Е.Төгстөмөр: Надад хожигдсон хүүхэд уйлаад л байсан

Монгол хүний оюун ухааныг тив дэлхийд гайхуулсан зургаан настай шатарчидтай ярилцлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон Е.Төгстөмөр нийслэлийн 62 дугаар цэцэрлэгт сурдаг. Бяцхан шатарчин хоёр настайдаа шатар тоглож сурчээ. Тэрбээр гурван настайдаа дэлхийн бүх орны төрийн далбааг өнгөөр нь нэрлэдэг байсан аж. Харин Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн Г.Энхчимэг охин нийслэлийн 52 дугаар цэцэрлэгт сурдаг. Ирэх 10 дугаар сард зургаан нас хүрэх бяцхан шатарчин маань гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ. Хоёр бяцхан шатарчин ирэх намар сургуульд орох боловч аль хэдийнэ бичиж, тоо бодож сурсан байна. Тэд Урамтай шатар клубт явдаг бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Украин улсын гавьяат дасгалжуулагч Лионед Роговойтой хоёр cap бэлтгэл хийсэн байна. -Олон улсын анхны тэмцээндээ оролцоод, медаль хүртсэнд баяр хүргэе? Е.Төгстөмөр: Тэмцээний туршид би ганцхан удаа тэнцсэн. Бусад өрөгт бүгдэд нь хожсон. Эмээ маань намайг Туршлагатай шатарчин шиг сайн тоглолоо гэсэн. Г.Энхчимэг: Энэтхэг хүүхдэд гурав дараалж хожигдоод, нэг хүрэл, хоёр мөнгөн медаль авсан. Одоо би Дэлхийн аваргын тэмцээнд орно. Тэр тэмцээнд заавал хожно. -Олон улсын тэмцээнээс медаль авах гоё байна уу? Е.Төгстөмөр: Монголын далбааг бариад, цомоо хүртэж байхдаа Шатар тоглох ямар гоё юм бэ гэж бодсон. Шагнал авсны дараа их олон хүн тойроод, зарим нь зураг аваад л байсан. Их гоё. Гэртээ ирсний дараа аав Миний хүү сайн байна гээд намайг их олон үнссэн. Харин өвөө маань духан дээр үнсээд, уйлаад байсан. Аав надад баяр хүргээд, гар утас авч өгсөн. Г.Энхчимэг: Иран, Ирак, Шри-Ланкийн хүмүүс ирээд бид хоёрын зургийг аваад байсан. Бас янз бүрийн хүмүүс бид хоёрыг Харъя, харъя гээд байсан. Чингис хаан нисэх буудал дээр буугаад, гэрийнхэнтэйгээ явж байсан чинь танихгүй хүмүүс ирээд, баяр хүргээд, мөнгө өгөхөд нь их гайхсан. Ээжийг таньдаг хүмүүс юм болов уу гэж бодсон. Ах маань Солонгосоос ирэхдээ надад Iphone, дугуй хоёр авч ирж өгнө гэсэн. Г.Энхчимэг: Хар, шар царайтай олон хүүхэд байсан. 19 орны хүүхэд ирсэн гэсэн. Бид хоёр орос хэл мэддэг. Гэхдээ тэмцээний үеэр бусад хүүхэдтэй оросоор яриагүй. Шатар тоглож байгаа юм шиг ойлголцоод л байсан. -Сүүлийн өрөгт хаанахын хүүхэдтэй тоглосон бэ? Е.Төгстөмөр: Би Шри-Ланкийн хүүхэдтэй тоглоод, зургаа нүүгээд хожчихсон. Бас Макао хүүхэдтэй тоглоод, найм нүүгээд хожчихсон чинь тэр уйлчихсан. Уйлахаа болихгүй болохоор нь би түүнд Монголын далбаатай тэмдэг өгсөн юм. Тэгсэн чинь уйлахаа больчихсон. Г.Энхчимэг: Шри-Ланкийн Умаяа Таши бас надад хожигдчихоод уйлаад л байсан. Тэгэхээр нь би ээждээ Би бол уйлахгүй ээ гэж хэлсэн. -Яагаад уйлаад байсан юм бол оо? Е.Төгстөмөр: Нутагтаа ганц ч хожигдож үзээгүй гэсэн. Энэтхэгийн хүүхэд бас надад хожигдчихоод, шагналаа ирж аваагүй. -Та хоёр хожигдохоороо уйлдаг уу? -Жаахан байхдаа яг хожих гэж байгаад хожигдчихоороо уйлдаг байсан. Одоо бол Дараа заавал хожно доо гэж боддог. -Танай гэрт шатар тоглодог хүн олон бий юу? Е.Төгстөмөр: Ээж маань олон улсын мастер, эгч их мастер. Өвөөгийн талынхан бүгд шатар тоглодог. Г.Энхчимэг: Аав маань шатар тоглодог. Гэхдээ шатарчин биш хувиараа бизнес эрхэлдэг. Ах, эгч хоёр бас тоглодог. Манай удамд Тогтох тайж гэж шатар сайн тоглодог хүн байсан гэсэн. -Жаахан байхдаа шатар тоглож сурчээ. Хэн зааж өгсөн бэ? Е.Төгстөмөр: Түвшээ өвөө маань зааж өгсөн. Тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг. Удаан тоглосон ч гэсэн ядардаггүй. Г.Энхчимэг: Аав зааж өгсөн. -Удаан тоглохоор уйддаг уу? Е.Төгстөмөр: Айл удаан бодоод байхаар жаахан уйддаг. Би бол нүүдлээ түргэн бодож олоод, хурдан нүүдэг. -Том хүмүүстэй тоглож байсан уу. Хождог уу? Е.Төгстөмөр: Багш нартайгаа тоглодог. Хааяа хождог. Багадаа ээжтэйгээ тоглодог байсан. Ерөөсөө хожиж байгаагүй. Өвөө, аав хоёрыгоо одоо хождог болсон. Өвөө хожигдохоороо юу ч дуугардаггүй. Аав өмнө нь намайг Чи яагаад хурдан нүүгээд байгаа юм гэдэг байсан. Надад, хожигдохоороо Миний хүү сайн байна гэдэг. Г.Энхчимэг: Би бас аавыгаа хождог болсон. Аав хожигдохоороо Ганцхан буцчихъя гээд байдаг юм. -Буцахыг зөвшөөрдөг үү? -Үгүй. Барьснаа л нүүгээрэй гэдэг. -Шатар тогломооргүй санагдсан үед чинь тоглуулах гээд байвал яадаг вэ? Е.Төгстөмөр: Аав намайг бага байхад тогломооргүй байхад Ганцхан л нүүе гэдэг байсан. Тэгэхээр нь би ганцхан л нүүх юм байх гэж бодоод зөвшөөрчихдөг байсан юм. Одоо бол аав ажил ихтэй болохоор надтай бараг тоглодоггүй. Хааяа намайг тоглоё гэхээр дуртай зөвшөөрдөг. Саяхан тэмцээнд явахын өмнө бас багштай тоглуулах гээд байсан. Би тэмцээнд тоглох тактикаа бодмоор байсан учир тоглоогүй. Г.Энхчимэг: Би дургүй байгаа үедээ тоглодоггүй. Хүчээр тоглохоор хожигдчихоод байдаг юм. -Шатраас өөр ямар нэгэн зүйл сонирхдог уу? Е.Төгстөмөр: Би хип хоп сонирхдог. Гэхдээ би шатарчин л болно. Г.Энхчимэг: Би бүжиглэх, дуулах дуртай. Бүр жаахан байхдаа Оросын алдартай дуучдыг дуурайж дуулдаг байсан. Намайг дуулж байхад эгчийн хийсэн бичлэг одоо манайд байдаг. Бас гурван настай байхдаа youtube.com руу ороод Том, Жерри, Ну погоди гэж бичээд, киног нь олоод үзчихдэг байсан. Одоо компьютер дээр удаан суухаар аав Боль гээд байдаг юм. -Амжилт хүсье. Дэлхийн аварга болоорой? Е.Төгстөмөр: Намайг дэмжсэн Энержи ресурс компанийн ах, эгч нар болон багш нартаа Баярлалаа гэж хэлье. Г.Энхчимэг: Намайг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Спорт хорооны дарга, хүргэн ах С.Бямба-Эрдэнэ, Л.Эрдэнэбат нар маань ивээн тэтгэсэн. Ах нартаа баярлалаа. Өглөөний сонин Ц.Баттуяа

Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Ноднин жилийнх шигээ бэлтгэл сайн байна

Өнгөрсөн жилийн наадмаар Х.Мөнхбаатар арсланг гарьдын даваанд хаяж, Цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олныг шуугиулсан хүн бол Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон баяр наадмын сорилго барилдаанаар ч түрүүлж, энэ жил дахин амжилттай барилдах боломжтой гэдгээ харууллаа. Ж.Бат-Эрдэнэ гарьдыг Хантайшир дэвжээнийхэнтэйгээ Мандал амралтын баазад бэлтгэлд гараад байхад нь уулзаж, ярилцсанаа хүргэе. -Өнгөрсөн жил Монгол Улсын начнаас Монгол Улсын гарьд хэмээх цолонд шууд хүрэхэд тань Монголын ард түмэн баяртайгаар хүлээж авч байлаа. Уухай хашгиралдаад л, 12-ны орой Цэнгэлдэх ямар их эмоцид дарагдаж байсныг одоо ч санаж байна? -За баярлалаа. Монголчууддаа Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэе. Начин цолоо батлаад зогсоогүй улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэн тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан үе. Сэтгэлд бас амьдралд том өөрчлөлт, амжилт авч ирсэн болохоор 12-ны оройг би ч тод санаж байна. -Харцага, заан гэдэг хоёр цолыг алгасаад гарьд цолонд хүрэхэд нэлээд бяр, ухаан хэрэгтэй байх. Энэ жил түүнээс ч илүү тэнхээтэй байгаа харагдаж байна? -Миний бие наадамдаа барилдах гээд бэлтгэлээ базаагаад хориод хонолоо. Бэлтгэл сургуулилт ерөнхийдөө сайн байна. Бэртэл гэмтэл авсан юм алга. Ноднин жилийнх шигээ бэлтгэл сайн байгаа. -Сорилго барилдаан түрүү бөхийн өнгө төрхийг тодорхойлдог гэдэг. Тэгтэл саяын сорилго барилдаанаар залуу гарьд маань түрүүлчихлээ. Энэ жил гарьд цолоо ахиулах боломж байгаа гэж ойлгогдож байна шүү? -Бэлтгэл гайгүй учраас сая барилдаад ямар ч байсан түрүүллээ. Энэ жилийн өнгө сайхан байна гэж бодож байна. Цолоо хамгаалж, ахиулахын төлөө барилдана аа. -Сорилго барилдаанаар, өрсөлдөгч бөхчүүдээ шинжив үү? -Гол гол дэвжээний, нэлээн хэдэн бөхчүүд ирсэнгүй. Миний харж байснаар аймгийн арслангууд, улсын шинэ, залуу начингууд их сайн барилдаж байсан. Сайхан барилдаан болсон. -Улсад сайн барилдах бөхчүүдийнхээ барилдааныг мэдэж байгаа байх. Өөрийнхөө хэр хэмжээг ч харьцуулж, тооцоолсон биз? -Тэгэлгүй яах вэ. Тэр, энэ бөхчүүд сайн байгаа, тэр тэрэнтэй таарах магадлалтай. Тэр нутгийн бөхчүүдийн бэлтгэл сайн хангагдсан гээд бүгдийг тооцоолж, бодсон. -Гол өрсөлдөгчид тань ямар хүмүүс байна вэ? -Наадмын өмнө хүний нэр хэлээд яах вэ. Нас ойролцоо, үе тэнгийн, залуу сайхан бөхчүүд байна аа байна. Өнгөрсөн жилээс манай үе гараад ирчихлээ. Үеийнхэн маань сайн барилдах байх. -Өнгөрсөн жил гэснээс ноднингийн наадмаар Х.Мөнхбаатар арслантай долоогийн даваанд барилдахад маргаан гарсан. Х.Мөнхбаатар арслан наадмын комисст өргөдөл хүртэл гаргаад амжсан байх аа? -Тэгж сонсогдсон шүү. -Тэр үед юу бодогдож байв? -Би ч тухайн үед нэг их юм бодоогүй. Болдог юм болдогоороо л болоод өнгөрсөн. Мянга буруу, зөв гээд яах билээ. Нэгэнт барилдаан болоод өнгөрсөн шүү дээ. Дараагийн даваагаа яаж давах вэ гэдгээ л бодож байлаа. -Түүнээс хойш Х.Мөнхбаатар арслантай барилдаанд таарав уу? - Түүнээс хойш таараагүй. Өмнө нь ч гэсэн бид хоёр таарч барилдаж байгаагүй юм. Өнгөрсөн жилийн наадмаар л анх удаа таарсан. -Энэ жил дахиад таарвал ямар барилдаан гарах бол? -Наадам юм чинь барилдах л байх. Ямар барилдаан гарахыг тэр үеийн тэнгэр мэднэ. -Ер нь Х.Мөнхбаатар арслан, Ц.Содномдорж харцага гэсэн Хөвсгөлийн хоёр бөх хоёулаа л хэл ам гаргаад байсан байх аа? -Тийм. -Өнгөрсөн жил Бат-Эрдэнэ гарьд түрүүлчихмээр хийморьтой, цог золбоо, бяртай харагдаж байсан. Ер нь түрүүлчихэж мэдэх бяр амтагдаад байх шиг санагдсан? -Сэтгэлд гал байсан. - Энэ жил түрүүлээд арслан болчихвол нутгийнхнаас тань авахуулаад баярлах хүмүүс олон бий дээ? -Манай Говь-Алтай аймгаас улсын арслан цол хүртэж байсан хүн түүхэнд байдаггүй юм билээ. Ойрын хугацаанд ямар ч байсан Говь-Алтайгаас нэг арслан төрнө гэж бодож байна. Ганбаатар гарьд, Соронзонболд заан бид гурав Хантайшир дэвжээний тэргүүн бөхчүүдийн хувьд бэлтгэл сургуулилтаа хангаж, хичээх болно. Доороос гарч ирж буй дүү нараа ч дэмжиж, дэмнээд явахад Говь-Алтайд байдаггүй арслан цол нь удахгүй ирэх байх. Аварга нь байгаа юм чинь арслан цол нь ирэх байлгүй дээ. -Өөрийг тань хурдан шаламгай, хөдөлгөөнтэй, мэх сайтай гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг юм билээ. Үүнтэй санал нэг байна уу? -Миний хувьд жин бага, нуруу, чац тийм өндөр биш. Тийм учраас өөртөө таарсан барилдаан гаргаж, явж барилддаг. Хүнийг харах биш хүнд өөрөө мэх хийж, хаядаг. Барьц сонгоон дээр очихоос өмнө л барилдаанаа хийж дуусгахын төлөө барилддаг юм. -Хөл авахдаа их мундаг гэх юм билээ? -Тийм ээ. Дархан мэх гэвэл хөл авна даа. Хөлийг янз бүрийн байрлалаас авдаг. Ер нь тухайн барилдаж буй хүндээ тохируулаад өөрийн мэдрэмжээрээ тааруулсан мэх хийж барилддаг гэж болно. -Хүнд өөрийн гэсэн зорилго, төлөвлөгөө байдаг. Улстөрчид би өөрийнхөө улстөрийн карьерийг 10 жилээр төсөөлж байна гэх мэтчилэнгээр ярьдаг шиг өөрийнхөө ид барилдах үеийг хэдэн жилээр харж байна вэ? -Амжилтаа бататгаж, оргилд хүрэх хэмжээгээ би ойрын таван жилээр төсөөлж байна. Энэ хугацаанд амжилтаа баталж, цолоо ахиулах боломжтой. Түүнээс хойш сайхан барилдаад л явна. Ойрын таван жилд бол өөрийнхөө бодож, мөрөөдөж явдаг цолонд хүрнэ гэж бодож байна. -Яг одоо ямар цолыг бодож, мөрөөдөж байна вэ? -Мэдээж арслан, аварга болохын төлөө бөхчүүд барилддаг. Цол ахихын хэрээр амьдрал, ахуй бүх зүйл сайжирдаг. Нэр алдарт ч хүрнэ. Миний хувьд гарьд болж чадлаа. Үүний дээр арслан, аварга гэсэн хоёрхон цол байгаа болохоор наадмын түрүү хүртэхийн төлөө хичээж барилдана. -Ингэхэд Гантулга начин та хоёр зэрэг гарч ирсэн шүү дээ. Нэг сумаас зэрэг начин төрж байсан нь содон үйл явдал шүү? -Гантулга начин бид хоёр нэг сумынх. 2007 онд ихэр начин болж байлаа. Нэг сумаас хоёр начин зэрэг төрөхийг ихэрлэх гэдэг юм. Монголын түүхэндээ ихэрлэж байснаараа гуравт бичигддэг юм билээ. -Начингийн бэлтгэл энэ жил ямар байна вэ. Та хоёр зэрэг начин болж байсан ч өөрөө өнөөдөр гарьд болчихлоо? -Манай найз энэ жил гайгүй, сайн байгаа. Начин цол авснаасаа хойш бэртэж, гэмтээд бэлтгэл сургуулилтаа базааж чадахгүй байсан юм. Энэ жил сайн харагдсан шүү. -Тэгэхээр асуухгүй байж болохгүй нэг сэдэв байна. Тодруулбал жил бүрийн наадмын өмнө, хойно бөхчүүдийн найрааны асуудал хөндөгддөг. Энэ жил ч ийм яриа гарах л байх. Үүнд ямар бодолтой явдаг вэ? -Найрааны цолтон гээд ярьдаг л юм. Гэхдээ яг мөнгө өгч, авч байгааг нь харсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хардаад янз бүрийн зүйл ярьдаг шүү дээ. Сайн барилдаж байгаа бөхөө допинг хэрэглэчихэж гэх мэтээр хардаж л байдаг. Түүн шиг хүн хүчээрээ барилдаад тав давахад Энэ мөнгө өгсөн байж таарна гээд харддаг л байхгүй юу. Өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгө өгч, авч байсныг би ч нүдээрээ харж байгаагүй. Гэхдээ үнэхээр найраа гэж байдаг бол бөхчүүд маань бэлтгэлээ бүтэн жилийн хугацаанд хангалттай сайхан базаагаад, жилд ганц болдог наадмаараа шударга барилдаасай гэж хэлэх байна. Хэл ам дагуулахгүй барилдвал сайхан шүү дээ. -Гэхдээ найрааны начин уу, чадлаараа гарч ирсэн үү гэдэг нь аяндаа харагддаг л юм? -Тийм. Цаг хугацаа харуулаад өгнө. Тав давж чадаж байна уу, эсвэл тав давахгүй унаж байна уу гэдгийг хүмүүс харж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд би тав давчихаад маш их баярласан. Аймгийн хурц арслан Одгэрэлтэй барилдсан шүү дээ. -Цолоо баталчихлаа гээд баярласан гэж үү? -Тийм ээ. Яагаад гэвэл найрааны начин гэж ярихаар Монголын хэмжээний бүх начингууд хамрагдчихаад байгаа юм шиг санагддаг. Тэдний тал нь найраагаар цол авсан байж болно. Тэгтэл тэдний ихэнх нь найраагаар цолонд хүрээгүй байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл найрааны начингууд гэж бүгдийг хамруулж ярихад нь их сэтгэл эмзэглэдэг байлаа. Дунд нь миний нэр цохиж яваа байхдаа гэж боддог, санаа зовдог байсан. Учир нь би начин болсноосоо хойш гурав, дөрвөн жил цолоо баталж, ахиулж чадаагүй юм. Дөрвийн даваа, тавын даваанд уначихдаг байлаа. Харин өнгөрсөн жил тав давчихаад үнэхээр баярласан. Би ямар ч байсан найрааны начин биш. Начин шиг начин гэдгээ харууллаа гээд маш их хөөрч, баярлаж байлаа. -Дараа нь зургаа, долоогийн даваанд давчихаад бүр ч их баярласан биз? -Тийм ээ. Зургаа, долоо давахад дотор огшоод л явчихдаг юм билээ. -Ямар ч байсан Бат-Эрдэнэ гэдэг хүн бөхийн спортод өөрийн гэсэн орон зайтай болчихлоо. Барилдааныг нь шимтэн үздэг бөхийн хорхойтнуудтай ч боллоо. Ж.Бат-Эрдэнийн хамрах хүрээ энэ талбарт өдрөөс өдөрт хүчээ авч байна. Мэдээж энэ амжилтад хүрэхийн тулд нөр их хөдөлмөр, хөлс хүчээ гаргасан байх? -Намайг дотроо хайрлаж, сайн барилдаасай хэмээн бодож явдаг Монголынхоо ард түмэн, найз нөхөд, нутаг усныхан гээд бүгдэд нь талархаж явдагаа илэрхийлмээр байна. Монгол Улсын гарьд хэмээх сайхан цол авлаа. Одоо цолондоо эзэн болж, үүнээс ч илүү амжилтад хүрэхийн төлөө хичээнэ. Мөн тусалж дэмждэг хамт олондоо талархаж явдагаа хэлье. -Хаана харьяалагддаг билээ? -Би Алтай констракшнд харьяалагддаг юм. Бас Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Баярбат захирагчтай хамт олондоо талархаж явдаг даа. -Нээрэн, Ж.Бат-Эрдэнэ хилийн цэргийн ахмад цолтой бил үү? -Тийм ээ. Ахмад цолтой. Ярилцсан С.Бэлэгмаа

МУ-ын Начин Д.Бадрах : Наадмын том даваанд бөхчүүд мөнгө өгч авалцдаг асуудал байдаггүй л байхгүй юу

Хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар монголчууд бөхийн барилдаанаа хамгийн ихээр таашаан үздэг. Хэний бөх ямархан бяр, хүчтэй байгаа бол хэмээн дэмжиж, захыг нь мушгин суудаг билээ. Тиймдээ ч наадамчин олныхоо сэтгэлийг баясгаж, өөрсдийнхөө хөлс, хөдөлмөрийг үнэлүүлэхээр бөхчүүд гал болон эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Бид Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүдийн бэлтгэлийн явц хэр байгааг сурвалжлахаар Гео мандал амралт, жуулчны баазыг зорьсон юм. Тэд сүүлийн таван жилийн турш энэхүү баазад байрлан, бэлтгэлээ хангаж байгаа төдийгүй байнга амжилтаа ахиулсаар ирсэн. Хантайшир-ын бөхчүүдийг Монгол Улсын начин Д.Бадрах дасгалжуулж байгаа бол зөвлөхөөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав ажилладаг билээ. Алтайн бөхчүүдээ ахлан, дасгалжуулж буй Д.Бадрах начинтай бэлтгэлийн талаар ярилцсанаа хүргэе. -Танай галынхан бэлтгэлдээ хэзээнээс гарсан бэ? -Манай дэвжээнийхэн зургаадугаар сарын 13-нд бэлтгэлдээ гарсан. Бөхчүүдийн маань бэлтгэл ерөнхийдөө ханаж байна. Өнгөрсөн сар нэлээд бороотой байгаад бэлтгэл хэд хоногоор саатах үе гарсан. Гэсэн ч манай хүүхдүүд бороотой гээд зүгээр суусангүй. Кросс, гүйлтэндээ гарч, хөлбөмбөг тоглох зэргээр байнгын бэлгэлтэй байлаа. -Хантайшир-ын бөхчүүд өнгөрсөн жил нэлээд амжилттай барилдаж шинэ гарьд, начинтай болсон. Энэ жил өмнөх амжилтаа эвдэж, ахиулна гэсэн бодолтойгоор бэлтгэлдээ гарсан байх? -Тэгэлгүй яах вэ. Бүгд л дор бүрнээ сайн барилдаж, амжилтаа ахиулна гэсэн итгэлтэй байгаа. Бөхчүүд маань ерөнхийдөө бэлтгэл сайтай байгаа болохоор яг тэр нь, энэ нь гэж тодорхойлж хэлэх боломж алга. Тиймээс бүгдийг нь л гайгүй барилдах байх гэж бодож сууна. Урьдын амжилтыг давтаж, болж өгвөл түүнээсээ илүү амжилт гаргая л гэж бэлтгэлээ хийж байгаа. -Танай галынхан энэ жуулчны бааздаа бүр дасчихсан уу. Нөхцөл нь улам сайжирсан бололтой байна? -Тэгсэн. Сар гаруйн хугацаанд гэртээ байгаа мэт тухалдаг болохоор энэ орчин нөхцөлдөө дасчихаж. Дэвжээний удирдлагууд ч бөхчүүддээ бэлтгэл хийх нөхцөл бололцоог нь маш сайн хангаж өгдөг. Манай аймгийн Хантайшир дэвжээнийхэн бол бусад галтай харьцуулахад бэлтгэл хийх орчин нөхцөл, байгаль, цаг агаар гээд бүх зүйл нь жигдэрсэн нөхцөлд бэлтгэлээ базаадаг. Энэ нь залуусын маань давуу тал. Сайн нөхцөлд бэлтгэл хийнэ гэдэг сэтгэл санаанд ч эергээр нөлөөлнө шүү дээ. -Бэлтгэл ерөнхийдөө ханасан гэж байна. Говь-Алтайн наадам энэ жил бусад аймгийнхаас өмнө болох учраас нэлээд эрт бэлтгэлээс буух уу? -Энэ долоо хоногийн сүүлээр аймгийн наадам болно. Тэгэхээр залуу бөхчүүд маань аймгийнхаа наадамд зодоглохоор нутгийн зүг хөдлөх болов уу. Мэдээж үргэлжлүүлээд бусад аймаг, сумын наадмууд ч болно. Харин улсын цолтой бөхчүүд бэлтгэлээс буух хараахан болоогүй байгаа. -Амжилтаа ахиулахын тулд алдаан дээрээ нэлээд ажиллаж байгаа байх. Өнгөрсөн жил Н.Ганбаатар гарьдад танай дэвжээнийхэн маш их итгэл хүлээлгэж байсан. Гэтэл борооны дараа болсон хоёрын даваанд хальтраад өвдөг шороодчихсон. Тиймээс бороотой өдрүүдэд бэлтгэлээ хийсээр л байгаа юу? -Тэгэлгүй яах вэ. Наадмын өдрүүд ер нь хур бороо элбэгтэй байдаг. Тиймээс төв цэнгэлдэхийн дэвжээ халтиргаа ихтэй болчихдог. Бидний хувьд халтиргаанд дасах, тэнцвэрээ олох бэлтгэл чамгүй хийсэн. Ноднин жилийн хоёрын давааны үеэр маш их аадар орсноос халтиргаа үүссэн. Манай том цолтой найдвар болж байсан бөх хоёрын даваанд унасанд хамт бэлтгэл хийж байсан, нэг дэвжээнийхэн болохоор их л харамсаж байлаа. Энэ удаа тэр эрсдэлийг тооцож л байна. -Энэ жил Үндэсний бөхийн барилдааны журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, таван минутад багтааж ам авна гэх зэргээр? -Үүнийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа. Заасан хугацаанд ам авч амжихгүй бол дараагийн бөх цолны эрэмбээр ам авна гэсэн байсан. Энэ нь байх ёстой асуудал. Амаа хурдан аваад, наадамчин олноо хүндрүүлэхгүй л явах ёстой. Зарчим нь ч тийм. Гэхдээ зарим нэг шалтгаанаар удах тохиолдол гардаг. Бөхчүүд нь удаад, наадмын барилдааныг сунжруулж, олон түмэн хүлээлгэдэг. Ингэж журам гаргаснаар цаг хугацаандаа амаа авч, наадмаа түргэн шуурхай, үнэнч шударга явуулбал сайхан наадам болох байх гэж бодож байна. -Мөн энэ жил 18 наснаас дээш даатгалд хамрагдсан бөхчүүдийг барилдуулна гээд байгаа шүү дээ. Энэ нь аль нэг даатгалын компанийг ивээн тэтгэсэн явдал болох нь гэсэн хардлага төрүүлээд байх шиг ээ? -Урьд нь жил бүр даатгал явагддаг л байсан. Гэхдээ өмнө нь 18 наснаас дээш гэж нас зааж байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Юутай ч бөхчүүд маань бүртгүүлэхээр очихдоо өөрсдийн сонгосон компанидаа даатгуулж байгаа нь харагддаг. Даатгуулснаар бөхчүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалж буй хэрэг шүү дээ. Гэмтэж бэртэх юм бол даатгалын компани зохих туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой байх. Гэхдээ тэр бүр бэртэж гэмтээд байх асуудал гардаггүй ч бэртэж гэмтвэл яана гэсэн болзошгүй асуудлаас хамгаалж байгаа хэрэг. -Наадмын барилдаан гэхээр допингийн асуудал байнга сөхөгддөг. Өнгөрсөн жил л гэхэд хоёр бөх допинг хэрэглэсэн нь нотлогдсон шүү дээ? -Тийм асуудал гарсан. Тэр хоёр бөхөд арга хэмжээ аваад, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан. -Тэгэхээр допинг хэрэглэсэн бөхчүүдэд өвдөг шороодсон бөхчүүдийн хөдөлмөр талаар болчихож байгаа юм биш үү. Тэр дундаа цолны даваанд? -Дүрэм, журамд чухам юу гэж заасан байдгийг би сайн санахгүй байна. Тиймээс хэлэхэд жаахан тиймхэн л юм. Гэхдээ үнэхээр цолны буюу тавын даваанд өвдөг шороодсон бөхийн хувьд шөвгөрсөнд тооцох эсэхийг бодолцох л хэрэгтэй. Шөвгөрсөнд тооцох ёстой л гэж бодож байна. Хэрвээ дүрмэнд байхгүй бол оруулах л хэрэгтэй. -Нэгэнт өнгөрсөн жилийн наадмын тухай яриа хөндсөнийх танаас асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Таныг аймгийнхаа бөхчүүдийн өмнөөс найраа хийсэн тухай мэдээллүүд нэлээд гарсан. Тэгэхээр бөхчүүдээ дасгалжуулахын зэрэгцээ цол ахиулах менежер хийгээд байдаг юм болов уу гэж бодсон шүү? -Юу гэж ч бичиж болох байх. Гэхдээ ул суурьтай бичих хэрэгтэй болов уу. Зарим хүн улсын наадмын том даваануудад бөхчүүд хоорондоо мөнгө өгч, авалцдаг гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм зүйл байдаггүй л байхгүй юу. Дураараа бичиж, ярьж байгаа зүйлд би эмзэглээд байдаггүй. -Яагаад? -Би ямар хийчихсэн биш. Хийх байтугай тийм бодол ч байдаггүй юм чинь. -Мөн хөлийн цэцээр ажиллаж байхдаа шинэ гарьдынхаа талд шийдвэр гаргачихсан гэсэн биз дээ? -Х.Мөнхбаатар арслан, Ж.Бат-Эрдэнэ гарьд хоёрын барилдааны асуудал л даа. -Тухайн үед яг юу болсон юм бэ? -Миний хариуцаад явж байсан газарт тэр хоёрын барилдаан болоод дууссан. Энэ нь уналаа, тэр нь давлаа гээд шийдвэрээ өгсөн. Тэгсэн бөхчүүд маань хайнцсан гэж маргалдсан. Эцэст нь цэц шийдвэрээ гаргасан. -Танай галынхныг хамгийн ая тухтай газар бэлтгэлээ базаадаг гэдэг. Таныг анх бэлтгэлд гарч байх үетэй харьцуулахад орчин нөхцөл их өөрчлөгдсөн биз? -Би 1970-аад оны сүүлчээр Алдар нийгэмлэгт байх үедээ анх бэлтгэлд гарч байсан. Манай Алдар нийгэмлэг ахмад цолтой, аваргууд олонтой шүү дээ. Ш.Батсуурь аварга, Ч.Бээжин аварга, Д.Хадбаатар аварга, Д.Жамц арслан гээд сайхан, сайхан бөхчүүд байлаа. Тэр үед бид цэргийн том палатканд хөнжил, гудсаа тавиад л, хоолоо өөрсдөө хийгээд л, бэлтгэлээ хийдэг байсан. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Мэдээж тодорхой хэмжээний дэвшлүүд гарсан. Одоо миний хувьд бэлтгэл ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Та бүхэн өөрсдөө яваад л бэлтгэл хэр байгаад хараад, өөрсдөө дүгнэлтээ хийх байх. -Аргагүй л тухтай газар байгаа хүний хэлэхээр бардам үг юм даа. Бөхчүүдийн бэлтгэл хийж байгаа газар нь амжилтад нөлөөлдгийг дэвжээний удирдлагууд их сайн мэдэрснийх байх даа? -Сэтгэл санаа тайван, хоол унд нь сайн, байрлаж байгаа байр нь тухтай, байгал цаг агаар нь сайхан байвал бэлтгэл хийх нөхцөл сайн хангагдана гэсэн үг. Түүнийхээ хэмжээгээр амжилт гаргахад нөлөөлнө. Манай дэвжээний удирдлагууд Та нар бэлтгэлээ хий, бид байр орон, хоол ундыг хангаж өгнө гэсэн л асуудлыг ярьдаг. Дасгалжуулагч бидний хувьд бэлтгэлээ сайн хийлгэж, наадамд сайн барилдуулах ажлыг хийдэг. -Наадам дөхөхөөр уяачид дээгүүр давхих морьдоо аль хэдийнэ мэдчихсэн байдаг. Дасгалжуулагчид ч энэ маань энэ жил гэсэн бодол бас байдаг байх. Таны дотор хэн байгаа бол? -Тэгж бодолгүй яах вэ. Нэг нь ярьдаг, нөгөө нь ярьдаггүй л болохоос ялгаа байхгүй. Морь уях, бөхчүүдийг бэлтгэл сургуулилт хийлгэх хоёр адилхан. Мэдээж боддог зүйл бий. Бүгдийнх нь бэлтгэл нь жигд байгаа учраас хэн нь ч яаж ч магадгүй байдалтай байна. Тийм болохоор тодорхой хэлж чадахгүй л байна. -Хантайшир-ынхан бүл нэлээд нэмсэн бололтой? -Манай хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байдаг. Анх 30 орчим залуу байсан. Энэ жил 60-аад хүнтэй бэлтгэлдээ гарч байгаа. Заавал бөх гэхгүй залуучууд маань бөхөөр хичээллэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайхан шүү дээ. Сайхан бөх болчих юмсан, бөхөө байг гэхэд биеэ хөгжүүлж бэлтгэл хийж байгаад сайхан залуу болчих юмсан, сайхан өрхийн тэргүүн байхсан гэсэн залуус ч бий. Эх сурвалж :Өглөөний сонин

Олимпийн багийн түрүүч Лондонг зорилоо

Лондон-2012 зуны XXX олимпийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр олимпийн нийслэлийг зорилоо. Олимпийн хөтөлбөрийн дагуу Монголын тамирчдын салхийг хагалах байт харвааны тамирчид өнөөдөр Лондон хотыг зорьсон юм. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос Монголын байтын тамирчдыг олимп хүртэл Лондон хотноо бэлтгэл, сургуулилтаа үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр хангасны дагуу олимпод эх орноо төлөөлөхөөр эрхээ авсан ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Бадамхатангийн хамт ийнхүү Будант Албьоныг зорьжээ. Байтын тамирчид долдугаар сарын 27-нд буюу олимпийн наадмын нээлтийн өдөр анхны сумаа тавина. Урьдчилсан харваа Монголын цагаар тухайн өдрийн 16.00 цагт эхлэх юм. С.ЦЭЛМЭГ

 Торгуулийн цохилтоор хожигдсон Англичууд юу ярив

Гоолгүй, хуурай тэнцсэн хоёр баг шийдвэрлэх торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн билээ. Харин Англичууд азгүй байж, Италид торгуулийн цохилтоор 4-2-оор хожигдож, нутаг буцах боллоо. Английн тоглогчид тоглолтын дараа юу ярьсныг хүргэж байна. Жерард: Үнэхээр хэцүү байна. Бид бэлтгэл хийж эхэлсэн эхний өдрөөсөө л бүх зүйлээ багийнхаа төлөө зориулсан. Торгуулийн цохилтоор ялалт байгуулахад бидэнд бага зэрэг аз хэрэгтэй байсан ч харамсалтай нь өнөөдөр азгүй байлаа. Манай багийн арын шугамны тоглогчид өнөөдөр гайхалтай байсан. Гэхдээ бид ахиад л торгуулийн цохилтоор ялагдлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байна гэжээ. Валкот: Торгуулийн цохилтоор энэ тэмцээнээс хасагдана гэдэг үнэхээр хэрцгий санагдаж байна. Гэхдээ хэн нэг нь хасагдах л байсан. АЗ бидний талд байсангүй. Магадгүй өмнөх тоглолтуудад бид азтай байсан байх. ХОЁР ЭШЛИ хоёулаа энэ хүнд нөхцөл байдлыг даван туулж чадна. Бусад нөхөд маань ч тэдэнтэй хамт байна гэдэгт итгэж байна. Би тэднийг илүү сайн тоглогч болж, эргэн ирнэ гэдэгт итгэж байгаа учраас үүнд төдийлөн их санаа зовохгүй байна. ДЭЛХИЙН АВАРГАД бид илүү сайн, илүү хүчирхэг болох болно. Өөрсдийн ажлаа сайн хийсэн ИТАЛИЙГ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид олон боломж гаргаж чадаагүй. Харин тэд бидний эсрэг хэрхэн тоглохоо мэдэж байсан. Бид одоо ирээдүйдээ л анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний ирээдүй гэрэлтэй байгаа , би үүнд итгэж байна. Бид яагаад ТОРГУУЛЫН ЦОХИЛТООР ялалт байгуулж чаддаггүйг хариулж мэдэхгүй юм. Торгуулийн цохилт үргэлж аз байдаг. ЭНЭ БОЛ ЯГ Л АЗЫН СУГАЛАА. Бэлтгэл дээр торгуулийн цохилт гүйцэтгэх, яг тулсан үед гүйцэтгэх шал өөр. Би өнөөдрийн хожигдлыг дахин харахыг хүсэхгүй байна, гэртээ харьсан ч би үзэхгүй. гэжээ. Рүүни : Ингэж хасагдана гэдэг аймшигтай байна. Үнэхээр хүнд тоглолт боллоо. Яагаад гэвэл ингэж шаргуу хөдөлмөрлөчихөөд торгуулийн цохилтоор хожигдоно гэдэг бүх тоглогчдын хувьд хэцүү байгаа. Гэхдээ бидэнд ирээдүй байна. Манай бүрэлдэхүүнд олон залуу тоглогчид байна. Энэ хожигдол эдгээр залууст дараа дараагийн тэмцээнд нь тус болно. Харин одоо бид юун дээр алдсанаа үнэлэх хэрэгтэй. Энэ ажлыг дасгалжуулагч маань хийнэ. Италийн шигшээ тоглолтын төгсгөлд өөрсдийгөө бүрэн харууллаа гэж би бодож байна. гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.