Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр Улаанбаатар Смарт карт компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой гэв. Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
2020-01-17 11:39:32 Нийтлэгдсэн: НийгэмСонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. Назу проперти компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон гэнэ. Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан Назу проперти компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал,НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа
2020-01-17 11:33:14 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж ирүүлэх талаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/72 дугаар албан бичгээр Нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагад хүргүүлжээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бүх байгууллагаас саналаа ирүүлсэн бөгөөд төлөвлөгөөний төслийг нэгтгэн ажиллаж байна. Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор manaikhoroo.mn цахим системийн ашиглалт, үйл ажиллагааг нэвтрүүлэх, мэдээллийн санг нэмэгдүүлэхээр нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд дүүргүүдийн 173 хорооны зохион байгуулагчдад Хорооны газар зүйн суурь мэдээллийн сан үүсгэх сургалтыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн бүх шатны албан хаагчид уялдаа холбоогоо хангаж ажиллах шаардлагатай. 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгаа салбар салбарын холбогдох байгууллагууд хийнэ. Энд онцгой анхаарч хариуцлагатай ажиллаарай гэсэн юм. Мөн хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавьж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/483 дугаар ажлын хэсэг байгуулах захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр-ийн хүрээнд Эрчим хүчний яамны харьяа Дэд бүтэц-эрчим хүч төслийн нэгжээс хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөл арга хэмжээтэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг Т.Гантөмөрт үүрэг болгосны дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж, хурлаас гарах тэмдэглэлийн төслийг боловсруулан танилцуулсан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
2020-01-17 11:28:22 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна. Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Дараа нь хуралдаанд Сургуулийн хүүхдийн автобусны UB school bus гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв. UB school bus ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд UB school bus аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж. Хотын Захирагч С.Амарсайхан Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг түшиглэн зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Цэргийн штаб 2019 оны Нийслэлийн тэргүүний штабаар шалгарсан тул туршлага судлах, танилцах үйл ажиллагааг өнөөдөр тус дүүрэгт зохион байгууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Өнөөдрийн сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээрт, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб орон нутагт Батлан хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа талаар танилцуулж, биет хэлбэрээр үзүүлнэ. Хоёрдугаарт, орон нутгийн Төрийн захиргааны байгууллагад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж байгаа цэргийн албан хаагчид Цэргийн штабын бэлэн байдал яаж хангагдаж байна гэдгийг үзүүлэх сургалтыг зохион байгуулна гэлээ. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлагууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Цэргийн штабын офицеруудын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, дайчилгааны сургалтыг төлөвлөлтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын сургалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй