Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
2020-03-18 10:00:17 Нийтлэгдсэн: НийгэмШинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс үзэж шалгалаа. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан Хотын төвийн гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Цаашлаад гэр хорооллын айл өрхүүдийн гудамж, зам талбайн ариутгалыг хийнэ. Хаврын улирал эхэлж, хөрсний бохирдол ихсэн нян бактери тархах эрсдэл өндөр болж байгаа энэ үед бүх талын ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудынхаа оролцоотойгоор чанартай, хариуцлагатай хийх ёстой гээд ариутгалыг ногоон байгууламж болон хүн, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй зориулалтын бодисоор хийж байгаа гэдгийг онцолж хэлсэн юм. Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ. Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол иргэдээ авчрах Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
2020-03-18 09:49:54 Нийтлэгдсэн: НийгэмМИАТ ТӨХК-ийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 06:50 цагт Улаанбаатараас хөөрлөө. Чингис хаан олон улсын нисэх буудлын мэдээллийн ажилтнаас тодруулахад, онгоц Истанбул хотноо Улаанбаатарынцагаар 15:20цагт бууж, Улаанбаатар хот руу эндхийн цагаар16:40цагт хөөрөн Улаанбаатарт 01:00 цагт буух төлөвлөгөөтэй байгаа тухай хэллээ. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн нислэг нь дөрөв дэх удаагийнх болж байна. Өмнө нь Сөүл, Токио, Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 750 орчим монгол иргэнээ авчраад байгаа билээ. Нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм.
ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэдийг зөвхөн Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтрүүлнэ
2020-03-18 09:34:17 Нийтлэгдсэн: НийгэмКоронавирусийнтархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна. Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээрОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдье. Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй. Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой: Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс Утас: +74992411548, +74956906792 Гар утас: +79162133247 И-мэйл хаяг: [email protected] [email protected] Фэйсбүүк: Посольство Монголии в РФ Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар Утас: +7 3952 342295 Гар утас: +7 914 895 0528 И-мэйл хаяг: [email protected] Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар Утас: +7(3012)220499 Гар утас:+79516224225, +79025337213 И-мэйл хаяг: [email protected] Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар
“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна
2020-03-18 09:23:03 Нийтлэгдсэн: НийгэмМонгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг. Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн юм. Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой. Энэ жилийн тухайд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор баяр, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм.
Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна
2020-03-17 11:40:30 Нийтлэгдсэн: НийгэмШинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ. Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгогдож байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй