Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд дэмжлэг тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх боломжтой. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан ачаа тээврийн байршлын онцлог, давуу тал, ажлын хэсгийн санал зэргийг тус тус үндэслэн Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв болон Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах шаардлагатай байна гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно Дараа нь хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метраас тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2 ангилалаар зохион байгуулсан юм. Үүнд: Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах түвшний 107 албан хаагчдад 04 -р сарын 27-оос 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай А/456 дугаар захирамжаар батлагдсан 14 төрлийн хотын стандарт, техник зохицуулалтын баримт бичгийн агуулга, ач холбогдол, түүнийг худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд хэрхэн ашиглах, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах талаар цогц ойлголт өгч ажиллалаа. Дараагийн ангилалд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа 31 байгууллагын 85 хэлтсийн дарга, удирдах албан хаагчдад 2020 оны 05 сарын 12, 13-ны өдрүүдэд 4 ээлжээр хэсэгчилэн сургалт, арга зүйгээр хангах арга хэмжээг Улаанбаатар инновацийн төвд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь дараах агуулгын дагуу явагдав. Чанарын удирдлагын тогтолцоо- ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ач холбогдол Хотын стандартын баримт бичгийн тогтолцоо Цахим системд /www.manaikhoroo.mn/ оруулж буй зөрчлийн мэдээлэл, түүний шийдвэрлэлт Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ Зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийг үнэлэх талаар сэдвүүдээр илтгэл, харилцан яриа асуулт хариулт, туршлага солилцох хэлбэрээр үргэлжилсэн юм. Сургалтад оролцогчдод нэг удаагийн бээлий, амны хаалт, гар ариутгагч зэргээр үйлчилж Шинэ коронавирус (Covid-19)-ын халдвараас сэргийлэх аюулгүй байдлыг хангаж ажиллав.

ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгч байв. Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто замыг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тавьж тохижуулжээ. Мөн эмнэлгийн баруун урд хэсэгт зөвхөн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах газрыг чөлөөлж тохижуулж эхэлсэн байна. Өнөөдөр ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн цайны газрыг албадан буулгаж орц гарц нээж байна. Тус хэсэгт өргөтгөсөн цайны газар нь барилгыг өргөтгөх газрын зөвшөөрөлгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж. Тус цайны газрыг өргөтгөсөн аж ахуйн нэгжид газрыг чөлөөлж өгөхийг удаа дараалан тавьж байсан ч хувийн өмчид халдах эрхгүй гэх хуулийн заалтаар хаацайлуулан амжилт олоогүй талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлаж байлаа. Тэрбээр хэлэхдээ Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр таван байршилд газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн таван байршилд орц гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг нээсэн. Өнөөдрийн хувьд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөсөн аж ахуйн нэгжид замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байна хэмээлээ. Ийнхүү газар чөлөөлт хийгдсэний дараагаар нийслэлийн Автозамын газраас тохжилтын ажлыг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн баруун урд хойд болон зүүн хэсэгт 3 хэсэгт орц гарцыг нээгээд байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй гэдгийг санууллаа. Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзварын хойноос зүүн гар тийш эргэхгүй

Замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор тээврийн хэрэгслийн тооллого, авто замын эгнээний тоо, бусад уулзвар, замуудын ачааллыг үндэслэн Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзварын хойноос зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх боломжтой байхаар хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд байна. Харин тус уулзвараар хойноос зүүн гар тийш эргэж Ж.Самбуугийн гудамж руу явдаг байсан тээврийн хэрэгслүүд Нэгдсэн үндэсний гудамжаар зорчих боломжтой юм. -Уг өөрчлөлтийг хийснээр тухайн уулзвараар нэвтрэх хүлээлтийн хугацаа буурч нэвтрүүлэх чадвар нэмэгдэх давуу талтай юм. -Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн очих чиглэлээ урьдаас тооцоолон замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой. Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.