Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
2020-06-04 09:23:14 Нийтлэгдсэн: НийгэмДэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа С.Амарсайхан даргатай Нийслэлийн Онцгой комисст өнөөдөр нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв. Энэ үеэр Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал Дэлхий нийтэд аюулт өвчин дэгдсэн энэ хүнд цаг үед ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа Нийслэлийн Онцгой комиссын бүх албан хаагчдад нийт Татварын байгууллагын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Бид бүхэн та бүхний гаргасан шийдвэр бүрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна. Татвар төлөгчдөд үзүүлдэг үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн. Татварын байгууллагын 750 гаруй албан хаагчид та бүхний ажилд тус дэм үзүүлэх зорилгоор нэг өдрийнхөө цалинг хандивлалаа хэмээлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Бидний ажилд дэмжлэг үзүүлж хандив өгсөн нийт Татварын байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийлье. Хандивын мөнгийг Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна гэдгээ уламжилсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
2020-06-03 11:47:25 Нийтлэгдсэн: НийгэмИргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд авах, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд багтсан байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болголоо. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газруудын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Хуулийн хүрээнд хийгдсэн, стандартын шаардлагыг хангасан газруудыг бид оролдохгүй. Үүнийг мэргэжилтнүүд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзахдаа сайн тайлбарлах хэрэгтэй. Иргэдийн хувьд орц, гарц байхгүй, ногоон байгууламжгүй нэг үгээр хэлбэл баахан цементийн дунд л амьдарч байна шүү дээ. Үүнийг л бид анхаарч ажиллах хэрэгтэй. Хяналт шалгалт хийж байх хооронд байшин барилга нэмэгдэж, өмнөх асуудал мартагдаж байна. Тиймээс газар дээр хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. Ил гарсан цахилгааны утсуудыг өнөөдрийн дотор бүгдийг янзлуул. Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна гэсэн юм. Мөн энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгов. Улмаар газар чөлөөлтийн ажил хийгдэж дуусахад дараагийн тохижилтийн ажлыг хийж эхлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сити боулинг компанийн газрын асуудлын хувьд далангийн суваг шугамыг хийх үргэлжилж байна. Тус компаний зүгээс зураг төсөл батлуулаад явж байна. Газрын зөвшөөрлийг тухайн үед хэрхэн олгосон талаар албан бичгийг холбогдох байгуулагад хүргүүлж, эрхийг цуцлах ажил хийгдэж байна хэмээв.
Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
2020-06-03 11:38:43 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа. Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар энэ үеэр онцолж хэлсэн юм. Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах аж. Мөн санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа мөрдөж буй Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм-ийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Аяллын хөтөч тайлбарлагчийн баримтлах зарчим, тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэх явцад мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг энэхүү Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм-ээр тогтоон мөрдүүлсэнээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахихад дэмжлэг болно хэмээн үзэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй 10,000 программист бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм. Сургалтыг Эмпасофт академи явуулж байгаа бөгөөд та бүхэн дараагийн ээлжийн сургалтад хамрагдахыг хүсвэлЭНД ДАРЖбүртгүүлнэ үү. Сургалтад хамрагдаж буй залуустаа амжилт хүсье. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна
2020-06-03 11:01:56 Нийтлэгдсэн: НийгэмДэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд Хотууд Ковид -19ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020 арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Мөн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахим хурлын үеэр Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар болон нөхцөл байдлын мэдээллийг Москва, Лондон, Гуаякил, Киев, Истанбул зэрэг хотуудын дарга нар мэдээллээ. Цаашид цар тахлын үе дэх хотын хямралыг арилгах талаар Сөүлийн хотын дарга Пак Вон Сүн санал хэллээ. Мөн Ковид-19 цар тахлыг даван туулахад дэлхийн хотууд нэгдэж, хамтран ажиллах ёстой талаар Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган, Фритаун хотын дарга Ивонне Аки-Саверр, Коломбо хотын захирагч Рози Сенанаяке нар санал хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд хамрагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос энэ оны хоёрдугаар сараас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох тогтоол, журмыг гарган хатуу мөрдүүлэн ажиллаж байна хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр нэг хот төдийгүй нийт улс орон даяараа, бүс нутгаараа, тив, дэлхий нийтээрээ энэхүү аюулт цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж чадваас манай хүн төрөлхтөн удахгүй нэгэн том сорилтоо даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ. Таван өдөр зохион байгуулагдах энэхүү цахим уулзалт нь дэлхийн хотуудын туршлага дээр үндэслэн хотуудад өвчний хяналтын гарын авлагыг нарийвчлан боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, халдварыг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй