Louis Vuitton /LV/

2012-08-06 12:15:15 Нийтлэгдсэн: Урлаг
Louis Vuitton /LV/

Та бидний сайн мэдэх олон жилийн түүхтэй LV брэнд нь анхны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг глобал групп болох Louis Vuitton Moet Hennesseyн охин компани юм. Vuitton-ы бүтээгдэхүүнүүд 1850 оноос хойш өвөрмөц, тансаг, нарийн хийц загвар бүхий бүтээгдхүүнүүдийн илэрхийлэл болсоор иржээ. Тансаг хээнцрийн хослол болсон уг брэнд нь 19-р зуунаас өөрийн цүнхнүүдээрээ алдаршсан юм. Тус брэндийн үндэслэгч, алдарт загвар зохион бүтээгч Louis Vuitton 1821 оны 8 сарын 4-нд Францын Жура хотноо мэндэлжээ. Тэрээр аялах дуртай нэгэн байсан бөгөөд эндээс л өөрийн алдарт аяны цүнхээ үйлдвэрлэх санааг олсон гэдэг. Louis Vuitton 16 насандаа аяны тээш цүнх үйлдвэрлэгч Monsieur Marechalд дадлага хийж ажлынхаа гарааг эхэлжээ. Чухам эндээс тэр сайн чанарын цүнхийг хэрхэн хийх вэ гэдгийг ойлгож авсан байна. Улмаар 1854 онд өнөөдрийн алдарт брэндийн үндэс болох өөрийн LV хэмээх цүнх үйлдвэрлэлийн компанийг Парис хотноо байгуулсан гэдэг. Түүний урласан арьсан цүнхнүүд дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж 19-р зууны сүүлийн хагас гэхэд өөрийн бүтээсэн хээнцэр ганган цүнхнүүдээрээ аль хэдийнээ олонд танигдаад байсан юм. Түүний бүтээлийг эдэлж хэрэглэх хүсэлтэй хүмүүс хэдэн зуугаар хэмжигдэх болж ихэс дээдсүүд хүртэл ихэд таашааж байлаа. Дээдсийн хүрээний ноёд хатагтай нарт зориулж тусгайлан цүнх урладаг байсны дотор оросын хаан Grand Duke Nicholas, III Наполеоны гэргий Empress Eugйnie de Montijo, Испанийн хаан XII Alphonse зэрэг ихэс дээдсүүд багтаж байв. Тэрээр 1867 онд Парист болсон Дэлхийн яармаг худалдаагаар олонд сайшаагдаж хүрэл медаль, харин 1869 онд тус яармаг худалдаанаас алтан медаль хүртсэн юм. Түүний хийсэн нэгэн шинэлэг шийдэл нь 1873 онд анх танилцуулж байсан хул өнгөн дээр улаан судал бүхий маалинган даавуун цүнх байлаа. Тухайн үедээ энэ нь асар их амжилтыг авчирсан онцгой загвар болж чадсан боловч харамсалтай нь удалгүй дууриамал цүнхнүүд ихээр гарах болжээ. 1892 онд түүнийг нас барсаны дараа хүү болох Georges нь компаниа залгамжлан удирдаж хөгжлийн шинэ түвшинд хүргэжээ. Энэ үеэс бидний сайн мэдэх LV хэмээх лого бүтээгдэхүүнүүд дээр тавигдах болсон аж. Тэрээр хамгийн анх таван tumbler цоож бүхий аяны цүнхийг бүтээсэн гэдэг. Ийнхүү Louis Vuitton хэмээх энэхүү гавьяатай эрхэм LV брэндийн нэрийн хуудас болсон чанартай чамин хээнцэр цүнхнүүдийг бүтээж дэлхийн алдарт брэндийн үндэс суурийг тавьсан юм. Түүний дахин давтагдашгүй хээнцэр цүнхнүүд одоо ч хэв шинжээ алдаагүй бөгөөд загварт хайртай тансаг дэгжин бүхэнд дуртай бүсгүйчүүдийн үнэнч хэрэглээ-жинхэнэ гангараа нь болсоор байна. 2004 онд тус брэнд 150 жилийнхээ ойг дэлхий даяар өргөн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

"Playtime 2012" наадам сүлд дуугаа тодрууллаа

Хөгжим сонирхогч залуусыг амьд хөгжмөөр цэнэглэх Playtime 2012 рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар Dutch Uncles хамтлагийн Cadenza хэмээх уран бүтээл нүргэлэх гэнэ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын Монгол шилтгээн-д болох аж. Харин наадмын зочин хамтлагаар Японы Taffy хамтлаг ирэхээр болсон байна. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм. Тасалбарын хувьд хоёр өдрийнх нь 20 мянган төгрөг, таван хүн хоёр өдрийнхийг 80 мянган төгрөгний багцаар, арван хүн хоёр өдрөөр бол 150 мянган төгрөгний тус тус багцаар үзэх боломжтой юм байна. Харин нэг өдрийн тоглолтыг үзэх бол 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Худалдаанд гармагцаа шуураад дуусдаг тасалбар нь удахгүй зарагдаж эхлэх гэнэ.

Хүсэлбаатарын Баярмаа “Дэлхийн мисс”-т

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа оролцохоор энэ сарын 18-нд тус улсыг зорьсон юм. Тэрбээр Шилдэг өнгө продакшны жүжигчин бөгөөд Miss Mongolia 2012 тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлжээ. Харин Дэлхийн миссийн уралдааны зохион байгуулагчдын зүгээс сонгон шалгаруулалтад тэнцсэн хариуг наадмын өмнөхөн ирүүлсэн тул богино хугацаанд шахуу бэлтгэлээ базаан Дэлхийн мисс-2012-ыг зорьжээ. Хэдийгээр бэлтгэл хийх хугацаа бага ч жүжигчин мэргэжилтэй учраас байнгын бэлтгэлтэй байсан хэмээн түүний ээж, жүжигчин С.Өлзийхүү ярьсан юм. Тэрбээр охинтойгоо байнга холбоотой байгаа бөгөөд ажлынхаа боломжоор охиноо очиж дэмжих гэнэ. Жүжигчин С.Өлзийхүү наймдугаар сарын эхээр шинэ киноны зураг авалттай байгаа бөгөөд харин түүний хань, Шинэ өнгө продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжихээр болжээ.

Жүжигчин З.Онон: Би мэргэжилдээ дурласан

Шинэ цагийн Хоролмаа буюу Х түц продакшний залуу жүжигчин З.Онон За сайн байна уу? Баяр наадмын үеэр урлагийн хүмүүс хамгийн ачаалалтай ажилладаг. Энэ үеэрээ цаг зав гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа. Яриагаа бага насны чинь талаар эхэлбэл ямар вэ? Миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн. Голомт цогцолбор сургуулийн 103 ангийг 2005 онд төгссөн. Багадаа ер нь их тал талын авъяастай, нийгмийн идэвхитэй, найз нөхдийн хүрээлэл ихтэй, хөдөлгөөнтэй л хүүхэд байсан даа. Сагс, волейбол тоглочихдог, урлагийн үзлэгт ордог, юм юмтай л хүүхэд байлаа. Хэддүгээр ангиасаа жүжигчний мэргэжлийг сонгочихов оо? Жүжигчин болно гэж бодож байгаагүй дээ. Би ТИС-ийн Холбоо Мэдээллийн Сургуульд орно гээд эртнээс төлөвлөөд зузаан тестийн номыг бодчихсон байлаа. Тэр үед миний хамаатны ах эгч хоёр СУИС элсэлтээ авах гэж байна, очоод үзээч гэж зөвлөсөн. Тэгээд Сугар багш дээр анх хувиараа очиж зөвлөгөө аваад тэгээд л санаа шулуудаад сайн бэлдэж байгаад орсон. Гэнэтийн шийдвэрээр жүжигчин болох гэж байгаа охиноо гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ? Ээж, аав хоёр эхлээд их гайхаж хүлээж авсан. Ээж бүр миний охин тэгээд сургуулиа төгсөөд юу болох юм бэ гэж их гайхаж байсан гэсэн. Гэхдээ одоо охиноороо бахархаж байгаа байх аа. /инээв/ Холбоо мэдээллийн инженер болох гэж байсан хүн гэнэт сонголтоо өөрчилснөөрөө их л зоригтой байж дээ. Урлагийн шалгуур бүхний нүдэн дээр ил байдаг. Гэхдээ сайхан сургуульд орж өөрийнхөө авъяасыг нээж чадсан бас азтай гэж ойлгож болох уу? Тийм ээ, азтай байжээ. Сургуулиараа их бахархдаг. Урлагийн тогоонд байгаа бүхий алдар нэртэй сайхан хүмүүс манай сургуулиар дамждаг шүү дээ. Сурч байх хугацаандаа өөрийгөө ямар чиглэлийн жүжигчин болох вэ гэдэг багцаа байсан уу? СУИС-ийн жүжигчний ангид элссэн оюутнуудын ихэнх нь Драмын театрт жүжигчин болно гэж боддог. Миний хувьд эхэндээ юу ч мэдэхгүй л явж байсан. Гэхдээ драмын театрт орно гэж бодож байгаагүй. Харин төгсөх курстээ орохдоо яг юу хийнэ ээ гэж маш их бодсон. Жүжигчний мэргэжил олгодог олон сургууль байдаг, жил тутам хэдэн арван жүжигчид төрж байгаа. Энэ өрсөлдөөн дундаас ялгарч гарна гэдэг их хэцүү л дээ. Тэгээд нэг хэсэг МҮОНТ-ийн Шигтгээ гэдэг загварын нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Бас дадлагаа Х түц продакшинд хийсэн. Тэр үед төгсөөд эндээ үлдчих юмсан гэж бодож байсан. Ингээд сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл Х түц продакшний жүжигчин гэсэн хоёр сонголт тулгарсан. Тэгээд л анхнаасаа дурласан жүжигчний мэргэжлээ сонгосон доо. Босго өндөртэй гэгддэг Х түц продакшнд жүжигчнээр үлдэнэ гэдэг нэлээд авъяас хэрэгтэй байхаа? Ер нь бол тийм шүү. Би одоо ч гэсэн үндсэн жүжигчин нь биш шүү дээ. Анх жилийн гэрээтэй орсон, одоо гэрээ дуусаад жинхлэх үгүйгээ шийднэ дээ. Танай продакшний бусад хамтлагуудаас давуу, онцлог тал нь юу байдаг юм бэ? Хамгийн бахархалтай зүйл гэвэл манайд МУ-ын Гавьяат Жүжигчин хоёр байдаг. Мөн чадалтай сэтгэлтэй сайхан жүжигчид ч байна. Эд нар дотроосоо би Одноо эгчийгээ хүндэлж хайрлаж явдаг. Саяхан Бараа ах Одноо эгч хоёр маань охинтой болсон. Нэмж хэлэхэд манайхан драмын аль ч төрөлд тоглох чадвартай гэдгээ харуулсан. Өнөөгийн манай шоу бизнесийн ертөнцөд хошин урлагийн салбарын хөгжил харагдахгүй байгаа юм шиг надад санагддаг. Одоо бүх продакшнуудын үзүүлбэр ерөнхийдөө адилхан болсон юм шиг. Чиний хувьд ирээдүй нь хэр харагдаж байна вэ? Би тэр чиглэлийг тодорхойлно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ манай продакшний хувьд дан ганц хошин урлаг гэлтгүй драмын олон жүжгүүдийг амжилттай тоглосон байгаа. Мөн кино урлагийн салбарт ч амжилттай байна. Танай продакшний хувьд залуу жүжигчиддээ их боломж олгодог юм шиг харагддаг. Чиний хувьд продакшнийхаа шинэ үеийн төлөөлөл гэхэд уран бүтээлээр арвин байна. Уран бүтээлийнхээ талаар ярих уу? Манай хамт олон өнгөрсөн хавар МУ-ын Төрийн соёрхолт, Гавьяат Жүжигчин Д.Сосорбарамтай хамтраад Сайтар эргэцүүл хэмээх философийн жүжиг тавьсан. Энэхүү жүжгийн гол дүрд тоглосон. Зун Учиртай гурван толгой хэмээх уран сайхны киноны Хоролмаагийн дүрийг бүтээлээ. Сүүлийн үед манай продакшний 2012 хошин шоу тоглолт амжилттай болж өндөрлөсөн байгаа. Мөн ТВ 9, UBS телевизүүдтэй хамтран Баярын мишээл тусгай дугаарын зураг авалтад оролцож дуусгалаа. Яг одоогийн байдлаар амралтын байдалтай байна даа. Уншигчдын маань зарим нь танай гэр бүлийн хүнийг дуучин П.Идэржавхлан гэдгийг мэдэхгүй байх. Энэ тохиолдолд Идэрээ яаж хүлээж авах бол? Бүр гарцаагүй тохиолдолд бол зөвшөөрөх байх аа. Гэхдээ би тийм дүрд тоглохгүй ээ. Нөхөртэй яаж танилцсан бэ? Бид хоёр сургуулийнхаа дотуур байранд танилцаж байсан юм байна. Анх Идэрээ намайг харсан байх аа. Над руу мессэж бичээд би хариу бичээд тэгээд л хоёрдугаар курстээ танилцаж байсан. Байнга тааралдсаар байгаад сүүлдээ хармаар санагдаад байдаг болчихдог юм байна лээ. Тэгж байхад Идэрээ сар гаруй хөдөө сүлжээгүй газар очоод тэр үед маш их санаж байсан. Ингээд л хайртай болсноо мэдэрсэн дээ. Тэгээд ирэхэд нь аягүй хурдан үерхчихсэн. /инээв/ Удалгүй охинтой болсон. Манай охиныг И.Энхжил гэдэг. Их содон нэртэй. Одоохондоо бид хоёр их завгүй ачаалалтай ажиллаж байгаа болохоор миний охин Налайхд манай эмээ өвөө дээрээ байгаа, тэнд цэцэрлэгт явдаг. Нюанс хамтлагийн шинэ дуучин Дүйнхоржавыг чиний багын найзтай гэрлэхэд Идэрээ та хоёрын хичээл зүтгэл их байсан гэж сонссон. Энэ үнэн үү? Тийм ээ, Манай Дүйнхор, миний багын найз Хишгээ хоёр хоорондоо маш адилхан зантай. Тийм болохоор Идэрээ бид хоёр ярьж байгаад танилцуулсан юмаа. Надад дунд сургуулиасаа найзалсан арван найз охин байдаг. Хар багаасаа байнга л хамт байдаг байлаа. Одоо ч гэсэн холбоотой байдаг. Найзууд маань ихэнх нь гэр бүлтэй болсон болохоор тэр бүр уулзалдаад байж чаддаггүй ч тэмдэглэлт өдрүүдээ байнга л хамт өнгөрөөдөг. Энэ шинэ жилийн баярыг ч гэсэн гэр бүлийнхээ найзуудын хүрээнд тэмдэглэнэ гэж бодож байна. UNDESTEN.MN Д. Мөнхжаргал

"Алтаргана" их наадам өнөөдөр эхэлнэ

Буриад үндэстний уламжлалт Алтаргана их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Агын уриадад болно. Тус наадам анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан бол өдгөө буриад үндэстний томоохон наадам болжээ. Наадмыг 1994 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд 2002 онд анх удаа хил дамнан Агын Буриадад болж байсан түүхтэй юм. Энэ жилийн Алтаргана наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй буриад ястан оролцох аж. Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, Монголын Буриадын сан зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг бөгөөд нийт 21 номинациар шилдгээ тодруулах юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.