Хэнтий, Сүхбаатар аймагт зам хааж эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ хэмээн анхааруулж, гамшгийн дохио өгч байна. Иймд Сүхбаатар аймаг тавдугаар сарын 15-ны 08.00 цагаас эхлэн 17-ныг хүртэл зам хаасан тухай мэдээллээ.Мөн Хэнтий аймгийн Засаг дарга тавдугаар сарын 14-нд захирамж гаргаж, тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас эхлэн зам давааг тодорхойгүй хугацаагаар хаасныг зарлаж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газраас Зүүн аймгуудын нутаг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт тавдугаар сарын 15-наас эхлэн, төвийн бүсийн зарим аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, салхины хүч ширүүсэж, гамшгийн төвшинд хүрэхийг анхааруулан, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг сэрэмжлүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймаг, сумын онцгой байдлын комисстой цахим хурал хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ удаагийн цахим хуралд ХХААХҮ-ийн Сайдын зөвлөх Р.Жадамбаа, МААХБЗГ-ын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Г.Наранчулуун, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар оролцлоо. ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулга, Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг явуулсныг та бүхэн хүлээн авсан гэж бодож байна. 2008 онд тохиолдож байсан байгалийн гамшгаас хурдны хувьд илүү байж болзошгүй анхааруулга явж байгаа учраас энэ асуудалд онцгой анхаарч, бэлтгэлээ хангах, малчид ард иргэддээ сэрэмжлүүлэх, болзошгүй аюул ослоос сэргийлэх, оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд энэ хурлыг аймгийн удирдлагатай хамтран шуурхай зохион байгуулж байна. Малчдад мэдээллээ тодорхой өгөөрэй. Юуны өмнө хүнээ бэлтгэл хангуулах хэрэгтэй. Дулаан хувцас, хүнс, унаа бэлтгэх, хүүхдээ салхи шуурганы үед гэрт нь харгалзах хүнгүй орхихгүй байх хэрэгтэй юм. Мал сүргээ хол бэлчээрлүүлэхгүй байх, салхин талдаа байлгах, хашаа саравчиндаа байлгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэдгийг тэрээр онцлов. Сүхбаатар аймгийн онцгой байдлын газраас сумдын шуурхай штабыг бэлэн байдалд ажиллуулж, багийн дарга нарыг бүх өрхөд цаг агаарын талаарх мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулжээ. Мөн орон нутгийн телевизээр сэрэмжлүүлэг мэдээллийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал Дарьганга сумын Шуурхай штабаас жижүүрээ томилоод, цаг агаарын мэдээллийг малчид, ард иргэдэд анхааруулга, зөвлөмж өгч зарлан мэдээлж, барилга байгууламжийн дээврийн бэхэлгээний ажлыг зохион байгуулж, сумын цаг агаарын станцаас иргэдэд мэдээллийг мессежээр хүргэжээ. Эх сурвалж: ХХААХҮЯ

Ш.Мөнгөншагай нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Малчид, ард иргэдийн анхааралд:Өнөөдөр өдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 5-10 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ. УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон орон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна. 2020 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна. ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөнмонгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн/2020.05.15/байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.3 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 34.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Ил задгай гал түлэхгүй байх, Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.