Гоо сайхны үндэсний үйлдвэрлэгчид 4 тэрбум төгрөгийн гоо сайхны  бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд Монголын гоо сайхны салбарт тулмагдаж буй асуудлууд ба гарц шийдэл хэлэцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ХХААХҮЯ, Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластераас хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Стандартчилал Хэмжилзүйн Газар, Гаалийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи инноваци, Экспорт олон улсын худалдааны төв, Сити их сургууль болон гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. 2018 оны байдлаар гоо сайхны үндэсний үйлдвэрлэгчид 4 тэрбум төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Сүүлийн 5 жилийн дунджаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 21 хувиар өсөж, нэр төрөл нь ч олширсон байна. Монгол орны экологийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэсэн, ямар нэгэн нэмэлт химийн нэмэлт орц найрлагагүй бүтээгдэхүүний экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар манай улс Хятад, Солонгос зэрэг дэлхийн 16 улсад органик гоо сайхны бүтээгдэхүүн экспортолж байна. 2013 онд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 4 хувийг экспортолж байсан бол сүүлийн жилүүдэд 30 гаруй хувь болтлоо өсчээ. Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн онцгой чанар бүхий гоо сайхны бүтээгдэхүүн экспортын чадамжит бүтээгдэхүүн болох нь EU TRAM төслийн судалгаагаар дэмжигдсэн юм. 30 жилийн түүхтэй гоо сайхны салбарын хөгжил хурдацтай явж байгаа хэдий ч үндэсний үйлдвэрлэгчид дотоодын нийт зах зээлийн 2-5% ийг эзэлж байгаа нь өрсөлдөх чадвар, салбарын эрх зүйн орчин, бизнесийн таатай орчинг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Иймээс үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар Монголын гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж Гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгаа зэрэг олон салбарын 27 үйлдвэрлэгч компани, 40 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэгдэн, Монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний кластер ТББ ыг байгууллаа. Энэхүү ТББ нь Монголын өвөрмөц гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх зорилготой юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал болон экспортын боломжууд, түүхийн эдийн чанар стандарт, хууль эрх зүйн орчин болоод бүтээгдэхүүний нэмүү өртөгийн сүлжээний платформ үүсгэх асуудлыг түлхүү ярилцжээ.

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өглөө

Энэ жилийн улаан буудай 25-30 хувийн цавуулагтай, чанар сайтай байна ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ургац хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдээр \2019.10.11-2019.10.13\ Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат агрономич доктор, профессор Г.Даваадорж, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа, ТЭДСангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ТЭДСангийн Ерөнхий менежер С.Нямаа, ХХААХҮ-ийн ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү болон бусад холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Баянцогт, Угтаал, Цээл, Сүмбэр, Жаргалант, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Хушаат, Сант, Хөтөл, Ерөө сумдад тус тус ажиллалаа. Энэ жил улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 11-ны байдлаар 69.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 181.8 мянган га-гаас 233.5 мянган тонн үр тариа, үүнээс 227.4 мянган тонн улаанбуудай, 13.6 мянган га-гаас 167.3 мянган тонн төмс, 6.4 мянган га-гаас 70.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 51.9 хувь, хүнсний ногооны хураалт 80.4 хувь, төмсний хураалт 90.8 хувийн явцтай байна. Төв аймгийн хувьд энэ жил үр тариа 69702 га , төмс 7825 га, хүнсний ногоо 1164 га, тэжээлийн ургамал 11540 га , тосны ургамал 18382 га-д тус тус тариалалт хийгджээ. Аймгийн хэмжээнд үр тариа 24866 га-аас 30447 тн буюу нэгжээс 12,2 цн, төмс 7396 га-аас 95468 тн буюу 129,1 цн , хүнсний ногоо 925,7 га-аас 9804 тн буюу нэгжээс 105,9 цн, тэжээлийн ургамал 8302 га-аас 27864 тн буюу 33,6 цн ургац хураагаад байна. 10-р сарын 14-ны байдлаар ургац хураалт үр тариа 37 %, төмс 95 %, хүнсний ногоо 87 %, тэжээлийн ургамал 66.3 % тосны ургамал 30 хувийн явцтай байна.Тус аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж,Хэдийгээр ургацын болцоос хамаараад ургац хураалт оройтож эхэлсэн хэдий ч манай аймгийн хувьд цаг агаар харьцангуй тааламжтай байснаас шалтгаалж үр тарианы болц гүйцэж ургац хураалтын ажилдаа шуурхайлан ороод байна. Энэ жил Төв аймгийн тариаланчид га-аас дунджаар 12 центр, зарим газраар 20-25 түүнээс дээш центрийн ургац авч байна. Ойрын 10 хоногтоо ургац хураалтаа шуурхайлж, түрүүлж дууссан аж ахуй нэгжүүд бусаддаа техник хүн хүчээр туслах ажлыг зохион байгуулж байна гэлээ. Дархан-Уул аймгийн ХААГ-ын дарга З.Нэргүй,Манай аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 112 аж ахуйн нэгж, иргэн, төмс хүнсний ногооны 32 аж ахуйн нэгж, 3200 иргэн 34.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Ургацын урьдчилсан балансаар нийт 21019.5 га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас 32.5 мянгантонн ургац хураан авна. Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжтай байгаа тул хураалтын ажил хэвийн үргэлжлэн явагдаж байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ны байдлаар нийт 11774.7 га-аас 22024.5 тонн ургац хурааж 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс төмс 545 га талбайгаас 5350 тонн ургац буюу нийт хураах талбайн 93,2 хувь, хүнсний ногоо 869 га-аас 7890 тонн ургац буюу 63.7 хувь, үр тариа 9510.7 га-аас 8419.53 тонн буюу нийт хураах талбайн 66.3 хувийг хураан аваад байна гэв. Сэлэнгэ аймгийн ХААГ-ын дарга Б.Мөнхтөр,2019 оны 10 сарын 14-ны байдлаар Аймгийн хэмжээнд улаанбуудай 66691 га талбай хураан авч, нэгж га талбайгаас 12 цн буюу 80140.6 тн ургац, Улаанбуудайн хураалт 47 хувьтай, тосны ургамал 4943 га талбайг хурааж нэгж га талбайгаас 7.1 цн буюу 3507.6 тн ургац, тэжээлийн ургамал 2797 га талбайг хурааж нэгж га талбайгаас 5 цн буюу 1402.7 тн ургац, төмс 2207.1 га талбайд хураалт хийгдэж, нэгж га талбайгаас 122 цн буюу 26945 тн ургац, төмс 2207.1 га талбайд хураалт хийгдэж, нэгж га талбайгаас 122 цн буюу 26945 тн ургац, төмсний хураалт 86.7 хувьтай, хүнсний ногоо 1975.4 га талбайд хураалт хийж, нэгж га талбайгаас 125 цн буюу 24602.6 тн ургац хураан авч, хүнсний ногооны хураалт 78.3 хувьтай явагдаж байна. Цаг агаар харьцангуй хүйтэрч эхэлж байгаа учраас цаашид болц хүлээлгүй аймгийн хэмжээнд ургац хураалтыг шуурхайлж эхэлсэн гэлээ. Өнгөрөгч жилийн өвөл цас багатай хөрсний чийг муу байсан төдийгүй бороо оройтож орсноос шалтгаалж зарим нутгаар тариалалт хугацаанаасаа хожимдож эхэлсэн юм. Тиймээс тариа, ногооны болц гүйцэхгүй, тарианы чанар шаардлага хангахгүй байх эрсдэл учирч болзошгүй байлаа. Энэ нөхцөл байдлыг газар дээрээ ямар байгааг ХХААХҮЯамны ажлын хэсэг дүн шинжилгээ хийж ажилласан. Ажлын хэсгийн ахлагчМонгол улсын гавьяат агрономич Доктор, профессор Г.Даваадорж, Бидний санааг зовоосон 2 асуудал байлаа. Хамгийн эхлээд болц оройтсон тарианы чанарын асуудал. Газар дээр нь танилцаад явахад энэ жилийн үр тариа хэдийгээр хорчгор байгаа ч чанарын хувьд харьцангуй сайн цавуулаг нь 25-30 хувьд хүрч байгааг гурилын үйлдвэр, мэргэжлийн лабораториудын дүн шинжилгээ харуулж байна. Энэ нь гантай жил био бордоог сайн хэрэглэсэн мөн намар урт болж цаг агаар тааламжтай байж байгаад үр тарианы болц яг гүйцээд ирэхтэй зэрэгцээд тариа хөлдсөн нь цавуулгыг хадгалж үлдсэнтэй холбоотой байна. Өөр нэг санаа зовоож байсан асуудал нь үр тарианы гүйцэд болсон эсэхээс гадна чийгийн хувь хэмжээ өндөр байх магадлал байлаа. Бид 10-аад ААН-ийн тариалангийн талбайгаар орж үзлээ. Ингэхэд чийгийн хэмжээ санаа зовохуйц хэмжээнд биш, өөрөөр хэлбэл сайн хатсан байна. Одоо үлдэж байгаа хугацаанд ургац хураалтаа маш сайн зохион байгуулалттайгаар богино хугацаанд ойрын 7 хоногтоо түргэн шуурхай хураах асуудал маш чухал юм. Зарим нэг болц гүйцээгүй байгаа талбай цаг агаарыг харзнасан байдалтай байна. Энэ нь эрсдэлтэйг бид хэлж зөвлөлөө гэлээ.

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019 арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нээж үг хэлэхдээ нийслэлийн 380 жилийн ойг угтаж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудтайгаа хамтран хямдралтай, урамшуулалтай арга хэмжээг зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг цаашид зохион байгуулах болно хэмээсэн юм. Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019 арга хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч 50 машины цуваагаар өөрсдийн байгууллагаа сурталчлан нэгдсэн парадад оролцлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзав

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон бусад албаныхан Ухаалаг засаг төслийн шинээр томилогдсон багийн ахлагч Сиоү Чев Күэкээр ахлуулсан Дэлхийн банкны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэнтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Ухаалаг засаг төслийн баг энэ сарын 7-11-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Уулзалтын эхэнд төслийн үлдсэн хугацаанд хэрхэн амжилттай ажиллах талаар болон дэлхийн банкны зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Уг төслийн хүрээнд ҮСХ-нд хэрэгжих гол ажил нь Статистикийн мэдээлэл боловсруулах систем бий болгох бөгөөд энэ нь Статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ын дагуу олон улсын стандартад нийцсэн цогц систем гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн төслийн нэг хэсэг болох Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 7 дугаар сард хийсэн Дэлхийн банкны айлчлалаас хойш орон нутгийн статистикийн асуудал хариуцсан албан хаагчдын мэдээллийн чанар шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх сургалт, Статистикийн газар, хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах зэргийг тус тус амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Олон улсын статистикийн институтээс Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулсан Дэлхийн Статистикийн 62 дугаар хуралд ҮСХ-ны төлөөлөгчид амжилтттай оролцож олон улсын статистикийн салбарын хэмжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал үлдсэн хугацаандаа идэвх чармайлт гарган төсөл хэрэгжилтэнд анхаарлаа хандуулж ажиллах тухай ярилцан санал солилцов. Эх сурвалж: ҮСХ

Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүйг бий болгох ажлын явцтай танилцлаа

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй-г бий болгох чиглэлээр ажиллаж буй Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Х.Р.Альберт, Үндэсний зөвлөх Б.Бадамцэцэг нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүйг бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй олон хэмжээст үзүүлэлтүүдийг сонгох, сонгосон үзүүлэлтүүдийн хүрээнд туршилтын судалгааны ажлыг зохион байгуулах ажлын явцын талаар ярилцлаа. Үндэсний статистикийн хорооноос мөнгөн үзүүлэлтээр хэмжигдэх ядуурлыг хоёр жил тутамд тодорхойлж байгаа бөгөөд мөнгөн бус үзүүлэлтээр хэмжигдэх Олон хэмжээст ядуурлын индексийг тооцдог болохоор зорилт тавин ажиллаж байна. Эх сурвалж: ҮСХ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.