“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН: ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Монголбанк Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал сэдэвт олон улсын бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. Дэлхийн худалдааны маргаан, эдийн засгийн удаашралаас үүдэн манай экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд буурах төсөөллийг ихэнхи судалгааны байгууллагууд гаргаад байгаа юм. Экспортын голлох түүхий эдийн үнийн уналт нь улсын хэмжээнд 2020-2024 онд төлөгдөх 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөртэй давхацсан тохиолдолд эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа билээ. Иймд эдийн засагт үүсч болзошгүй энэхүү сорилтод урьдаас бэлтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалахад анхаарах бодит шаардлага тулгараад байгаа тул Монголбанкнаас санаачлан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр уг бага хурлыг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр: Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд, Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхмууд Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөлөл гэсэн тодорхой 3 сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. . Мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргалаа.

Г.Ундармаа: Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, борлуулалт, түгээлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгаатай газар дээр нь очиж танилцан ажиллалаа. Таван толгой түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа Сайжруулсан шахмал түлшний борлуулалт 359 цэгээр тогтмол хийгдэж байна. Долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай түлш картаар өгч байгаа. Картаа аваагүй иргэд хорооны Засаг даргаас авна. Иргэдэд картны хэрэглээг хэвшүүлэхийн тулд хичээлийн бус цагаар ажиллах хүсэлтэй оюутан, залуусыг цагийн ажилтнаар авч борлуулалтын цэгүүдэд картны хэрэглээг зааж, зөвлүүлж ажиллуулж эхэлсэн. Түлшний үйлдвэрлэлийн үйл явц одоо 7 шугамаар 24 цагийн турш явагдаж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа. Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна хэмээв. Хотын Захирагчийн зүгээс тулгамдсан ямар асуудал байгааг асууж тодруулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Таван толгой түлш ХХК-ийн ажилчидтай санал солилцов. Шахмал түлшний түгээлт, борлуулалтын цэгүүдийн уялдаа холбоо муу, хангалтгүй байна. Орц найрлагын тогтсон горимд Мэргэжлийн хяналтын байгууллагын 24 цагийн хяналт дор түлшийг үйлдвэрлэж байгаа нь сайн байна. Таван толгой түлш ХХК үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулахгүй ажиллах нь чухал гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Мөн тэрбээр дутуу шугамыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг Таван толгой түлш ХХК-ийн холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Монголбанкны мэдэгдэл

2019-10-21 09:09:29 Нийтлэгдсэн: Эдийн засаг
Монголбанкны мэдэгдэл

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдэлд, 2017 оны Харилцан үнэлгээний тайлан батлагдаж, хяналтад оруулснаас хойш Монгол Улс холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилж нэвтрүүлснээр олон ахиц дэвшил гарсныг онцолжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлаа нэмэгдүүлэх, дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр Монгол Улс ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх улс төрийн дээд түвшний хүсэл зоригоо илэрхийлснийг тэмдэглэсэн байна. ФАТФ гишүүддээ хяналтанд оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг харуулж байгаа юм. Монгол Улсын эдийн засаг төлөвлөсөн хэмжээндээ өсч, төсөв алдагдалгүй, худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч гадаад валютын нөөц өсч эдийн засгийн эрсдэл даах чадвар сүүлийн 3 жилд үлэмж сайжирлаа. Монголбанкны зүгээс ФАТФ-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотойг үүгээр мэдэгдэв. Иймд ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж байна. МОНГОЛБАНК

Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “ITEC хөтөлбөрт” 3500 гаруй ажилтан хамрагджээ

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг Блю Скай зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ. Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 55 жилийн хугацаанд ITEC нь Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар том, өвөрмөц туршлагыг 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг тус улсын тэргүүлэх байгууллагад сургажээ. ITEC нь жил бүр мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, аж ахуй, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт өргөн хүрээний мэргэжилтнүүдэд 12 мянга орчим тэтгэлэг олгодог бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгардаг байна. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ,Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэг улс мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хүний нөөц, тогтвортой хөгжил, засаглал, дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан бөгөөд бидний стратегийн түнш, оюун санааны болон гуравдагч хөрш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ITEC хөтөлбөрөөр дамжуулан туслахдаа бид баяртай байна. Ингэснээр бидний өнө эртний найрсаг харилцаа улам бэхжих нь дамжиггүй. Ирж буй цаг үе, өргөжин тэлж буй чиг хандлагыг дагаж, ITEC хөтөлбөрүүд ч хиймэл оюун ухаан, интернэт төхөөрөмж, нано технологи, нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дэх технологийн дэвшлийг ашигласан сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлсээр байна. Монгол Улс нь ITEC болон ICCR-ийн 250 орчим буюу нэлээн их тооны тэтгэлэг авдаг улсын нэг юм. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэн, түүний дотор 3500 гаруй монгол хүн ITEC-д хамрагдаад байна. Хамгийн нэр хүндтэй төгсөгчдөөс дурдвал, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн даргаар Д.Одбаяр, ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан нар ажиллаж байна. Энэ жилээс Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт, засварын монгол инженер, техникч болон бусад ажилчдыг сургахад зориулан 40 тэтгэлэг хуваарилж, 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход бэлтгэж байгааг дуулгахад таатай байна хэмээв. 2019-2020 оны хичээлийн жилд Энэтхэгийн 100 орчим нэр хүндтэй дээд сургуульд 160 түнш орны иргэний болон батлан хамгаалахын мэргэжилтнийг 350 орчим богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдах 14 мянга орчим тэтгэлэг санал болгож байгаа аж. Монгол бол Энэтхэгийн хамгийн анхны ITEC түншийн нэг юм. Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний сургалтад зориулж 200, төрийн албаны чиглэлээр 15 сургалтын төлбөрийг зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын чиглэлээр, дээд боловсролын сургалтын 50 оюутан, хинди хэлийг сурах 4 тэтгэлэгт олгодог. Монголын 3500 гаруй ажилтан ITEC хөтөлбөрт хамрагдсанаар үр шимийг нь хүртээд байна. Тэд англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй томоохон мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхыг хөгжүүлэх, иогийн сургалт, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, банк санхүү, менежмент гэх мэт чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.

"Монгол экспорт экспо-2019" үзэсгэлэн худалдаа болно

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх мөн хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол экспорт экспо - 2019 үзэсгэлэн худалдаа нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүдийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хэвлэл, сав баглаа боодол, барилгын материал, дахин боловсруулах, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортонд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцоно. Үзэсгэлэн худалдаа 2019 оны аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд тав хоногийн турш болно. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж дэмжин ажиллаж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.