Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг SmartUb аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ. НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой гэдгийг онцолж хэллээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгчээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгалаа. Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд Баянгол дүүрэгт 15 %, Баянзүрх дүүрэгт 15%, Налайх дүүрэгт 62,5%, Сонгинохайрхан дүүрэгт 37,5%, Сүхбаатар дүүрэгт 56%, Хан-уул дүүрэгт 35%, Чингэлтэй дүүрэгт 80,5%, Багануур дүүрэгт 55%, Баганхангай дүүргийн иргэд 100% оролцож саналаа өгчээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм. Тэрбээр SmartUb аппликейшн бүх төрлийн андройд утсанд ашиглагдана.Иргэдийн хувьд апплйкейшнийг татаад овог нэр гэрийн хаягаа оруулснаар өөрийн амьдарч байгаа хороондоо ямар бүтээн байгуулалт хийх саналаа өгөх боломжтой гэв. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл явагдахаар боллоо. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно. 1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ 2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/ 3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна 4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00 5.Да хүрээ худалдааны төв Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өглөө

Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж ӨМӨЗО-ны Гэгээн тал аялал жуулчлалын компаниас 50 сая төгрөгийн мөнгөн хандив өгч буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулан өгчээ. БНХАУ-ын ард түмэн цар тахалын халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжлээ. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй үед Өвөрмонголчууд минь хандив өргөж сэтгэлийн дэмжлэг үзүүлж буй нь Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа. Мөн ӨМӨЗО-ны Монгол Улс дахь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн Монгол-Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо-ноос Улсын Онцгой комисст 30 сая төгрөг, холбооны гишүүн ММК ХХК-иас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэлийн хандив өргөсөн байна. Тус холбоо нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Өвөр Монгол бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байна. БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлсэн юм. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт хүлээлгэн өгсөн. Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын оношлуур 5000 ширхэг, эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт тус бүр 5000, хамгаалалтын хувцас 1000 ширхэг нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүлээд байна.

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна. Тэдгээр иргэдийг Катар улсын онгоцоор авчирч байгаа бөгөөд онгоц яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ажилтан хэллээ. Мөн 43 иргэнийг буусан даруйд нь тусгаарлана гэдгийг нэмж хэлэв. Эх сурвалжийн хэлж буйгаар манай улсын 43 иргэний дунд цэрэг, цагдаагийн чиглэлээр сургалтад хамрагдсан иргэд багтаж байгаа гэнэ. Манай улсын зүгээс иргэдээ авахаар Катар улсад хандсан эсэх нь тодорхойгүй байна. Катар улсад хоёрдугаар сарын 28-нд COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуравдугаар сарын30-ны байдлаар нийт 634 хүн халдвар авч, нэг хүн нас баран, 48 хүн бүрэн эдгэрээд байна.

Шууд: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх, Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах тухай, Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай зэрэг асуудлуудаар хэлэлцэж байна. 2020.03.31

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.