Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтарч ажиллана
2020-09-01 08:56:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар хамтарч ажиллана](/uploads/08cb0b7579ab8835ffa1383bda00208cfdbf9551.png)
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнтэй 2020 оны 08 дугаар сарын 24-нд уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо. Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж ороод 20 жилийн ойтой золгож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2017 онд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уг уулзалтаар онцлон тэмдэглэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүү шүүлттэй тэмцэх албанд ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Мөн тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо. Байгууллагуудын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн 21-д ...ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийн мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна, мөн 8-д Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэт шалгах нөхцөлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх, 22-д Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдэх юм.
![“Хариуцлагатай алба хаагч” аянг эхлүүллээ](/uploads/62d7c723e2b66d60c24e2b95597a19062d658579.jpg)
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Прокурорын ерөнхий газар хамтран 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай Хариуцлагатай алба хаагч аянг эхлүүллээ. Тус аян нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг хамгаалах, цагдаа болон прокурорын байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хариуцлагатай, хүний эрхэд суурилсан хандлагаар шударга, шуурхай явуулахад чиглэсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулах юм. Аяны нээлтийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд, прокурорууд цахимаар оролцож Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Юнител ХХК-ийн байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин нар оролцож, үг хэллээ. Хариуцлагатай алба хаагч аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ удаагийн аяны хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээхэд чиглэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулах, төв болон орон нутаг дахь цагдаагийн байгууллагад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, хамтарсан шалгалт хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат уг ажиллагааг нээхдээ хэлсэн юм. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2021 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсны 20 жилийн ой тохионо. НҮБ-аас 1984 онд баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид Монгол Улс 2000 онд нэгдэж орсон. Тийм учраас НҮБ-ын гишүүн орны хувьд хэн гэдгээс үл хамаараад бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах, ялангуяа төрд ажиллаж байгаа албан хаагчдыг гэрээ, конвенцийн заалтыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гэж онцолсон бол УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд мөн хамтын ажиллагаанаас бодит үр дүн хүлээж байгаагаа илэрхийллээ. Аяны хүрээнд хийгдсэн ажлыг 2 сарын дараа талууд дүгнэж, ахиц дэвшил, алдаа дутагдлыг эргэн хэлэлцэнэ.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ
2020-09-01 08:51:04 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ](/uploads/60015030073848c3ce285a0773d161adf3c0eb86.jpg)
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна. Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Гадаадаас иргэдээ татах ЕСДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ ГАРЛАА](/uploads/a36a5b7de0e6372962f9caa5a71644ac730ce57a.jpg)
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. ГАДААДААС ИРГЭДЭЭ ТАТАХ ЕСДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/ 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/ 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав
2020-08-31 11:15:20 Нийтлэгдсэн: Нийгэм![Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав](/uploads/334292923eb4f74619ff091a8ce2c28987e68918.jpg)
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн юм. Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ.Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. Тус сургуулийн барилгыг Неман констракшн ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа боловч, гадна дэд бүтцийн зураг төслийг магадлалаар батлуулаагүйн улмаас дулаан, цахилгаан татах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс учирлав. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хурдан хугацаанд ажлаа дуусгахыг холбогдох албаныханд санууллаа. Тэрбээр ирэх сарын 5-ны өдрөөс өмнө яаралтай гадна дэд бүтцийн зураг төслийг батлуулж,магадлалаар оруулаад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. Тус дүүрэгт 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн барилга баригдаж буй юм. Он дамжин хэрэгжих барилгын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан санууллаа.960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад орлоо. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байжээ. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харъяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 1100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Нийт 150 гаруй багш, ажилтан тус сургууль нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулжээ. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд гадна дэд бүтцийн ажил удаашралтай, түр шугамаас дулаан цахилгаанаа хэрэглэдэг учраас тоног төхөөрөмж ажилууллахад хүчин чадлаа дийлэхгүй байгааг сургуулийн захирал Н.Цэвэлмаа тайлбарлав. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг нийслэлийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өглөө. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг нэн түрүүнд тавьж ажиллахыг сургуулийн захиргаанд сануулав. Тэрбээр хэлэхдээ Хятадын Засгийн газраас сургуулийн барилгыг бариад өгсөн байхад бид ажлын уялдаа холбоогүйн улмаас бүтэн сургуулийн асуудлыг цалгардуулж ирсэн байна. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс,Боловсролын газар хамтран ажлын хэсэг гарч яаралтай энэ сургуулийн дулааны шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлэ. Ажлын уялдаа холбоогоо сайжруул. Шинээр ашиглалтад орсон бүх сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нарийн шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла. Ажлын уялдаа холбоогүйн улмаас хугацаа алдсан ажлуудыг эрчимтэй дуусга хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй