"COVID-19" халдварын эрсдэлийг тооцох үнэлгээг 21 аймагт хийв

COVID-19 халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийг тооцон үнэлэх аргачлалыг 21 аймагт хийв. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлал-ын дагуу салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан Ажлын хэсэг-ийн бүрэлдэхүүн хийв. Үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд Маш өндөр, бусад аймаг Өндөр эрсдэлтэй тодорхойлогдсон байна. Аймаг бүр үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан Элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав. Уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банктай Нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах санаачилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Европын нээлттэй өдөрлөг арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад таатай байх болно. Мөн Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын XII уулзалтаар Элчин сайд нарыг хүлээн авч уулзахаа илэрхийлж байна. Европын нээлттэй өдөрлөг арга хэмжээний зорилго, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах тал дээр ч нээлттэй хамтран ажиллах болно. НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн зүгээс төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна хэмээлээ. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Өнгөрсөн жил бид Европын нээлттэй өдөрлөг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 2020 оны тавдугаар сарын 16-ны Бямба гарагт зохион байгуулна. Европын холбооны Соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр Ногоонбаатар олон улсын эко урлагийн наадмыг мөн ирэх тавдугаар сард зохион байгуулна. Монгол болон Европын улсуудын уран бүтээлчид зургаан долоо хоногийн турш Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар санал солилцож, олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх зорилгоор хамтарч ажиллана. Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл удаашралтай байгаа тул дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн хувьд Сангийн яамтай гарын үсэг зурсан бөгөөд 2 долоо хоногийн дараа Европын холбооны Зөвлөлийн хурлаар орсноор эцэслэгдэнэ. Ингэснээр ТЭЗҮ хийх боломжтой болно. Бид ойрын хугацаанд оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн найман байршилд дугуйн зам нэмж байгуулна

Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өчигдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэх аж. Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа Улаанбаатар хотын барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан байгаа. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1,5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна хэмээлээ. Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр Энэ жил Улаанбаатар хотод 9 зогсолт 14 ажил хийгдэх зуны засварын төлөвлөгөө гарсан байгаа. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд эхлүүлж зургаадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тэрбээр Дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах ёстой. Нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил санаачилж хэрэгжүүлэх шийдвэр гарч байхад дунд шатны байгууллагууд дээр гацаадаг байдлыг болих хэрэгтэй. Харьяа газар, хэлтсийн дарга нар эрхэлсэн ажилдаа эзэн болж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажилла хэмээн онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад дугуйн замыг стандартын дагуу хийгдэж байгаа, эсэхэд хяналт тавих, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад хуулийн дагуу газар чөлөөлөлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн нутгийн захиргааны байгууллага хоорондын гарын үсгийг цахим хэлбэрт оруулж хэвшүүлэхийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө. Газраа орон сууцаар сольсон эхний ээлжийн иргэд болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошуу орчмын 310 гаруй иргэд өнгөрсөн сарын 20-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан билээ.Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэд нэгдэн эзэмшил газраа орон сууцаар ийнхүү сольж байна. Өөрсдийн өмч хөрөнгөө үнэлүүлэн газраа орон сууцаар сольж буй иргэдийн хувьд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлж байлаа. Учир нь дээрх байршил нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 2013 онд хамрагдсан боловч одоог хүртэл орон сууцанд хамрагдаж чадаагүй байсан юм. НОСК ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Виз сунгуулахдаа Бусан дахь консулд хандахыг мэдэгдлээ

БНСУ-д байгаа монгол иргэд визээ сунгуулахдаа Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газарт хандахыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ. Мэдэгдэлд, Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-нийг дуустал Монгол Улс, БНСУ-ын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор БНСУ-д ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Гадаадын иргэдийг хариуцсан Цагаачлалын албанд виз сунгаж байна. Тэгү хот, том Гванжу хот, Умард болон Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу (Утас: (051)465-9996, 010-4966-7103) гэсэн байна. Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950 гэжээ. Монгол руу буцах, өмнө нь онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761. БНСУ-д суралцдаг болон амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийгУлаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаасүзнэ үү гэсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.