![Улаанбаатар Токио чиглэлийн тусгай нислэгийг хойшлуулжээ](/uploads/f427dc59ee55e133c3305b3ee9f15032059fd534.jpg)
Улаанбаатар-Токио чиглэлийн 9 дүгээр сарын 9-ний өдөр товлоод байсан тусгай нислэгийг 9 дүгээр сарын 12-ны өдрийн Бямба гарагт үйлдэхээр болжээ. Учир нь эх орондоо ирэх иргэдийг хүлээн авч, тусгаарлахаар төлөвлөж байсан зочид буудалд өвөлжилтийн бэлтгэл, засвар, үйлчилгээ зайлшгүй хийх болсонтой холбогдуулан тус нислэгийг хойшлуулжээ. Нислэгийн цагийн хуваарийг удахгүй зарлах бөгөөд дээрх нислэгээр эх орондоо буцах хүсэлт гаргаад буй иргэдэд төвөг учруулж байгаадаа хүлцэл өчье гэжээ. Эх сурвалж: Токио дахь Элчин сайдын яам
![Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ](/uploads/42bb903b138b3e712b794bd1e02ad2e5263b6cff.jpg)
Үндэсний хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан байдаг. Тус бичгийн хүрээнд, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой, НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хамтран хийх асуудлаар байгууллагуудын удирдлагууд 2020 оны 08-р сарын 18-нд санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ЗУХ-ийн дарга Ц.Адъяахишиг, Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, ОУГЭХАХ-ийн дарга Ө.Ундрах, Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга, ц/х Ц.Оростогоо, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, тус албаны хэлтсийн дарга Н.Мэндбаяр, тус газрын Экологийн цагдаагийн албаны дарга О.Амарсанаа, тус албаны хэлтсийн дарга П.Нэмэхбаатар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Н.Мөнх-Итгэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан, ГХСХ-ийн тасгийн дарга Д.Будзаан, Мөрдөн байцаах албаны ТСҮГХМШХ-ийн дарга А.Эрдэнэбаяр, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү нар оролцлоо. Талууд хамтын ажиллагааны хүрээнд жил бүр нарийвчилсан төлөвлөгөөг баталж, сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн ажиллагааг явуулж ирсэн уламжлалтай бөгөөд төлөвлөгөөт ажлаас гадна 2020 оны сүүлийн хагаст тусгай Ажлын хэсэг байгуулж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, тохирлоо. Уулзалтад оролцсон байгууллагуудын төлөөлөл тус бүр өөрийн хариуцсан асуудлаар нөхцөл байдлын дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн нь хамтын ажиллагааг илүү бодит, үр дүнтэй болгоход түлхэц болно хэмээн хамтрагч талууд үзэж байна. Хүний эрхийн чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлснээр иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, цагдаагийн албан дахь хүний эрхийн үйл ажиллагаанд түлхэц болохоос гадна цагдаагийн албаны хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт хариуцлагыг сайжруулах үр дүнтэй юм.
![Иргэдэд нэгдсэн зөв мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулна](/uploads/53cc7dd3fc16167e493dd4c1a556c84c0b155a76.jpg)
Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийслэлийн холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв галлах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийг зөв хэрэглэх гэх мэт заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд түгээх ажлын талаарх мэдээллийг сонслоо. Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр хэлэхдээ Угаар мэдрэгчийг зөв ажиллуулах, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд нэгдсэн зөв ойлголтыг өгөх шаардлагатай байна. Засгийн газар, нийслэлийн холбогдох байгууллагууд Ажлын хэсэг байгуулж, нэгдсэн мэдээллийг олон нийтэд өгч байх нь чухал байгаа юм гэдгийг онцлон хэлж байлаа. Иргэдэд нэгдсэн зөв мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахтай санал нэг байна. Үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд иргэдэд нэгдсэн мэдээллийг өгч ажиллана гэдгийг нийслэлийн зүгээс дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 170 мянган ширхэг зөвлөмжийг хэвлүүлж, 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд тараасан. Мөн 10 мянган ширхэг сэрэмжлүүлэх зурваст хуудсыг гэр хорооллын худаг, дэлгүүр, түлшний цэг гэх мэт иргэд, олон нийт ихээр цуглардаг цэгүүдэд байршуулан ажилласан. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, эрсдэлүүдийг бууруулах нэг сарын аяныг нийслэл даяар иргэн бүрийн оролцоотойгоор зохион байгуулж байна хэмээв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхлэхээс өмнө иргэд, олон нийтэд зөв галлагаа, яндангаа хөөлөх, зуух, пийшингийн битүүмж, агаар сэлгэлт хийх зэрэг заавар, зөвлөмжийг яаралтай өгөх шаардлагатай байна. Олон нийтэд хүргэх мэдээллийг төрийн байгууллагуудаас нэгдсэн журмаар зөв түгээх нь чухал гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХЭҮК болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргалаа
2020-09-01 09:04:12 Нийтлэгдсэн: Нийгэм![ХЭҮК болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргалаа](/uploads/b22d3029a2de02678fb6c0bd59dc7e0e75eefed5.jpg)
Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, нийгмийг түгшээж буй зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар тогтмол хамтран ажиллаж ирсэн байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хүний эрхийн боловсрол олгох сургалт, судалгааны цогц ажил буюу танхимын болон цахим сургалтууд явуулах, Цагдаагийн байгууллага ба Хүний эрхийн стандарт, туршлага ном хэвлүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хариуцлагатай албан хаагч аян, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь Монгол Улс дахь химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, хүний амь насанд аюул заналхийлэл учруулж, хохироож буй зарим тээврийн хэрэгслийг зохицуулах, олон нийтийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аянг зохион явуулахаар боллоо.
Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
2020-09-01 09:00:11 Нийтлэгдсэн: Нийгэм![Гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлнэ](/uploads/f7409ef84d65cc14f652e17ef55e4ef4c00b070d.jpg)
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх юм. Харилцан ойлголцлын санамж бичиг зурах үеэр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран гарааны бизнесийг дэмжих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн сургалтуудыг жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Тухайлбал, төсөл бичих аргачлал, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах талаар, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Эхний сургалтууд ирэх сараас эхлэх бөгөөд Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдах юм хэмээв. Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн хэлэхдээ Бичил, жижиг бизнесийг хөгжүүлэх чиглэлээр бизнес менежмент, маркетинг, нягтлан бодох бүртгэлийн сургалтаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, бизнесийн чадвар, бизнес эрхлэх менежмент, маркетингийн чиглэлийн мэдлэг дутмаг байна. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр гарааны бизнесийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь гарааны компаниудыг дэмжих дэд бүтэц, дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдэд инновацын экосистемийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Улаанбаатар инновацын төв нь 2018 онд байгуулагдсанаас хойш гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй