Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

​ Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн Улсын онцгой комиссын Шуурхай штабад мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байгаа. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна гэв. Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй гэв. Түүнчлэн үе шаттайгаар нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад дүүрэг хороодын албан хаагчдыг татан оролцуулах, ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох зэрэг саналуудыг ажлын хэсгийн гишүүд гаргалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар цахим тоглоомын газруудын судалгааг гаргаж, агааржуулалт сайтай байх, суудал хоорондын зайг нэг метрээс багагүй байх зэрэг шаардлагыг тавих саналыг гаргав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НОК-ын дэргэдэх Түр зөвлөлийг хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч үе шаттай нээгдэх цахим тоглоомын газруудад тавигдах шалгуур шаардлагуудыг тодорхой гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжид өөрчлөлт оруулах үүргийг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасанд үүрэг болгов. Үе шаттай нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг шаардсан бичиг илгээж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн даалгалаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

​ Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан Нөхөн сэргээлт-2020 хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний талаар өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн,НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга нар мэдээлэл өглөө. НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга Улаанбаатар хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86, хайгуулын 82 лицинзтэй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж, байгаль орчны багц хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар СХД, Баянзүрх, Налайх, Хан-уул дүүргүүдэд ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хийж байна. Ирэх сарын 20-н хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээх мэдэгдлүүдийг өгсөн. Үүний дараагаас нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна. Хуулийн хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, зөрчил дутагдалгүй гаргахгүйн тулд энэ хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа гэв. 2017-2019 оны хооронд байгаль орчны багц хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийгээгүй 96 лицинзийг нийслэлийн Засаг даргын 609 тоот захирамжаар хүчингүй болгожээ. Нөхөн сэргээлт-2020 хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 214 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Үүнээс 69 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгжийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо Нийт 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд 114 га, 2019 онд 97 га талбайд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн байна. Нөхөн сэргээлт-2020 арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна хэмээлээ. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн Нөхөн сэргээлт-2020 арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр Экологийн цагдаагийн албанаас нийт 17 гэмт хэрэг, 9 зөрчлийг илэрүүлж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар хэлтсүүдэд шалган ажиллаж байна. Нөхөн сэргээлт-2020 арга хэмжээг ирэх сарын 20-н хүртэл зохион байгуулна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд голын усанд автомашинтайгаа суусан 235 иргэнийг амь насыг хамгаалж, 38 автомашиныг татан гаргаж, аюулгүй болгон ажиллалаа. 2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усны ослын 39 дуудлагад давхардсан тоогоор 400 орчим алба хаагч ажиллаж, 144 хүний амь насыг авран хамгаалаад байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон: Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн 6 дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2300 тонн, Тавантолгой түлш ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн, түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс энэ сарын 26-ны өдрийн хооронд гэрийн тусгаарлалт, ажиглалтад 10703 иргэн байгаа бол 1342 иргэн өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд, багачууд, сурагчдад амны хаалтыг тогтмол зүүлгэх, гар ариутгагчийг өгч явуулах, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сахихыг сануулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Он гарснаас хойш иргэдэд мэдрэгдэм хүчтэй 19 газар хөдлөлт болжээ

​ Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ. Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллээ. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам-ыг шинэчлэх талаар мэдээлэл хийсэн юм. Журмын төсөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн чиг үүргийг тодорхой болгох, өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Засгийн газрын 2018 оны 319 дугаар тогтоолоор батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам-д нэмэлт өөрчлөлт оруулахыг саналыг танилцуулсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.