“Ковид-19” халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо

Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд Эрүүл мэндийн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ. Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан онцолж хэлсэн юм. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид хатгалгаа өвчнөөр нас барах тохиодлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав. Мөн цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарч байгаа учраас зарим үзвэр үйлчилгээний газруудыг нээх саналыг гаргаж байлаа. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Урин дулаан цаг ирж буй учраас хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалъя. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих чиглэлээр шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад идэвхтэй оролцоорой гэсэн юм. ХуралдаанМонгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар үргэлжилж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ Байгаль хамгаалагчид энэ сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлсэн 9 тохиолдол, өнжмөл шар өвсөө шатааж байсан 15 тохиолдол, хог шатааж байсан 2, гагнуур хийсэн 26 тохиолдлыг илэрүүлж гал түймрийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ногоон бүсэд амралт зугаалга хийж байсан 1900 орчим иргэн, 1130 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж уулнаас буулгасан. Хаврын хуурайшилтын хугацаа ирэх сарын 10-ны хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг хүсч байнагэв. Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэллээ. Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж. Хаврын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан автозамын засвар үйлчилгээ хийгдэж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Хотын Захирагч С.Амарсайхан автозамын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу маш богино хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүй хийж гүйцэтгэх чиглэлийг холбогдох газруудад өгсөн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо. Мөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч цаг хугацаандаа гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангахгүй удаашралтай явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж мэдээллэж болох юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.13/ нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг хүртэл 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 154 мянга гаруй зорчигч нэвтэрч өнгөрсөн байна. Одоогийн байдлаар коронавирусийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн зүйлгүй тайван байна гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Дагвадорж мэдээллээ. Дараа нь Хотын Захирагч тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх, Багануур дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багахангай дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь дүүргийнхээ 14000 га нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Одоогийн байдлаар гал унтраах, аврах ажиллагааны болон ой хээрийн түймэртэй тэмцэх автомашинаар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийгдүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Цогбадрах хэлж байв. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Багахангай дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол их гардаг. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст тулгамддаг автомашины асуудалд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгой анхаарч, шийдвэрлэж өгсөнд удирдлагын зүгээс талархалтай байна хэмээн онцолж хэллээ. С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн ажилтан, албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг тодруулж ярилцав. Энэ үеэр Хотын Захирагчийн зүгээс нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар товч мэдээллийг хүргэлээ. Тэрбээр Дүүргийн өмнө тулгамдсан олон асуудал, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг шийдэх ажил байгаа учраас өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. 2020 онд нийслэлд олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн урд онуудад эхэлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн цар тахалтай холбоотойгоор зарим төсөл хөтөлбөрүүд удааширч байна. Бид эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна гээд нийслэлд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр Багахангай дүүрэгт 2020 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын товч танилцуулгыг хийв. Тус дүүрэгт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 11 ажил, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван ажил хийгдэж байгаа аж. Мөн энэ үеэр Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны товч танилцуулгыг захирал н.Жамбалцэрэн хийлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн одоогийн нөхцөл байдал болон цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх тулгамдаж буй зарим асуудал байгааг Хотын Захирагчид уламжилж, боломж бололцоогоор шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ танилцуулав. Хотын Захирагчийн зүгээс гарц гаргалгааг гаргаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаа албаны хүмүүст илэрхийлэв. Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын баг тэргүүний багаар шалгарав Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нэг хот-нэг стандарт зорилтот жилийн хүрээнд дүүрэг, хороодын алба хаагч, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, хотын стандарт, дүрмийг мөрдүүлэх, идэвхи санаачилгыг өрнүүлэх чиглэлээр болзолт уралдааныг зохион байгуулсан билээ.Харин Багахангай дүүргийн 1 дүгээр хороо стандартын хэрэгжилтийг таниулах, мэдээллэх, сурталчлах, хийж хэрэгжүүлж байгаа ажилд стандартыг мөрдүүлэх, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад бусдыгаа манлайлж ажилласан учир ийнхүү хэсгийн ахлагч нарын баг тэргүүний багаар шалгарчээ. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, идэвхи санаачилгатай ажилласанд тус хорооны хэсгийн ахлагч нарт баяр хүргэлээ. Цаашид ч хотын стандарт, нормыг мөрдүүлж, үлгэр жишээ ажиллахыг хүссэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Б.Ууганбаяр: Иргэд өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг бодох хэмжээнд төлөвшсөн нь бүрэн итгэл төрүүллээ

Д.Даваасүрэн Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ томоохон дадлага сургуулилтыг зохион байгуулсан билээ. Уг сургуулилтын талаар ОБЕГ-ын дэд дарга, Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа. -Гурван өдрийн турш үргэлжилсэн цар тахлын үеийн гэх тодотголтой дадлага сургуулилтын гол зорилго, бодлого юу байв? -Засгийн газрын хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд коронавирустэй тэмцэх, бэлэн байдлаа сайжруулах үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу бид 14 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаад дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шадар сайдын тушаал гараад дадлага сургуулийн бодлогыг баталсан. Гол бодлого бол коронавирустэй тэмцэх, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ гэсэн хүрээнд хийгдсэн. харилцан ажиллагаа гэдэг бол байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэлж байгаа юм. Хариу арга хэмжээ гэдэг нь халдварын тохиолдол бий болчихсон үед шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бусад байгууллагуудын үйлчилгээ гэсэн утга санааг агуулсан. -Түүхэндээ анх удаа ийм том хэмжээний дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шинэ, анхных гэдэг утгаараа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хэр байв. Ямар нэг зөрчил, үл ойлголцол гарч байв уу? -Эрүүл мэндийн сайд дадлага сургуулилтын удирдагчаар ажилласан. Түүхэндээ анх удаа бид халдварт өвчнөөр үндэсний хэмжээний том сургуулилт, сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайд анх удаа энэ том дадлага сургуулилтыг удирдаж ажиллалаа. Бусад байгууллагын хувьд сайдын удирдлага дор ажилласан. Сургууль өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ. Сургуулийн бодлогод тусгагдсан арга хэмжээнүүдийг бүгдийг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, танхимын сургууль, хоёрдугаар практик сургууль гэсэн хоёр үндсэн үе шаттайгаар явагдсан. Танхимын сургуулиар бид дэлхий нийтийг айдаст автуулж, түгшээж байгаа энэ аюулт коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлийн ширээний дасгал сургууль буюу штабын дадлагыг зохиомол цагийн байдал дээр, хүндэрсэн нөхцөлд яаж авах вэ гэсэн зохиомжоор хийж үзсэн. Үүнд бүх бодлогын бичиг баримт, төлөвлөлтийн бичиг баримтуудыг төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудаа олон байгууллагууд чиглэл чиглэлээр ярилцлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадна аймаг, нийслэлийн Шуурхай штабууд цахимаар холбогдож ширээний хурлаа хийлээ. ДЭМБ болон бусад эрдэмтэн судлаачдын гаргасны дагуу аюул занал алгуурхан эхлээд оргилдоо хүртэл явагдах тэр мөч хүртэл төрийн байгууллагууд, бусад байгууллагууд бүх чадлаа дайчлан оргилдоо хүртэл нь ажиллалаа. Оргилдоо хүрсний дараа хяналтдаа аваад график, судалгааны дагуу буурдаг юм байна. Энэ хугацаанд амьдралаас ургасан, шийдэгдээгүй, цаасан дээр буугаагүй, төлөвлөлтөд тусгагдаагүй олон асуудлууд тулгарсан. Энэ болгоныг бид тэмдэглэж авсан. Бид хэдийгээр өнөөдөр орчин үеийн шинэ технологи нэвтэрчихсэн гэж бодож байгаа боловч яг энэ үед холбоо зохион байгуулалт гэдэг том хүндрэл болж болзошгүйг бид сая харлаа. Удирдагч хүний баруун гар бол холбоо байдаг. Холбоо зохион байгуулалттай байж холбоогоороо мэдээллээ цуглуулж, дүгнэлт шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Гэтэл энд хүндрэл учирч байгааг бид харлаа. Хоёрдугаар асуудал удирдлага зохион байгуулалт, бүтцийн тал дээр эргэж харах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр давхардсан бүтэц байгаад байна. Давхардсан үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бүгдийг нэгдсэн байдалтай явуулах шаардлагатай байна. Бид сайн тэмдэглэж авлаа. -Сая 400 гаруй ор дэлгэж бэлтгэл хийж үзлээ. Үнэхээр халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед эрүүл мэндийн салбарт үүнээс ч илүү нөөц хэрэгтэй болохыг тооцоолсон байх. Энэ талаар? -Гурав дахь өдөр Эрүүл мэндийн яам штабынхныгаа УОК-ын Шуурхай штаб дээр нэгдүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан. Ингэснээр хурлын үр дүн маш шуурхай гарлаа. Маш шуурхай ойлголцлоо. Ингэснээр олон нийтийг хамарсан цар тахал гарчихсан үед Эрүүл мэндийн байгууллага, эмч ажиллагсад, байрны асуудалд хүндрэл гарах юм байна. Байр сав бэлтгээд нөөцөө харуулсан ч ийм том хэмжээний аюул тохиосон үед хүрэлцэхгүй тохиолдол гарах юм байна. Энэ бүгдийг бид олж харлаа. Гэх мэтчилэн олон зүйлийг энэ сургуулийн хүрээнд олж харлаа, ярилцлаа, ойлголцлоо. Халдварын тохиолдол гарчихсан үед хэн хэндээ мэдээлэл дамжуулах юм. Стандарт ажиллагааны журмыг ч хөндөж ярьсан. Тохиолдол илэрлээ. Лабораторийн шинжилгээ хийхэд халдвартай гарлаа. Эхний ээлжинд ямар алхам хийх юм бэ гэдгээ хүртэл ярьж байгаа юм. Ингэж байж бид дараа дараагийн аюул ирэхэд сандрахгүй бухимдахгүй, хэн нэгэндээ асуудал үүсгэхгүй, зөрчилдөөн гаргахгүйгээр ажиллах нөхцөлийг бий болгож чадсан нь энэ сургуулийн том амжилт юм. -Хамгийн чухал зүйл Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн хөл хорио. Энэ үеэр иргэд хэр идэвхтэй байв. Зөрчил хэр гаргав? -Бодит дадлага сургууль буюу практик сургууль. Чингэлтэй дүүргийн хүрээнд бодит дадлага сургуулийг хийж хөл хорио тогтоож үзлээ. Тантай ярилцаж байгаа энэ ярианыхаа далимд Чингэлтэй дүүргийн 150 мянган ард иргэддээ баярлалаа, та бүхэн сургуулийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж оролцлоо. Ард иргэддээ бүрэн итгэлтэй боллоо гэж хэлье.Чингэлтэй дүүргийн ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Бодож байснаас илүү идэвхтэй байлаа. Ямар ч зөрчилтэй асуудал гаргаагүй. Яахав хөл хориотой бүс рүү орох гэсэн бусад дүүргийн иргэдийн зүгээс ганц нэг асуудал гарсан. Энэ талаар мэдээгүй гэдэг ч юм уу. Тухай бүрт нь манай алба хаагчид зохицуулалт хийж ажилласан. Бид дрон нисгээд ард иргэдээ дээрээс харж байсан. Гэр хорооллын иргэд гэрээсээ гарахгүй, гудамж талбайдаа гарахгүй, элдэв шалтаг шалтгаан хэлэхгүйгээр дуусгалаа. -Тэгэхээр иргэд маань халдварын үед хэрхэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах талаар ойлголт сайн байна гэж хэлж болох уу? -Бид аюул занал тохиолдох юм бол ийм л арга хэмжээ авна. Энэ тохиолдолд яаж ажиллах ёстой, ямар хүндрэл гарч болохоор байна гэдгийг мэдэж авахыг хүссэн. Энэ олон гудамж, үйлчилгээний төвийг яаж хянах уу гээд туршиж үзлээ. Чингэлтэй дүүрэг гээд яриад байгаа боловч цаана Улаанбаатар хотыг цаашлаад Монгол Улсын хэмжээнд төсөөлж хэрэгжүүлж буй. Өнөөдөр ард иргэддээ итгэх итгэл бүрэн дүүрэн боллоо. Яах бол ийх бол, ямар хүндрэл гарах бол гэж үнэндээ шаналж байсан. Гэтэл манай ард иргэд одоо шал өөр ойлголттой, их эерэг хандлагатай болсон байна. Төр засгийнхаа хэлсэн үгийг ойлгодог болж. Өөрийнхөө болоод өрх гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг болж. Миний аюулгүй байдал бусдын аюулгүй байдалтай хамааралтай гэдгийг ухамсарладаг болсон байна. Бас нэг зүйлийг онцломоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ үйл явдалд маш том хүч болон ажиллалаа. Болж байгаа үйл явдлыг ард иргэдэд ойлгуулахаар олон талаас нь мэдээ, сурвалжлага бэлтгэж, бодитоор хүргэж чадсан учраас ард иргэдэд бас ингэж сайн хүрлээ гэж бодож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. -Дадлага сургуулийн үеэр нийт хэчнээн ор дэлгэсэн бэ? -Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолбор дээр 300 ор дэлгэсэн. Энэ бол хөнгөн өвчтөнүүдээ хүлээж авах зориулалттай. Дараа нь Эх хүүхдийн 800 ортой эмнэлэгт 100 ор дэлгэж үзлээ. Энд хүндэрсэн, эмнэлгийн нарийн тусламж үйлчилгээ авахаар болчихсон, амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдийг хүлээж авах орныхоо бэлтгэлийг хангаж үзлээ. Бид яг энэ тохиолдолд энэ байдлаар л ашиглана. Зургадугаар сар гараад энэ эмнэлэг ашиглалтад орно. 800 ортой болно. Тэгэхээр бидэнд дахиад орны нөөц гарч ирж байна гэсэн үг. ОБЕГ-ын харьяанд байдаг хээрийн эмнэлгээ анх удаа дэлгэлээ. Евро стандартын шаардлагад нийцсэн уг эмнэлгийг ажиллуулаад өвчтөн хүндэрсэн хүмүүсийг хүлээж авах боломжоо тодорхойллоо. Энэ мэтчилэн бид олон талаар бодит байдлаа тодорхойлж бэлтгэж үзлээ. -Гэхдээ цар тахлын хэмжээнд хүрээгүй байхад ингэж ажил удаж хөрөнгө мөнгө үрлээ гэх шүүмжлэл ч бий? -Саар зүйл бага байсан. Бид их хөрөнгө зарцуулаагүй. ОБЕГ-ын даргын тушаалаар 20 гаруйхан сая төгрөгөөр дадлага сургуулиа хийчихлээ. Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэхдээ гаргасан зардал нь жишээлбэл 300 орны бэлтгэлийг хангахад зориулсан зардал. Тэр ширээ, сандлыг дараа нь шаардлагатай үед хэрэглэчихнэ. ОБЕГ тэр дэлгэсэн орыг худалдаж авсан. Хээрийн эмнэлгийг дэлгэсэн. Бид үргүй зардал гаргаагүй. Нөөцөө бүрдүүлж байгаа юм. Нэг төгрөгийг ч үнэгүй зарцуулаагүй. Энд хардах зүйл байхгүй. Эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Би энэ бүгдийг бодолцож их л хянамгай ажиллаж байна. -Хээрийн эмнэлэгт зориулж контейнер буюу чингэлэг худалдан авсан байсан. Манай нөхцөлд гэрээр орлуулсан бол бага зардал гарах байсан гэж байна. Евро стандартын эмнэлгийн онцлог юу вэ? -Польшийн засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн хоёр хээрийн эмнэлэг авч байгаа. Евро стандартын эмнэлэг нь дотор нь байгаа мэс заслын нарийн багаж хэрэгсэл, рентген аппарат энэ бүхэн чинь яг евро стандартад нийцсэн. Ямар битүүмжлэлтэй, ямар агаарт байх ёстой, ямар дулаанд байх ёстой гээд бүх зүйлийг тэр контейнер дотор нь хангаад тоноглочихсон байгаа. Контейнер дотор том генератор байгаа. Үүгээр эмнэлгийг тогоор хангана. Хээрийн эмнэлэгт гар нүүрээ угаана, усанд орно, ариун цэврийн өрөөтэй гээд бүгдийг евро стандартад нийцүүлээд манайд нийлүүлсэн. Бүгдийг гадны хамааралгүйгээр цогцоор шийдэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Харин гэрийг бид цаашдаа тусгаарлах байрны зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байна. -Хээрийн эмнэлгийг дараа нь хаана ч зөөвөрлөн ашиглаж болно биз дээ? -Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч ямар ч том аюул тохиолдсон хээрийн эмнэлгээ аваачиж дэлгээд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой боллоо. -Хамгийн сүүлд Турк, БНЭУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эхний ээлжинд аль улс руу нислэг үйлдэхээр зэхэж байгаа вэ? -Бид гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Гэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Бид энэ дагуу тушаал гарсан тохиолдолд албан ёсоор олон нийтэд зарлана. Хараахан энэ чиглэлийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Дүн шинжилгээ хийж байна, нөөц бололцоогоо тодорхойлж байгаа. -Сонгуулийн үеэр тусгаарлах байранд хүмүүс байлгахгүй гээд байгаа. Одоогоор яригдаж байгаа гурван нислэгээр ирэх хүмүүс энэ хугацаанд багтаж чадах болов уу? -Бид тэгж тооцож, амжуулах гээд л яриад байна. Олон талаас нь сайн хэлэлцэж байж шийдвэрлэх болно. Эх сурвалж: Өдрийн сонин

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.