Обамаг сонгосон биш баячууд татвараа нэмүүлэхээр болов

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама 11дүгээр сарын 6-нд явагдсан сонгуулиас хойш анх удаа дэлгэрэнгүй үг хэлэхдээ АНУ-ын баян иргэдийн татварыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь улсын төсвийн алдагдлыг багасгаж мэдэх цорын ганц арга хэмжээ юм. Жилд 250 мянга гаруй доллар олж байгаа хүмүүсийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх аль ч хуулийн төсөлд хориг тавина гэдгээ ерөнхийлөгч анхааруулсан байна. Ойрын үед улсын зардлыг нэлээд хэмжээгээр хорогдуулна гэж Обама мэдээллээ. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу бол 2013 оны есдүгээр сар гэхэд төсвийн алдагдал 503 тэрбум доллар хүртэл багасах ёстой. Харин одоо төсвийн алдагдал 1 их наяад доллароос даваад байгаа юм. С.Майкл

Татвараа төлдөггүй компаниудыг нэрлэв

Татвар хураалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсээс татвараа төлдөггүй компаниудыг зарлав. Татвараа төлдөггүй компаниудыг царайлаг бүсгүйчүүдийн эрлэг гэгдэх Ц.Мянганбаярын Монгол газар компани толгой цохиж явна. Түүнийг Зоос банкыг дампууруулсан гэдгийг нотлож, Монгол газар ХК-д хамгийн их зээл олгосон нь Зоос. Иймдээ ч дампуурахаас аргагүй байдалд хүрсэн гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдэгдэл хийж байсан нь саяхан. Алтан Дорнод Монгол гэх компани татвар төлдөггүй байгууллагуудын жагсаалтад дээгүүр байр эзэлж байна. Монгол Улсын Засгийн газар, Алтан дорнод Монгол компанийн ерөнхий захирал асан С.В.Паушок нарын маргааныг Олон улсын арбитрын шүүх нэг жил гаруй хэлэлцэж байгаа бөгөөд өдий хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа. Татварын ерөнхий газар Жамп ХХК-ийн ерөнхий захирал Л.Цэрэндаваагаас мөнгө салгаж авах гэж сүүлийн гурван жил хөөцөлдөж байгаа. Шүүхэд өгч, өр зээлтэй гэдгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх удаа дараа тогтоосон ч Л.Цэрэндаваа coxop зоос ч төлөөгүй явна.Монгол газар Алтан Дорнолд Монгол Жамп, Бөхөг зэрэг компаниудаас гадны олны танил компаниуд татвараа төлдөггүй аж ахуй нэгжийн жагсаалтад оржээ. Нийслэлийн Татварын газар Гүүд дор ХХК-иас 65734.3, Эй энд юу тур ХХК-иас 63696.5, Жэй ба Э ХХК-иас 615701.5, Зарубежводстрой монгол ХХК- иас 762828.5, Эм Энд жи конс ХХК-иас 550951.6 мянган төгрөг буюу нийт 2969431.9 мянган төгрөг татварыг хурааж чадаагүй байна. Мөн Баянгол дүүргийн татварын хэлтэс Хулан хатан ХХК-иас27049.8, Тэмээн цохио ХХК-иас 13618.2 мянган төгрөг буюу нийт 40668.0 мянган төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс Рич могол ХХК-иас 87377.7, Уулын-эх ХХК-иас 323448.1, Хийморь КАТВ-ээс 34754.2 мянга буюу нийт 464414.7 мянган төгрөгийн авлагатай ажээ.Түүнчлэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс Жамп ХХК-иас 6722860.8 Эрдэс холдинг ХХК- иас 1488453.5, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс Ханын материал ХХК-иас 193013.3, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс Бөхөг ХХК-иас 171098.9, Алтай гацуурт ХХК-иас 36035.4, Жэйдвон констракшн ХХК-иас 77495.5 мянган төгрөгийн татварыг тус бүр авч чадаагүй байна. Улсын төсвийн орлого хяналтын газарт Эм Жэй Эйч ХХК- 8164926.6, Алтандорнод монгол ХХК-3760590.8, Алтандорнод монгол ХХК-4571556.3, Монгол газар ХХК-385857.0, Монгол газар ХХК-2264682.6, Эм Жэй Эйч ХХК-2565328.5 мянган төгрөгийн өртэй байна. Эх сурвалж: Санхүүгийн Мэдээ

“Эргэлзээтэй” мужууд “Сенди” хар салхиний ачаар Обама дахин сонгогдлоо

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама дахин ялалт байгууллаа. Дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгч болоод дөнгөж 100 хонож байхдаа л дэмжигчдийнхээ 20 хувийг алдаж байсан түүнд энэ удаа үеийн үед цэнхэртэж байсан Калифорни муж, Сонгогчдын коллеги, Сенди хар салхи ээлээ өглөө. АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль хэзээ ч байгаагүй өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд Ромнид 47 сая 393 гаруй мянган хүн саналаа өгсөн бол Обамад 47 сая 166 мянган дэмжигчтэй гарав. Монгол шиг зөвхөн саналын хуудас тоолдог байсан бол өдийд Ромни оргилуун дарс тулгах байлаа. Харин сонгогчдын коллегийн 583 саналын 281-ыг авч чадсанаараа Обама ялагч болов. Сонгогчдын коллеги гэдэг нь АНУ-ын муж тус бүрийн хүн ам болоод, дүүргийн байршил, ажиллагсын тоо зэрэгт үндэслэн саналын тоог тогтоодог аж. Энэ саналыг ямар нэгэн намын гишүүн бус хүмүүс өгдөг ажээ. Коллегийн гишүүд нь хяналтын чиглэлийн байгууллагын гишүүд байдаг. Тухайлбал Дээд шүүхийн болоод арбиртын шүүхийн ажилчид, гааль болоод мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид багтах жишээтэй. Энэ л коллегийн дэмжлэгээр Барак Обама дахин ерөнхийлөгч болох гэж байна. Мөн сүүлийн үед эрчимтэй унаж байсан түүний нэр хүндийг Сэнди хар салхи сэргээж өгсөн билээ. Хар салхиний гамшигт сонгуулийн компанит ажлаа хааж байгаад ханцуй шамлан орсон нь түүний нэр хүндийг Нью Жерси мужид өсгөсөн бол Ромнигийн хувьд гамшигт өртсөн иргэдийн хаалган дээр плакатаа наасан байсан нь энэхүү мужид түүний нэр хүнд унах онцгой шалтгаан болсон байна. Яг одоо Таймс Скүэрийн талбайд америкчүүдийн хоёрны нэгийн төлөөллүүд баяраа тэмдэглэж байна. WORD.MN Р.Гэгээ

 ДЭЛХИЙН БАЯН, ЯДУУГИЙН ЯЛГАА ИХЭСЧЭЭ

Дэлхийд баян болон ядуу хүмүүс хоорондын орлогын ялгаа сүүлийн 20 жилийн хугацаанд ихэссэн ба цаашид ч ихэснэ гэж олон улсын буяны Хүүхдийг аваръя /Save The Children/ байгууллагын илтгэлд дурджээ. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн жилүүдэд ядуу буурай хөгжилтэй орнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх, тухайлбал хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтийг бууруулах талаар тодорхой амжилтад хүрч чадсан боловч нийгмийн давхаргын улам бүр хүчтэй болж буй ялгаа уг дэвшилд ихээхэн сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн комиссын хуралдааны өмнө нийтэлсэн илтгэлд тэмдэглэжээ. Сүүлийн 10 илийн хугацаанд хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн боломжийг сайжруулах талаар үлэмж хэмжээний ахиц дэвшилд хүрлээ. Одоо бид хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг үндсээр нь арилгах тийм чухал цаг үед ойрхон ирээд байна. Гэвч нийгмийн тэгш бус байдлын асуудлыг шийдэхгүйгээр хүрсэн дэвшлээ түргэтгэх, бүр өнөөгийн түвшинд хурдацыг нь барих боломжгүй байна. Түүгээр зогсохгүй, тэгш бус байдал нь зарим нэг улс оронд болон дэлхийд бүхэлд нь бодитой өсөлтөд хүрэх, хөгжин цэцэглэхэд саад болж болзошгүй байна гэж Хүүхдийг аваръя байгууллагын гүйцэтгэх захирал Жастин Форсит мэдэгджээ. Бараг 120 улсад үйл ажиллагаа явуулсан тус буяны байгууллагын мэдээлснээр, 1990 оноо хойш баян, ядуугийн хоорондын ялгаа хөгжиж буй 32 улсад ихэссэний тавд нь хүн амын бага орлоготой хэсгийн орлого сүүлийн 20 жилийн хугацаанд бүр ч их буурчээ. З.Амгалан

Монголд бизнес эрхэлдэг оросууд

Нэгэн үед Оросын бизнесменүүд Монголыг тоож ч хардаггүй байсан. Харин уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт өндөр болохыг дагаад цөөн ч гэлээ сонирхож, хөрөнгө оруулалт хийдэг болсон. Эд дотроос хамгийн дуулиантай нь нөхөр Паушок. Гэхдээ Оросын хөрөнгө оруулагчдыг бүгдийг хэргийн эзэн Паушокоор төсөөлөх хэрэггүй. Алдарт Форбс сэтгүүл манай улсад хөрөнгө оруулалт хийсэн бизнесменүүдээс хамгийн гэсэн тодотголтой гурвын хүнийг тодруулсан байна. Хамгийн болгоомжтой Сергей Громов Братскийн хөнгөн цагааны аварга том үйлдвэрийн анхны эзэн Сергей Громов нь 90-ээд оны үед Хятадыг чиглэсэн хөнгөн цагаантай галт тэрэг замдаа сураггүй алга болохоос сэргийлэн төлөөлөгчийн газраа Монголд байгуулжээ. Төлөөлөгчийн газраа хүүдээ даатган орхисон нь яваандаа хөгжсөөр том компани болов. Иймд хүү Громов хөрөнгө оруулалтын Чингис хаан банкийг байгуулсан аж. Бизнест хөрөнгө оруулалт хийх явцдаа Монголын зах зээлийн судалж мэдэх болсноор өөр шинэ бизнес худалдан авч эхэлжээ. Жимсний шүүснээс эхлээд архи, шар айраг хүртэл бүх төрлийн ундаа үйлдвэрлэдэг нь Монголын хамгийн том үйлдвэр АПУ Громовынх болсон. Мөн даатгалын томоохон компани гээд бусад салбарт бас хэдэн хэдэн компанийг эзэмшдэг болжээ. Гэхдээ Монголд хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог уул уурхайн салбарт л ганц ч компани байдаггүй. Громов нь олны анхаарлыг татах хэрэггүй, түншээрээ монгол хүн сонгож авах, яарахгүй гэсэн гурван дүрмийг ягштал баримталдаг. Тэрээр Энд ер нь уухайлж дайраад хэн ч амжилтанд хүрч байгаагүй юм шүү гэж ярих дуртай. Хамгийн шуурхай Михайл Мирилашвили Хэрхэн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд хоёр жилийн дараа 50 сая, эсвэл бүр 100 сая ам.долларын ашиг олох вэ? Монголын газарт хөрөнгө оруулалт хийгээд олборолт явуулалгүйгээр шууд зарж чадвал ийм өндөр ашигтай ажилладаг аж. Форбс сэтгүүлийн мэдээгээр бол Оросын Фэйсбүүк гэгддэг Вконтакте сайтын анхны хөрөнгө оруулагч Мирилашвилигийн Монголд оруулсан цорын ганц хөрөнгө оруулалт Эж Балей компани. Тэрээр өөрөө Монголд хэзээ ч ирж байгаагүй ч ерөнхий менежер Григорий Денисов нь эрсдэл ихтэй энэ бизнесийг хэдэн жилийн турш амжилттай удирдаж байна. Бизнес нь гэвэл геологи хайгуул танадалт лицензийг алтны батлагдсан нөөцтэй орд газар болгон хувиргах. Эрсдэл нь хайгуулаар байсан ч батлагдах нөөц нь байхгүй болчих явдал. Хамгийн туршлагатай нь Сергей Опанасенко Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгч хийж байсан Сергей Опанасенког өөрийн мөнгөөр оросынхоо соёлыг сурталчилдаг гол хүн гэж болно. Тэрээр Төрийн албанаас өөрийн хүсэлтээр гараад Монголд үлдэн бизнес эрхлэх болсон хуруу дарам цөөн хүний нэг. Тэрээр Эскимо нэртэй кафе барьж үйл ажиллагаа эхлээд тун удалгүй түүнээ слав үндэстний өвөрмөц амттай хоол хийдэг Корчма нэртэй ресторан болгон өргөжүүлсэн юм. Цаашлаад Орос, Украйн үндэсний хоол хийдэг Гжель, Опанас гэдэг хоёр том зоогийн газар байгуулснаар улаанбаатарчууд орос хоолны амтыг сайн мэдэх болжээ. Үүнтэй зэрэгцээн Опанасенко нь нарийн боовны газар худалдан авч хөгжүүлсээр нарийн боов, амттанаар үйлчилдэг жижиг кафены Улаанбаатартаа томд орох сүлжээг бий болгожээ. Шинэ жил болон бусад баяр ёслолоор монголчууд түүний сүлжээгээр үйлчлүүлж 10 тонн бялуу болон бусад амттан худалдан авдаг бөгөөд жилийн орлого нь 10 сая ам.доллар гэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.