“Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа сонгуулийн гол шоу болох нь ээ

Өнөөгийн УИХ, Засгийн газар иргэдийн эзэмших Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг, сонгуулийн амлалтайгаа хольж хутгаад яг л бантан болгож орхилоо шүү. 2008 оны сонгуулиар ард түмнийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон нөхдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ерөнхийдөө 30 хоног үлдээд байна. Тэд зургаадугаар сарын нэгнээс эхлээд айл бүрт аягатай чихэр, аар саархан зүйлээ тарааж, бүтдэггүй сайхан үлгэр-ээ яриад явах нь тодорхой. Монголын ард түмний хамгийн их хүсэн хүлээсэн Эрдэнийн хувь, Эрдэнэс Таван толгой компанийн хувьцаа учир нь олдохгүй зүйл болж, дараагийн УИХ-тай золгох нь. Нэг болон 1.5 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн их мөнгөний тоо сонсож үзээгүй ард иргэдийнхээ чихийг дэлдийлгэж орхичихоод, нүдийг нь бүлтэлзүүлэн байж цөөхөн хэдэн төгрөг /500.0/-ийг чимх чимхээр тараасан. Сонгуулиар амласан нэг сая төгрөгөө өгөхийн даваан дээр Эрдэнэс Таван толгой компанийн хувьцаатай хольж, ойлгомжгүй зүйл олныг үлдээж байгааг иргэд анзаарч суугаа. Таван толгой нь стратегийн том орд учир тус ордыг ашиглах УИХ-ын тогтоолыг 2010 онд баталсан. Аж ахуйн нэгжид өгнө гэж өмнө нь шийдээд байсан Эрдэнэс Таван толгой компанийн 10 хувийн хувьцааг иргэддээ нэмж өгье. Иргэдээсээ Засгийн газар худалдаж аваад, аж ахуйн нэгжид худалдахаар шийдэх бололтой. Өөрөөр хэлбэл нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдан авч, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдаалах зүйл тогтоолын төсөлд байгаа. Өнгөрөгч оны төсвийг баталсантай холбогдуулж нэг сая төгрөгтэй дүйцэхээр нэрлэсэн үнийг тогтоохоор оруулж байсан. Энэ нь зарчмын хувьд буруу гэдгийг зарим хүмүүс хэлээд байгаа. Шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлээд эхэлбэл зах зээлийн нийгэм, хөрөнгийн биржийн зарчимд нийцэхгүй. Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Тэгэхээр эдгээр асуудлаа цэгцэлж байж IPO хийх шаардлагатай болох юм. Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд хувьцаагаа арилжаалж эхлэхээс зургаан сарын өмнө юм уу, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө компанийн хувьцааг ямар нэгэн хэлбэрээр хөдөлгөхийг хориглодог. Гэтэл хувьцааныхаа 10 хувийг иргэддээ өгч, Засгийн газар худалдан авч, аж ахуйн нэгжүүдэд буцааж худалдах энэ процес цаг хугацааны хувьд хүндрэлтэй. Нэрлэсэн үнийг ямар ч компани тун багаар тогтоодог. Улмаар тухайн компанийн ирээдүйгээс хамаарч нэрлэсэн үнэ нь хэдэн зуу дахин өсөж болдог зах зээлийн хуультай. Гэтэл улстөрийн амлалттай холбоотойгоор нэрлэсэн үнийг сая төгрөгтэй дүйцүүлэх нь буруу гэдэг нь үнэн болж таарлаа. Өөр нэг асуудал нь Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу нэг сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болсон. Ингэхдээ 2010-2011 онд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгнийн 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр өгч төгссөн, эдгээр иргэнд үлдэж буй 500 мянган төгрөгийг нь хувьцаа болгох, эсвэл бэлнээр өгөх нь тодорхой биш байна. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэдэд хэчнээн хүн ямар хэлбэрээр хамрагдсан талаар тодорхой мэдээлэлгүй байна. Таван толгойн ордыг Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байсан ч хараахан амжилгүйгээр сонгуультай золгох нь. Тиймээс хоёр жилийн турш шийдэж чадаагүй байсан хар алтны их үүцийн асуудлыг сонгуулиас өмнө шийднэ гэдэг худлаа. Ядаж байхад Таван толгойн нүүрсийг олборлох компани, тээвэрлэх, төмөр зам, Баруун, Зүүн цанхид ажиллах компани, стратегийн хөрөнгө оруулагч гээд бүх зүйл тодорхойгүй байсаар дараагийн Засгийн газрын нүүрийг үзэх нь. Сонгуулийн ажил албан ёсоор эхэлчихвэл Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах ажил баяртай болж таарна. Хамгийн гол нь энэ бүхэн зөвхөн Таван толгой, эсвэл монголчуудын хувийн асуудал биш. Монголчууд хоёр дахь томоохон ордоо хэрхэн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг дэлхий дахин нүд цавчилгүй харж байгаа. Харин монголчууд гурван жилийн турш энэ ажлыг хийж чадалгүй байсаар сонгуультайгаа золголоо. Сонгуулийн дараа Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх, Баруун, Зүүн цанхи олон улсын сонирхлыг тэнцвэржүүлэх гээд бүх ажлыг дахин шинээр эхлүүлэхээр болж магадгүй нь. Эх сурвалж: Өглөөний сонин

Ардчилагч нэртэй олигорхиуд нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд жагсчээ

Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгууль намаа өнгөлж орох улстөрчдийн хэн нь хэн бэ. Өнгөрсөн цаг хугацаанд ардчиллыг дор бүрнээ ашигтайгаар наймаалцаж чадсан тэд өдгөө эрх мэдлийнхээ хил хязгаараас биднийг дэргэдээс минь бус дээрээс минь өнгийж хардаг болсон. Тэгсэн атлаа УИХ-ын сонгууль болохоор нэг ч удаа ээлж солиогүй лидер нь бахь байдгаараа худлаа яриад гараад ирдэг. Эцсийн дүндээ тэдний өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэн гавьяа нь зөвхөн тухайн хувь улстөрчийн амьдралын огцом өөрчлөлтөд хамаарах нь бий. Тэд л ардчиллыг өмчилч, ашиглаж, үр ашгийг нь хүрт гэж буй. Харамсалтай нь тэд тэр бүх боломжийг олгосон ард олондоо өнөөдөр бүсээ чангалахыг шаардаж байгаа. УИХ-ын мөрийн хөтөлбөрийнх нь үндсэн санаа энэ. Тэгвэл ядарсан иргэддээ бүсээ чангалж, зориг тэвчээртэйгээр өлсч сурахыг зааварлаж байгаа тэдний амьдралд тэгвэл бүсээ чангалах шаардлага бий юу. Дараах байдлаар хөлжиж бэлжиж, хууль бус үйл хэрэгт хутгалдаж, хувиа бодож улсын хөгжлийг орхигдуулчихаад шүү. Үүнийг Шударга нийгмийн шударга бус хуваарилалт гэж болно. Аль эсвэл Ардчиллынхны адармаатай но-нууд ч хэмээн нэрийдэж болох юм. Юутай ч удтал хөлөө жийлцсэн АН-ынхан тойрог мандатаа хувааж УИХ-ын сонгуульд нэр дэвших дүүрэг орон нутгаа зоож авчээ. 1. Н.Алтанхуяг: Тэр өнгөрсөн хугацаанд гурван ч сайдын алба хашсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд. Цаашид энэ намтар нь улам бүр зузаарна уу гэхээс өнөөдрөөр хаагдана гэж байхгүй. Тэргүүн шадар сайд байхдаа Мах экспорт компанийнхаа шугамаар нөөцийн мах бэлтгэж чамгүй их ашиг хүртсэн. Сурагчдыг витаминжуулах болохоор Хаан жимс компанийнхнаа чацарганыг шахчихдаг. Мөн Ардчилсан холбоо эвсэл-ийн Засгийн газрын үед бүхий л эм, эмнэлгийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангадаг байсан төрийн өмчит Эмнэлгийн техник компанийг өөрийн болгосон. Ингэж эрх мэдлийнхээ аагийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан тэрбээр өдгөө УИХ-д нэр дэвших хүсэлтэй намынхаа нөхдөөс эхний удаад 50 сая, дараа нь дахиад 100 саяыг нэмж нэхэх болсон. Мөн нам бусчуудад болон намынхаа олигархиудад УИХ-д нэр дэвших суудлыг тэрбум төгрөгөөр зарж буй. Хамгийн сүүлд гэхэд хувьдаа МУИС-ын газраас хумсалж байгуулсан Титаник баарны эзэн гэдэг нь тодроод байгаа. Энэ мэт нуугдмал хөрөнгө хэр их байгааг төсөөлөх аргагүй. 2. Б.Баабар буюу Б.Батбаяр: Сангийн сайдаар ажиллах хугацаандаа Монголын банкны салбараар жинхэнэ гараа угаасан нэгэн. Үүнийхээ үр шимээр өнөөдрийг хүртэл Бодь группын эздээс нөхөрлөлийн алтан утсаа тасалж чаддаггүй. Түүнчлэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн их хөшүүрэгдэж, хөрөнгө оруулагч талын ашиг сонирхлоор лобби үүсгэсэн эр. 3. Х.Баттулга: Түүнийг өнөөдрийг хүртэл монголчууд Биднийг ходоодоор минь атгаж байгаа адтай эр хэмээн боддог байсан. Талх чихэр, Мах импекс гээд улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүхнийг Ардчилсан холбоо эвсэл-ийн үед өөрийн болгосон болохоор тэр. Мэдээж Баянгол зочид буудалд бол өдгөө жирийн иргэн шагайх ч эрхгүй болсон нь тодорхой. Түүнчлэн түүнийг нэрэн дээрээ шударга болж хашгирдаг ч нэдэр дээрээ худлаа эр болохыг нь харуулах баримт бол Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг эзэмшигч гэдэг мэдээлэл нь. Улмаар тэрбээр Монголын баялаг харийнхны, тэр дундаа хятадуудын мэдэлд очлоо хэмээн бусдаас чанга хашгирдаг хэрнээ Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг хятадуудад өгөхөөр нууц гэрээ хийсэн. Энэ бол талх, мах, гурил гээд монгол хүний ходоодыг захирч, үнийг нь хөөрөгдөж суудаг тэрбээр их удалгүй Монголын баялагт эзэн сууж, захирахын эхлэл. Үүгээр ч зогсохгүй 17 чингэлэг спиртийн хэргээс хойш улам ихээр хөлжиж баяжсан тэрбээр Оюутолгой, Петрочайна зэрэг гадаадын томоохон компаниудын хятад ажилчдыг оруулж ирдэг Caml компанийн эзэн. Тэрбээр энэ бүх будилаан, булхайгаа нууж, бусдыг ангуучлах-ын тулд С1 телевиз болон Ардчилал, Монголын мэдээ гэсэн хоёр өдөр тутмын сонин эзэмшдэг. 4. С.Баярцогт: Нэгэн цагт Би авлига аваад байх шаардлагагүй. Жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой хүн хэмээн УИХ-ын танхимд чанга дуугарсан түүнийг М-Си-Эс компанийн охин компани болох Спирт бал бурам-ын хувьцаа эзэмшигч гэдгийг нь иргэд төдий л мэддэггүй. Түүнчлэн төрөөс зарласан тендер бүрт дээрх группын ялалт байгуулдаг зуршлынх нь ард С.Баярцогт гишүүн байдаг гэдэг. Мөн тэрбээр Сэлэнгийн төмрийн ордын лицензийг эзэмшдэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдрийг хүртэл магтаж, үйл ажиллагааг нь ил цагаан дэмждэг байр суурийнх нь цаана өөрийнх нь хоолны бизнесийн эрх ашиг нуугддаг гэх яриа бий. Тодруулбал, тэрбээр Нодамс сүлжээнээс хувь эзэмшдэг бөгөөд уг компани нь Оюутолгой компанийн хоолыг нийлүүлдэг юм. Мөн Сэлэнгийн Цагаан нуурын сангийн аж ахуйг хувьчилж аван Төвхөнхан компани болгон ажиллуулж байгаад гадныханд худалдсан. Нэг ёсондоо Монголын хамгийн том сангийн аж ахуй түүний гараар орон гадаадынхны мэдэлд газартайгаа, техниктэйгээ, хүнтэйгээ, үр тариатайгаа очсон гэсэн үг. 4. Г.Батхүү: Иргэд ядуу байна. Эрх баригчид тэднийг хайрлахгүй байна хэмээн улстөрждөг атлаа шатахууны үнийг хууль бусаар нэмдэг импортлогчдын нэг нь яах аргагүй Г.Батхүү гишүүний Шунхлай компани. Тэрбээр монголчуудын сэтгэхүйг архиар захирдаг АПУ компанийн эзэн бөгөөд Ухаа худаг нүүрсний уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч. Түүнчлэн Өмнөговийн нүүрсний ихэнх хэсгийг Хятад руу зөөвөрлөж буй SANTRANS гэх компани бас л түүнийх. Дээр нь 29.7 сая тонн нүүрсний нөөцтэй Баянтээгийн нүүрсний ордын лицензийг эзэмшдэг. Товчхондоо Х.Баттулгын нэгэн адил Г.Батхүүд байхгүй зүйл байхгүй. NTV гэсэн хувийн телевиз, www.mass.mn гэсэн сайттэй гэх мэтээр тоочвол барагдахгүй. 5. Д.Бат-Эрдэнэ: Ажнай корпорацийн ерөнхийлөгч түүний мэдэлд Өмнөговь аймаг бүхэлдээ багтдаг гэвэл худлаа болохгүй. Хөлдөө 5000 долларын гутал углаж, хувийн усан онгоцоороо гадаад далайгаар аялж, нисдэг тэргээрээ орон нутгаар зочилж, хувийн онгоцоороо хилийн чинад руу нисдэг түүний тансаглал гэж тамтаггүй. Жирийн иргэний хувьд нүд ангаймаар. Тавантолгой компанийн цорын ганц хувь эзэмшигч тэрбээр улсад их хэмжээний татварын өртэй ч төлж байсан удаагүй. Хэрэг нь хэзээ ч шийдэгддэггүй. Үйлдвэр, комбинатын бүхий л үйлдвэрийг цэнхэр тасалбараар үнэгүй шахам авчихсан. Хамгийн сүүлд Нүхт цогцолборыг долоон тэрбум төгрөгөөр худалдаж аваад байгаа. Түүнчлэн Тавантолгой компанийн хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөхийн зэрэгцээ жирийн хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг луйвардаж байгаа тухай будилаан бий. Гэсэн ч тэр төлөөгүй татвартаа хариуцлага хүлээдэггүйн нэгэн адил хариуцлага хүлээсэн удаа үгүй. Сүүлийн үед эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүн хэвлэлтэй байхгүй бол болохгүй нь гэж үзсэн бололтой Үндэсний мэдээ сонин болон, Эх орон телевизийг хувьдаа авсан. 6. Лу. Болд: Ардчилсан холбоо эвсэл-ийн Засгийн газрын үед Сэргээн босголт банкийг зохиомлоор дампууруулж, Голомт банкны хөрс суурийг баталгаажуулсан түүний оролцоогүй будилаан гэж бараг л байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байхдаа хавь ойрынхоо ах дүү, хамаатан садан, ашиг хуваагч нартаа Монголын үнэ цэнэтэй ордуудын лицензийг шилжүүлж дөнгөсөн. Үүнийх нь балгаар түүнээс ажлыг нь авсан Ашигт малтмалын газрын дарга олонд хангалттай ихээр чичлүүлсэн. Мөн Голомт банкныхаа хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр олон улсын бирж дээр тоглож, хөрөнгө зоорио нэмдэг. Өөрийнх нь мэдэлд стратегийн ач холбогдол бүхий хэд, хэдэн нүүрсний орд байгаан дээр www.news.mn сайт, Eagle болон Боловсрол телевиз, Ардын эрх сонинг эзэмшдэг. Л.Болд гишүүний хувьд төрийн өмч дээр өөрийн хөрөнгөө босгон онцгой чадвартай гэхэд нь Боловсрол телевиз дээр ч гэсэн хэрэгжсэн. Улсын хөрөнгөөр анх байгуулж, боловсролын чиглэлийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Монголын үндэсний олон нийтийн телевизтэй дүйцэхүйц цацалттай байхаар байгуулсан уг телевизийг Бодь өдгөө чимээгүйхэн шиг өөрийн болгочихоод байгаа. Мөн цахим үнэмлэх хэвлэх эрхийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас ямар ч өрсөлдөгчгүй авсан тэрбээр санхүүжилтийг нь банкныхаа шугамаар өнгөрсөн хугацаанд хэд, хэд эргэлдүүлж ашиг хүртсэн. Энэ нь цахим үнэмлэхийн хэвлэлт хойшлох шалтгаан болсон. 7. Ч.Сайханбилэг: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хувьд гадныхны дэмжлэгээр Америкт суралцсан. Тийм ч учраас Монголд цөмийн хаягдал булшилж, Америкийн цэргийн бааз байгуулах ажлыг хоёр гараа өргөн дэмждэг. Болж өгвөл хөлөө өргөхөд ч бэлэн байгаа нэгэн. Түүнчлэн дотны анд С.Баярцогтынхоо хамтаар М-Си-Эс группээс хувь эзэмшиж, тэдний лоббиг Монголын төрд хийдэг. Тодруулбал, уг группын охин компани болох Скайнетворк-оос хувь эзэмшдэг бөгөөд энэ компани төрөөс зарласан шилэн кабель тавих бүхий л тендерт ялалт байгуулдаг зуршилтай. Мөн тус группын худалдаж авсан Шууд телевизээс ч тэр хувь эзэмших болсон. Өөр нэг дадал зуршил нь Монголын залуучуудын холбоог эрх мэдлийнхээ атгаас энэ яваа насандаа гаргахгүй гэсэн бодлого. Тэгсэн хэрнээ уг холбоогоор хэзээ ч ажил хийлгэдэггүй. Зөвхөн өөрийнхөө хүнийг л Ерөнхийлөгчөөр нь томилж, зүгээр суулгахыг чухалчилдаг. 8. Д.Зоригт: УИХ-ын хамгийн их хөрөнгөтэй буюу 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гишүүн. Олигархиудын олигархи ч гэж хэлж болно. Монгол шуудан банкны хадгаламж эзэмшигч болох олон зуун хүнийг хохироосон өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Мөн уг банк нь дампуурах болохтой зэрэгцээд тэрбээр асуудлыг дарчихсан. Харин өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь гомдол гаргасаар байгаа ч олигархиудын олигархийг дийлж гарахгүй гэдэг нь тодорхой болчихоод буй. 9. З.Энхболд: Өөрийнх нь яриагаар бол Монголын хамгийн шударга гишүүн. Гэсэн ч тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллах хугацаандаа ардчилсан хүчний лидерүүдийн хөрөнгөжих эхлэлийг тавьж өгсөн. Тийм ч учраас бүгдээс нь ач нэхэж, хааш нь ч хөдөлгөдөггүй. Мөн бүгдийнх нь ард нуугдаж буй но-г мэддэг учраас бараг л харцаараа захирдаг. Өөрөө ч тэр тэдний дундаас хоосон хоцроогүйгээр барахгүй 10 давхар Геологийн төв байрыг бүхэлд нь хувьдаа авчихсан. Түүнчлэн н.Бат-Орших гэх сонгуулийн менежер залуугаараа дамжуулан алтны хууль бус наймаа эрхэлдэг. Хууль ёсны бус хууль бус наймаа шүү. 10. С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа мөнгөөр нь гараа угаах шиг болсон. Хэрэг нь илэрч, асуудал үүсэхтэй зэрэгцээд өөрийгөө хамгаалах улс төрийг идэвхжүүлээд эхэлдэг. Түүнчлэн шорон оронгоор орж, гарч, хүн амины хэрэгт холбогдож байсан тэрбээр саяхан УИХ-аар хувийн сургуулиудын улсын мөнгөөр дэмжих хууль батлуулахаар багагүй хилэгнээд авсан. Учир нь, тэрбээр хувьдаа Гурван эрдэнэ гэдэг хувийн сургуультай болохоор ийн бухимдсан хэрэг. Мөн саяхнаас хүүхдийн тоглоомын талбай булаах гэм нь илрээд буй. 11. П.Алтангэрэл: Тэрбээр уг нь УИХ-ын гишүүд дундаа хамгийн гэмгүй нэгэн. Гэхдээ цаад занг нь мэдэхгүй хүний хувьд. Харин тодорхой хэмжээнд тэр дундаа Хятадын Шинь Шинь компанийг өмгөөлөн хамгаалдаг зуршлыг нь мэдэх хүмүүсийн хувьд тэрбээс бусдаасаа ялгарах зүйлгүй нэгэн. Нэг хэсэг Цөмийн энергийн газрын дарга асан Н.Энхбат руу тэрбээр аль байдаг хүчээрээ дайрч, Төрийн албыг бусинуулагч хэмээн зарлаж байсан. Гэтэл тэрхүү шүүмжлэлийнх нь ард Н.Энхбат даргад илгээсэн П.Алтангэрэл гишүүний гарын үсэг бүхий Шинь шинь компанийн үйл ажиллагааг сэргээ гэсэн албан бичиг буюу албан тулгалт байсан гэдэг. Гэсэн ч уг компанийн хууль зөрчсөн үйлдэл тоймгүй их байсны улмаас П.Алтангэрэл гишүүний хүслийг Цөмийн энергийн газрын шударга дарга хүлээж аваагүй. Үүнээс нь бол тэрбээр Н.Энхбат дарга руу дайрахын муухайгаар дайрсан удаатай. Тэр ч битгий хэл Шинь шинь компанийн уурхайн байранд тэрбээр 30 гаруй хүний хамт бууж мордон, дайлуулж цайлуулсан нь нэг биш удаа. 12. Батж. Батбаяр: Тэрбээр өөрийн банди нарын тухай Монголын толгой 20 баяны тоонд бүгдээрээ багтана хэмээн онгирох дуртай. Тэр өмч хувьчлалын үед мөн л бусдынхаа нэгэн адил үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авсан нэгэн. Өдгөө бүх хөрөнгөө хүүхдүүддээ шилжүүлж, тэднийхээ бизнесийг ерөнхийд нь чиглүүлдэг. Түүний хүү болох Б.Батхишиг нь Хөвсгөл далайн эргийн ойролцоох Бүрэнхааны фосфоритын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Уг лицензийг төр эргүүлэн авч, цэвэр усныхаа нөөцийг хамгаалах гэсэн боловч өгөхгүй байгаа. Мөн Б.Баттулга гэдэг хүү нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарласан хотын утаа хэмжих багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт гэнэт өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан ч түүнийгээ нийлүүлэхгүй жил гаруйн хугацаанд унжсан удаатай. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрээр их хэмжээний газар хууль бусаар авсан нь илэрсэн. Харин том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намаас УИХ-д нэр дэвшиж байсан бол өдгөө Ардчилсан намын гишүүн болоод байгаа. Аав нь энэ талаар УИХ-ын сонгуульд миний нэрийг дэвшүүлэхгүй бол би хүүгээ заавал Ардчилсан намаас өрсөлдүүлнэ гэж удаа дараа дарамт үзүүлж буй. 13. Д.Нямхүү: Тэр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын төлөө халаасаа бусдаас илүү ухаж, бусдаас илүү тусламж үзүүлсэн гэх гомдлыг тээсэн нэгэн. Тийм ч учраас УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвших эрхийг өрсөлдөгчгүйгээр авсан. Дэд бүтэц, уул уурхай, барилга, гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг түүнийг Оросын панзчин С.Громовтой холбоотой гэх яриа бий. Чингис хаан, Хадгаламж банкаар гараа угаахад нь тусалсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнийхээ хувиар чамгүй их шантааж хийдэг гэдэг. Энэ тухай М.Ганбаатарын Эсэргүү төлөөлөгч номонд нэг баримт бий. 14. Д.Сосорбарам: Гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ч тэр Ц.Элбэгдоржийг дагаж гүйснийхээ шанд хоосон хоцроогүй. Цагтаа Монголын хамгийн том кино театр байсан Ард-ыг өмч хувьчлалаар авсан. Улмаар түүнийгээ борлуулж, чамлахааргүй ашиг хүртсэн нэгэн. 15. З.Нарантуяа: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа гэх бүсгүй өмнө нь Монгол шуудан банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Улмаар банк нь дампуурч, Хадгаламж банктай нэгдсэн даруйд тэрбээр Ардчилсан намд хүчин зүтгэх болсон. Нэг ёсны удирдаж байсан банкныхаа дампуурлаас өөрийгөө аврах зорилгоор улс төр хийж, тодорхой хэсэг бүлгийн лоббигоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон. 16. Э.Бат-Үүл: УИХ-ын хөрөнгө чинээ гээд байх зүйлгүй ганц гишүүн. Улсын баатар болохоор ард түмэнтэйгээ адилхан амьдралаар амьдрахыг хүсдэг ч байж болох. Гэхдээ тийм биш. Түүний хүү жирийн нэг дуу бичлэгийн студийн захирлаас шууд газар тариалангийн бизнес эрхлэгч болж хувирсан. Энэ чиглэлийн бизнесийг багадаа гурвантэрбум төгрөгөөр эхлүүлэхгүй бол гарааны хөрөнгө их шаарддаг салбар гэдгийг бизнес эрхлэгчид андахгүй. Тэгэхээр гар нүцгэн аавын, ганц нэг дууны бичлэг хийснээс өөргүй залуугийн эхлүүлэх бизнес биш гэсэн үг. Тиймээс ч Э.Бат-Үүл гишүүний нууцалдаг бизнесийн цаана томоохон бизнесийн бүлэглэлүүд улстөрчдөд хүүгүй, хугацаагүй зээл олгох замаар өөрсдийн санаа бодлоо тэднээр дамжуулан хэрэгжүүлдэг гэдэг хардлага жинхэнэ утгаараа байхгүй гэвэл худлаа болох болов уу. Ядаж л Э.Бат-Үүл гишүүн Бодь цамхгаас салдаггүйн зэрэгцээ тэдний эрх ашгийг УИХ-ын танхимд хамгаалах гээд байдаг талтай. 17. Л.Эрдэнэчимэг: Монос группын ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг цаг үргэлж Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хэмээн өөрийнхөө сэтгэл зүрхийг илэрхийлдэг. Гэвч тэрбээр бизнесийнхээ эрх ашгийг бодоод эхлэхээрээ хэлсэн үгэндээ хүрч чаддаггүй нэгэн бололтой юм билээ. Учир нь Монос групп удаа дараа хугацаа нь дууссан эм, тариа худалдаалсан нь илэрч байсан. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ямар ч зөвшөөрөлгүй борлуулсан нь бий. Энэ талаар Л.Эрдэнэчимэг захирал хэвлэлээр Манай компани тийм хууль бус үйлдэл хийдэггүй гэж мэдэгдсэн ч Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчид морфин, фенобарбитал, седуксин, сибазоны шахмал зэрэг дээрх үйлчилгээ бүхий эм бэлдлэмийг хууль бусаар худалдсан нь нотлогдож, охин компанийнх нь захирал шүүхээс ял сонссон нь саяхан... Гол нь дээр өгүүлсэн Ардчиллынхны адармаатай но-нууд бүгд үнэн. Худлаа зүйл нэг ч байхгүй. Тиймээс ч тэдний тухай үргэлжлэх бодит баримтын эхлэл нь энэ. Төгсгөл нь дуусах болоогүй. Харин үргэлжлэл нь ойрхон бий.

Шударга сонгуулийн шударга бус зөгнөлүүд

Улсын хэмжээнд өнөөдөр УИХ-ын сонгуулийн саналыг тоолох автомат машинд итгэж байгаа цорын ганц хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр УИХ-ын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ саналаа өгч, автомат машин зөв тоолж байгаа эсэхэд хяналт тавьсан. Ингэж нүдээр харсныхаа эцэст Сонгууль будилаангүй. Сайхан явагдах юм байна гэж дүгнэсэн. Хэдийгээр автомат машиныг туршиж үзсэн хүн нь ганц ч гэсэн тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Энэ утгаараа түүнд алдаж дүгнэх эрхгүй. Тийм ч учраас УИХ-ын сонгуулийн дараа дахиад нэг долдугаар сарын 1 болохгүй гэх баталгаа байна уу хэмээн айж, эмээж байсан сонгогч олон жаахан ч гэсэн тайвширсан гэж болно. Үүнийг Ерөнхийлөгч үнэн үг хүчтэй болохын илэрхийлэл хэмээн ойлгоход ч буруудах зүйл үгүй. Гэвч Ерөнхийлөгчийн үгтэй эн зэрэгцэх хатуу мессеж олноор нисэх болсон нь ялалт, ялагдлын тухай зөгнөлүүд. Ардчилсан нам өнөөдөр зургадугаар сарын 28-наас өрсөж Бид ялав хэмээн тунхаглаж байна. МАХН болон МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн Бид ялагдвал дайн болно. Бид гэрээслэл бичиж тэмцэнэ гэх мэдэгдсэн. Дарханд бие даан нэр дэвшиж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар Би ялагдвал ард түмэн ялагдана гэсэн үг гэх маягийн афоризм уншиж эхэллээ. Иргэний зориг-Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын уламжлалын нэгдсэн нам гээд бүгд МАНАН-г төрөөс зайлуулж, шударга ёсыг мандуулна гэх аж. Энэ нь тэд ялахгүй бол Монголын улс төр улам бүр бохирдох тул эрс шийдэмгүй тэмцлийн замд орно гэсэн утга илэрхийлэх нь бий. Гол нь тэдний эл үг Ерөнхийлөгчийн шударга болно хэмээн найдаж байгаа сонгуулийн шударга бус зөгнөлүүд болж буйгаараа нийгэмд аюултай юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ардчилсан намынхан Бид ялах ёстой байсан чинь ялагдчихлаа хэмээн тугаа намируулан Сүхбаатарын талбайд гарч ирж, тойрон эргэлдэх маягаар долдугаар сарын 1-нд цучил нэмсэн. Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар мөн л өөрсдийн ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өнөөдөр таван залуу амь насаа алдаж, олон зуун иргэн Ял эдэлсэн гэх тамгатайгаар ажиллаж, амьдарч яваа. Энэ бол тэдний балаг. Яг үүний нэгэн адил энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнгийн эцэст тэд ялагдсанаа дахин дуулбал зүгээр байхгүй нь ойлгомжтой. Улсын хэмжээнд автомат машинаар сонгогчдын саналыг тоолж, сонгуулийн ажиглагчид төдийгүй Сонгуулийн тойргийн хорооны гишүүдийн гар, хөл оролцох боломжгүй гэдэг нь тэдний хувьд чухал биш. Сонгуулийг шударга болгохын төлөө ажиллах 20 мянган хүний хүч хөдөлмөр ч сонин биш. Гагцхүү сонгуулиар дүн нь ялагдсан гэж гарсан л бол тэд эсэргүүцэн босно. Мэдээж ялбал санаа нь амарч, ялалтын баяраа тэмдэглэх нь гарцаагүй. Эндээс үүдэн Сонгуулийн ерөнхий хорооныхонд хандан нэг санал хэлэхэд Бид бараг ялчихлаа гэсэн Ардчилсан намын сурталчилгаанд яагаад хориг тавихгүй байгаа юм бэ. Сонгуулийн тухай хуулиар бол сонгогчдын саналд нөлөөлөхүйц судалгааны дүн, тайлан мэдээг олонд мэдээлэхийг хориглосон. Тэгсэн атлаа Бид ялав гэх далд утга илэрхийлж, сонгогчдын сэтгэхүй дээр тоглолт хийх зорилготой сурталчилгаанд хориг тавихгүй байгаа нь бас л сонин харагдах ажээ. Ардын намын тухайд ч ийм мессеж явуулж эхэлбэл хариуцлага хүлээх учиртай. Учир нь, хууль бол хууль байх ёстой шүү дээ. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс албан ёсоор Шударга сонгуулийн тухай шударга бус зөгнөлүүдэд хориг тавих цаг ирсэн бололтой. Сонгогчдын тархийг солиотой бодлоор хөглөх эрх хэнд ч байх ёсгүй биз дээ, уг нь.

Засаг дарга Л.Амгалан хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролц

Хоггүй Улаанбаатар аян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны хооронд явагдсан билээ. Уг аяны хүрээнд Хан-Уул дүүрэг долоо хоног бүрийн бямба, ням гараг бүр их цэвэрлэгээ хийж , нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын айл өрх болон ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Гэтэл Баянгол дүүргийн хувьд байдал сайжирсангүй. Улаанбаатар хотын хамгийн олон орон сууцны хороололтой гэдэг тус дүүрэг хамгийн хоггүй байх магадлалтай баймаар. Засаг дарга нарын хувьд хог том асуудал бас том мөнгөний хүүдий. Хог арилгах нэрээр нэг авна, ачуулах нэрээр нэг авна харин үр дүн нь нүдэнд үл харагдана. Цорын ганц үр дүн Засаг дарга нарын халаасанд тэмтрэгдэнэ. Бусад дүүргүүдтэй харьцуулбал үйлчилгээний байгууллага олонтой, амьжиргааны түвшин харьцангуй дээгүүр, хүн амын ихэнх нь орон сууцанд амьдардаг гээд Баянгол дүүрэгт олон давуу тал бий. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг хамгийн сайн тодорхойлохуйц атал хог новшиндоо дарагдсан байдалтай байгаа нь эмэгтэй хүн толгойлж байгаа дүүрэг гэхэд даанч гомдмоор. Баянгол дүүргийн засаг дарга хатагтай Л.Амгаланг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ХХҮ сан нь иргэд оршин суугчдаас хураасан хог хаягдлын сангийн мөнгөн хөрөнгийг баруун солгойгүй цацаж, үрэн таран хийж, шамшигдуулсан гэдэг. Учир нь Цүүрдэн ХХК, дүүргийн ТҮК, Гурван тайшир ХХК-ийн хооронд гурвалсан гэрээтэй хог хаягдлыг тээвэрлэдэг журам тогтоосон байдаг ч бас хэд хэдэн дүүргийн ТҮК-уудыг сая саяар хулхидах замаар хогоо тээвэрлүүлсэн гэх шум гараад байсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн ТҮК-иар 2,5 сая төгрөгийн, СХД-ийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, Нийслэлийн ТҮК-иар 3 сая төгрөгийн, Гурван тайшир ХХК-иар 36 сая төгрөгийн, Цүүрдэн ХХК-иар 12,4 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн ч заримых нь мөнгөн төлбөрийг хийгээгүйгээр барахгүй БГД-ийн ТҮК-ийн 19 ажилтны 4 сая төгрөгийн цалингийн өрөнд унасан нь үүнийг баттай гэрчилнэ. Хогноосоо салах аян ид үргэлжилж байхад засаг дарга эрхэмсэг хатагтай Л.Амгалан УИХ-ын сонгуульд тоосоо өргөж торгон жолоо атгуулах гээд тун ч завгүй явсан бололтой. Л.Амгалан даргаа хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролцвол яасан юм вэ . WORD.MN Ш.Хишгээ

Ерөнхийлөгчийг “Эх дэлхийн манлайлагч”-аар тодруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразил улсад айлчилж байна. НҮБ-аас жил бүр зарладаг, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэлхийн манлайлагчид шагнал \Champions of the Earth award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагнал нь байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог шагнал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх дэлхийн манлайлагчид шагналын Бодлогын манлайлагч-ын эзэн болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгал орчныг хамгаалах талаар улсдаа хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа , олон улсын тавцан дээр хэрэгжүүлж буй санал санаачилгууд нь даян дэлхийд манлайлж буйг бид энэхүү шагналаар дамжуулан зарлаж байгаадаа баяртай байна. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэр, санаачилгууд үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн бид зүй ёсоор үнэлж байна. Тэрээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, залуу үед хүрээлэн буй орчны талаар боловсрол олгож, байгал орчинд ээлтэй уул уурхайн бодлого хэрэгжүүлэн, ус агаарыг бохирдлоос хамгаалах чиглэлээр олон санал санаачилга гаргаж, бодлого тодорхойлогчдын дундаас ялгарч манлайлж байна гэж НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн Эх дэлхийн манлайлагчид шагналыг Бодлогын манлайлагч төрөлд урьд өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт М.С.Горбачёв, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт Аль Гор, Мексик Улсын Ерөнхийлөгч Ф.Калдерон, Малдивын Ерөнхийлөгч асан М.Нашийд, Монакогийн гүн Хунтайж 2-р Альберт нарын зэрэг нэр хүндтэй удирдагчид хүртэж байжээ. Монгол Улс Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй байгал орчны бодлого, санаачилгуудаас дурдахад манай улс Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих үндэсний өдөртэй болсон бөгөөд монголчууд жил бүр дунджаар 2 сая орчим мод тарьдаг болоод байна. Түүний Хүн бүр 10 мод тарья уриалга нь дэлхий даяар хэрэгжвэл хүн төрөлхтөн жилд дунджаар 70 тэрбум мод тарьдаг болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт иргэний боловсролын цагтай болох эхлэл тавигдсан бөгөөд энэ хичээлийн суурь агуулгуудын нэг нь байгал орчинтойгоо зүй зохистой харьцах тухай юм. Тэрээр анхны 9-р сарын 1-ний хичээлээ Дэлхийн дулаарал ба Монгол сэдвээр заасан билээ. Монгол орны газар нутгийн 46%-ийг уул уурхайн лицензтэй талбай эзлээд байсан үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь байгал орчинд ээлтэй шийдвэр болсон талаар мөн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр дурдаж байна. Тэрээр агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж улмаар Агаарын бохирдлын эсрэг хууль батлагдсан. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр идэвхитэй ажиллаж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Говийн нар , салхийг ашиглах Гобитек төсөлд Герман, Япон зэрэг орнууд хамтран ажиллах саналаа ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн олон улсын тавцанд байгал орчныг хамгаалах чиглэлээр идэвхитэй ажилладаг хэд хэдэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлийн гишүүн, Давосын эдийн засгийн чуулганы усны нөөцийн бүлгийн гишүүн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2010 онд Монгол Улсын Засгийн газар Говьд хуралдаж дэлхийн дулаарлын асуудлаархи илгээлтийг НҮБ-д илгээж байсан юм. Мөн түүний санаачилгаар Nestle группээр удирдуулсан Усны судлалын зөвлөл Монгол Улсыг судалгаандаа хамруулахаар болж, хамтын ажиллагааны эхний алхамууд хийгдээд байгаа билээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цөлжилтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилга гаргаад байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ази Европын уулзалтын гишүүн орнуудын байгал орчны сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо өнгөрсөн 5-р сард зохион байгуулагдсан билээ. Олон улсын тавцанд анхаарал татаж буй нэг санаачилга нь хүний хөгжлийн индексийг тооцохдоо нэг хүнд оногдох хүлэмжийн хийн хэмжээг тооцдог болох тухай юм. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Эх дэлхийн манлайлагчид шагналын Бодлогын манлайлагч ын эзэн болсныг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотноо зарлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.