МАН:Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна

Байгалийн баялагтаа тулгуурлан хөрөнгийн сан бий болгосон дэлхийн 44 орноос амжилттай яваа нь Норвегийн баялгийн сан. Тус сан газрын тосны олборлолт, төлбөрийн тэнцлийн илүүдэл, валютын арилжаанаас олсон ашгаас эх үүсвэрээ бүрдүүлдэг бөгөөд 2018 онд 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй болж, улсын хэмжээнд нэг хүнд ноогдох ДНБ нь дунджаар 59 мянган ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян иргэдтэй улс болжээ. Сангийн хөрөнгийг Засгийн газар шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд мэргэжлийн баг удирдаж, зөвхөн олон улсын зах зээл хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэгвэл манай улс Норвегийн энэхүү жишгээр Үндэсний баялгийн сан бий болгох зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгасан. МАН 2016 онд олонх болсноор олон удаагийн парламент дамжин хэлэлцэгдсэн ч үр дүнд хүрч чадаагүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг 2019 оны 11 дүгээр сард эцэслэн баталж, ард түмэнд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх боломжийг бүрдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан ТӨРИЙН өмч мөн гэж тусгасан заалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн НИЙТИЙН өмч мөн гэж өөрчилсөн. Мөн байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж нэмж тусгасан. Ингэж Үндэсний баялгийн сантай болох эрх зүйн орчинг тодорхой болгохын зэрэгцээ энэхүү заалтыг хөрсөнд нь буулгахын тулд МАН 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтуудыг тусгав. Үндэсний баялгийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн татварын орлого, ноогдол ашиг зэргээс жилд 1 их наяд төгрөгөөс их орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ. Хуримтлуулсан энэхүү хөрөнгөөр томоохон төсөл хөтөлбөрийг дэмжин, санхүүжүүлж улмаар үүний үр шимийг иргэн, аж ахуйн нэгжүүд хүртэх юм. Үүний тулд МАН дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.4 дэх заалт. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН 2.4.1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ. 2.4.2. Баялгийн сангийн тухай хууль гаргаж, сангийн засаглалын зохистой зарчмуудыг тодорхойлох дүрэм, журмыг батлуулна. 2.4.3. Уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно. 2.4.4. Бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 2.4.5. Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Налайх, Багануур, Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийг иргэд сайшаан дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх 5 дугаар хороо буюу Гордок иргэд сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон юм. Монгол Улсыг хөгжүүлэх Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичиг болон Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-нд алслагдсан гурван дүүргийг бие даасан статустай хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан юм. Багануур, Багахангай, Налайх дүүргийг аялал жуулчлал, үйлдвэр технологи, хүнд хөнгөн үйлдвэрээр бүсчилэн хөгжүүлэх аж. Иргэдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иргэдийн амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өгөхийг хүссэн юм. Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордок хэсэгт амьдардаг иргэдэд нэн түрүүнд газрын маргаан тулгардаг байна. Мөн Налайхын төв хэсгээс зайдуу оршдог тул төрийн үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хүндрэлтэй байдаг талаар дурьдаж байв. Түүнчлэн тус хороонд байрлах уурын зуухыг буулгаж, дулааны станц болгон өргөтгөж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид, иргэдийн зүгээс ирүүлсэн дулааны станц байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг асуудлуудыг холбогдох газрынхантай уулзаж, нэн даруй шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэдийн амьжиргааг дэмжиж, ажилтай орлоготой болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт даалгаад, алслагдсан бус аялал жуулчлалын бүс болж хөгжих бодлогын хүрээнд 5 дугаар хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Үүний дараагаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэгт орших Цалуут импекс махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзсан юм. Тус махны үйлдвэр нь Иран, Арабын орнуудад махаа экспортолдог. Мөн Улаанбаатар хотод 500 тонн нөөцийн мах нийлүүлж байгаа талаар үйлдвэрийн ерөнхий захирал Л.Мөнхдаваа мэдээлэл өглөө. Махны үйлдвэрийн ажилтан албан хаагчид МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид төр засгийн зүгээс хувийн хэвшлийг дэмжсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг хүссэн юм. Мөн үйлдвэрээ өргөтгөж цус хатаах үйлдвэр барихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ. Цалуут импекс үйлдвэр нь өнгөрсөн жил 100 тонн мах экспортолсон бөгөөд олон улсад тархаад буй коронавирусийн дэгдэлтийн улмаас экпортын үйл ажиллагаа нь түр зогссон байна. Улаанбаатар хотын нэрийн дэлгүүрүүдийг махаар хангадаг үйлдвэрт Налайх дүүргийн 80 гаруй иргэд ажилладаг байна. МАН-аас нэр дэвшигчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, цаашид үйлдвэрийн өргөтгөлийн асуудлыг судалж, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж анхаарч ажиллана гэдгээ хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
МАН:Хоёр жилд 50 хувь багасгасан утааг ирэх жил 80 хувь багасгана

Улаанбаатар хотод өнгөрсөн дөрвөн жилд юу өөрчлөгдөв. Энэ асуултад нийслэлчүүд утаа гэж дуу нэгтэй хариулж байна. Дараа нь бүтээн байгуулалт, автозамын түгжрэл гэх зэргээр олон өөрчлөлтийг шил дараалан нэрлэв. Нээрээ л урд яваа нэгнийг харахгүй шахам өтгөн хар манан дунд бүдчиж явсан цаг саяхан. Амьдарч, амьсгалж чадахааргүй болж өвлийн гурван сардаа хөдөө нутгийг зорих нь ч бий. Хүүхдээ тэврээд бөөн бөөнөөрөө эмнэлэг бараадаж, явсан үе ч бас бий. Утаанаас үүдэлтэй өвчлөлөөр 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн нас барсан, 2015 онд 0-4 насны 435 хүүхэд эндсэн харамсалтай он жилүүдийг ч туулсан. АШУҮИС-ийн сургууль, АНУ, БНСУ-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багийнхан нийт 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдийн дунд судалгаа явуулж, хүүхдүүдийн уушиг 20 жил тамхи татсан хүнийхтэй адил гэсэн дүгнэлт гаргажээ. Монголчууд ийм л хүнд хэцүү он жилүүдийг туулж, утааг хэрхэн яаж бууруулах талаар 20 жил ярьж, хэдэн зуун тэрбумаар нь зарцуулсан. Эцэст нь Улаанбаатарыг хэн ч утаанаас салгаж чадахгүй гэж нийслэлчүүд хувь заяатайгаа эвлэрч байсныг эрс өөрчлөв. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон эл асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр жилийн дотор шийдэж, 50 хувиар бууруулж чадсан. Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллынхонд нийлүүлсэн. Ингэж нэгэн зорилгын төлөө нийслэлчүүдтэй хүчээ нэгтгэн ажиллаж ярих биш хийж болдгийг харууллаа. Гэхдээ энэ үр дүнд сэтгэл ханаж, зогсолт хийж болохгүй тул МАН 2020-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа онцлон багтаасан мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг ирэх жил 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд Налайх дүүрэгт сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. МАН нийслэлчүүдийн хүсэл мөрөөдөл болсон агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг цогцлоохын тулд 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна. Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станц - 3, Дулааны цахилгаан станц-4-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно. Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Х.Булгантуяа: Надад ганцхан мөрөөдөл байдаг

МАН-аас өнөө жил Баянзүрх дүүрэгт салбар, салбартаа манлайлж буй таван шилдэг нэр дэвшигчээ явуулжээ. Хуулийн салбартаа манлайлж буй Б.Энхбаяр, эдийн засаг санхүүгийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Х.Булгантуяа, туршлагатай парламентч Б.Саранчимэг, дүүргийн унаган хүү, хуульч Э.Бат-Амгалан, эрүүл мэндийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Гавьяат эмч Ж.Чинбүрэн гээд таван өөр салбарын, таван өөр үзэл бодолтой атлаа нэг зорилгын төлөө зүтгэж буй шилдэгүүд залуусын төлөөлөлтэй уулзаж, Z үеийнхний төлөө юу хийх, тэдэнд ямар ирээдүйг авчрахыг зорьсон бэ гэдгээ хуваалцав. Нэр дэвшигч Х.Булгантуяа тэдэнтэй уулзахдаа Монгол Улс бол залуусын орон учраас өөрсдийн сайхан ирээдүйнхээ төлөө өөрсдөө гар бие оролцох цаг ирсэн гэдгийг онцоллоо. Тэрбээр, Дэлхийн зарим улс орнууд хөгжихөөсөө өмнө хөгшрөх вий гэж айдаг бол бид ийм их боломж бололцоо, ийм залуу үетэй байгаадаа баярлаж, бахархдаг. Та бүхэн бол Монгол Улсын ирээдүй. 20 нас хүний амьдралын хамгийн шуурга шиг нас байдаг. Ажил хийж, амьдралд хөл тавина, болзоонд гүйж, дурлана. Гэхдээ энэ бүхний хажуугаар би улс эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг. Залуус татвар, НДШ төлөөд эхлэхээрээ миний мөнгө хаашаа оров, миний төлсөн мөнгөөр төр засаг юу хийв гэж асууж эхэлдэг. Эндээс ч оролцоо эхэлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Улс эх орон миний төлөө юу хийх вэ гэдгээс илүү залуус бид эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгээ асуух ёстой гэж хэлсэн байдаг юм. Залуус ардчилалд хайртай гэдэг атлаа сонгуульдаа идэвхгүй оролцож байна. Тиймээс өөрчлөлтийн төлөө өөрөө үлгэрлэ гэж уриалж байна, та бүхнийг. Та нарын дуу хоолой Монголын төр засаг, хөгжилд дутагдаж байна. Тийм ч учраас залуусын төлөөлөл болж би УИХ-д нэр дэвшиж байгаа юм шүү. Би олны өмнө гарч ирэх улстөрч болно гэж бодоогүй. Гэхдээ сурсан мэдсэнээ залуусын төлөө зориулахыг хүсэж байсан учраас НАМЗХ-нд очиж байлаа. Өөрөөр хэлбэл, амьдралаа ажил-гэр-үр хүүхэд гэсэн жимээр өнгөрүүлэхийг хүсээгүй учраас сурсан зүйлээ эх орныхоо төлөө зориулна гэж оролцоогоо идэвхжүүлсэн хэрэг. Харин одоо Монгол Улсыг залуус бид хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ачаа үүрч яваагийн хувьд залуус ч үүрэг оролцоотой байх ёстой юм. Та нарын оролцоогоор энэ улс орон бидний хүсэн хүлээж байгаа улс болж хөгжинө. Надад ганцхан мөрөөдөл байдаг. Тэр нь сайхан Монгол Улс бий болоосой гэсэн хүсэл. Би үр хүүхдүүддээ идэж барамгүй өв хөрөнгө биш сайхан эх орон үлдээхийг хүсч байна. Тэр цагт миний, таны хүүхдүүд ипотекийн зээлдээ хамрагдаж, Их дээд сургуульдаа суралцаж, хэвлий дэх үрээ эрүүл тээж, хүссэн цагтаа гадагшаа аялж, зугаалж амардаг болно гэсэн юм. Урам зориг орсон ч бас айсан Баянзүрх дүүргийн мянга, мянган залуусын төлөөлөл УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшиж буй Хүрэлбаатарын Булгантуяагаас Таныг Ерөнхий сайд олон жил бэлтгэсэн гэсэн. Юунд олон жил бэлтгэсэн бэ хэмээн асуухыг хүсчээ. Тэгвэл залуусын асуултад Нэр дэвшигч Х.Булгантуяа хариулт өгөхдөө Намайг Ерөнхий сайд тэгж магтсанд үнэхээр их огшсон. Урам зориг орсон ч бас айсан. Яагаад гэвэл, Монгол Улсын эдийн засаг ирэх жилүүдэд амаргүй байх нь тодорхой байгаа. Нөгөөтээгүүр, цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг тэр чигээрээ амаргүй нөхцөл байдлыг туулах нь тодорхой боллоо. Ирэх дөрвөн жилд бид маш их өр төлнө. Энэ цаг үед УИХ-д эдийн засаг, санхүүгээр мэргэшсэн хүн хэрэгтэй гэдэг нь тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг хүнд цаг үед Дэд сайдаар ажиллалаа. Амаргүй олон шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулж байсан үе ч бий. Энэ бүхнээс Ерөнхий сайд дүгнэлт хийсэн байх аа. Чи өнгөрсөн дөрвөн жил амаргүй асуудалд гар бие оролцож явсан, гэхдээ энэ бүхнийг сайн хэрэгжүүлж чадлаа. Улсын төсөв 2018 онд анх удааашигтай гарлаа. Дөрвөн жилийн дотор Монгол Улсын валютын нөөцөө дөрөв дахин нэмж чадсан. Чамайг энэ бүгдийг давж гарахад багаараа сайн ажилласан гэж бодож байгаа. Тиймээс энэ бүгдэд бэлтгэсэн гэж хэлсэн хэмээлээ. Нэр дэвшигч Х.Булгантуяагийн тухайд Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн АНУ-ын хамгийн шилдэг таван сургуулийн нэг болох Йелийн Их сургуульд магистр хамгаалсан. Харин энэ бүх сурч мэдсэн зүйлээ зөвхөн амин хувьдаа ашиглах бус улс орныхоо сайн сайхны төлөө, үр хүүхэддээ үлдээх сайхан ирээдүйн төлөө, Монголын мянга, мянган залуусыг боломж руу хөтлөхийн тулд зориулахыг хүссэн гэдгээ хэлсэн нь олон зуун залуусын талархлыг хүлээсэн юм. Өчигдөр Жанжин Жуковын хөшөөний өмнөх талбайд цугласан Баянзүрх дүүргийн олон зуун залуус энэ үгнээс нь эрч хүч авч, энэ үгнийх нь төлөө түүнийг дэмжинэ гэдгээ хэлж байлаа.

Нийтэлсэн:
Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна

Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий Олон нийтийн хөгжлийн төв, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Хотын бүх дүүрэг болгонд Олон нийтийн хөгжлийн төв, амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтцүүдийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсээ эхэлсэн. Гэр хорооллууд руу дэд бүтэц ихээр тавиглаж байна. Тэр дундаа нийгмийн дэд бүтцүүд ихээр хийгдлээ. Баянхошуу, Цайз зах орчим баригдах олон нийтийн төвийн ажил эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүрэгт баригдах олон нийтийн төвийн ажил эхэлж байна. Сургалтын төвүүд, Бизнес инкубатор төв, Нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт энд орно. Бид нийслэлийн есөн дүүрэгт хөгжлийн бодлого шийдвэр ижил түвшинд хүрдэг байхад онцгой анхаарч ажиллаж байна гэв. Дөрвөн дүүрэгт Олон нийтийн хөгжлийн төв, хоёр дүүрэгт орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл баригдаж эхэлж байна. Олон нийтийн хөгжлийн төв нь гурван давхар, ахмадуудад зориулсан танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан бүхий талбайтай байхаар байхаар төлөвлөгдсөн. Мөн соёлын төвтэй байна. Гадна талбайг иж бүрэн тохижуулж, сагсны талбай, автобусны зогсоол болон бусад ногоон байгууламжийн ажил хийгдэнэ гэдгийг энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Ш.Авирмэд онцолж хэлсэн юм. Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар Өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууц, тэр дундаа түрээслээд өмчлөх орон сууц амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дүүрэг бүрт хийгдэх олон нийтийн төвүүдийг дагаад дэд бүтцүүд хийгдэнэ. Орон сууц гэхээр хэдэн байшины тухай ярьдаг цаг өнгөрсөн. Түүнийг дагаад дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин нөхцөл бүрдсэн байдлаар шийдэхийг зорьж ажиллаж байна гэлээ. Ийнхүү дүүрэг бүрд баригдах Олон нийтийн хөгжлийн төвийн барилгын ажлууд эхэлж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.