”Лондон-2012” олимпиийн нээлт албан ёсоор нээв

Зуны XXX олимпийн наадмын галт бамбарыг бадамлуулах торгон мөч ойртсоор байна. Нээлтийн үйл ажиллагааны урлаг, соёлын арга хэмжээ өндөрлөж, олимпийн талбарт өрсөлдөх 204 орны баг тамирчид цэнгэлдэхэд жагсан орж ирсний дараа Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Себатьян Кое үг хэллээ. Тэрбээр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх зуны олимпийн наадмыг нутагтаа зохион байгуулах боломж олдсон сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд, Лондонгийн олимпийн наадмыг дурсамж дурдатгал дүүрэн, амжилттай зохион байгуулахын тулд шилдэг бүхнээ зориулсан гэдгээ хэлэв. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангахад багагүй хүндрэл, бэрхшээл гарч байсан тухай ч тэр хэлсэн үгэндээ дурдсан юм. Дараа нь Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч, доктор Жак Рогге үг хэлж, олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Лондон хотод талархлаа илэрхийлэхийн сацуу олимпийн наадамд өрсөлдөх 10 мянга гаруй тамирчдад амжилт хүслээ. Үүний дараа Их Британийн эрхэмсэг Хатан хаан II Элизабета Лондонгийн олимпийн наадам албан ёсоор нээснийг тунхаглав. Улмаар Олон улсын олимпийн хорооны тугийг Лондонгийн тэнгэрт мандууллаа. Тун удахгүй олимпийн наадмын галт бамбарыг бадамлуулна.

Ерөнхийлөгч олимпийн нийслэлийг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө олимпийн нийслэл Лондонг зорилоо. Будант Албьоны нийслэл Лондон хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийх зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн 120 орны төрийн тэргүүд, мянга мянган VIP зочид уригдаад байгаа. Тэдний хувьд Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан, Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын зочид багтаж буй гэнэ. Хүндэт зочдын нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпийн тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарыг сонгосон билээ. Б.МАРАЛ

“Лондон-2012” наадмын чөлөөт бөхийн хуваарь

Англи улсын Лондон хот, 2012 оны наймдугаар сарын 5-12 Лондон хотын Excel centre ордонд болох Зуны олимпийн наадмын бөхийн тэмцээнд сонгомол бөхийн төрөлд 133, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 133, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 72, цагаан хуудсаар 6 бөх, нийт 344 бөх өрсөлдөх юм. /Улаанбаатарын цагаар/ Наймдугаар сарын 8, Лхагва гариг Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 63 кг-ийн жингүүдийн барилдаан 20.00-22.45 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан 00.45-03.15/Наймдугаар сарын 9/ Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол Наймдугаар сарын 9, Пүрэв гариг Эмэгтэй чөлөөт бөхийн 55, 72 кг-ийн жингүүдийн барилдаан 20.00-22.45 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан 00.45-03.15/Наймдугаар сарын 10/ Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол Наймдугаар сарын 10, Баасан гариг Эрэгтэй чөлөөт бөхийн 55, 74 кг-ийн жингүүдийн барилдаан 20.00-22.45 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан 00.45-03.15/Наймдугаар сарын 11/ Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол Наймдугаар сарын 11, Бямба гариг Эрэгтэй чөлөөт бөхийн 60, 84, 120 кг-ийн жингүүдийн барилдаан 20.00-22.45 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан 00.45-03.15/Наймдугаар сарын 12/ Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол Наймдугаар сарын 12, Ням гариг Эрэгтэй чөлөөт бөхийн 66, 96 кг-ийн жингүүдийн барилдаан 15.30-18.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан 19.45-22.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Г.Жамсран: П.Бүрэнтөгс “Багш аа би аварга болно оо” гээд инээгээд гарсан хүн дээ

Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, аймгийн арслан Увс нуур дэвжээний багш Г.Жамсрантай ярилцлаа. -Сайхан наадамласан уу. Увс нуур дэвжээний бөхчүүд өнгөлөг наадаж шинэ арслантай боллоо. Үүнд таны хувь нэмэр ч гэсэн бий. Баяр хүргэе ? -Сайхан наадлаа. 2011 оны есдүгээр сараас эхлэн Увс нуур бөхийн дэвжээний багшаар ажиллаж байна. Миний хувьд өмнө нь ихэвчлэн самбо, жүдо бөхөөр тамирчин бэлтгэдэг байсан. Гэнэтхэн л үндэсний бөхийн багш болчихсон гэх үү дээ. Увс нуур дэвжээний бөхчүүд урдны хоёр жилийн түрүүг хүртчихсэн болохоор надад илүү их хариуцлага ирж байлаа. Тэр ч үүднээс багш, шавь нь дор бүрнээ л үүргээ ухамсарлаж ажилласан. Тиймдээ ч П.Бүрэнтөгс маань Монгол Улсын арслан цол хүртсэнд баяртай байна. -Аймгийн арслан цолноос Монгол Улсын арслан болж олон жилийн түүхийн хуудсыг эргүүллээ. Шинэхэн арслангийн бэлтгэл сургуулилт нь хэр сайн байсан бэ? -Тийм ээ. Бэлтгэл сургуулилт жигд сайхан байлаа. Энэ жил бэлтгэлээ огт таслаагүй. Хавар жаахан ханиад хүрсэн. Тэрнээс өөр асуудал байгаагүй шүү. Манай хүн аварга болохоор аав, ээжээс заяасан бие хаатай, хүчтэй хүн. Хамгийн гол нь маш хөдөлмөрч. -П.Бүрэнтөгс хамгийн анхлан чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн гэж сонссон. Энэ үнэн үү? -Увс аймгийн Бат-Очир багшийн гараас хөтлөн спортын гараагаа эхлүүлсэн. Хоёр, гурван жил чөлөөт бөхөөр хичээллэж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд л үндэсний бөхөөр шаргуу хичээллэж байгаа хүн. -Эргэлзээд л байлаа. Ний нуугүй хэлэхэд арслан болоод түрүүлэхэд нь Би багш нь гэсэн хүн олон байсан? -Хотод ирээд Х.Баянмөнх аваргын Шонхор бөхийн клубт орсон юм билээ. Сүүлд А.Сүхбатын Олимп сургуульд хоёр жил бэлтгэл хийн Увс нуур бөхийн галдаа бэлтгэлд гарна гэхэд нь цаадуул нь зөвшөөрөхгүй шүүхдэлцэх асуудал үүссэн гэдэг. Сүүлд л хэл амаа ололцон байж Увс нуур бөхийн галдаа нэгдсэн. Ингээд ярихаар би ч багш нь гэсэн олон хүн гарах нь аргагүй юм даа. -П.Бүрэнтөгсийн хувьд өнгөрсөн жилийн уяачдын наадмаар түрүүлж байсан санагдана. Мэдээж энэ жил илүү бэлтгэл сайтай байсан нь харагдлаа. Заалны барилдаануудад хэр сайн байсан бол? -Энэ жил болсон бүх барилдаанд оролцсон. Гэхдээ тийм ч хол тасархай сайн барилдаагүй. Харин бөхийн галд гарсан үедээ аварга, арслангуудаа ээлжлээд л хэд хэд хаясан шүү. Наадмын өмнөхөн мөр нь жаахан мултраад, 6-нд галаас бууя. Эмчилгээ хийлгэж байгаад барилдмаар байна гэсэн. Түүнийх нь дагуу За яваад ир. Гэхдээ зүгээр байхгүй хажуугаар нь бэлтгэл хийнэ шүү нөхөр минь гээд л явуулсан. Тэгж явахдаа Багш аа би аварга болно оо гээд л инээгээд гарсан хүн. /Инээв/ -Яг л хэлснээрээ болж дээ? -Тийм ээ. Өчигдөр / уржигдар/ бид Харзтай амралтын бааздаа очиж галаа эргэсэн юм. Тэр үеэр арслан маань Багшаа би аварга болно оо гээд явахад та араас битгий маяглаад бай гэсэн. Болж л байгаа биз дээ гээд л инээж байна билээ. /Инээв/ -Аав нь өндөр н.Пүрэв гэж хүн байдаг гэсэн. Бөхийн удамтай болов уу? -Удам угсааг нь сайн мэдсэнгүй ээ. Өндөр н.Пүрэв хэмээх малчин бий. Гэхдээ нарийн яривал удамгүй хүн гэж байхгүй дээ. -Энэ жил өрсөлдөгч бөхчүүдээ байнга л тонгорч хаяад байсан? -Өөрөө ч урд нь хэд хэдэн удаа тонгорох мэхэнд уначихаад байсан. Тэгээд биднээс асууж л байсан. Чиний гар чинь жаахан дутуу байна гэдгийг хэлж, зөвлөсөн. П.Бүрэнтөгс хэлсэн юмыг их амархан сурдаг нь өөрийнх нь давуу тал. Сүүлдээ өөрөө энэ мэхэндээ гаршиж байх шиг байна. -Хүнд жинтэй, чацтай бөх гэхэд кросст их сайн гүйдэг гэсэн? -Сайн гүйдэг. Их тэвчээртэй. Энэ жил барилдааны нарийн ухаан нь арай болоогүй байгаа гэж бодтол үнэхээр сайхан барилдлаа. Бөхчүүдийн од нь гийнэ гэдэг дээ. Тэр л боллоо. -Дөрвийн даваанаас л эхлээд ард түмэнд танигдаж эхэллээ шүү дээ. Аваргыг хаяад л шуугиан тарьж эхэлсэн? -Гурвын даваанд О.Гантулга гээд энэ жил гарцаагүй начин болчихоор залуутай барилдсан. Бас л нэг галын бөх. Түүнтэй нэлээн удаан үзэж байж хаясан. Аваргатай таараад л хүмүүсийн анхааралд орсон. -Аваргыг давчихлаа даа гэтэл өвдөг шороодчихсон? -Аварга П.Бүрэнтөгсийг тэртээ тэргүй хаяна гэж бодож байсан. Хаяж яваад ч мөр нь мултарсан. Тэгээд л цааш нь хөөж даран унагаж чадалгүй өвдөг шороодчихсон. -С.Мөнхбат аваргын түрүүлдэг жил Х.Баянмөнх аварга Увс нуур дэвжээнд үүнээс илүү аварга, арслан болох бөхчүүд олон байгаа гэж байсан? -Энэ үнэн үг шүү. П.Бүрэнтөгс маань түрүүллээ. Цаашдаа төрийн наадамд түрүүлээд зогсч байх олон залуу бөх байгаа. Хуучин Х.Баянмөнх аварга гээд байгалиас заяасан биетэй, бяртай хүн л түрүү бөхөөр тодордог байсан. Одоо бол хэн нь ч түрүүлээд дэвж байхыг үгүйсгэх арга алга. Наадмын өмнөхөн Бөхийн өргөөнд болсон барилдаанд н.Пүрэвдагва гэдэг залуу бөх, аварга, арслангуудыг хаяж түрүүлсэн. Ингээд бодохоор наадмын бөхийг таамагладаг цаг нэгэнт ард хоцорчээ. Хэн бэлтгэл сургуулилт сайн базааж, бөхийн арга ухаантай байна, тэр нь ялдаг цаг ирсэн байна. -Шинэхэн арслан маань нутаг буцсан гэсэн. Хэдийгээр ирэх вэ? -Хэсэг хугацаанд сайхан амарч байгаад ирэх байх аа. Наймдугаар сарын 20-д гарах болов уу гэж бодож байна. -Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв шинэхэн арслан болж. Тиймдээ ч таниар түүний тухай хэсэг яриулчихлаа. Самбо бөхийн дэлхийн 12 медальтай, таван удаагийн аваргатай уулзчихаад сайхан түүх сөхөхгүй өнгөрч боломгүй санагдана? -Ер нь, тэр талаараа ярилцлага өгч байгаагүй юм байна. -Хэдий үеэс бөхийн спорттой холбогдсон бэ? -Увс аймгийн Тэс суманд наймдугаар ангиа төгссөн. Төгсөх хүртлээ аймгийн аваргаар түрүүлж эхэлсэн. Ер нь, багаасаа бөхийн спортод их дуртай хүүхэд байлаа. Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүсийн тэмцээнд амжилттай оролцож улсын аварга шалгаруулах тэмцээнд ирсэн. Тэр цагаас хойш Яармагийн 41 дүгээр сургуульд н.Намшир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн. Түүнээс хойш олон тэмцээнд оролцож Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж байлаа. -Хэдэн насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв? -21тэй оролцож байлаа. 62 кг-д хоёр удаа мөнгөн медаль хүртсэн. Ц.Дамдин алтан медаль хүртэж байсан. Ахынх нь хувьд залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд оролцсон нь тэр. -Тэгвэл дэлхийн аварга болсон түүхээ яриач? -1981 он. Мөн 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 1984 онд Испанид болсон тэмцээнд түрүүлж байлаа. 1987 онд Италид, 1988 онд дэлхийн цомын аварга болж байлаа. Ингээд яриад байвал дуусахгүй. Дэлхийн аваргын 12 медаль бий. -Дэлхийн аваргын ганцхан хүрэл медальтай тамирчин хүртэл ярилцлага өгөхдөө маш дэлгэрэнгүй ярьдаг шүү дээ. Та амжилтынхаа талаар их товчхон ярих юм? -Өө тэгээд хүрэл, мөнгөн медалиудаа нэг их яриад байдаггүй юм аа./Инээв/ -Аль орны бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байв? -Самбо бөхийн спорт чинь ОХУ-ынх л даа. Тиймээс нутгийн бөхчүүд нь их хүчирхэг байлаа. Бараг л 10 жинд нь түрүүлчих гээд байдаг талтай. -1988 оны дэлхийн цомын тэмцээний дараахан албан ёсоор зодог тайлсан гэдэг юм билээ? -Тийм ээ. Зодог тайлаад спорт сургалтын төвийн багшаар ажилласан. Миний жинд Болдням гээд миний шавь хүч түрэн гарч ирсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнээр хүртэл ана мана өрсөлдөж эхэлсэн. Би өөрөө хожигдолд дургүй. Хүнд ялагддаггүй зан минь зодог тайлахад хүргэсэн дээ. Миний шавь нар тухайн үед их хүчтэй гарч ирсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээний 10 жингийн наймыг нь авч байлаа шүү дээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл дасгалжуулагч хийгээд явж байна. -Таныг бас гадаадад хэдэн жил дасгалжуулагч хийсэн гэдэг юм билээ? -Якут, Хятадад дасгалжуулагчаар ажиллаж байсан. -Гарын шавийн тоо олон болсон биз? -Нарийн тоолж байсангүй ээ. Жишээ болгоод улсын цолтой үндэсний бөхчүүдээс О.Одгэрэл заан, Ж.Оргилболд гээд шавь нар минь бий. Ж.Оргилболдын хувьд хөдөөнөөс дөнгөж орж ирээд л миний шавь болж байсан. Самбо, жүдо бөхийн ч нэлээн хэдэн шавь бий. -Янз бүрийн зан араншинтай хүмүүстэй ажиллах хэцүү байдаг уу. Миний харж байгаагаар үндэсний бөхчүүд зарим нь хэтэрхий биеэ тоосон, харилцаа муутай санагддаг? -Шигшигдсэн тамирчид арай өөр л дөө. Зорилгоо мэдэрсэн хүн амар байдаг. Зарим нэг нь ч хүндхэн ааштай хүмүүс бий. Нэг жилийн хугацаанд зан аашийг нь мэдэж авна. Тухайн хүнд нь тааруулж л ажилладаг даа. Төлөвшөөгүй хүүхэд бол хэцүү. Нэг юм заагаад эргээд харахад тоглочихсон сууж байна. Шинэ залуу дасгалжуулагчдад хэлэхэд жаахан хүүхдийг нэг жил тоглуулахад гэмгүй шүү -Манай улс самбо бөхийн спортыг орхичихсон юм шиг ээ? -Яг зөв. Жүдо бөх нь олимпын төрөлд багтдаг, самбо нь багтдаггүй учраас орхигдуулаад байгаа юм. Тун удахгүй олимпын төрөлд орно доо. Бидний үед самбо бөхийн төрлөөр медаль авсан хүн одоогийн хэлдгээр од болдог байлаа. Нам засаг ч их дэмждэг байсан. Тэртээ тэргүй олимпод гараад ирэх спортын төрлийг ингэж орхигдуулж болмооргүй санагддаг. Одоогийн удирдлага нь ч хийж байгаа зүйл алга. Төр засаг ч тэр, холбооны удирдлагууд сэргээх л хэрэгтэй. Хэсэг хүүхдүүд бэлтгэл хийгээд, жилдээ ганцхан улсын аварга, цаашлаад дэлхийн аваргад оролцоод байж болохгүй. Илүү хөгжүүлэх л хэрэгтэй.

П.Бүрэнтөгсийг салбарынхан нь хүлээн авч уулзлаа

Ардын хувьсгалын 90 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан П.Бүрэнтөгсийг салбарын сайд болон яамны удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. ДЦС-4 ХХК-ийн Цахилгааны цехэд засварчнаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа П.Бүрэнтөгсөд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгийг, дурсгалын зүйлийн хамт гардуулж өгөв. Мөн Улсын наадмын сурын харвааны төрөлд 2-р байр эзэлсэн Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажилтан, улсын дэд мэргэн Н.Өлзийбилэг, Н.Өлзийханд нарыг хүлээн авч уулзсан юм. Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой давхцаж байгаа энэ онд салбарынхан одтой сайхан наадсаныг Д.Зоригт сайд энэ үеэр онцлоод шинэ арслан болон мэргэн харваачдад ажил хөдөлмөрийн болон спортын өндөр амжилт хүслээ. Б.МАРАЛ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.