ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМНЭ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаа болон тэнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-гийн 973 га талбайн 85 хувь нь ногоон байгууламж байх бол 183 га газарт бүтээн байгуулалт хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байдаг. Үүнээс эхний ээлжид нийт 30 га газрыг тохижуулж байгаа юм. Ингэхдээ ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалат өрнүүлж буй аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хүрээлэнд ажиллах үеэрээ Гэрэлт гэр төслийн ажлын явц, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан Экстрим спортын талбай, иргэд, олон нийтийн хандиваар байгуулсан Байт харваан талбай, Маршалын гүүр орчмын тохижилтын ажлын явцтай танилцсан. Тус хүрээлэнгийнхэн цаашид ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу задгай театр, цэцгийн хүлэмж, наран шарлагын газар, хөнгөн атлетикийн талбай зэрэг иргэдэд ая тухтай, тавлаг орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Гэвч тус хүрээлэнгийнхэн нийслэлийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах гээд олон бэрхшээлтэй тулгардаг аж. Гэрэлт гэр төслийн хүрээнд усан сан бүхий орчин үеийн тохижилттой талбай байгуулж буй юм. Гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйн улмаас тухайн ажлыг нэг сар орчмын хугацаанд гацаасан тул хүлээлгэн өгөх хугацаа нь хойшлоод байгааг гүйцэтгэгч компанийнхан хэллээ. Түүнчлэн нийслэлийн төсвөөс оруулах хөрөнгө бага, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүрээлэнд ганц бүтээн байгуулалт хийсэн аж. Өдгөө цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас орох бүтээн байгуулалтын ажил дууссан боловч авто зогсоол, нийийн бие засах газрыг асуудлыг шийдэж чадаагүй нээх боломжгүй байгаа ажээ. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул Манайд гадаад, дотоодын байгууллагуудаас хамтран ажиллах, хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, төгөл байгуулах санал их ирдэг. Гэвч эдийн засгийн үр өгөөжөө тооцоод, санхүүжилтийн асуудлаас болж хойшлох, цуцлагдах тохиолдол олон гардаг. Жилийн дөрвөн улирлын зургаа орчим сард нь ажиллаж бусад хугацаанд амралтын байдалтай байдаг нь үүнд голлох нөлөөтэй. Цаашид дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулахаар бол дулаан байр барих шаардлагатай байгаа гэв. Мөн ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхэд гурвалсан гэрээ байгуулдаг тул ажил удааширдаг талаар хэлсэн. Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг нь аялал жуулчлал. Тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-гийн орчин нөхцөлийг сайжруулж, оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Тодруулбал, тэрбээр Богдхан уулыг дархан цаазат бүсээс гаргаж, тус хүрээлэнтэй холбосон аялал жуулчлалын бүс байгуулах боломжтой талаар хэлэв. Энэ талаараа Хүүхэд, залуусын амарч зугаалах орчинг тус хүрээлэнгийнхэн бүрдүүлж чадаж байна. Цаашид хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-г эдийн засгийн үр өгөөжөө өгөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал. Аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгосноор ажлын байр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэж улс орны эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлэх боломжтой. Ингэхийн тулд гадаад, дотоодын жуулчдыг татах, тэдэнд ая тухтай, тохилог, амар тайван орчин бүрдүүлэх, дэвшилтэд санал, санаачилгууд гарган ажил хэрэг болгох хэрэгтэй. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийг буцаан олгодог болж, бүтээн байгуулалтын ажилд зориулж нийслэлийн төсвөөс жилд нэг тэрбум төгрөг төсөвт суулгадаг байх хэрэгтэй. Уг асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авна. Мөн хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Баянгол дүүргийн зургаан байршлын газрын зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчил арилгах ажил хийгдэх юм. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн доорх зургаан байршлын газрын зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд байна. Цаашид дүүрэг бүрт энэхүү ажил үргэлжлэн зохион байгуулагдах юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

С.Амарсайхан: Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ын барилга дээр очиж ажиллалаа. Төв гүүрэн гарцын үндсэн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилж байгаа. Газар шорооны болон шугам сүлжээний ажил дууссан байгаа. Дам нурууны ажил энэ долоо хоногт дуусна. Үүний дараа цутгалт, тэгшилгээ, тороосон татлаганы ажил зэрэг технологийн ажлууд явагдана хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа. Гүүрийн урд болон хойд хэсэгт газар чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Уг гүүрэн гарцыг барихтай холбоотойгоор 2018 оноос хойш замын траст өртсөн иргэн, ААН-үүдтэй зөвшилцөөд явж байгаа. Одоогоор гүүрийн урд хэсэгт байгаа Дүнжингарав хотхоны Шилмэл шилтгээн СӨХ-ны хашаа болон Хоум плаза-ын газраас хэсэгчлэн чөлөөлөх шаардлагатай байгаа. Эдгээр байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Ирэх долоо хоногт газраа бүрэн чөлөөлж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор болсон хэмээв. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр Ростов ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа. Хотын захирагч С.Амарсайхан Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд өнөөдөр цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид бие биенээ гуйж гувшиж, урьж залж хийлгэх ёсгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол цаашид танай компанийг Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй хэмээн Хятадын төмөр замын 20-р товчоо группын удирдлагуудад шаардлага тавилаа. Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав.

Улсын дугаар олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд байна

Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, Улсын дугаар олголтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн олгож байна. Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд уг үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болголоо. Тээврийн хэрэгсэл худалдан авч буй иргэнhttps://burtgel.transdep.mn/холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгож, регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн 5 орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой юм.

Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх туслах замыг хаана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх замын зорчих хэсгийн баруун талын туслах замыг 2019 оны долоодугаар сарын 27-ноос хэсэгчлэн хаасан. Харин долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийг дуустал бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч нарыг тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.