Архангай аймгийн АН-ынхан сонгуульд оролцохгүйгээ илэрхийллээ

Архангай аймгийн таван сумын төлөөлөл нэгдэн, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Учир нь тус аймгийн АН-ын дарга М.Батжаргалыг намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргаад байгаа юм байна. Түүний асуудлыг авч хэлэлцэх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь алт эрт гарчихаад байгаа ажээ. Тиймээс тус аймгийн АН-ынхан эсэргүүцэлтэй хандаж байгаа бөгөөд М.Батжаргалыг намаас албан ёсоор хөөвөл ээлжит сонгуульд оролцохгүй буюу хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэдний хувьд аймгийн намын хорооны дарга М.Батжаргал нь намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг онцлоод аймгийн АН-ын дэд дарга Эрдэмхишиг АН-ыг шүүмжилж, дуугарч гарч ирсэн залуучуудыг толгой дараалан намаас хөөж, ял тулгаж байна. Үндсэн дүрмийн хороо анхан болон дунд шатныхаа эв нэгдлийг хангах ёстой байтал хагарал талцлыг үүсгэж байна. Үүнд Архангай аймгийн АН-ынхан харамсаж байгаа юм. Хоёр хүн ахуйн чанартай гомдол гаргаад, түүнийг нь намын удирдлагууд авч хэлэлцээд урьдчилан шийдвэр гаргачихаад байгааг бид захиалгатай гэж харж байгаа. Бид ямар ч байсан шаардлагаа хүргүүллээ. Хэрвээ намын удирдлагууд хүлээж авахгүй бол бид цаашдаа тэмцэх болно гэлээ. М.Батжаргалыг ийнхүү хөөхөөр болсон нь Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа хоёр хүний гомдолтой холбоотой аж. Тодруулбал, Нэр дэвшигчдийн байршуулсан мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр сумдад принтер, нөөтбүүк авч өгсөн, ҮБХ-ны гишүүн Мөнхсайхан гэх залууг УИХ-д нэр дэвшүүлж өгөх саналыг намын гишүүдээс гаргасныг М.Батжаргал санаачилсан гэх үндэслэлээр АН-ын удирдлагуудад гомдол гаргасан аж. Хэдийгээр түүний зөв, бурууг шүүх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь аль эрт гарсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд АН-аас хөөгдөх дараагийн хүн болжээ. Тэр бүү хэл, түүний тэргүүлдэг аймгийн намын хорооны даргыг орлон гүйцэтгэгчийн нэрийг хүртэл тодруулчихаад байгаа аж. АН-ын удирдлагууд ийнхүү асуудалд ул суурьгүй хандаж, захиалгатай мэт ажиллагаа явуулж байгаад Архангай аймгийн зарим сумын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

Коронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль (1) хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй арга хэмжээ авахыг Засгийн газарт зөвшөөрөх, ийм боломж олгохын зэрэгцээ (Ковид-19 цар тахалтай тэмцэх явцад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд төсвийн нийт зардлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийхийг ЗГ-т зөвшөөрсөн) (2) хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой зааж; (3) Ковидын үeд онцгойлон анхаарах тухай НҮБ, Эмнeсти интeрнэшнл, Human Rights Watch, Монгол Улсын Хүний эрхийнүндэсний комисс, Монгол Улсын Хүний эрхийн форум зэрэг хүний эрхийн байгууллагын зөвлөмжийн нэлээдийг тусгажээ. Хүний эрхийн үүднээс шүүмжлэл дагуулсан заалтуудын зарим (9.14, 9.15, 12.3) нь хасагдаж батлагдав. 9.14-т олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хяналтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах арга хэмжээг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн нэн даруй авна гэсэн байв. 9.15-т зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах, шаардлагатай тохиолдолд мэдээллийг саадгүй гаргах үүрэг хүлээнэ гэсэн байв. Хүний эрхийг дур зоргоор зөрчихөөс сэргийлэх үүднээс хүний эрхийн хязгаарлалтад тавих шаардлагыг тодорхой заажээ. Одоо энэ хуулийг зөв хэрэгжүүлэх, дагаж гарах журам болон арга хэмжээг уг хуулийн шаардлагад БҮРНЭЭ нийцүүлэх нь тун чухал. Ингэж чадвал Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндээ ч хамгаалах, хүний эрх гэсэн үнэт зүйлээ ч эрсдүүлэхгүй байхад дөхөм болно гэж хуульчид дүгнэж байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгажээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Энэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тулКоронавируст халдвар(COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийнтөсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан гэснийг эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.МөнхсайханЭнэ хууль 2020.12.31 хүртэл үйлчилнэ. УИХ зургаан сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болохоор батлагдсан. ДЭМБ-ийн шийдвэр, Засгийн газрын санал зэрэгт үндэслээд үүнээс өмнө уг хуулийг хүчингүй болгох бүрэн эрх УИХ-д бий. Нэг удаагийн хууль гаргах нь бодлогын шийдвэр байсан. Ковид-19 шиг өөр цар тахал гарч, бэлэн байдал зарласан нөхцөл үйлчлэх, бусад үед үйлчлэхгүй байх агуулгатай, байнгын хууль болгох нэмэлт, өөрчлөлтийг энэ түр хууль хүчингүй болохоос өмнө оруулах боломж УИХ-д бий. Аль ч тохиолдолд ийм тусгай дэглэм өөрөө тухайн онгцой нөхцөлд зайлшгүй шаардлагатай хугацаанд л үйлчилдэг байх ёстой. Уг зарчмыг энэ хууль баримталсан гэжээ.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа ч ажлын хариуцлага алдсантай холбоотой гэх мэдээлэл байна. Тэрбээр 2016 оны есдүгээр сард томилогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Л.Дэлгэрбаяр: Одоогийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” бол муу зохицуулалт биш

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр алтны эрэлт, ханш өсч байна. Монгол банкны нэг грамм алтны үнэлгээ 150 мянган төгрөг рүү дөхөж байгаа нь сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр дүн. Энэ бүхэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу нинжа нарын сонирхолыг өдөөж, хууль бус олборлолт явуулах нөхцөлийг нэмэгдүүлж байна уу? -Ковид-19 цар тахлаас шалтгаалж дэлхийн улс орнууд хөл хорио, хилийн хориг, онц байдал зарлаж байгаатай холбоотойгоор үнэт металлын олборлолт, нийлүүлэлт буурсан. Ханшийн хувьд ч маш их хэлбэлзэлтэй байгаа. Монголд алт авах ханш нэлээд өсөлттэй байгаа. Гэхдээ ханшны хэлбэлзэл, өсөлтөөс шалтгаалан хууль бус олборлолт нэмэгдэж байна гэж хэлж болохгүй. Хил хаасны дараа Монгол банканд алт тушаалт эрс нэмэгдсэн нь олборлолт гэхээсээ илүү хууль бусаар хил давуулдаг сүлжээ ажиллахгүй болсонтой холбоотой байж болох юм. Тэгэхээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн хууль бус олборлолттой тэмцэх бус, олон улсын туршлага, зөвлөмжүүд дээр үндэслэн газар олголт, олборлолт, хайгуул, нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага, алт бусад ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг албажуулах зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. -Он гарснаас хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Төв аймгийн Сүмбэр сумын ашиглалтын талбай руу нинжа нар дайрсан. Үүнээс болж хүний эрүүл мэнд хохирсон асуудал гарсан. Та бүхэн энэ тухай мэдээллийг авсан уу? Нинжа нар уурхайн талбай руу олноор дайрсан үзэгдлийг хэрхэн дүгнэж байна вэ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ? Хэд хэдэн газар хууль бусаар олборлох бөөгнөрөл үүссэн. Энд хамгийн бодит дүгнэлт нь хуулийн дагуу багахан газар өгч зохицуулалт, зохион байгуулалттайгаар ажиллуулахгүй л бол ийм үзэгдэл ихэснэ гэдгийг л харуулж байгаа юм. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжсэн сүүлийн жилүүдэд ийм нийтийг хамарсан, олон хүн оролцсон бөөгнөрөл үүсээгүйг сэтгүүлчид та бүхэн ч мэдэж байгаа байх. Харин Засгийн газраас 2019 оны 355, 2020 оны 17-р тогтоолууд гарч хэрэгжсэн. Энэ тогтоолуудын хүрээнд бичил уурхайн газрын дүгнэлт гарахгүй, зөвшөөрөл олгохгүй, хуулийн дагуу ажиллах боломжийг хязгаарласан. Энэ нь ийм дайралт, бөөгнөрөл үүсэж, олшрох үндсэн шалтгаан болж байгааг шуудхан хэлье. Хууль бус үйлдэл хийж байгаа хүмүүсийг өмгөөлж байгаа юм биш, айлгаж сүрдүүлж байгаа зүйл бүр биш. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо энэ салбарт 7 жил үйл ажиллагаа явуулж, мэдээлэл судалгаатай болсон, ямар асуудал байгаа, яаж шийдэж болохыг мэддэг байгууллага. Тэр нинжа гэгдэгчдийг зохион байгуулалтад оруулан албажуулах , хуулийн хүрээнд ажиллуулах тал дээр асар их сургалт, үйл ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд буруу тийшээ урсаж байсан гольдрилийг жаахан ч гэсэн зөв чигт зүглүүлж чадсан. Олон улсын төвшинд ч Монголын бичил уурхайн салбар зөв чигтээ эрчтэй яваа гэж үнэлүүлэх хэмжээнд очсон юм. Ийм ч учраас хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг хаах хорих чигт явбал ямар эрсдэл үүсч болох талаар Засгийн газар, яамдад мөн ч их сэрэмжлүүлж, бичиг тоот явуулсан. Өвчин тахалтай холбоотойгоор өнөөдөр байдал намжмал байна. Гэхдээ хорио тавигдаад, цаг дулаараад ирэхээр хүмүүс амьдрахын эрхэнд шороо ухахаар гардаг л юм даа. Олон жилийн судалгаатай, олон улсын туршлагыг мэддэг байгууллагын тэргүүний хувьд үнэхээр мэдэж байна. -Сүүлийн жилүүдэд хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг албажуулж, бүртгэж, хариуцлагатай болгох чиглэлд ихээхэн ажил өрнөж байгаа. Гэхдээ албажиж, хариуцлагатай бичил уурхай эрхлэгчид болохын оронд хууль бусаар ашигт малтмал олборлохыг илүүд үзэх хүн олон байна. Энэ нь мэдээлэл муутай, буруу ойлголттой холбоотой юу? Ер нь нинжа гэгдэгчид, хууль бус олборлолтоос салах үндсэн буюу цорын ганц зөв арга нь албажуулж, зохион байгуулалтад оруулж, хуулийн дагуу ажиллуулах юм гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, зөвлөдөг болсон. Ганц манай оронд болж байгаа үйл явц биш уул уурхайтай бүх л оронд олон жилийн туршид янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, хэрэгжүүлж байсан туршлагаас шалгарсан арга юм. Албажуулалтын ажил бол их удаан үйл явцтай ажил. Бид арван хэдэн жил хичээгээд 10 орчим хувийг албажуулсан байна. Энэ нь олон улсад өндрөөр үнэлэгддэг юм шүү. Гэхдээ одоо хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүс хууль бусаар ажиллахаас, хөөлгө туулга, осол гэмтэл гээд эрсдэлүүдээс үнэндээ залхаад байгаа. Болдог бол тодорхой багахан газарт хууль журмын дагуу, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллаж гэр бүлээ тэжээхсэн гэсэн бодолтой нь олон болсон. Энд л төрийн зөв бодлого шийдвэр хэрэгтэй байгаа юм. Мэдээж хууль гажуудуулж, түргэн хугацаанд өм цөм баяжих гэсэн шуналтнууд аль ч салбарт байдаг. Яг бичил уурхайчид бол зүгээр ажиллаж, амь амьдралаа залгуулах гэсэн л хүмүүс байдаг юм. Нөгөө талаас хууль журмыг гажуудуулж байгаа хүмүүс нь орон нутгийн төрийн албаныхан байна. Бичил уурхайн нөхөрлөлөөр олборлолт хийлгэж, орон нутгийн иргэдийг ажлын байртай болго гээд дүгнэлт гаргаад өгсөн талбайд сумын Засаг дарга, ИТХ-ЫН төлөөлөгчид нь таньж мэддэг хүмүүс, ах дүүсээ хот хүрээнээс дуудаж авчраад нөхөрлөл байгуулсан болоод гэрээ хийгээд олгочихдог. Яг зорилтот бүлэг буюу орон нутгийн иргэд яахаа мэдэхээ болиод бухимдахаас өөр аргагүй л сууж байна. Зарим нь ч хуулийн дагуу ажиллах гэсэнд нь газар олдохгүй, хууль бусаар байгаа нь ажилтай орлоготой, ашигтай байна гээд залхах байдал ч бий болж байна. Хэрэгжилт дээр нь завхруулахгүй, хяналт хариуцлага сайтай бол одоогийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бол муу ч зохицуулалт биш. Мэдээж сайжруулах, боловсронгуй болгох л хэрэгтэй. -Бичил уурхай эрхлэгчид, нинжа 2 юугаараа ялгаатай юм бэ? Ард иргэдийн нүдэнд бол адилхан л газар ухаж байгаа хүмүүс шүү дээ. Ерөөсөө л хуулийн дагуу, хууль бус гэсэн үндсэн том ялгаатай. Дээр нь нөхөн сэргээлт хийдэг, татвар төлдөг, нийгмийн даатгалд хамрагддаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилладаг гээд маш олон ялгагдах зүйл бий. Ер нь үндсэн утгаараа бичил уурхайчид бол нийгмийн өмнө хариуцлага хүлээж, эрхээ эдэлж, хүний ёсоор амьдрах л эрмэлзэлтэй хүмүүс. Нинжа нар буюу хууль бусаар олборлолт хийж байгаа нөхдүүд бол томхон техникээр хурдан хугацаанд сорчилж ухчихаад л хаяад явдаг. Нөхөн сэргээлт, хариуцлагын талаар сонсох ч дургүй гэж хэлж болно. Хэн ухав гэхэд буух эзэн буцах мөргүй нэг утгаараа хулгай л хийж байгаа хүмүүс. Гэхдээ хамгийн харамсалтай нь мөнгөтэй, техниктэй, орон нутгийн албан тушаалтнуудад танилтай нөхдүүд нь хууль бусаар ухаж сүйдэлж орхиод муу нэр нь нөгөө хариуцлагатайгаар ажиллах гэсэн бичил уурхайчдад наалдаад өнгөрдөг нь дэндүү олон. Сайд нар нь хүртэл ялгааг нь мэдэхийг ч хүсэхгүй аль 90-ээд оны дундуур эвдэгдсэн газруудыг бичил уурхайгаас үүдсэн эвдрэл гээд яриад сууж байдаг. Уучлаарай, тэр үед чинь бичил уурхай гэж сураг ч үгүй байсан юм. Жинхэнэ тэр нинжа, хууль бус олборлогчдын л үе шүү дээ. Бид хүмүүсийг газар ухахгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэх сургалт, хөтөлбөр хийдэг. Болоод дэвжээд өөр ажил хийгээд явж байгаа олон хүн бий. Гэхдээ тэр олон жилийн турш газар ухсан хүмүүсийг зүгээр барилга дээр ажилла гэхэд чадахгүйгээс эхлээд зовлон бий. -Байгалийн баялгийн үр өгөөжийг хамгийн бодитой хүртэж чаддаг хүмүүс бол гар аргаар ашигт малтмал олборлогчид гэдэг. Нэг уурхайн компани 2-3 хан жилийн дотор ухаад дуусчих талбайд хэдэн зуун гар аргаар ашигт малтмал олборлогчид олон арван жил амьдрал ахуйгаа залгуулаад явж болдог гэдэг. Энэ агуулга талаас нь нинжа нарыг албажуулах ач холбогдлын тухай тодруулахгүй юу? -Ер нь албажуулалт, зохион байгуулалтыг төрөөс сайн дэмжээд өгөхөд л хууль бус олборлолт, хорт бодисын хэрэглээ, ажлын байр, ядуурал, татвар, нийгмийн даатгал, нөхөн сэргээлт гээд тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг цогцоор нь шийдэх боломж, гаргалгаа байгаа юм. Зүгээр жишээ болгоход өнөөдөр ашигт малтмалын ашиглалтын 1600 гаруй лиценз олгогдсон байна. Энэ лицензүүдэд хэдэн зуун мянган га-гаар яригдах талбай хамаарагдана. Гэтэл бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай Монгол Улсын хэмжээнд ердөө 2700 га. Тэгэхээр бичил уурхайтай аймаг болгонд 100 га газар олгоод тэндээ бүх хувиараа ашигт малтмал олборлогчдыг зохион байгуулалтад оруулж ажиллуулаад, өөр газар зөвшөөрөл олгохгүй, хяналтаа сайжруулж, хариуцлагыг нь чангатгаад явчхад л асуудал цогцоороо шийдэгдээд явах бүрэн боломжтой шүү. Яг үнэндээ уул уурхайн нэг компанийн ашигладаг найм, арван мянган га газрын хажууд 100 га гэдэг бол тун бага талбай. Нөгөө талаасаа өөрийн чинь хэлснээр нэг компанийн 1-хан жилд л ухаад дуусчихдаг л талбай шүү дээ. Бичил уурхайгаар ашиглуулахад урт хугацаанд хэдэн зуу, мянган иргэний асуудлыг шийднэ л дээ. Түүнээс гадна компаниуд бүгд л нэг Хятад, Солонгос, Австрали, Канад гээд гадаад хөрөнгө оруулагчтай, ашиг нь тийшээ гараад л явчихдаг. Бичил уурхайчдын олсон ашиг Монголдоо, бүр нарийн яривал оюутны төлбөр, дэлгүүр, хоршоо, гуанзны орлого болж тэр сумандаа үлдэн, айлын босго давдаг. Бичил уурхайчид гэдэг чинь эх нутаг, газар шороондоо адилхан л хайртай Монгол хүмүүс шүү дээ. Хариуцлагатай ажиллая, хууль бусуудтай хамтарч тэмцье гээд байхад та нар шиг муусайн нинжа нартай юугаа ярьдаг юм гэсэн хандлагыг Төрийн зүгээс гаргаж хэрхэвч болохгүй. -Хууль эрх зүйн орчин хэрхэн бүрэлдэж байна вэ, гол бэрхшээлийг хэрхэн харж байна вэ? Хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна. Гэхдээ ямар ч сайн хууль, журам байгаад сайн хэрэгжүүлж чадахгүй бол хэрэг нь юу байна. Хэрэгжилтийн төвшиндөө завхрал үүсээд, хяналт сул байвал ер нь яагаад ч нэмэргүй. Мөн төр засаг аливаа асуудал дээр мэргэжлийн холбоод, салбарын байгууллагын санал, хүсэлт, судалгаа дүгнэлтийг тусгадаг, бодлогодоо оролцуулдаг байх нь тухайн салбарын асуудал бэрхшээлийг шийдвэрлэх үндсэн арга зам болно. Гол бэрхшээл нь гэвэл шийдвэр гаргагчид хариуцлагатайгаар бичил уурхай эрхлэх гээд ядаж байгаа хүмүүсийг дэмжихийн оронд нөгөө л нинжа, хууль бус олборлогчидтой бүгдийг нь нэг саванд хийгээд хаана, хорино гээд байгаад л байна. Олон жилийн туршид бага багаар хүрсэн өнөөгийн төвшнөөс ухарсан алхам хийвэл ахиад цэгцлэх гэж 10-15 жилийн ажил болно гэдгийг тэд ойлгох хэрэгтэй байна. Хууль бус олборлолтыг огт байхгүй болгоё гэж байгаа л бол хариуцлагатай бичил уурхайг зөв хөгжүүлэх нь гол гарц, шийдэл юм шүү гэдгийг олон улсын туршлага, зөвлөмж дээр үндэслэн энд дахиад хэлье.

Аймгийнх нь намынхан “АН шившигтэй байдалд орчихлоо,наанаасаа гар” гэж Д.Мөнх-Эрдэнэд захижээ

​ ​ АН-ын жирийн гишүүд дэмжигчид ийнхүү дүгнэж эхэлжээ. Тийм ч учраас С.Эрдэнийг даргын суудлаас буутал намынхаа гишүүнчлэлээс түр түдгэлзэхийг нэг нэгэндээ зөвлөж эхэлсэн байна. Үүний дагуу АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлэн, 100 сая төгрөгийг намдаа тушаагаад байсан Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ АН-аас түр түдгэлзэхээр болсноо зарлалаа. Түүний хувьд намын даргын тавьсан шаардлагын дагуу дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан тушаасан ч хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр дахин 300-400 сая төгрөг нэхсэн С.Эрдэнэ даргынхаа үйлдлийг хууль бус гэж дүгнээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаа илэрхийлж байсан бол ийнхүү намаасаа гарах шийдвэрт хүрчээ. Нэгэн цагт намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, энэ намаас хотын даргын албан тушаалыг хашиж явсан Э.Бат-Үүл нарын хүмүүс АН-аас гарч, бие даан нэр дэвшихээ зарласан нь АН шившигтэй байдалд орсны илрэл гэж гишүүд нь үзэж буйгаа илэрхийлж байгаа аж. Энэ тухайд Д.Мөнх-Эрдэнэ Миний бие өнгөрсөн баасан гарагт намын даргад өргөдлөө өгсөн. Үндсэн хуульд зааснаар улс төрийн намууд мөнгөний бус үзэл бодлын өрсөлдөөнөөр сонгуульд оролцох учиртай. Гэтэл манай нам үүний эсрэг явсан учраас миний бие үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад Баянхонгор аймгийн намын гишүүд маань зөвлөсөн. Намаасаа түдгэлзсэн нь дээр, хүнтэй муудаад яахав. Манай намын нэр хүнд нийгэмд шившигтэй байдалд орчихлоо. Н.Алтанхуяг даргаас авахуулаад намаас гараад явчихлаа гэж зөвлөсөн. Тиймээс намаас түр түдгэлзэх шийдвэр хүртсэн. Энэ удаагийн сонгуульд АН-аас дандаа л С.Эрдэнэ даргын хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс нэр дэвшинэ. Тухайлбал, манай намын дарга 2008 онд анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял авсан, шоронд сууж байсан гэсэн үг. Тухайн үед С.Эрдэнэ даргатай хамт таслагдаж байсан нэг хатагтай бий. Энэ хатагтай бас манай намаас нэр дэвших гэж байна. Энэ мэтээр С.Эрдэнэ дарга ойр дотнын хамуудтайгаа нэр дэвшихээр зэхэж байна. Энэ хүн АН-ыг мөнгөний, хамаатан саднын, хэрэг хамуудынх болгочихсон учраас эсэргүүцлээ илэрхийлж, намаас түд түдгэлзэж байгаа юм. АН-аас гарах өргөдлөө өгөхөд намайг С.Эрдэнэ дарга 100 сая төгрөгөө аваад зайлаарай гэсэн. Тушаасан мөнгийг маань буцааж өгнө гэсэн, өгөхгүй бол хуулиараа яваад авчих байх гэж бодож байна. Ардчиллын өргөө гэж нэрлэсэн энэ байшин манай намын байр биш. С.Эрдэнэ даргын хувийн байшин, манай нам түрээсэлдэг. Өнгө нь гундаад эхэлбэл бидний түрээсийн мөнгөөр засаад янзалчихдаг юм шүү дээ. Та бүхний мэдэж байгаачлан хүүхдийн паркын газраас хумсалж барьсан барилга. Өнөөдөр Монгол Улсад хүүхдүүддээ зориулаад сургууль барих гэхээр газар олдохгүй байхад манай намын дарга сургуулиас том барилгыг хүүхдийн паркын газар дээр барьчихсан нь энэ гэлээ. М.Өлзий

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.