Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орно. Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна. 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. 2019 оны 08 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг 08 дугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна. Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийгэнддарж авна уу Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ

Буянт-Ухаа 2 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй гэлээ. Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс: 1.Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443иргэн 2.Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542иргэн Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549иргэн 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960иргэн Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148иргэн Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166иргэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134иргэн Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд116иргэн бүртгүүлжээ. Нийслэлийн Орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах юм байна. Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна. Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Найрамдлын хонх” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслав

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг Найрамдлын хонх сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл гардуулах ёслол өнөөдөр боллоо. БНХАУ-ын Жоу Эньлай сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгуулсан уг ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Жоу Эньлай сангийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцсон юм. Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ёслолыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 10,6 хувь буюу 11,3 мянга нь 0-17 насны хүүхдүүд. Бид хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой бөгөөд тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг улам сайжруулахад анхаарч ажиллаж байна гээд хүүхдэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг БНХАУ-ын Засгийн газар, Элчин сайд Шин Хаймин болон Жоу Эньлай сангийнханд талархал илэрхийллээ. Элчин сайд Шин Хай Мин Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг Монголын тал албан ёсоор эхлүүлээд хоёр сар орчим болж байна. Бидний зүгээс энэхүү төвийн үйл ажиллагааг жигдрэх, хүний нөөц боловсон хүчний сургалтын асуудал, энэ төвийн дагалдах байгууламж зэрэгт анхаарал хандуулж хамтран ажиллах болно хэмээсэн юм. Жоу Эньлай сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Найрамдлын хонх сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац, хамгаалалтын цүнхийг бэлэглэсэн. Мөн зургийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гардуулан өглөө. Аяны хүрээнд мөн их, дээд сургуулиудад хятад хэлний сурах бичиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн ор зэргийг хүлээлгэж өгөв. Ёслолын үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд аппарат бэлэглэж, оношилгоо үйлчилгээ хийсэнд эцэг эхчүүд баяртай байлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.