“Хурд”-ын Отгоогийн тоглолт айсуй

Хурд хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй Чи минь байгаа болохоор бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. UB Palace-д энэ сарын 12, 13-нд түүний зохиосон хитүүд эгшиглэх нь. Хурд хамтлагт 20 жил уран бүтээлээ туурвисан түүний уран санд рок, попын үе үеийн хит дуунууд байдаг. Чимээгүй ирэх дурлал, Нулимсаа тэвчье, Миний найз миний дайсан, Чи минь байгаа болохоор гээд л. Монголын шилдэг гитарчид болох Харанга-ын Ц.Энхманлай, Д.Өлзий-Орших буюу Өөжгий, Д.Отгонбаярыг нэг дор хамтран тоглохыг харах ховорхон боломж олгож байгаа нь түүний тоглолтын бас нэгэн сюрприз. Түүний тоглолтын найруулгыг Монголдоо номер нэг гэгддэг OnOff продакшн хариуцаж байгаа. Гурван хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Сэрчмаа, С.Наран, Ж.Алтанцэцэг, Б.Дашдондог, Номин талст, Чоно, Sweetymotion, ая зохиогч, төгөлдөр хуурч БЧинбат гээд рок, попын шилдгүүд чуулах бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд эгшиглэнэ. Харин төгсгөл хэсэгт Хурд-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ. Г.Даша

 Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд ”Мандухайн дүрийг бүтээхэд зөрүүд зан минь тус болсон”

Дэлгэцийн танил булан маань үргэлжилж байна. Энэ удаа төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас Мандухай цэцэн хатан кинонд ухаант Мандухай хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар яриулж, залуусын анхааралд хүргэхийг зорьсон юм. -Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Сэдэв сайн байхын зэрэгцээ киног бүтээгч уран бүтээлчдийн ур чадвараас их хамаардаг юм байна гэсэн дүгнэлтийг сүүлийн үеийн үзэгчид хийх болсон. Үзэгчдийн хамгийн ихээр таашаадаг дүрүүдийн нэг бол таны бүтээсэн Мандухай цэцэн хатан. Та үүнд хэрхэн тоглосон талараа ярьж өгөхгүй юу? -Би Мандухай хатны дүрд шууд сонгогдоогүй юм. Эхэндээ Шихир хатны дүрд тоглохоор батлагдсан байсан. Гэтэл Мандухай хатны дүрд тэнцэх жүжигчин олдохгүй байсан юм билээ. Хамгийн шигшигдэж үлдсэн таван жүжигчнээс нэгийг нь сонгоно гэж байлаа. Нөгөө дөрвөн хүн нь мэргэжлийн жүжигчин биш байсан. Бид цуг пробонд ороход би Мандухайн дүрд тоглохоор батлагдсан. Миний пробонд орсон зургийг Соёлын яаманд өгч харуулж байж батлуулсан юм билээ. Энэ кинонд тухайн үеийн Засгийн газар Сайд нарын зөвлөлөөс их анхаарал хандуулж байсан. Миний сонссоноор 300 гаруй хүн пробонд орж зургаа авахуулсан гэдэг. -Монголын түүхэнд улс орноо гэсэн сэтгэл, холч хараа, ер нь ухааны цараараа алдаршин мөнхөрсөн түүхэн хатны дүрд тоглож чадна гэсэн итгэл хэр их байсан бэ? -Надад Би энэ дүрд тоглож чадна гэсэн итгэлээс илүү миний зөрүүд зан надад тус болсон гэж боддог юм. Кино зураг авалт эхлэхийн өмнө гадуур Н.Сувд үүнд тоглож чадна, чадахгүй гэсэн яриа их гарч байсан. Хүмүүсийн чадахгүй гэсэн яриа намайг бүр ч их хурцалж өгсөн. Тэгэх тусам нь би зөрүүдэлж чадна гэж зүтгэсэн дээ. Тэгээд ч тэр бүгдийг давж гарах үүрэг надад ногдсон байсан. Мэдээж сайн муу тоглосныг үзэгчид, судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ. -Үзэгчид тухайн үед эерэгээр хүлээж авсан. Одоо ч тэр үнэлэмж хэвээрээ. Таныг Мандухай хатны дүрээр олонд танигдсан ч гэж ярих юм билээ? -Намайг Мандухайн дүрээр олонд танигдсан гэдэг. Би гэхдээ энэ кинонд тоглохоосоо өмнө бас ч чамгүй олон кинонд дүр бүтээсэн байсан. Жишээ нь Хань, Хатанбаатар, Ичээнд нь, Моторын дуу зэрэг кинонд тоглосон байсан. -Гэсэн ч Мандухайд тоглоход тань үзэгчид таныг бараг амилсан Мандухай гэж хүлээж авсан байх аа? -Мандухай цэцэн хатан кинонд тоглоход сайн сургууль төгссөн минь их тус болсон болов уу. Миний багш иргэний дайны үед Оросын агуу баатрын дүрд тоглож дэлхийн кино урлагт нэрээ мөнхөлсөн авьяастай хүн байлаа. Багшийн зааж өгсөн эрдэм, чиглүүлж байсан хандлага надад энэ кинонд тоглоход их дэм болсон гэж боддог юм. Багш маань мэргэжлийн жүжигчин болох замыг минь нээж өгсөн гавьяатай хүн дээ. -Багшаас тань гадна танд энэ түүхэн кинонд тоглоход хэн тус дэм болсон бэ? -Найруулагч, ахмад уран бүтээлчид маань бүгд л өөрийн сурсан мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцаж байсан. Аав, ижий хоёр минь ч дэм болж байлаа. Түүхэн дүрд тоглоно гэдэг тэр дүрээ маш сайн судлахыг шаарддаг. Тэр үед түүхэн зохиолууд ихэвчлэн хуучин бичгээр бичигдсэн байдаг байлаа. Аав минь муугүй судлаач хүн байсан учир хуучны түүхэн ном зохиол уншиж судалгаа хийхэд минь тусалдаг байсан. Ижий минь жүжигчин хүн байсан болохоор надад их зүйл зааж дэм болж байсан. -Киноны зураг авалтыг хаана хийсэн гэдэг билээ? -Зуны зураг авалт Хар хорин, Баянчандманьд дөрвөн сар гаруй үргэлжилсэн. Зураг авалтын бэлтгэл ажил бараг жил гаруй хийгдсэн гэдэг юм билээ. Мандухай цэцэн хатан киног хийх гэж найруулагч Жигжид гуай судалгаа их хийсэн. Социализмын үе байсан болохоор тухайн үеийн Соёлын яаманд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авах гэж 1970-аад оноос эхэлж хөөцөлдөж байж кино хийх эрх авсан гэсэн. Мөн дан ганц Соёлын яам төдийгүй Батлан хамгаалахын яам, Хөдөө аж ахуйн яам ч гэсэн энд их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Олон мянган цэрэг, дайчин, морь малыг дээрх яамдаас гаргаж өгч байсан юм. Улсаараа хөдөлж, Засгийн газрын оролцоотой хийсэн кино гэж би хувьдаа дүгнэдэг. -Хэдэн хүний баг ажилласан бэ? -Цэрэг, дайчид, жүжигчид, найруулагч, туслах дүр, зураглаач гээд ер нь нийлээд таван мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байсан гэж ярьж байсан. Хуучнаар Сансар сангийн аж ахуйн цаана Хөгнө хан уулын энгэрт бараг нэг сумын дайтай олон хүн байсан. Батлан хамгаалах яамны буянгаар цахилгаан тог, халуун ус, эмнэлэг гээд хэрэгцээ шаардлагатай бүхнийг гаргаж өгч байсан даа. -Дүрээ үзэгчдэдээ хүргэхийн тулд танаас мэдээж их хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардаж байсан байх? -Үзэгчдэд дүрээ хүргэх миний үүрэг бол дүрээ үнэмшилтэй амилуулж сайн тоглох байсан. Харин киногоо үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь кино найруулагч, баг хамт олны ажил байлаа. Үүнээс гадна тэр үед кино үзвэрийн газрууд гэж байсан. Тэд бас л үзэгчдэд киногоо хэрхэн хүргэх ажлыг зохицуулж байсан даа. -Та хэдэн настайдаа энэ кинонд тоглосон бэ. Тэр үед УДЭТ-т жүжигчнээр орчихсон байсан уу? -40 гаруй настай байсан байх. Тэр үед би УДЭТ-ын уран сайхны удирдагчийн алба хашиж байсан юм. Энэ албыг 11 жил хашсан. -Хувцас хэрэглэл, хуяг дуулга нь их хүнд үү? -Хуяг дуулга нь л гэхэд 10 гаруй кг жинтэй. Хувцас хэрэглэл, хуяг дуулга, сэлэм зэргээ бариад л их олон удаа сургуулилалт хийж давтдаг байсан. Бас тэр хувцастайгаа морь унах, морио өөртөө дасгах гээд асар их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдаж байлаа. Ер нь энэ бүгдийг амжуулах нь миний мэргэжлийн онцлог л доо. Тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань энэ бүхнийг даван туулж, тэсч чадахгүй юм бол чи цаашид жүжигчин болж чадахгүй гэж зөвлөдөг байлаа. -Манай буланд оролцож бүтээсэн сайхан дүрийнхээ талаар ярьж өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. -Баярлалаа. Б.МАРАЛ-ЭРДЭНЭ Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

И.Одончимэг: Амьдралынхаа хамгийн том бүтээлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун байна

Энэ удаагийнхаа Чухал хүн буланд Х түц продакшны чухал хүмүүсийн нэг болох МУГЖ, найруулагч И.Одончимэгийг урьж, ярилцлаа. -Уран бүтээлдээ ороод багагүй хугацааг өнгөрүүллээ. Одоо тоглогдож байгаа шоу тоглолтноосоо гадна шинэ уран бүтээл хийж эхэлсэн? -Яг одоо манай Х түц продакшны шинэ уран бүтээл болох Амьдрах сайхан инээдмийн шинэ шоу тоглолт үргэлжилж байна. Тоглогдоод 10 гаруй хонож байгаа ч дахиад мөн тэр хугацаанд тоглох байх. Энэ тоглолтынхоо дараа нэрийг нь арай өгч амжаагүй нэгэн шинэ тоглолтоо ирэх сард хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. -Odnos talk show хийх гэж байгаа гэж сонссон юм байна. Аль телевизтэй хамтран ажиллах гэж байгаа вэ? -UBS телевизийн найруулагч Б.Чингүүн надад ток шоу хийх санал тавьсан. Түүнийг нь яалт ч үгүй зөвшөөрсөн л дөө. Ямар ч байсан шинэ жил хүртэл ажиллаад үзье. Үнэхээр барахгүй бол болино. Заавал хүн зовоогоод, чадахгүй байж хүнд тээг болоод яах вэ. Тэгээд нөгөө хэд маань надад итгэл хүлээлгэсэн болохоор хийгээд үзье гэж бодсон. Би өөртөө сайн итгэхгүй л байгаа. Тэгэхдээ ямар ч байсан ажиллаад үзье гэж бодоод зориг шулуудаад орсон. Чадна гэж хэлж чадахгүй учраас Харъя, миний хүү гэж л хэлсэн дээ. -Эхний дугаар нь хэзээ гарах вэ. Ямар нэг чиглэл барьж байгаа юу, эсвэл чөлөөтэй байхаар хийж байгаа юу. Бусад шоунаас ялгарах онцлогийн тухайд? -Есдүгээр сард хийх ёстой дөрвөн хүнээсээ ярилцлагаа авчихсан байгаа. Эхний дугаар нь өнөөдөр /өчигдөр/ гарна. Долоо хоногт нэг удаа хийнэ. Бүх зүйл дээр чөлөөтэй, илэн далангүй байна. Хамгийн гол баримталж байгаа зарчим бол ерөөсөө л маскгүй байхыг эрхэмлэж байгаа. Телевизээр гарч байгаа ихэнх ярилцлагууд албархуу, хиймэл дүр төрхтэй байдаг бол энэ ток шоугаар тухайн хүнийг ямар ч максгүйгээр харуулахаараа онцлог. Найруулагч маань ерөөсөө л тухайн хүнийг хүнээрээ байх боломжийг харуулах гэж зорьсон юм билээ. -Х түц продакшныхан дэлгэцийн бүтээл хийлгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Хоёр жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Ойрын үед дэлгэцийн бүтээл хийх төлөвлөгөө бий юу? -Манайхан шинэ жил, цагаан сар гээд дэлгэцийн бүтээл рүүгээ орно л доо. Ирэх зунаас нэг сайхан дэлгэцийн бүтээл рүү орцгооно доо. Болсон явдал-аас хойш хоёр жил өнгөрсөн байна. -Жүжигчин хүн найруулагчаар ажиллахаар тэднийхээ дотоод сэтгэлийг илүү мэдэрдэг. Бусад найруулагчидтай харьцуулахад өөрөө жүжигчин учраас илүү дөхөм байдаг гэдэг яриа байдаг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү? -Тэгнэ л дээ, өөрөө энэ мэргэжлээр 20 гаруй жил ажилласан учраас аливаа нэг бүтээлийг найруулахдаа жүжигчнийхээ ажиллагаан дээр илүү их анхаардаг л юм билээ. Тэгэхдээ би дэлгэцийн бүтээлд илүү дуртай байсан. Бүр орь залуу байхын л кино хийх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдөлдөө хүрсэн. Өөрөө дуртай, сонирхолтой болохоор ч тэр юм уу, хүн бас сонирхдог л юм билээ. Тэгээд эхний Сэргээш-3 маань амжилттай, хүмүүсийн ам гайгүй байсан болохоор урам зориг орж, Миний хөрш чөтгөр-ийг хийсэн. Ер нь цаашдаа кино хийе л гэж бодож байгаа. -Яг бүтээл дээр ажиллаж байх үед ч юм уу, аливаа зүйлээс шантрах тохиолдол гарч байсан болов уу? -Хүн дуртай зүйлээ хийж байгаа учраас түүнийгээ бэрхшээл, зовлон гэж боддоггүй байх. Би ч гэсэн дуртай зүйлээ хийж байгаа учраас түүнийгээ зовлон гэж боддоггүй. Харин эсрэгээрээ дуртай зүйлдээ хэтэрхий автаад цаг нар өнгөрснийг ч анзаарахгүй, эрүүл мэндээ алдсанаа ч анхаарахгүй байх тохиолдол байдаг юм билээ. Бүх зүйл болоод өнгөрсний дараа эрүүл мэндээ алдчихсан байх, эсвэл ар гэртээ анхаарал халамж тавьж чадаагүй гэх зэргээр ихээхэн зүйлээр хохирч үлдсэн байдаг юм. Гэхдээ бүх л хүсэл сонирхол маань тэр дуртай зүйл рүүгээ төвлөрчихсөн учраас бусад зүйлүүдийг тоодоггүй юм шиг байгаа юм. Ер нь эмэгтэй хүнд жүжигчин гэдэг мэргэжил их хүнд хөдөлмөр шүү дээ. САЯ АМАРЧ БАЙХДАА НЭГ ТОМ БҮТЭЭЛ ТУУРВИСАН -Ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд нэлээд амралтын байдалтай байсан. Энэ хугацаанд нэлээд хэдэн бүтээл туурвих хугацаа өнгөрсөн. Таны хувьд томоохон бүтээл туурвиж амжив уу? -Би гэдэг хүн чинь сая амарч байхдаа нэг том бүтээл туурвисан. Том бүтээлээ тосч авах гээд, төрүүлснийхээ дараа анхаарал халамж тавих гээд жил гаруй хугацаанд ажил төрлөө орхисон. Одоо харин шуурхайхан шиг л ажиллаж байна даа. -Том бүтээл гэснээс бүтээл маань одоо хэдэн сар хүрч байна? -Одоо миний охин чинь есөн сартай. Нэг үеэ бодвол хөөрхөн болж байна аа. Ээж ээ, аав аа, эмээ гээдтом болж л байна. -Аав, ээж хоёр нь урлагийн хүмүүс болохоор зав зай муутай байгаа байх. Ер нь хэн харж, өсгөж байна? -Хэцүү, хэцүү. Ээж маань л харж байна. Амьтан, ах дүү гуйж харуулна. Тэгээд ер нь хүүхэд харуулах гэдэг чинь асар том ажил юм байна шүү дээ. Үүнийг мэддэггүй байлаа. Одоо л ийм хүнд хэцүү гэдгийг нь мэдэж байна. Манайхан чинь Ээ дээ хүүхэд харах хэцүү шүү гээд л байдаг байсан. Бид н энэ талаар хоёр, гурван ч номер хийж л байсан. Яг өөр дээр минь тулаад ирсэн чинь үнэхээр л хэцүү юм байна. -Жил гаруй хугацаанд тайзан дээрээ гарахгүй байхаар төсөөрөх ч гэдэг юм уу, эвгүй санагдаж байв уу? -Жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч завсардчихлаа, ажил мэргэжлээсээ хөндийрчихлөө, бие физиологийн хувьд бэлэн биш байна гэж байхгүй л дээ. Энэ бол бас л мэдрэмжийн л ажил шүү дээ. -Урлагийн хүмүүс олны нүдэн дээр байдаг болохоор хүүхдээ төрүүлснийхээ дараа ч биеийнхээ фигурыг хадгалах, жингээ барих гээд л янз бүрийн арга хэрэглэдэг гэдэг. Харин та ямар арга хэрэглэж байна? -Би чинь одоо төрхөндөө арай л орж чадаагүй явна даа. Жирэмсэн байхдаа мундаг таргалсан. Тэгээд төрснийхөө дараа ч бас жин нэмсэн. Яалт ч үгүй хүүхдээ хөхүүлж байгаа болохоор сайн идэж уух хэрэгтэй. Сая бараг 75 кг хүрсэн шүү. Одоо л ажилдаа ороод 71 болж байна. Ажилдаа ороод хэдэн сар болж байхад дөнгөж гурав, дөрөвхөн л кг хасч байна. Тэгээд ч дасгал сургуулилт хийгээд, жингээ хасъя гэхээр үртэй хүүхэдтэй хүн чинь хүүхдээ бодмоор байна шүү дээ. Миний гоо сайхан байх, туранхай фигуртай байх бол хамаагүй гэж бодож байгаа. Хамгийн гол нь охиноо хоёр нас хүртэл нь хөхүүлчихмээр байгаа байхгүй юу. Түүний дараа л тэр турах, гоо сайхандаа анхаарах байх даа. Одоо бол хамгийн гол чухал зүйл бол хүүхэд минь байна. Эх хүнд үр хүүхэд нь зөв сайхан өсөх гэж боддог. Сүүлийн үед ажиглаад байхад хүүхнүүд маань аягүй эрт хүүхдээ хөхнөөс нь гаргаж байна. Хөхний хэлбэр алдагдана, хурдан турмаар байна гэх зэргээр хүүхдээ эрт хөхнөөс нь гаргаад байна. Ер нь бол эхийн сүүг орлох эрдэнэ гэж байхгүй шүү дээ. Хаана ч, хэзээ ч авч чадахгүй тэр аминдэм, эрдэс баялгийг хүүхэддээ өгье гэвэл хөхний сүүгээр хооллох хэрэгтэй л гэж боддог юм. Яах вэ дээ, хоёр жил тарган л явна биз. Тэр чинь ямар хэзээ ч турж болохгүйгээр мөнхлөөд, дархлаад үлдээчих биш. Тийм болохоор хүүхдээ л бодох хэрэгтэй. Хүмүүс намайг ямар аймаар таргалсан юм бэ гэж л байдаг. Би тоодоггүй юм. -Анхны охиноо төрүүлж байхдаа мэдээж баярлаж байсан байх. Гэхдээ хүн амьдрал үзээд, юмны учрыг олдог болсныхоо дараа хүүхэд гаргахаар үнэн голоосоо баярладаг гэж ярьдаг. Танд тэгж санагдсан уу? -Цэл залуудаа мэдээж анхныхаа хүүхдийг төрүүлэхдээ баярлаж хөөрөөд хайрлаж л байсан. Гэхдээ яг энэ насны үед хүүхэд төрүүлнэ гэдэг чинь, бурхан минь Хүүхэд гэдэг чинь ямар хөөрхөн, тэр хүүхдэд зориулах хайр энэрэл, эх үрийн холбоог бүр илүү мэдэрдэг юм шиг санагдсан. Залуудаа тэр их хайрыг сэтгэлийнхээ гүнд тэгтлээ мэдэрч байснаа би бас санадаггүй юм. Тэгэхээр 40 хүрчихээд, ийм насан дээр хүүхэд төрүүлэх чинь арай л өөр мэдрэмж төрүүлдэг юм байна. Тийм болохоор би хамгийн түрүүнд хүүхдээ бодох хэрэгтэй гэж бодож байгаа. -Таныг хөл хүнд болсноос хойш л хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Т.Бархүү та хоёрыг тун удахгүй хуримаа хийх нь гэсэн мэдээлэл одоо хүртэл яваад л байна. Үүнд та хариулт өгөхгүй юу? -Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Мэдээллийн сайтууд ч гэсэн янз бүрээр л бичсэн байсан. Намайг жирэмсэн байхад хэд хэдэн удаа ч төрүүлээд амжсан. Тэгэхэд нь би төрчихлөө гээд бэлгэшээж л байсан. Заримдаа муу муухайгаар бичсэн, гүтгэсэн л байдаг. Тэр үед нь зүрх шимшрээд л, гомдоод өнгөрдөг. Бид чинь хүмүүстэй л адилхан махан биетэй, сэтгэл зүрхтэй хүн шүү дээ. Манай хүн намайг интернэт рүү орж, элдэв мэдээлэл битгий унш, тайван байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ч тэр болгоныг уншаад суух хүсэл байдаггүй. Тэгсэн хүмүүс тэр мэдээллээс болоод хуримаа хийчихээд хэлсэнгүй гэж гомдоод сүйд болсон. Бүр хуримандаа өгөх бэлэггүй гэж бодоо юу гээд манай урлагийн настай хүн гомдсон байсан. Тэгэхээр бид хоёр хурим хийх бодолгүй байгаа. Юун хурим найр хийх, хоёр хүүхдээ л сайхан өсгөхөд анхаарч байна. Зав зай үнэхээр муу байна. -Ийм үед л ханийн түшиг, халамж хайр мэдрэгдэж байгаа байх? -Тэр тал дээр манай Бараа ярих юм байхгүй. Энэ үед л би өөрийнхөө азтайг мэдэрдэг юм. ЖҮЖИГЧНИЙ АЖИЛ ХАРАХАД АМАРХАН Ч ХЭРЭГ ДЭЭРЭЭ ТИЙМ БИШ -Ээж тань энэ мэргэжлийг эзэмшихэд их дургүй байсан гэдэг. Та ер нь яаж яваад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Гэр бүлд тань урлагийн хүн байдаггүй санагдаж байна? -Аав маань жолооч, ээж минь багш мэргэжилтэй. Намайг жүжигчин болно гэхэд хоёулаа л дургүй байсан даа. Би өөрийнхөө мэдрэмжээр энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Багаасаа дуу хөгжимд их дуртай, арван жилийн сургуулийн дууны багш маань намайг кино драмд шалгалт өгвөл чи тэнцэнэ дээ гэдэг байсан юм. Бас болоогүй, ангийн багш маань намайг урлагийн авьяастай гэж ээжид минь хэлж, магтдаг байсан. Тэр бүхэн их дэмжлэг болсон. Тухайн үед би нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгөхөөр конкурст бэлдэж байсан юм. Тэгээд нэг л өдөр урлагийн хүн болохоор шийдсэн. Би ер нь хичээлээ тарчихаад л автобусанд суугаад юм бодож явдаг хүүхэд байсан. Бүр хэдэн буудал ч хамаагүй ингэж явдаг байлаа. Тэгээд нэг өдөр автобусанд явж байгаад Сталины номын сангийн өмнө буугаад Драмын театр руу явсан юм. Хүүхэд юм болохоор драмын театрыг үзмээр санагдсан хэрэг л дээ. Тэгээд шинээр гарч байгаа жүжгүүдийн нэрийг хараад явж байтал Гургалдайн дуут шөнө гэдэг жүжгийн зар гарсан байсан юм. Тухайн үедээ зарлалын зурагт хуудсан дээр жүжигчдийнх нь зураг байсан юм. Тэрийг хараад зогсч байсан чинь араас нэг хүн хүрч ирж байна. Эргээд харсан чинь Ц.Гантөмөр гуай ирж явдаг юм байна. Тэр том жүжигчнээс айгаад ч юм уу, театрын баганы араар ороод нуугдчихлаа. Тэгсэн чинь Ганаа ах өөрийнхөө зургийг нэг их харж байснаа тачигнатал хөхөрч их л сэтгэл ханамжтай байгаа бололтой яваад өглөө. Энэ болгоныг харж байсан би гэдэг хүн нэг их уйлмаар санагдаж, ер нь л жүжигчин л болъё. Жүжигчин болж чадахгүй бол насаараа шаналах байх гэж бодсон доо. Тухайн үед дөнгөж 18 настай, аравдугаар ангиа төгсөх гэж байсан үе л дээ. Гэнэт төрсөн мэдрэмжиндээ хөтлөгдөөд л гэртээ харингуутаа ээждээ кино драмын ангид орохоор шийдсэнээ хэлсэн. Ээж маань их гайхаж байсан юм. Гэхдээ ингэж шийдсэндээ алдаагүй гэж боддог. Ер нь хүний зөн мэдрэмж өөртөө зөвөөр мэдрэгдэх тийм үе байдаг юм шиг санагддаг. -Урлагийн ертөнцөд хөл тавьсан хүний анхны бүтээл ямар байхаас цаашдын зам зурайдаг гэдэг. Сэрүүн дуганы мөхөл ч таны анхны гол дүр бүтээсэн кино байх аа. Сонгон шалгаруулалтад орж байв уу? -С.Эрдэнэ гуайн зохиол Сэрүүн дуганы мөхөл гэдэг кино байсан. Энэ киног манай ардын жүжигчин Б.Дамчаа гуай найруулж, кино хийсэн. Тэр кинонд тоглох завшаан олдсоноор миний уран бүтээлийн гараа эхэлсэн. Би сургуульд сурч байх үе. Нэг өдөр ангидаа орох гээд шатаар өгсч явтал Б.Дамчаа гуай шатны дэргэд зогсч байсан юм. Тэгснээ намайг харангуутаа Энэ мөн байна гэдэг юм байна. Юу мөн гэсэн юм бол гээд гайхаад харсан чинь Миний хүү чи киноны пробод орох уу гэж асуусан. Тэгэхээр нь Багш нар л мэдэх байх даа гэж хариулсан. Тэгээд манай тэнхмийн багш нартай уулзаад, Доржсамбуу багш маань зөвшөөрсөн учраас пробод орж, кинонд тоглосон доо. Гэхдээ түүнээс өмнө Сүүлчийн улирал гээд хамгийн анхны телевизийн кино жүжигт тоглосон юм. Театрт гэвэл Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаад, УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос Х түц продакшндаа одоо хүртэл ажиллаж байна даа. -Сургуулиа төгсөөд л Хүүхэд, залуучуудын театрт ажилласан юм уу? -И.Нямгаваа найруулагчийн урилгаар Хүүхэд, залуучуудын театрт ажиллахаар хуваарилагдсан юм. Энэ хүнд би үргэлж баярлаж явдаг. Намайг анх уран бүтээлч болоход, театрын тайзтай холбогдоход минь маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Анх театртаа очиход маш олон сайхан жүжигчид тосч авсан. Ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байсан хамт олон хүний сэтгэлд маш дотно үлддэг юм билээ. Тэгээд ч намайг жүжигчин болсны дараа ээж минь Миний охин ямар азаар энэ мэргэжлийг сонгосон юм бэ, хүн зөв замаа сонгоно гэдэг ямар хэрэгтэй болохыг охиноосоо харж байна гэж хэлж байсан юм. Би ч гэсэн жүжигчин болно гэж бодож байгаагүй. Хувь заяа л намайг хөтөлсөн дөө. -1990-ээд оны сүүл 2000 оны эхээр зах зээлийн нийгэмд шилжиж, тэр шуурганд урлагийнхан ч хөл алдаж байсан үе. Тэр үед та УДЭТ-т ажиллаж байсан байх аа? -Намайг Хүүхэд залуучуудын театраас 1991 онд Драмын театр руу шилжүүлсэн. Тэр үе бол ид зах зээлийн үе. Тухайн үед театр 17 жүжигчинтэй үлдсэн байсан. Бид ч ид хийж бүтээхийн хүсэлд автсан залуу байсан учраас цалин мөнгө гэлгүй зүтгэж байлаа. Харин бидний дээд талын үеийнхэн гэр бүл, үр хүүхдээ авч явахын тулд гахай үүрэн наймаанд явж, урлагаа орхиж билээ. Одоо ч тэр завсрын үе байдаггүй. Ер нь жүжигчид үе үеэрээ төрдөг юм шиг санагддаг. Онон, Энхтуул, Өлзийхүү, Оюундарь, Дэмидээ бид нарыг Доржсамбуу багш маань дуудаж байгаад Би Монголын урлагийг нэгэн үед авч явах хүмүүсийг цуглуулсан гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлж байж билээ. Багш маань их алсын хараатай байж дээ. Тэгээд ч манай Х түц-ийнхэн анхнаасаа залуу уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж, тэднийг дэмжиж ажиллаж эхэлсэн. Бүр тэдэндээ зориулж уран бүтээл туурвиж байсан. Ерөнхийдөө бусад продакшнууд гэлтгүй манай продакшнаас төрөн гарсан уран бүтээлчид маань биеэ даагаад гарч л байдаг. Бид ч өд сөд нь ургаад гүйцсэн бол нисэхээс яах вэ, энэ бол амьдралын хууль гэж үздэг. Үүнд нэг их гомдоод бачуураад байх зүйл огт байхгүй. Энэ бол жамын юм жамаараа л болж байгаа хэрэг. Одоо ч гэсэн авьяаслаг, шинэ залуучуудыг авах юмсан гэж боддог. Гэхдээ санасны зоргоор тийм хүн олдохгүй байна. Авьяас гэдэг маань үйлдвэрлэл биш гэдэг шиг тэр болгон төрөөд байдаггүй юм байна. Манай Тэмка, Бараа, Нарансолонго гээд авьяаслаг залуучууд байгаа хэрнээ эд нарын дараа гарч ирж байгаа залуучуудыг харах гэхээр санаанд хүрэхгүй, мэдрэгдэхгүй байх шиг санагддаг. Одоо гэхэд дараагийн үе байхгүй л байна. -Улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс эрх дураараа байж болдоггүй, тэр дундаа урлагийнханд бол ямар ч дүрийг бүтээхэд бэлэн байх ёстой гэсэн хатуу дүрэм үйлчилдэг байсэн гэдэг. Та ер нь яагаад чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн юм бэ? -Анх сургуулиа төгсч байх үед л Батзаяа ах, Туяа эгч хоёртой хамт Элдэв зураг, Бага тайз гээд хошин үзүүлбэрүүдэд тоглож байсан. Тэгээд жилдээ нэг удаа шоунд орж тоглодог байлаа. Үүнээс болоод Драмын театрт байхдаа цалингаа 30 хувиар хасуулдаг байлаа шүү дээ. Бүр гурван сартай жирэмсэн байхдаа Драмын театраас хөөгдөж байлаа. Тавдугаар сард Олон улсын фестивальд явах байсан юм. Бэлдэж байсан жүжиг маань эрэгтэй, эмэгтэй хоёр гол дүртэй. Тэр үед намайг хүүхдээ авахуул гэсэн шаардлага тавьсан. Гэтэл миний анхны хүүхэд. Тийм учраас би хүүхдээ төрүүлнэ гэтэл тэгвэл чамайг хөөнө гэж хатуурхсан. Тэгэхэд нь Урлаг миний толгойг түшихгүй, хүүхэд миний толгойг түшинэ гэж хэлээд хөөгдөж байсан даа. Хэрэв тухайн үед охиноо төрүүлээгүй бол яах байсан бол гэж боддог юм. Хүүхэд гэдэг эмэгтэй хүнд хамгийн чухал. Тэгээд охиноо төрүүлчихээд жил гаруй болж байхад ажилдаа ор гээд дуудаж л байсан. Тухайн үед ажлаасаа гарсан учраас чөлөөтэй уран бүтээлээ туурвих хүсэлд автаж байлаа. Янз бүрийн юм тохиолдож байлаа. Бүр шантраад найруулагч дээр ороод театраас гармаар байна гэтэл Ганцхан чи муу ингэж амьдраагүй. Цэрэнпагма, Цэвээнжав гэж сайхан жүжигчин байсан юм. Бүгд энэ амьдралаар амьдарсан юм гэж загнасан. Найруулагчийг ингэж хэлсний дараа л би өөрөө их хүчтэй байж, хүмүүсийн муу үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх нь зөв юм байна гэж ойлгосон. Тэгээд 2003 оноос ер нь чөлөөтэй уран бүтээлээ туурвих нь зөв юм байна гэж шийдсэн. Драмын театрт байх сайхан л даа. Гэхдээ нэг гэм нь жүжигчин хүссэн хүсээгүй бүх уран бүтээлд орох ёстой. Тэр чинь их хэцүү шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчийнхээ хувьд их хэцүү байсан. Тухайн жүжигчинд таалагдахгүй байхад хүртэл оруулдаг. Үүнээс болоод Болд найруулагчтай хэрэлдээд, яасан их зантай жүжигчин бэ гэж хүртэл хэлүүлж явсан. Тэр үед арай л эрт дуугарсан байж магадгүй. Одоо бол уран бүтээлчид бүгдээрээ л энэ зүйлийг ойлгодог болсон. Тэгээд ч өнөөдрийг хүртэл хүсэл зориг нэгтэй хамт олонтойгоо ажиллаад сайхан л байна. Би алдаагүй л гэж боддог. -Жүжигчин хүн амьдралынхаа асар олон чухал зүйлүүдийг ардаа орхидог гэдэг юм билээ. Таны хувьд тэгж орхисон зүйл бий юу? -Байлгүй яах вэ. Охиноо хүртэл өөрөө өсгөж чадалгүй аав ээж хоёроороо өсгүүлж байсан. Аав минь хавдартай болоод хагалгаанд орох гэж байхад би театрын тайзан дээр Ромео Жульетта-д тоглож байлаа. Хагалгаа маш удаан үргэлжилсэн. Гэтэл дараахан нь ээжийгээ хэвтэрт орчихоод өвчтэй байхад нь шинэ жүжгийн сургуулилалттай гээд хаяад явж байсан. Ээж, аав маань ажлыг минь ойлгож, ар талыг бүрэн хариуцдаг байсан даа. Хэрвээ гэр бүлийнхэн нь дэмждэггүй бол урлагийн хүн амжилт гаргахад амар байхгүй нь мэдээж. -Одоогийн залуус амар хялбар аргаар мөнгө олж, амьдралаа залгуулах гэсэн хүсэлтэй байх болж гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг. Тиймдээ ч бушуухан олны танил болж, од болъё гэх хандлага ч байдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Ер нь хүн нийгэмд байх ёстой байр сууриа олно гэдэг их чухал. Бидний тэр үе ч гэлтгүй одоо ч гэсэн хүүхдүүдээс чи ямар мэргэжилтэй болох гэж байна гэж асуухад тоймтой хариулт хэлж чаддаггүй. Гэхдээ хүмүүсийн харж байгаагаар жүжигчний мэргэжил их амархан юм шиг санагддаг байх. Хэцүү шүү дээ. Урлагийнхан дотроо ч бас амархан гэж боддог байж магадгүй. Тэгэхээр их л амархан гэж бодож байгаа бол тэр авьяасгүй л байна гэсэн үг. Авьяастай хүнд амархан зүйл биш байхгүй юу. Бидэнд амралтын цаг гэж байдаггүй. Бүр шөнө унтаж байхдаа хүртэл тархин дотор ажиллаж л байдаг. Тархи ерөөсөө амардаггүй, тийм болохоор энэ чинь оюун санааны болоод физиологийн хувьд их ачаалалтай, цаагуураа хүн маш их ядардаг. Үүнийг хүмүүс мэддэггүй байх. Аргагүй, дуртай юм болохоор л түүнээсээ энергиэ авдаг байх даа. Мөн хүмүүс сайхан хүлээж авбал, тэр сайхан халуун дулаан уур амьсгалаас энерги авдаг. Өөрсдөө ч их алддаг, бусдаас ч их авдаг мэргэжил дээ. -Та амьдралын сайхныг юу гэж боддог вэ? -Ямар ч хүн өөрийгөө муу гэж боддоггүй. Тэгэхээр хүний өөрийн мөн чанар сайн сайханд тэмүүлэмтгий, аз жаргалд дуртай, гоё сайхан юманд дуртай байдаг. Сайхан хоол идэх дуртай, сайхан амьдрах дуртай, сайхан сэтгэл гаргах дуртай. Хүн тийм л сайхан тэмүүлэмтгий амьтан. Тэгэхээр би амьдралдаа ч сайхан амьдрахсан гэж боддог. Миний амьдрал ажил, гэр бүл, хамт олон ойр орчин тойронд байгаа бүхий л юмс сайн сайхан байгаасай гэж боддог. Аливаа зүйл сайнтай муутай байдаг болохоор би туйлширч, бүх юмыг нэг талаас нь авч үздэггүй. Тийм болохоор би амьдралдаа эрүүл сэтгэлгээтэй зөв амьдрахыг боддог. Би өөрийнхөө уран бүтээлд ч гэсэн тэгж ханддаг. Э.Энх

Cолонгосчууд Gangnam Style-ийг олон нийтийн газар хийхийг хоригложээ

Солонгосын нэгэн поп дуучин Gangnam Style гэдэг дуугаараа жинхэнэ дэлхийг донсолгоод байна. Улс орон бүрт түүний Gangnam Style гэдэг үг цээжлэгдэж, дэлхийн алдартнууд хүртэл түүнийг сонирхож эхэлсэн байна. Саяхан гэхэд Попын гүнж гэгддэг Бритни өөрийн твиттер хуудаснаа миний хамгийн дуртай дуу хэмээн клипийг нь тавьсан бөгөөд Gangnam Style-ийн бүжгийг надад зааж өгөх хүн байна уу хэмээн хошигножээ. Гэвч ийнхүү дэлхийн нийтийн хамарч байгаа Gangnam Style-аас солонгосчууд уйдаж эхэлжээ. Бүр түүнийг бүжгийг олон нийтийн газар хийхийг хүртэл хориглосон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.