрсхэн өссөн гурван эрэгтэй дүүтэй. Хатавчныхаа хоёр талд зогсож байгаад л ааваараа цолоо дуудаалаад оройжин гэр буулгачих шахаад барилддаг хүүхдүүд байсан юмдаг. Тэр барилдаан өдий зэрэгтэй явахад маань нөлөөлсөн байх. -Аав, ээжийн тань удамд бөхийн удам байдаг байх? -Ээжийн талд бөхийн удам бараг байхгүй. Аавын талд аймгийн цолтой хэд хэдэн бөхчүүд байдаг. -Ингэхэд анхны барилдаанаа яаж эхэлсэн түүхтэй вэ. Тэр сонин байна? -Гэрийнхээ хатавчнаас эхлээд л барилдах болсон доо. Тэр цагаас хойш сум, багийнхаа наадамд байнга барилдаж ирсэн. Улсын цолтой бөхчүүдээс анх Б.Батзориг заантай барилдаж байлаа. Хажуугийнхаа Жаргалан суманд барилдаан болоход Батзориг заантай учраад их сүрдэж, айхаас гадна улсын цолтой бөхтэй барилдах нь их өөр зүйл байдаг юм байна гэж санагдаж билээ. -Анх удаа аманд гарсан нь тэр үү. Хэдэн оны үед юм бэ? -2002 оны үед юм уу даа. -Тэгвэл сэтгэлд тодхон үлдсэн анхны барилдаануудаасаа дурдаач. Анхны гэсэн бүхэн мартагддаггүй болохоор л асуугаад байгаа юм шүү дээ? -Идэрчүүдийн улсын аварга гэж манай үед уламжлал болон зохион байгуулагддаг байлаа. Түүнд Увсаас төлөөлж оролцож байсан нь сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Тэр барилдаанд одоо ид сайн барилдаж буй Санжаадамба, Түвшинбаяр, Өсөхбаяр заан гэсэн бөхчүүд оролцож байсан. Би тухайн үед аавынхаа үстэй торгон дээлийг өмсөөд ирсэн, үеийнхэн дундаа их жижигхэн биетэй хүүхэд байлаа. Олон жил барилдчихсан мундаг хүүхдүүдтэй барилдаж байсан учраас яаж ийгээд амжилттай барилдчих юмсан, нутаг орнхоо нэрийг гаргачих юмсан гэж их мэрийж барилдсан. Хүүхдүүд намайг жижигхэн биетэй болохоор олзлоод л чамтай барилдана гэж уралдацгааж байсан санагддаг. Харин тэр барилдаанд сайн барилдаад шагналт байранд орж байсан болохоор сэтгэлээс ер гардаггүй юм. Хүүхдүүд зааланд тэрлэг өмсөөд барилдаж байхад би аавынхаа үстэй дээлийг аваад ирсэн болохоор нөгөөхөө өмсөж чадаагүй юм. Сүүлдээ сайн барилдаад, улам зузаарч эхлэхэд аавынхаа дээлэнд багтаж чадахгүй болсон доо. -Ер нь бөхийн замналын томоохон сургуулилт болсон анхны барилдаан юм байна шүү дээ? -Магадгүй юм. Тухайн үед аравдугаар анги байлаа. Намар нь бөхийн сургуульд орох гэтэл Хилийн цэргийн дээд сургуулиас урилга ирээд, бөхөөс өөр төрлөөр явах гэж оролдож үзсэн. Гэсэн ч сэтгэл минь бөх болох хүсэлтэй байсан учраас бөхийн сургуульд орж, хүссэн зорилгодоо хүрч яваадаа баяртай байдаг юм. -За тэгвэл хотод ирснээсээ хойш улсын хэмжээний ямар барилдаануудад оролцож байв аа? -Би Хилийн цэргийн дээд сургуулиасаа гараад ШУТИС-д сурч байлаа. Тэр хугацаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр, гурван удаа ирж барилдсан. Барилдах болгондоо аймгийн цолтой бөхчүүдийг унагаадаг байсан учраас үүндээ урамшиж, бөхийн сургуульд орсон. Бөхийн сургуульд орсноосоо хойш аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг алгасахгүй болсон. Хүн хүсэл мөрөөдлийнхөө араас туушдаа хөдөлмөрлөвөл ямар ч байсан амжилтад хүрнэ гэж боддог. Би тэр үед Хилийн цэргийн сургууль, ШУТИС-д суралцаад явах гэхээр хоёр юм хөөгөөд, хоосон хоцорчих гээд байгаа юм шиг санагдаад больсон юм. Бэлтгэлээ ч сайн базааж чадахгүй, хичээл номоо ч дорвитой хийж дийлэхгүй, нэг л сэтгэл дундуур яваад байсан. Харин дараа нь бөхийн сургуульд ороод бэлтгэлээ сайн базаасны үр дүнг өнөөдөр үзэж байгаа юм болов уу гэж боддог юм. -Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд барилдаан нэлээн зохиогддог байсан байх аа? -Тийм ээ. Тэр үед аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд барилдаан ид зохион байгуулагдаж, ид барилдаж байсан. -Сайн бөх болоход багш хүн чухал. Багшийнхаа тухай яриач? -Албан ёсны бэлтгэл 2005 онд Увс нуур бөхийн галын үүсгэн байгуулагч Бумбаяр заан, Ганбат арслан нарыг даган бэлтгэлд гарч, бэлтгэл гэж юу байдгийг үзэж байлаа. Тэр жилдээ сайн барилдаж, аймгийн заан цол хүртэж байсан юм. Түүний өмнө Шонхор биеийн тамирын дээд сургуулийн багш Дамдин гэдэг хүнд шавиар орж, бэлтгэлээ базааж байсан. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Эрдэнэтогтох багш маань арав жилийн сургуульд байхад бөхийн эрдэмээ зааж, сургаж байлаа. Яг туушдаа хичээллэж, бөхийн замд орсон нь 2005 он юм даа. Оюутан байхдаа ямар ч завгүй, өглөөнөөс орой болтол хөлстэйгээ зууралдаж байгаад л харидаг хүүхэд байлаа. -Тэгж байж л амжилтад хүрсэн нь ойлгомжтой. Ер нь өөрийгөө мундаг том бөх болно чинээ төсөөлж байв уу? -Тийм мөрөөдөл байлгүй яах вэ. Хонь хариулаад явж байхдаа өөрийнхөө цолыг дуудаад л бөхөөр нэлээн өвчилчихсөн хүүхэд байлаа шүү дээ. -Увс аймгаас олон сайхан бөх төрсөн. Таны хувьд хэнийг үлгэр, дууриал болгон барилддаг байв аа? -Тэр шиг, энэ шиг бөх болох юмсан гэдэг мөрөөдөл надад харьцангуй бага байсан. Өөрөө барилдах юмсан гэдэг хүсэл мөрөөдлөөр л оргилж явсанаас хэн нэгнийг дууриаж байсангүй. Манай хөдөө суманд зурагт, радио бага үзэж, сонсдог байсантай энэ бүхэн холбоотой болов уу. Цагаан сарын барилдааныг л үздэг байлаа шүү дээ. -Мэдээж нутгийнхаа бөхчүүдээс хүндэлдэг хүн бий байх? -Нутгийнхаа том бөхчүүдийг бүгдийг нь хүндэлдэг. Баянмөнх аварга, Балжинням аварга, Ганбат арслан, Бумбаяр заан, Жанчивдорж начин гээд бүгдийг нь хүндэлдэг. -Бөхчүүд мэхийг их чухалчилдаг. Хамгийн сайн эзэмшсэн ямар мэх байна вэ? -Хөдөөний хүүхдүүд унаган мэхтэй байдаг шүү дээ. Багаасаа барилдсаар байгаад сурчихсан, мэх ихтэй байсан санагддаг. Хүнээр заалгасан мэх маш цөөхөн. Ихэнх мэхийг өөрөө өөрийнхөө биений онцлогт тохируулж сурсан. -Өөрийг тань уг нь бүх цолыг алгасалгүй хүртээд, яг дарааллаар нь явж байсан гэх юм билээ. Харин өнгөрсөн жил л нэлээдийг алгасах шиг боллоо? -Анх сумын начин цолыг сумандаа хүртэж байлаа. Сумын начнаас авахуулаад Монгол Улсын харцага хүртэлх бүх цолыг алгасалгүй авсан. Бөх болсных ганц ч цолыг алгасалгүй хүртэж явсандаа бахархдаг юм. -Улсын их баяр наадмаас 2009 онд Монгол Улсын начин цол хүртэж, анхны улсын цолоо хүртэж байсан шүү дээ. Тэр жилийнхээ наадмыг дурсаач. Төр хурахын аманд бэлтгэлд гарсан байдаг байх аа? -Тэгсэн. Тэр жил Төр хурах гэж сайхан газарт бэлтгэлд гараад, Монгол Улсын начин гэдэг хүндтэй цолыг хүртэж байлаа. Түүнээс хорихон хоногийн өмнө цэргийн арслан цол хүртэж байсан юм. Үр өгөөжөө өгсөн сайхан жил байсан шүү. -Начин хүртсэн жилээ ямар хүмүүстэй барилдаж байв аа? -Монгол Улсын заан Ч.Батзоригоор Монгол Улсын начин цол хүртэж байлаа. Хөвсгөл аймгийн харьяат Г.Ганхуяг харцагаар дөрөв давж байсан. -Монгол Улсын начин цол хүртчихээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч явахад юу бодогдох юм? -Бөх хүний хүсэл мөрөөдөл бол улсын том цол хүртэх явдал. Тийм болохоор төрийнхөө цолонд хүрсэн нь сайхан зүйл байлгүй яах вэ. Бөх болохыг мөрөөдөж явах үедээ сумын заан цолтой хүнийг хараад ийм л бөх болчих юмсан гэж боддог байж билээ. Сумын заан болчихоод аймгийн цолтой бөхчүүдийг харахаар гоё харагдаад, аймгийн цол авчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Аймгийн цол авчихаад за ер нь улсын цолтой л бөх болъё гэж боддог болсон. Улсын цолонд хүрсний дараа улсынхаа цолыг батлахгүй бол болохгүй нь гээд л. Шунал гэх нь хаашаа юм, дээшээ өсч барилдах хүсэл эрмэлзэл их байдаг юм. -Улсын начин хүртээд дараа нь Монгол Улсын харцага цолонд хүрч байлаа. Харцагын даваа хүнд байв уу? -Монгол Улсын начин цол хүртэнэ гэдэг их том хариуцлага юм. Үүнийг дааж явахын тулд өвөл нь зааланд их бэлтгэл хийдэг байлаа. Цолоо баталчих юмсан, ахиулчих юмсан гэж хичээсний үр днд Монгол Улсын харцага хэмээх цол хүртсэндээ баярлаж байсан. Тавын даваанд Эрхэмбаяр арсланг давж цолоо батлаад, зургаагийн даваанд Баяржавхлан гарьдаар даваад тун их баярласан. Харцага цол авчихаад баярласандаа ер нь яаж барилдсанаа ч санадаггүй юм. Хурдан цолоо авчих юмсан гэсэн сэтгэл хөөрөлдөө хөтлөгдсөн байсан. -Долоо дээр Рагчаа заантай таараад, яаж барилдсанаа ч санахгүй өвдөг шороодсон гэдэг нь тэр жилийн барилдаан юм байна шүү дээ? -Тийм. Долоо дээр Рагчаа заантай таарч байсан. -Тэр жил нутгийн ах тань түрүүлж, арслан цол хүртэж байсан. Энэ нь бас их баяр хөөр авч ирсэн биз? -Тийм ээ. Хэдийгээр өөрөө харцага цол хүртсэн ч гэлээ нутгийн ах маань арслан цолонд хүрэхэд огшиж, нулимс гарч байсан. -Таны бөхийн замнал Ганбат арслантай их холбоотой байх? -Тэгэлгүй яах вэ. Байнга эднийгээ харж, барилдаж ирсэн болохоор яавал ийм бөх болох вэ гэж гэж боддог байлаа. Анх хотод орж ирээд Ганбат арслангийн цүнхийг үүрээд гудманд хамт алхахаар хүмүүс Ганбат заан явж байна гээд л шивэр, авир хийнэ. Тэр болгонд өөрийгөө хэлүүлчихсэн мэт сэтгэгдэл төрөөд их л бардам алхдаг байлаа. -Харин тэр омогшил өнөөдөр өөрт тань жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Мөнхбат аварга явж байна гэж энд тэнд шивэр, авир хийгээд л? -Монгол түмнийхээ хайрыг дааж явах юмсан, аварга шиг аварга байх юмсан л гэж бодогддог доо. Ярилцсан С.Бэлэгмаа
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй