Д. Давааням: Эхнэр маань намайг орхиод явсан ч би огт гомддоггүй

Сайн байцгаана уу? үзэгчид ээ. Хөгжмийн мэдээ мэдээллийн Хит нэвтрүүлэг эхэлж байна хэмээн цэнхэр дэлгэцээр үзэгч олонтойгоо уулздаг байсан Д.Давааням зуурдаар таалал төгссөн. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд өөрийн орон зайг бий болгосон түүний зуурдын үхэл гэр бүл, найз нөхдөд нь хүнд цохилт болж, түүний гэрт Монголын урлаг соёлын алдартнууд цугларсаар байгаа нь Д.Давааням Монголын хөгжмийн урлагт хичнээн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн болохыг баталж байгаа юм. Гадаад, дотоодын хамтлаг дуучдын түүхийг хэн бүхнээс илүү мэддэг нэвтэрхий толь болсон түүний амьдралын сүүлийн мөч хүнд, бэрх байсан ч ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нэгэн байлаа. Энэ цаг үеийн өвөрмөц дуу хоолой, өнгө төрх болсон түүнийг олон хүн дурсан санаж, үгүйлэх болно. Ум мани бад ми хум. Д.Давааням агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ингээд түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хураангуйлан хүргэж байна. -Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Энэ өдөрт та ач холбогдол өгдөг үү. Хамт олон чинь таныг урив уу? -Хоёр гурван хүн баярын мессеж явуулсан. Монгол телевиз надад юу гэж урилга явуулах вэ дээ. Оюундарийг байгаа цагт. Бид уг нь нэг үеийнхэн. ХИТ-ийг анх гарахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Анх чи нэвтрүүлгийг хийгээч гэдэг саналыг Оюундарь тавьж байлаа. Монгол телевизийн түүхэн дахь хамгийн залуу программын хэлтсийн дарга байлаа. Намайг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаар 2010 оны найман сард халсан. Ажилдаа очоогүй удсан нь миний буруу. Өвчтэй байснаа хэлээгүй. Дараа нь миний шавь Бурмааг эфир тасалсан гэдэг шалтгаанаар мөн л халсан. Түүний хувьд нэг хамтлагтай ярьсан байтал нөгөөдүүл нь хөдөө яваад ирээгүй юм билээ. Тийм учраас багшдаа баярын мессеж илгээсэн. Амбасэлмаа багшаараа би бахархдаг. Одоо болтол бичихээс гадна олон шавь төрүүлж яваа хүн. Багшийн хийж байсан ярилцлага, бичсэн нийтлэл сурвалжлага нь хөдөө орон нутгийн жирийн ард түмний аж амьдралтай холбоотой байдаг. Тэдний амьдралд тулгарч буй бэрхшээл эсвэл өдөр өдрийн амьдралын баяр баясгаланг үнэхээр гайхширтал бичдэг. Хэдийгээр намайг сэтгүүлч гэдэг ч би багшийнхаа дэргэд сэтгүүлч гэж хэлүүлэхээс ичнэ. Хамгийн анхны багш гэвэл Монголын радиогийн редактор Буйдахмедийг хэлнэ. Бадар-Ууганы гарын шавь гэдгээрээ ч бахархдаг. Багш минь мэргэжлийн найруулагч хүн ч гэсэн намайг хөтлөгчийн ур чадварт сургасан, олон талын мэргэжилтэй, авъяастай хүн байсан даа. Миний найз Наранзуны аав. Харамсдаг зүйл гэвэл биднийг эрт орхиж явсан. Монгол ёс заншил, угсаатан судлалын талаар хэд хэдэн ном бичиж эхлээд дуусаагүй өнгөрсөн нь үнэхээр харамсалтай. Би утасныхаа дугаарыг өөрчилсөн болохоор хүмүүс ярих нь багассан. Хуучин дугаарын хувьд бол утасны лавлахад хүртэл байдаг гэсэн. Тэгээд харвачихсан, өвчтэй надруу хүн бүр залгана. Өө нөгөөх чинь согтуу байна гэж цааш нь ярьдаг. Хоёр үг хэлэхээр яах гэж архи уугаад байгаа юм гэнэ. Дугаараа зарахаас өөр аргагүй болсон доо. Энэ харвалтаас болоод сайн ярьж чадахгүй байна. Одоо харьцангуй дээрдээд байгаа нь энэ. -Харваад хэр удаж байгаа билээ? -Долоон сар өнгөрчихлөө. Харин ч хурдан эдгэж байна. Гол нь уламжлалт эмчилгээ нь илүү үр дүнтэй юм уу даа. Энэ сарын дундаас эмнэлэгт хэвтэж эмчилгээгээ үргэлжлүүлнэ. -Түргэн эдгэхийг хүсье. Эдгэрсэн цагтаа нэвтрүүлгээ хийе гэсэн бодол байна уу? Сайн хөтлөгч аль ч телевизид эрэлт хэрэгцээтэй байх гэж боддог? -Би одоо 41 настай. Гэлээ ч духан дээр минь үрчлээ суугаагүй. Оюундарь даргын бас нэг шаардлага намайг Чи хөгшин гэсэн. Их Британы нэгдсэн вант улсад Top of the pops нэвтрүүлэг бий. Энэ нэвтрүүлэг BBC-ийнх. Геннисийн номонд хамгийн удаан, тасралтгүй явсан хөгжмийн нэвтрүүлэг гэдгээрээ бичигдсэн. Хөтлөгч нь ч хэвээрээ. Хамгийн анх Битлз Америкт очихдоо Ed sulliwan show нэвтрүүлэгт орсон байдаг. Тэр үед Эд Салливан бараг 60 хүрч байсан байх. Эд Салливаны шоугаар дамжин Америкт нэвтэрсэн Английн хамтлаг олон. Биднийг багад зөвхөн Монгол телевиз байлаа. Долоо хоногийн дөрвөн өдөр, ЗХУ-ын Центральны телевиз арай олон цагаар өдөр бүр гарна. Хөгжмийн нэвтрүүлэг гэж тун ховор. Ням гарагийн 12 цагийн орчим гардаг, бидний хамгийн их хүсэн хүлээдэг Утренная почта гээд нэвтрүүлэг байлаа. Тэр нэвтрүүлгээр долоо хоногт ганц удаа гуравдагч орны дууны тухай нэвтрүүлэг гарна. Тэрүүгээр үзсэн цор ганц дуу долоо хоногийн ярианы сэдэв болдогсон. Одоо ч гэсэн Николаев хөтөлж л байна. KBN байна. Энэ чинь одоо 50 жил болж байна. Александр Масляков 50 жил хөтөлсөн. Что, где, когда нэвтрүүлгийн Варшилов гээд дэлгэцэнд огт гардаггүй хөтлөгч байсан. Бурхны оронд одтолоо энэ нэвтрүүлгийг хөтөлсөн. Хөгжмийн нэвтрүүлгийг байнга солих ёстой гэдэгтэй би л хувьдаа санал нийлэхгүй. Зүгээр нэг интернетээс олж авч буй мэдээлэл, мэдлэг хоёрын хувьд маш том ялгаа бий. Мэдлэг хэзээ ч хөгшрөхгүй гэж би боддог. Сэтгүүл зүйн хувьд гэвэл би өөрийн шавь, хамтран зүтгэгч сэтгүүлч Бурмаатай хамтран зургаан шинэ нэвтрүүлгийн зохиол бичсэн байгаа. Ток шоу, асуудал хөндсөн, энгийн чөлөөт гэх мэтчилэн. -Сүүлийн үеийн хамтлаг дуучдаас хэрвээ нэвтрүүлгээ гаргаж байсан бол хэнийг нь онцгойлох байсан бэ. ХИТ л хэн нь шилдэг вэ гэдгийг тодорхойлдог үе байсан шүү? -Одоохондоо өөрийн зохиосон дуугаа дуулдаг гэдгээр нь Тэнүүнийг л онцлох байсан байх. Ер нь бол тогтсон уран бүтээлчид бий. Тэр нь тогтсон гэдэг дээрээ тогтчихоод шинэ юм гаргах нь ховордоод байна. Энэ хөгжимд шинэчлэл алга. Намайг хэлэхээр зарим уран бүтээлч гомдоод хэрүүл хийгээд явчихдаг юм. Оки, Цэрэн, Ганг гэсэн хэдэн хүн дээр тогтох гээд байна. Хэтэрхий цөөн хүн гол дүрд тоглоод ирэхээр адилхан дуунууд үйлдвэрлэгдээд, хамтлагууд нь ялгагдахаа больчихдог. Яг өнөөдрийн байдлаар монголын орчин цагийн хөгжимд Болд хамгийн сүүлд тэсрэлт хийсэн шиг тийм тэсрэлт байхгүй болчихлоо. Яг Мотив хамтлаг шиг болчихлоо. Тэр хамтлаг нь юм хийгээд л байдаг. Дээшээ ч биш, доошоо ч биш яг л тогтоол ус шиг. -Болд гэснээс Камертончуудыг анх гарахад ХИТ маш сайн дэмжсэн шүү дээ. Камертон-2 шоунаас тэдний дайны хамтлаг төрөн гарах болов уу? -Юуны өмнө Боловсрол сувгийн, өдөртөө гурваас доошгүй удаа ярьж байсан редактор бүсгүйгээс уучлал хүсье. Камертоны шоунд заавал оролцох ёстой гэж утсаар ярьсан. Тухайн үедээ хэл яриа одоо муу байгаагаасаа бүр муу байсан учраас илт татгалзсан юм. Яг адилхан мэргэжилтай нэгийгээ ажил хийж байхад нь саад болсондоо хүлцэл өчье. Арван дөрөв , таван жил телевизед ажилласан хүний хувьд үзэгчдээ үл хүндлэхээс, хэл ярианы саад бэрхшээлтэй ийм үед үзэгчдийнхээ урмыг хугалахаас үнэхээр эмээсэн хэрэг л дээ. Камертон хоёрын хувьд маш гайхалтай санаа. Маш сайн проект. Гэхдээ оролцогчдын хувьд жаахан тийм. Нөхөөд гараад ирэх тийм дайны хүмүүс байна гэдэгт итгэхгүй. Болд шиг дуугаа зохиодог, хөдөлмөрч, Ганаа шиг гайхамшигтай аялгуутай хоолойтой, Эба шиг их энгийн тэгсэн мөртлөө гэрэл гэгээтэй дуу зохиодог, манай Мээдээ шиг стильний дуу зохиож дуулах тэр чадвар чинь өөрөө ондоо юм биш үү. Тэрнээс энэ давуу талууд Камертоны зөвхөн нэг хэсэг. Гэтэл энийг давж гарах дөрвөн залуу олдоно гэдэгт би нэг л итгэхгүй байгаа. -Та бол гадны хөгжмийн урсгалыг ч гүн гүнзгий шинждэг хүн. Хамгийн сүүлд ямар тоглолт үзэв. Хамтлаг, дуучдаас хэн нь таалагдаж байна даа? -Нэг хэсэг электро хөгжмөөр хэтэрхий их занимаалдсаан. /доогтой хөхрөв/ Одоо ч ойлгох гээд л яваад байна. Гэхдээ хамгийн шаргуу дайчин гэдэг утгаараа би Беонсид дуртай. Би нилээд олон жилийн өмнө Хон Конгод тоглолтыг нь үзсэн юм. Амьд тоглолт үзэхэд хэдэн давхар гайхамшигийг мэдэрдэг. Тэр гайхалтай үдшийн дараа хэсэг суугаад далайгаагаар аялаад, нэг бол өндөр цамхгийн орой дээрээс хотыг харах, эсвэл цэцэрлэгт суух янзтай байдаг. Би их олон тоглолт үзсэн л дээ. Тэр шөнө нь унтаж байснаа санадаггүй. -Хамгийн аймаар нь ямар тоглолт байв? -Мэдээж, Роллинг Стоунз. Шанхайд үзсэн. Тэр хэзээ ч мартагддаггүй. Үзэж байгаа хүмүүс үсрээд л , үсрээд л ... Хүүхнүүд гэнэт гарч ирж дэлбэрээд л... Өвөө, эмээ нар юу вэ. Тоглолт дуустал цохвхорно. Өнгөрсөн зун надад хамгийн таалагдсан дуу гэвэл Moveslike jagger Дөрвөн сарын 20-доор хамгийн сүүлд Eagles-ийн тоглолтыг үзэхдээ цуглуулгандаа нэмэрлэх гэж цомог авсан. Би нэг их баяндаа биш, гол нь уран бүтээлч хүн тэр цомгийг гаргахын тулд ямар их хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг мэддэг болохоор бага ч атугай нэмэр болох гэж худалдан авдаг. Тийм зүйлийг youtube-ээс татаад үзэх сонирхол надад байдаггүй. Шоу бизнесийн хамгийн том хаалт бол энэ. Монголд ч тийм байна. Би өчигдөр Gee-тэй утсаар ярьсан. Шинэ цомгийг нь сонсоно. Gee өөрийн гэсэн жинхэнэ фэнүүдтэй болохоор цомог нь борлогдох байх. Гэхдээ л ер нь хэцүү дээ. Ингээд л уран бүтээлчдээ дэмжихгүй байгаа юм. Зохиолын дуучид ч яахав дээ. Бөхийн өргөөнд хоёулаа нийлээд өөд өөдөөсөө хараад дуулчихна. Хошин шогийн тоглолт шиг давтаад болж байгаа юм. -Олон сар дамнасан эмчилгээтэй байгаа энэ үед найз нөхөд чинь эргэж тойрч байна уу. Хатуухан хэлэхэд зовох цагт л нөхрийн чанар танигддаг? -Утасны дугаар сольсноос байж болох юм. Одоогоор зорьж ирсэн хүн ховор. Мээдээгээ хэлмээр байна. Ганаатай уулзсан. Бука, Баачка түрүү долоо хоногт утсаар ярьсан. Бурмаа байнга ирдэг. Би Бурмааг гурван үгээр тодорхойлье. Хайртай шавь, хайртай дүү, хэзээ ч орхихгүй хамтран зүтгэгч. Эмэгтэй хүн бол нэгдүгээрт биеэ их зөв авч явах ёстой юм шиг санагддаг. Харьцаанаас авахуулаад юм юм байна. П...үсгээр эхэлсэн оросын хараал, F үсгээр эхэлсэн Англи хараал хэлж байгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө гоо үзэмжийг хичнээн хувь доош нь дарж байгаа вэ. Хоёрдугаарт нь харьцаа гэдэг маань нэг бол дүмбийх ч юм уу, нэг бол давхидаг морь шиг байхыг хэлэхгүй. Дараагийн асуудал гэвэл эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Өөрийгөө хүндлээд маш цэмцгэр байх. Юу ч сураад байгаа юм. Хувийн харьцааны соёлтой, биеэ авч явах соёлтой, хүмүүжлийн боловсролтой байвал гайхамшигтай. Хумсныхаа завсар хэзээ ч хиргүй. Эмэгтэй хүн гэдэг чинь гоо сайхны илэрхийлэл. Тэр болгоныг баясгаж яваасай гэж хүсдэг. Тэрнээс царайны сайхнаар цай сүлэх биш. -Одоо хэн нэгэнтэй амьдарч байна уу? -Үгүй ээ. Юу ч гэх юм бэ дээ. Хэн нэгэн бүсгүйг өөрийнхөөрөө шаардаад суумааргүй байна. Сая ярьсан шигээ байлгах хэрэгтэй гээд. Жишээлбэл намайг анх танилцаж байхад миний охины ээж шагайгаараа татсан юбка, өсгийтэй гутлаас өөр юу ч өмсдөггүй байсан. Тэгээд эхлээд 45, дараа нь 180 градус эргүүлсэн. Имижийг нь бүр мөсөн өөрчилсөн. Үс зүсийг нь хүртэл. Харамсалтай нь надад баярлалаа гэж хэлээгүй юм даа.../хөхрөв/ -Охинтойгоо уулзаж байна уу. Одоо хэдтэй билээ? -Харамсалтай нь охинтой маань уулзуулдаггүй. 14 нас хүрсэн. Намайг хуураад, миний шавийг дагаад явсан хүнд огт гомддоггүй. Гол нь жаргалтай амьдарч ирсэн тэр зургаан жилээ бодоод миний охиныг нэг удаа харуулчихаж болдоггүй юм байх даа. Эмэгтэй хүн нэг хатуурхвал арай дэндүү, за бүр хатуугаар бол харгис гэж хэлье дээ. Ярилцсан Б.Мягмар shock.mn

“ТВ коктейль” драмын жүжигтэй болжээ

ТВ коктейль хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байна. Халуун чинжүү телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш хошин урлагийн салбарт эргэлт буцалтгүй уран бүтээл туурвиж буй авьяаслаг залуус ирэх сарын эхээр драмын жүжиг тоглохоор болжээ. Одоогоор жүжигтээ нэр өгөөгүй байгаа ба ажил, амралтын өдөр ялгалгүй бэлтгэлээ хийж байна. Францын зохиолч Э.Шмитийн зохиолоос сэдэвлэсэн жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм. Жүжгийн найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж буй аж. Дашрамд дуулгахад, ТВ коктейль хамтлагийнхан энэ жүжгийг албан ёсны эрхтэйгээр тоглож байгаа ба Францын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсан аж.

 Д.Отгонжаргал: Хайр сэтгэлийнхээ төлөө амиа зольж буй хүчирхэг хатны дүрд тоглосон

Кино ярья буланд маань жүжигчин биш дуучин бүсгүй уригдсан нь сонирхолтой. Залуу дуучид дундаас монголжуу төрх, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг Voice группийн дуучин Д.Отгонжаргал Домогт Ану хатан киноны Ану хатны дүрийг бүтээж байна. Тиймээс түүнтэй ярих зүйл сонирхолтой байна биз ээ. -Дуучин хүн кинонд, тэр тусмаа түүхэн дүрд тоглоно гэдэг амаргүй байх аа. Хичээж байгаа биз? -Жүжигчин хүнийг авчраад ари дуул гэвэл шуудхан сайн дуулчихгүй л байх. Түүнтэй л адилхан дуучин хүн кинонд тоглохоор дүр нь шууд л амилчихгүй шүү дээ. Тэгэхээр маш их хичээж, хөдөлмөрлөж, мэргэжлийн уран бүтээлчдээс зөвлөгөө авч байна. Анх надад кинонд тоглоно гэдэг бодол хэзээ ч төрж байгаагүй. Нэг л өдөр Ану хатан романы зохиолч Шүүдэрцэцэг утасдаад пробонд орох санал тавьсан. Үүнийг сонсоод ямар их баярласан гээч. Дэлгэцэнд хатны дүрээр мөнхөрнө гэж бодохоор надад олдох алтан боломж юм шиг санагдсан. Ингээд л пробонд орсон. Гэтэл харин найруулагч маань хоёр сарын дараа утасдаад дүрдээ тэнцлээ, кинонд тогло гэж хэлсэн. -Дуучин хүн кинонд тоглосон гэж бодохоор дуулдаг хэсэг байгаа болов уу гэж бодогдсон шүү? -Байхгүй ээ. Харин киноныхоо дууг би өөрөө дуулсан. -Ану хатны түүхийг хүмүүс мэднэ л дээ. Гэхдээ Д.Отгонжаргалаас ямар Ану хатан төрөх бол? -Дайны талбарт зэвсэг барин тэмцэлдсэн хоёрхон хатан Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мандухай сэцэн хатан, Ану хатан. Тэгээд ч монгол хатдын ухаан чадал, гоо үзэсгэлэн дэлхийд гайхагддаг шүү дээ. Ану хатан бол хайр сэтгэлийнхээ төлөө амиа зольж буй баатарлаг эмэгтэй. Киноны төгсгөлд Галдан бошигт хаан дайсны бүслэлтэд орчихоод ялагдахын даваан дээр Ану хатан зуутын цэрэгтэйгээ бүслэлтийг сэтэлж ордог. Ингэж нөхрөө, хүүхдүүдтэйгээ авраад, өөрөө амиа алддаг юм. Энэ хэсэг дээр хамгийн их сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй нулимс унагасан шүү. -Тэгэхээр та зэвсэг бариад тулалдах нь ээ? -Тийм ээ. Морь унаад, сэлэм бариад тулалдана. Харин Ану хатны дүрд тоглосноосоо хойш морь маш сайн унаж сурсан. -Та хэдэн настай хатны дүрд тоглосон юм бэ? -18 настай Ану хатанд өргөмжлөгдөх үеэс нь эхлээд 45 настайдаа дайны талбарт амиа алдах хүртэл тоглоно. -Киноны хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсгийн тухай ярьж өгөхгүй юу? -Миний хувьд бүх л хэсэгт сэтгэл хөдөлсөөр байсан. Хатны өмсдөг хувцас гоё, хэлж буй үг хэллэгүүд нь гоё. Бас Галдан бошигт бид хоёрын анхны шөнө хэзээ ч мартагдашгүй сайхан. Хамгийн сүүлд нөхрөө авраад өөрөө үхдэг хэсэг ч бас үнэхээр сэтгэл хөдөлгөм. -Анхны шөнөө өнгөрөөсөн Галдан бошигт хааны дүрд хэн тоглосон юм бэ? -Guyss-666 хамтлагийн дуучин Мягмар тоглосон. Гэхдээ тэр бол мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ. -Бид алдарт Мандухай сэцэн хатныг ардын жүжигчин Н.Сувдаар төсөөлж ирлээ. Ану хатныг ч бас магадгүй өөрөөр чинь төсөөлөх байх. Энэ бол том хариуцлага шүү? -Миний монгол орон чинь агуу их түүхийн эзэд. Тэр дотроо ухаант, хатдынхаа түүхийг мөнхлөх ийм кинонд тоглоно гэж бодохоос анх их сүрдсэн л дээ. Гэхдээ өөрийнхөө хувьд хамаг хүчээ шавхан хичээсэн. -Судалгаа хэр их хийв? -УДЭТ-ын тайзнаа амилсан Ану хатан жүжгийг кинонд тоглохоо мэдээ ч үгүй байхдаа очиж үзсэн юм билээ. Дараа нь романыг нь дөрвөн ч удаа уншсан. Мөн түүхэн дүрээр гаршсан ахмад болоод үе тэнгийн уран бүтээлчдээсээ зөвлөгөө авах зэргээр байдаг чадлаараа л хичээж байна.

"Монгол зураач 108" уран зургын уралдаан амжиллттай зохиогдож өнгөрллөө

United Colors of Benetton брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер Промон Трэйд ХХК ний ерөнхий захирал Н.Оюунбатын санаачилсан Монгол зураач 108 уран зургын уралдаан амжиллттай зохиогдож өнгөрллөө. Монгол зураач 108 уран зургын уралдааны нь монгол зураачдын уран бүтээлийн онцлогийг илэрхийлсэн 108 бүтээлийг ном болгон хэвлүүлж,тэдний уран бүтээлийн голлох чиглэлийг гадаад дотоодын уран зураг сонирхогчдод таниулахад оршисон юм байна. Уралдаанд оролцогчдын шагналын сан: - Тэргүүн байр 1сая төгрөг Хөх нар орчин үеийн зураачдын холбооны зураач н.Алтан-хуяг - Дэд байр 500.000 төгрөг Монголын уран бүтээлчидын урлангын зураач н.Батжаргал -Удаах байр 300,000 төгрөг Монголын уран бүтээлчидын урлангын зураач О.Үржинханд болон Тусгай байр 2 хүн тус тус шалгарсан байна. Энэхүү бүтээл нь дэлхийн алдарт Benetton-ы группын хувийн уран зургийн коллекцид оруулах юм. Харин UNITED COLORS OF BENETTONбрэндийн албан ёсны төлөөлөгчөөр 'Промон трейд ХХК 2010 оноос ажиллаж байгаа бөгөөд 2010оны 9сард BENETTON 1 дэлгүүр 2012оны 4сард BENETTON 2 дэлгүүрийг нээн амжилттай ажиллаж байна.

Х.Баярмаа “Дэлхийн мисс 2012” тэмцээний авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн нэгээр тодорлоо

Орон орны 120 гоо бүсгүй чуулсан Дэлхийн мисс 2012 наадамд Монголыг төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа авъяаслаг миссийн шалгаруулалтанд шилдэг 24-т багтаад байсан бол өнгөрсөн бямба гарагт болсон дараагийн шатны тэмцээнд тэрбээр амжилттай оролцож авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн нэгээр тодорлоо. Ингэснээр Х.Баярмаа Дэлхийн мисс 2012 тэмцээний эцсийн шалгаруулалт болох өдөр Монголын нэрийг гарган өөрийн авъяасаа тайзан дээр үзүүлэх юм. Шилдэг 15-д Монголоос гадна Хятад, Казахстан, Латви, Панам, Ямайк, Норвеги, Макао, Парагвай, Сирра Лионе, Филиппин, Куракао, Бразил, Сант Киттс болон Нэтис, Данийн бүсгүйчүүд орсон багтжээ. Загвар өмсөгч Ч.Содтуяагийн шавь найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын урлагийн гэр бүлд өссөн, өөрөө жүжигчин мэргэжилтэй тэрээр бусад оролцогчдоосоо илүү нүүр хагарсан, урлагийн олон талын авъяастай гэдгээрээ ялгарч байгаа аж. Дэлхийн мисс 2012-ын эцсийн шалгаруулалт наймдугаар сарын 18-нд Өвөр Монголын Ордос хотод болох юм байна. .

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.