Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, Эдийн засгийн өсөлт өрх бүрд бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61, Хот байгуулалт, дэд бүтэц бүлгийн таван зорилтын хүрээнд 114, Байгаль орчин, ногоон хөгжил бүлгийн гурван зорилтын хүрээнд 71, Нийгмийн хөгжил бүлгийн найман зорилтын хүрээнд 157, Засаглал бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хотын захирагч С.Амарсайхан үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан гэдгээ онцолсон. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын оршин суугчдын хурдацтай өсөлт, түүнээс улбаатай агаар орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, авто замын ачаалал зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг шийдэж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан, нийтийн тээвэрт тусгай замын автобус нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлуудыг үргэлжлүүлэн 2020 онд 3663 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн цахилгааны Их тойруу 110 сүлжээг ашиглалтад оруулж, Нисэх, Яармаг орчмыг дахин төлөвлөж, барилгажуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Авто замын дэд бүтцийг сайжруулах хүрээнд энэ онд барилгын ажлыг нь эхлүүлсэн зам гүүрийн бүтээн байгуулалтыг дуусгаж, төмөр зам доогуур гурван нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Нийтийн тээврийн салбарын стратегийн үндсэн баримт бичгийг боловсруулж, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттай хийхээр үндсэн чиглэлд тусгажээ. Нийгмийн хөгжлийн чиглэлээр 2020 онд нийтдээ 48 сургууль, 37 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, жишиг ариун цэврийн байгууламж барьж, сурагчдыг тээвэрлэх автобусны тоог олшруулахаар төсөлд тусгасан байна. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 50 автомашин олгохоор тусгасан талаар холбогдох албаны төлөөллүүд хуралдаанд нэмж мэдээлсэн юм. НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор холбогдох албаны дарга нараас тодруулга мэдээлэл авч, саналаа хэллээ. Энэ үеэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг түргэвчлэх, хөрөнгө оруулалтын ажлыг эрт эхлүүлэхэд анхаарч ажиллах саналыг онцлон хэлж байв. НИТХ-ын дарга Р.Дагва Хэлэлцэж буй асуудлыг бид цаашид олон удаагийн хурлаар хэлэлцэнэ. Албан хаагчид тодруулга мэдээлэлд оновчтой хариулж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр хангахаар бид зорилт тавин ажиллаж байгаа. 2020 оны үндсэн чиглэлд тусгасанажлыг санхүүжүүлэх эх үүсвэр хаана байгаа юм бэ. Тиймээс хийх ажлууд тодорхой байх ёстой. Зорилгоо зөв тодорхойлсон байх шаардлагатай гэлээ. НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН “ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХХААХҮЯ болон Япон улсын Шизүока мужийн Засаг даргын тамгын газар хооронд 2014 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан юм. Хамтын ажиллагааныхаа хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх сэдвээр Бизнес форумын арга хэмжээ зохион байгуулж мөн газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг тодорхой түвшинд хөгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаанд суурилан тус мужийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-ийн хооронд хамтын ажиллагааг бий болгох талаар санал солилцох, танилцах уулзалтыг өнөөдөр \2019.10.07\-нд ХХААХҮЯ-нд боллоо. Уулзалтад Монгол Улсын ХХААХҮЯамын төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг, ГХАХ-ийн дарга Д.Бадруун болон бусад албаны хүмүүс, мөн Экспорт олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг нар оролцлоо. Япон Улсын Шизүоко мужийг төлөөлж Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно, Шизүока мужийн ЖДҮ бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Мүнэо Ямаүчи тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Салбарын яам нь Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг дангаараа хангадаг. Нийт ажиллах хүчний 53,2 хувь нь тус салбарт ажилладаг.Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоогэсэн 5 эдийн засгийн голлох салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ажилладаг. Манай яам 2014 онд Шизүока мужтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд жил бүр Шизүока мужийн бизнес форум-ын арга хэмжээг хамтран зохион байгуулах, тус мужид зохион байгуулагддаг Фүжи но күни хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа-ны арга хэмжээнд салбарын үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж оролцуулах болон газар тариалангийн салбарт Сэлэнгэ, Дорнод аймгуудад гурвалжин будаа сагаг-ийг туршилтын журмаар тариалах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлийн хамтын ажиллагаатай. Цаашид энэхүү хамтын ажиллагааг Жижиг, дунд бизнесийг дэмжих салбарт хөгжүүлэх боломж нээгдэж байна. Цаашид 2 орны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЖДҮХСан болон Шизүока мужийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо-той хамтын ажиллагааг бий болгож, хөгжүүлэх саналтай байна гэлээ. Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно хэлэхдээ, Бизнес эдийн засгийн айлчлалаа Монгол Улсад хийж байгаадаа таатай байна. Бид Монгол улстай тодорхой нэгэн салбар бус эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт хамтын уялдаатай ажиллахыг зорьж байна. Монгол улсад энэ удаа зохион байгуулж байгаа Шизүока мужийн бизнес форумыг ганц энэ удаа биш жил бүр уламжлал болгон зохион байгуулж илүү их үр дүнд хүрэхийг хичээх болно. Энэ удаа бид эхний алхмаа хийлээ гэж бодож байна гэлээ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, УУР АМЬСГАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, гишүүн улс орнууд тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа зэрэг эдийн засаг, хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд хорооны Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй үндэсний хувь нэмэр, манай улсаас дэвшүүлсэн санал санаачлагыг онцлов. Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалт, Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар ирэх 12 дугаар сард болох Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хуралд чухал ач холбогдол өгч буйг онцлов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлоход мэдээлэл, судалгаа чухал болохыг тэрээр дурдаад, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв судалгаа, зөвлөмж гаргах, бүс нутгийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулах замаар олон улсын яриа хэлэлцээнд идэвхитэй оролцож буйг тэмдэглэв. НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэл 10 дугаар сарын 8-ны өдөр үргэлжилнэ.

“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа болно

Экспорт Монгол-2019 Олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа Корпорейт конвеншн центрт энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно. Тус форумыг өмнө ньЭкспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ нь Экспорт Монгол форумыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСан болон бусад төрийн байгууллага мэргэжлийн холбоодтой хамтран өмнөх жилүүдэд 4 удаа зохион байгуулагдсан билээ.Өдгөө тав дахь удаагаа болох форумын онцлог нь,ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-ийн чухал зорилтуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Экспорт-Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх нийтийн анхаарлыг хандуулж байгаагаараа онцлог юм. Энэхүү чуулганыг зохион байгуулснаарГадаад харилцааны яам, Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Хөгжлийн газар,Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан, МУ-ын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд нь Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-тай хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг Япон, АНУ, Канад улсуудад танилцуулах зорилгоор Монгол-Японы бизнес форумыг 3 удаа, Монголд үйлдвэрлэв Хойд Америкт үзэсгэлэн худалдаа бизнес форумыг 5 удаа, АНУ Монголын бизнес форум, Канад Монголын бизнес форумыг 2 удаа тус тус зохион байгуулжээ. Экспорт Монгол-2019 олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаанд 50гаруй гадны зочид төлөөлөгчид, 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод, 800 гаруй аж ахуйн нэгж бизнесийн төлөөлөл бүхий 1000 орчим байгууллага хувь хүн оролцох юм байна.

Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн маргаашийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм. Энэхүү журам хэрэгжсэнээр: - Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдуулж татах; - Хувийн хэвшлийн оролцоотойгоор нийслэлийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх; - Нийслэлийн эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах оролцоог нэмэгдүүлж, төсвийн ачааллыг бууруулах, төрийн үйлчилгээний зардлыг бууруулж нийслэлийн төсвийн үр ашгийг дээшлүүлэх; - Хувийн хэвшлийн оролцоотойгоор технологийн дэвшил, олон улсын туршлага, инновацийн ололт, менежментийн сайн арга барил, туршлагыг төрийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх, энэ талын санал, санаачилгыг дэмжих бололцоо бүрдэх юм. Мөн Нийслэлийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ: - Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ (барилга угсралтын гэрээ, түлхүүр гардуулах гэрээ, хувьчлал ба зохицуулалт, тусгай зөвшөөрөл олголт ба зохицуулалт гэх мэт) ; - Менежмент буюу удирдах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх; - Түрээсийн гэрээ; - Хамтарсан төслийн нэгж /компани/ байгуулан хэрэгжүүлэх; - Бусад гэх зэрэг хэлбэрээр зохион байгуулахаар төсөлд тусгагдсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан иргэд аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнээс тухайн төсөлд оруулах тодорхой саналыг цахим хэлбэрээр болон утсаар хүлээн авч, зөв оновчтой санал санаачлагыг журмын төсөлд тусган ажиллах юм. Иймд хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид Та бүхэн фэйсбүүк дэхhttps://www.facebook.com/Officialnews.UB/inbox/хуудас болон[email protected]мэйл хаяг, 11-323304 утсаар холбоо барьж, Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төсөлд оруулах саналаа илгээнэ үү. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.